Open iToim app
Соёл, урлаг | 7 мин уншина

С.Дөлгөөн: Гуаша бол зөвхөн иллэг биш, энергийн солилцоо юм

С.Дөлгөөн: Гуаша бол зөвхөн иллэг биш, энергийн солилцоо юм
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 4 сарын 4
Гоо сайхан, залуу нас, эрүүл мэндээ хадгалж, стресс, хөгшрөлт, өвчнөөс сэргийлж чадах гуаша иллэг 5000 жилийн түүхтэй гэдэг. Хятад, цаашлаад Азийн орнуудад өргөн тархсан, дорнын гоо үзэсгэлэнгийн нэгэн нууц болох энэхүү массажийг Монгол Улсад дэлгэрүүлж, өдгөө Европт түгээж яваа “Монголын Мэргэжлийн Гуаша Төв”, “Монголын Мэргэжлийн Гуаша Бариа Заслын Холбоо” - ы үүсгэн байгуулагч, зөвлөх багш С.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Монголд гуаша массажийг анх дэлгэрүүлсэн, сургалтыг анхлан зохион байгуулсан хүнийг таныг гэж олонтаа сонссон. Манай уншигчдад гуаша гэж чухам юу вэ, ямар ач тустай вэ гэдгийг эхлээд тайлбарлаж өгнө үү?
-Юуны өмнө ярилцлагандаа урьсанд баярлалаа. Гуаша үүсээд 5000 жил, шинжлэх ухаантай холбогдоод 40 гаруй жил өнгөрсөн. Хятад оронд хүний хэрэглээний шаардлагад нийцсэн болоод үл нийцэх гуаша, мөн өөр олон массаж иллэг бий. Гэхдээ холограф гуаша нь шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэгдэж, онол арга зүй нь батлагдсан цорын ганц массаж юм. Гуаша нь хаш чулуун ялтсаар хүний биеийн цэгүүд дээр тусгай арга барилын дагуу иллэг хийснээр хөгшрөлтийг удаашруулж, өөрт таатайгаар нүүрний асуудал болон биеийн зовууриа богинохон хугацаанд шийдэх боломжийг өөртөө олгож байгаа байгалийн бэлэг гэж хэлж болно.
-Танай хувьд гуаша иллэгийг хаана сурсан бэ?  
-БНХАУ-д амьдарч, суралцаж байхдаа эх оронд нь холограф гуашаны үүслийг тавьж, стандартыг бий болгосон багшаар заалгаж сурсан. Багш маань Хятадын холограф гуаша массажийг судалж, онол арга зүйг нь боловсруулсан хүн. Цэргийн эмнэлгийн эмч байсан, нэр хүндтэй, олон эрдэмтэн судлаачдад хүлээн зөвшөөрөгдсөн, холограф гуашаны стандарт, техник, хэрэгслийг боловсруулснаар нь шавь нар нь, би болон манай шавь нар бүгд бахархдаг. Өндөр ёс суртахуунтай гуаша засалчийг амархан таньж болно гэдгийг багшаасаа л харж, суралцсан.
Учир нь, гуаша иллэг бол нүүрэндээ тос түрхээд, гоё өнгөлөг хэлбэртэй чулуугаар илээд байхыг хэлэхгүй. Юу гэхээр хэрэгсэл, арга техник, мэдлэгээс гадна гуаша засалчийн зөв энерги, сэтгэл нэгдэн хоршиж, тэр энерги чулуугаар дамжин хийлгэж байгаа хүндээ нөлөөлдөг.
undefined
-Тэгэхээр гуаша иллэг хийхэд энерги дамжина гэсэн үг үү?
-Тэгнэ. Хүн гэдэг энергийн солилцоонд амьдарч байдаг. Энергиэ өгнө, бас авна. Байгальд байх, хөл нүцгэн явах, усны урсаж байгаа чимээ сонсоход энерги нөхөгдөж, тайвширдаг шүү дээ. Гуаша ч үүнтэй адил. Гуаша хийж буй чулуу энерги дамжуулна, заслыг хийж байгаа хүн энергиэ өгнө. Тийм учраас энергийн хувьд, арга барилын хувьд, сэтгэл санааны хувьд ч өөрийгөө бэлдэж байж гуаша засал хийдэг. Гуаша хийлгэсэн хүн гүн нойрсож амарч, тайвширдаг. Тиймээс энэ мөчид хүнээс сайхан энэрги л ялгарна, амар амгалан, сайхан сэтгэл мэдрэгдэнэ. Энэ нь хийж байгаа хүндээ эргээд үр өгөөжөө өгөх зэргээр энергийн эргэх холбоо үүснэ. Энэ энергийн холбоо нь нэг ёсондоо бидний карма буюу үйлийн үрийг хүртэл нимгэлж, зузаалах боломжтой гэж үздэг. Бүр муу үйл мөртэй, сөрөг энергитэй хүнээр гуаша хийлгэвэл муу үйлийн үрийг нь хуваалцана гэж ойлгож ч болно. Тэгэхээр би шавь нартаа зөвхөн арга техник, онолыг заахаас гадна нэн тэргүүнд сайхан энерги, өндөр ёс суртахуунтай, эерэг энергитэй байх ёстойг захидаг.
-Гуашад анхлан суралцахад тань ямар бэрхшээл тулгарч байв?
-Ямар ч зүйлийг хийхэд, анх суралцахад бэрхшээл тулгарна. Гэхдээ гуашаг хийж сурах, өөртөө болоод өрөөлд туслах чинхүү хүсэл байсан болоод бэрхшээл тулгарсан ч давж туулсан. Монголоос би ганцаараа, Өвөрмонголоос нэг хүний хамт багш дээрээ суралцаж төгссөн байдаг. Хятад багшаар онолын нарийн мэдлэг, арга барил заалгана гэдэг мэдээж амаргүй. Хэлний бэрхшээлээс эхлээд асуудал гарна. Гуаша массажийг олон хүнд хүргэж, заах юмсан, мэдлэгээ хуваалцах юмсан гэж зорьсон нь ч үүнтэй холбоотой. Өөрийн мэддэг, чаддагаа бусадтай хуваалцана гэдэг өөрөө маш чухал зүйл. Тэр үед хятад хэлээр авсан мэдлэгээ одоо монгол төдийгүй франц, англи хэлээр гадаад хүмүүст зааж байна шүү дээ.
-Та одоо хэдэн шавьтай болоод байна вэ?
-Анх 2017 оноос гуаша зааж эхэлсэн. Яг таг тоолж байсангүй л дээ. Сургалтын хөтөлбөр болон ойлголт зэргийг хийж ихээхэн цаг хугацааг зарцуулсан. Тэр үед холограф гуашаг хэн ч мэдэхгүй хүлээж авахад хэцүү байсан ч одоо харахад сайхан энергитэй олон шавьтай учирч, гуаша мэдэхгүй хүнгүй бараг байхгүй болтлоо хөгжжээ. Монголын бүх л гуаша засалчид миний шавь нар. Миний сургалтаас эхлэх цэгээ аваад салон, төв, гээд сургалт үйлчилгээгээ явуулж байгаа харагддаг. Тэднээрээ үнэхээр бахархдаг. Шавь нар маань хөгжөөд дэвшээд эргэх холбоотой явж байгаа нь олон бий. Би тэднийгээ үргэлж дэмжинэ.
Монголд байгаа гуаша засалчдаас гадна гадаадад амьдарч байгаа монгол хүмүүст, одоо Францад, цаашлаад Европын орнуудын иргэдэд ч сургалт явуулж байна.  
undefined
-Үйлчилгээндээ та монгол бүтээгдэхүүнээ ашигладаг гэж сонссон юм байна?
-Тэгэлгүй яах вэ. Францад гоо сайханы олон бүтээгдэхүүн бий, бидний мэдэх европ стандартын бүтээгдэхүүн, тухайлбал “Лореаль”, “Диор” зэрэг брэндийн массажны тос байх ч хусалтыг дэмжиж хорыг гадагшлуулах гуаша үйлчилгээнд зохицох тос төдийлөн олоогүй. Тийм болохоор өөрийн бүтээгдэхүүн болох Guasha by Dulguun брэндийн бүтээгдэхүүнээ л хэрэглэдэг дээ. Энд байгаа шавь нар маань хүртэл хэрэглэж байна.
-Одоо гоо сайхны салон, гуаша массажны төв олноор нээгдсэн. Өрсөлдөөн их, бас стиль, арга барилаараа ч ялгараад байх шиг харагддаг. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Гуашаг яг бизнес гэдэг утгаар харахад хэцүү л дээ. Цамц шиг, эсвэл талх шиг хийгээд зарчихаж болохгүй. Ерөөс юуг ч мөнгө олох зорилгоор хийнэ гэдэг учир дутагдалтай, үүнийг дагасан сөрөг ойлголт их гарна. Үйлчилгээ, тус, эмчилгээ гэж харвал илүү гэгээн, бас гуашаны мөн чанар, утга учиртай дүйнэ.
Өрсөлдөөний хувьд ч гэсэн чадвар, арга барил, чанарын гэхээс илүү би үйлчлүүлэгчдээ юу өгч байна вэ, яаж тусалж байгаа вэ гэдгээ нэн тэргүүнд тавих ёстой. Ерөөс өрсөлдөнө гэдэг надад жаахан ойлгомжгүй санагддаг. Чадвартай хүн хэзээ ч түүнийгээ бусдад батлах гэж арга заль хийж явахгүй. Цаг хугацааны туршид хэн нь хэн бэ, аль зүйл сайн гэдэг нь ялгараад ирнэ.Тэгэхээр үнэхээр бизнес гэж харж байгаа бол хамтдаа, гэгээн зорилгоор нэгдэх нь чухал болов уу.
Та стилийн тухай асуулаа. Стиль гэхээс илүү техник арга барил гэж юуны өмнө ярих нь зөв. Яагаад гэхээр Холограф гуаша иллэг нь шинжлэх ухаанаар судлагдаж баталгаажсан арга барил, би түүнийг л Монголчууддаа түгээн заасаар ирсэн. Энэ нь нөгөөтэйгүүр дан стиль маяг хөөх нь эрүүл мэнд, гоо сайханд хортой.
Энэ гуаша ялтсанд ч хамаатай. Гуашаг анх хулс мод болон биед ашигтай материалуудаар хийдэг байсан ч энерги ихтэй материалаар хийвэл үр дүн өндөр тул олон жилийн судалгаа, туршлага дээр үндэслэн биенд сайн хашийг сонгон патентлуулсан байдаг. Ер нь гуаша хэрэгслүүд олон төрлийн, олон материалаар хийсэн байдаг. Худалдах гэж байгаа бол бүгдийг нь сайн гоё, тийм давуу талтай л гэнэ. Гэхдээ стандарт маш чухал. Хятадад стандарт патентлагдана, шинжлэх ухаанаар судлагдаж баталгаажуулна гэдэг асар өндөр шалгуурыг давдаг, цензур өндөртэй байдаг учраас өндөр түвшинд сайн судлагдаж баталгаажсан материал хэрэгслийг л сонгох нь тустай.
-Шударга өрсөлдөх талаар та ярьж байх шиг байна?
-Тийм. Өрсөлдөх талаар ярих бол чадвар, мэдлэгээрээ л өрсөлдөнө. Манай гэрийн доор 2 багетны газар байдаг. Хоёулаа гайхалтай талх хийдэг ч нэгнийхээ гурил нь дуусахад гурилгүйдээ өгч хоёулаа шинэхэн бүтээгдэхүүнтэйгээ өглөө эрт үйлчлүүлэгчээ угтдаг ийм л орчинд би амьдарч байна. Тэр тусмаа цөөхөн монголчууд амин хувиа бодож сайн нэр зүүхээс илүүтэйгээр хаа газар эвтэй, ёс суртахуунтай, шударга байж чадвал хийж байгаа үйл нь аяндаа дэлгэрээд ирэх байх.   
Би урьд нь өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй, оюутан гээд олон бүсгүйчүүдэд хөнгөлөлт үзүүлэн гуашаг зааж тэд маань ч цаашаа олон хүмүүст хүрч олны танил хүмүүс хүртэл хийлгэж тэр хэрээрээ үйлс нь дэлгэрч байгааг харахад надад сэтгэл өег байдаг. Гэхдээ бид эргэн тойрондоо нийтээрээ сайхан болж байж сайн сайхан биднийг хүрээлэх учиртай гэж боддог. Тиймээс нийтээрээ сайхан энергиэр цэнэглэгдэн, нийгэмдээ сайн зүйл хийх зорилгоор би шавь нартайгаа ГУАША холбоо байгуулсан байгаа тул цаг зав гарган ажиллахаар төлөвлөж байна. 
-Холбооноос гадна ММГТөв байгуулсан гэсэн. Энэ тухайгаа онцолбол?
-Энэ төв бол сургалт, арга зүй, онол судалгаанд суурилагдсан төв байхаар би шавь нарын хамт үүсгэн байгуулсан. Мөн нүүр, бие гээд бүхий л холограф гуаша үйлчилгээ үзүүлдэг, сургалт дадлагыг Бадамханд, Дора, Гэрэлчимэг багш нар хариуцан ажилладаг байгаа.
-Таниас сургалт авья гэвэл яаж холбогдох вэ? Цагийн зөрүүтэй болоод ч тэр үү, ярилцлага авах гэж овоо ажил боллоо.
-Өөртөө гуаша хийх сургалтыг шавь нар маань зааж байгаа, харин мэргэжлийн үнэмлэхтэй сургалтуудын мэдээлэл болон сургалтын хуваариуд өөрийн пэйж хуудас болох Guasha by Dulguun – д тавигддаг. Гэсэн ч мэргэжлийн үнэмлэхгүй өөртөө гуаша хийх сургалтыг заалгах сонирхолтой хүмүүс дэлхийн өнцөг бүрт байдаг тул VIP1 холограф гуаша суурь сургалтын багц хөтөлбөрийг өөрийн www.guashadulguun.com вэб хуудаснаа оруулж байгаа.  
-Би таны тухай бодож байснаас өөр хүн юм, нэг тийм яриад л баймаар л санагдаж байна, надтай ярилцаж зав гаргасанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
-Маш их баярлалаа, зөв үйл болгон дэлгэрэг ээ.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн