Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Н.Мөнхбаяр: Байгаадаа сэтгэл хангалуун бус байдгаас хүмүүс бухимдаж, сөрөг хандлагыг илүү гаргадаг

Н.Мөнхбаяр: Байгаадаа сэтгэл хангалуун бус байдгаас хүмүүс бухимдаж, сөрөг хандлагыг илүү гаргадаг
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 8
Сургалт, Зөвлөх үйлчилгээний "Mind Update Institute"-ээс хандлагаа хэрхэн удирдах болоод эерэг хандлагатай баг хамт олныг яаж бий болгох талаар байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулсан юм. Үүний дараагаар "Mind Update Institute"-ийн сургагч багш Н.Мөнхбаяртай ярилцлаа.
-Хандлага гэж юу болох талаар ерөнхий ойлголтоос хоёулаа ярилцлагаа эхэлье?
-Хандлага гэдэг бол өөрөө маш өргөн хүрээтэй ойлголт. Хандлага нь одоогоор моодонд ороод байгаа үг. 2005 он хүртэл харилцаа гэдэг үг моодонд орж, бүх зүйл дээр л хүн бүрийн амнаас харилцаа чухал гэдэг байлаа. Харин 2010 оноос хойш хандлага гэх үг моодонд орж, бүх зүйл хандлагаас эхэлнэ гэх болсон. Гэсэн хэрнээ хандлагынхаа талаар ямар зөв ойлголтгүй. Эсвэл яг тодорхойлолт өгөх гэхээр санал нэгдэж чаддаггүй. Ерөнхийд нь эерэг, сөрөг, зөв, буруу хандлагатай л гэж ярьдаг. Тэгвэл хандлага гэдэг нь тодорхой асуудал тулгарахад түүнд хандаж байгаа таны өөрийн бодлоос эхлээд үйлдэл хүртэлх цогц ойлголтыг хэлээд байгаа юм. Би юу бодож байна. Тэр загварынхаа дагуу мэдэрч, итгэж үнэмшдэг, тэгээд үйлддэг гэсэн үг. Тухайлбал, зарим хүмүүстэй нэг удаа уулзсаны дараа хоёр дахь удаагаа уулзахдаа эртний найзууд шиг уулзах нь байдаг. Зарим хүмүүстэй тав, зургаан удаа таарахдаа мэндийн зөрүүтэй өнгөрдөг. Энэ нь анх тухайн хүнийг юу гэж дүгнэсний дагуу үйлдлээ үзүүлж байгаа хэрэг. Хэн нэгнийг тааламжтай байдлаар хүлээж авбал гарах үйлдэл нь эерэг болж, харилцаа үүсгэхэд чиглэгдэнэ. Мөн даргадаа загнууллаа гэхэд түүнийг юу гэж хүлээж авахаас тухайн ажилтны хандлага мэдэгддэг. Нэг цаг загнуулчихаад хоёр цаг загнуулаагүй нь боллоо гэвэл хамгийн энгийн байдлаар эерэг хандлагаар хүлээж авч байна гэсэн үг юм. Тодорхой нэгэн асуудал тулгарахад түүнийг хэрхэн эерэг байдлаа хадгалан хүлээж авч байна вэ гэдэг л хандлагын хамгийн чухал үзүүлэлт юм.
Дийлэнх байгууллагууд цагийн бүртгэлийг хурууны хээгээр уншуулж байна. Хурууны хээний систем танилцуулаад хоцорвол минут нь 300 төгрөг гэхээр зарим ажилчид уурладаг. Энэ бол сөрөг хэлбэртэй хандлага илэрч байна гэсэн үг. Харин зөв хандлагатай ажилтан “хоцрохгүй байхад ямар ч асуудалгүй” гэх байдлаар хүлээж авч болно.  
-Хүмүүс нийгмийн олон зүйлээс шалтгаалан өөрсдөдөө сөрөг хандлагыг бий болгож, түүндээ уурлаж, бухимдан стресстэх элбэг байна. Тэгэхээр аливааг сөргөөр хардаг хандлагаасаа болоод илүү бухимдаж, стресстэх тохиолдол байх уу. Ер нь сөрөг хандлагаа хэрхэн эерэг болгон өөрчлөх вэ?
-Хүн өдөрт 40-50 мянган бодол боддог юм байна. Үүний 80 орчим хувь нь сөрөг бодлууд байдаг. Ямар нэг асуудал гарахад эхлээд сөрөг талаас нь хардгаас аз жаргалгүй амьдарч байгаа юм. Энэ нь гудамжинд явж байгаа хүмүүсийн царайнаас ажиглагддаг. Үргэлж ууртай, хөмсөг зангидсан байдалтай явдаг. Өрнөдийн улс орнуудад хүмүүс гудамжаар явахдаа ихэвчлэн аз жаргалтай явж харагддаг.
Хүн сөрөг хандлагаа өөрчлөхийн тулд амьдралынхаа эцсийн зорилгоо маш сайн ойлгох хэрэгтэй. Хүний амьдралын зорилго нь аз жаргалтай амьдрах байдаг. Гэхдээ хүн болгон аз жаргалыг өөр, өөрөөр мэдэрдэг. Зарим нь мөнгөөр, хайр дурлалаар, үр хүүхдээсэ, эд хөрөнгө, албан тушаалаасаа аз жаргалыг мэдэрч, түүнийгээ өөрийн сэтгэл ханамжаар илэрхийлдэг. Харин сэтгэл ханамжтай байхын тулд аливааг эерэг хандлагаар хүлээж авч сурах нь чухал юм.
Монголчууд байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж чадахгүй, илүү их хэрэглээ бий болгож, түүнээсээ болоод маш их бухимдал үүсгэх нь элбэг. Тухайлбал, 500 мянган төгрөгийн цалинтай хэрнээ сая төгрөгийн утас барина. Хоёр сая төгрөгийн үнэтэй шуба өмсөнө. 10 гаруй сая төгрөгийн машин унаж, өдөр бүр гадуур хоол иддэг. Өнөөдөр  нийт иргэдийн есөн хувь нь хадгаламжтай, 87 хувь нь зээлтэй байна гэсэн судалгаа гарсан байдаг. Бид дандаа хэрэгцээнээсээ давсан хэрэглээтэй явж байна. Тухайн зээлийг авах, эсвэл хэрэгцээгүй бүтээгдэхүүнийг худалдан авах үедээ эерэг сэтгэл хөдлөл бий болох хэдий ч эргэн төлөлт хийгээд эхлэх үед бидэнд санхүүгийн дарамт болж, стресс үүсгэх гол хүчин зүйл болдог байна. Тэгэхээр эерэг хандлагатай болохын тулд байгаа зүйлсдээ сэтгэл ханамжтай байх сурах шаардлагатай гэсэн үг. Таны хүүхэд математикдаа заавал онц сурж, олимпиад уралдаан тэмцээнд амжилт гаргах албагүй, магадгүй тэрээр ирээдүйдээ сайн зураач ч байж болох юм гэх мэтээр байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байж, өөрийн хүсч буй хүслээ арай өөр өнцгөөс харж чадвал бид аз жаргалтай амьдрах боломжтой юм.
Үүнээс гадна хэн нэгэн ямар нэг ажил эхлүүлэх гэхээр түүнийг нь гоочлох, цаашлаад чадахгүй гэж урмыг нь хугалдаг. Энэ нь тухайн хүний итгэл үнэмшил, эерэг хандлагыг дардаг. Ингэснээр тухайн хүн дахин шинэ зүйл эхлүүлэхгүй, байгаа хэмжээндээ л байхад хүргэдэг. Эерэг хандлагатай, зоригтой шийдвэр гаргаж чаддаг, түүндээ бодит алхам хийж чадсан хүн хождог.  
-Аливаа байгууллагад янз бүрийн зан араншин, хандлагатай хүмүүс ажилладаг. Тэдгээрийг хэрхэн нэгтгэж, эерэг хандлагатай болгож ажиллах вэ?
-Хандлагын төвшин тогтоох судалгаа хийж болно. Ингэснээр аль өдөр ажилтнуудын хандлага эерэг, аль өдөр нь сөрөг хандлагатай байна вэ гэдэг нь гарна. Мөн ажилтнуудаа аль цагт сөрөг, аль цагт эерэг хандлагатай байгааг мэдэж болно. Тэгээд аль хэлтсийнхэн дээр ямар сөрөг хандлага илэрч байгааг олоод мэдчихвэл түүнд чиглэсэн арга хэмжээг авч болно. Үүнээс гадна ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгааг авч байх шаардлагатай. Ажилтан ажлаасаа сэтгэл ханамж авахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Тухайлбал, байгууллагын дотоод уур амьсгал, цалин хөлсний систем, сурч боловсрох боломж, ажиллах орчин нөхцөл зэрэг багтдаг. Ажилтан ажил дээрээ сэтгэл ханамжгүй байна гэдэг нь ажлын байран дээрээ сөрөг хандлагатай болохын эхлэл бий болдог.
Ажилтанд сэтгэл ханамжгүй байдал бий болоод эхэлбэл зөрчил бий болно. Тэгэхээр байгууллагын ажилтнууд дунд сэтгэл ханамж авах хэрэгцээ үүссэн гэсэн үг. Энэ хэрэгцээг удирдах ажилтан мэдэрч, түүнийх нь дагуу үйлдлүүдийг хийж байх ёстой. Цалин хөлс нь тодорхой, сурч боловсрох боломжоор хангах, дотоод уур амьсгал сайхан байх ёстой. Ажиллах орчин нөхцөл нь тав тухтай байх ёстой. Тав тухтай орчин гэдэг нь гоё тавилга, гоё ширээ, сандал биш. Ажлын байран дээрээ тайван, стрессгүй ажиллах боломжийг бий болгоно гэсэн үг.
Тухайлбал, “Амазон” компанид залуус голдуу ажилладаг. Тэдний ихэнх нь нохой тэжээдэг байна. Тиймээс тухайн компани ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх үүднээс оффистоо нохойн парк байгуулж өгсөн байдаг. Ингэснээр залуус нохойдоо санаа зовохгүйгээр ажиллах боломжийг нээснээр ажлын байрандаа сэтгэл ханамжтай байх нэг нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм.
Саяхан “Өгөөж”  компани 14 ажилтандаа байр өгсөн байсан. 10 жилийн хугацаанд үргэлжлүүлэн сайн ажиллахад л байгууллагатаа өргүй болно гэсэн тохиролцоотой. Энэ бол ажилтнуудаа өөр зүйлд сатааралгүй, үндсэн ажлаа л сайн хийх боломжоор нь ханган өгч байна гэсэн үг юм. Лизинг, зээлийн эргэн төлөлт, орон байр, зээлийн хүү гэж санаа зовохгүй тохиолдолд ажилтнуудын ажилдаа гаргах цаг, ажилдаа сэтгэлээсээ хандах нөхцөл бүрдэж илүү өндөр бүтээмж гаргах боломжийг нээж  өгч байгаа юм. Тэгэхээр сэтгэл ханамж, бүтээмж хоёр шууд холбоотой байдгийг харж болно гэсэн үг.  
-Удирдах ажилтан ажилтнуудаа хэрхэн эерэг хандлагад чиглүүлэх вэ?
-Удирдах ажилтан өөрөө түүнд чиглүүлэгч, манлайлагч байх хэрэгтэй. Тэрнээс биш удирдлага нь зааварчилгаа өгдөг хүн байхаа болиод удаж байна. Удирдах арга барилд өөрчлөлт, шинэчлэлтүүд гарч ирсэн. Та өөрийнхөө удирдах арга барилыг өөрчлөхгүй байж, одоогийн хүүхдүүд нэг л биш ээ, бидний үед өөр байсан гэвэл та өөрөө хоцрогдож байна гэсэн үг. Нийгэм цаг хугацаа маш хурдан өөрчлөгдөж байна. Удирдах ажилтан бол тасралтгүй суралцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бусдад нөлөөлөх нөлөөллөө сайжруулж байх үүрэгтэй.
-Хамгийн сүүлд нь хувь хүн хэрхэн бодлоо цэгцэлж, эерэг хандлагатай болох талаар зөвлөхгүй юү?
-Тодорхой асуудалд өөр өнцгөөс хандах гэж хичээж байгаарай гэж хэлье. Таны өдөр тутамдаа хийгээд сурсан өнцөг магадгүй буруу өнцөг байж болно. Өглөө ажилдаа ирэхдээ хуруугаа дарах гэж ирж байна уу, эсвэл ажлаа зорьж ирж байна уу гэдгийг өөрөөсөө асууж үзээрэй. Мөн тодорхой зүйлийг өөрөөр хийх аргад суралцаарай. Жишээ нь, таны сургуулийн хүүхэд нь 9 цагт гэртээ ирэх ёстой байтал 9 цагт утас нь салгаатай, гэртээ ирээгүй байя гэж бодъё. Энэ үед эцэг, эхчүүд маш их санаа зовж, ороод ирэхэд нь баярладаг атлаа үүнийгээ бухимдал байдлаар хүүхдэдээ илэрхийлдэг. Үүний оронд  хүүхдээ ямар үнэ цэнэтэй гэдгийг зөв аргаар илэрхийлж болно. “Ээж нь, аав нь их санаа зовлоо, чи бидний аз жаргал тул, аз жаргалаа алдахвий гэж их айдаг учраас тэр” гэх мэтээр ярилцлагын хэлбэр нь хүртэл өөр байх ёстой. Аливааг эерэгээр харж чадвал бид илүү аз жаргалтай амьдрах боломжтой.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн