Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны тасгийн эрхлэгч, дэд хурандаа, тэргүүлэх зэрэг, клиникийн профессор Ш.Мөнгөнтуяатай ярилцлаа. Энэ удаад бид цөс угаах арга, аргачлалын тухай ярилцсан юм.
-Монголчуудын хооллолтын сул болон давуу талыг тайлбарлана уу. Энэ нь цөс өтгөрөх болон чулуу үүсэхэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
-Бидний хооллолт уламжлалт хэвшлээр улиралтайгаа зохицсон байдаг байсан. Харин сүүлийн үед суурин байдалд шилжсэнээр тэрхүү тогтолцоо өөрчлөгдсөн. Хүн унтаж байх үед элэгнээс цөс ялгаран хүүдийд хуримтлагддаг. Шөнийн хуримтлагдсан цөсийг юм идэж, ходоодны салстыг цочрооход гарчихдаг. Гэтэл хүмүүс өглөө юм идэхгүй байж байгаад өдрийн хоолны цагаар гэнэт их идэх зэргээр хооллодог нь цөсөнд чулуу үүсэх шалтгаан болдог. Мөн бодисын солилцооны алдагдлын улмаас хэвлийн таргалалт үүсэхээр цөсний хүүдийний сэмж өөх нэмэгдэн нугаларч, цөс хуримтлагдан өтгөрдөг. Үүнийг монголчууд өвөлдөө халуун, хавар, намартаа бүлээн хоол идэж, зундаа хөнгөн, сэрүүн чанарын сүү, цагаан идээ идэж ирсэн уламжлал болсон хооллолтоороо зохицуулж, цэвэрлэж ирсэн. Нэг ёсондоо байгаль, дөрвөн улирлын онцлогт тохируулж хооллодог байсан гэсэн үг. Одоо суурин амьдралтай болоод ирэхээр хүмүүсийн хооллолт өөрчлөгдөж, Солонгос, хятадын далайн гаралтай бүтээгдэхүүн, ногоон, цагаан хоол идэж байна. Энэ нь монгол хүний биеийн онцлог, цаг уурын байдалтай нийцэх үү, үгүй юү гэдгийг бодох хэрэгтэй. Хүмүүс ногоон ногоо идэх нь сайн гэдгийг сонсоод түүнийгээ махтай холиод идчихдэг. Яагаад Хятадууд ногоон ногоо түлхүү хэрэглэдэг бэ гэвэл, төмрийн агууламж их байдаг учраас тэр юм. Тэд нар улаан мах бага иддэг учраас ногоон ногоогоор төмрөө нөхдөг юм шүү дээ. Тэгэхээр монголчууд ногоон ногоог, махтайгаа холиод идчихээр төмрийн агууламжийг ихэсгэчихдэг. Тиймээс улирал, биеийн онцлогоо тааруулж хооллож сурах хэрэгтэй байна.
-Хүмүүс 14-21 хоног ус ууж мацаг барина гэж яриад байдаг энэ хэр зохимжтой вэ?
-Бодисын солилцоо хэвийн явагдаж байсан хэвшлийг эвдэж, өөрчилснөөр бодисын солилцооны алдагдал үүсч, олон өвчлөлүүд гарч байна. Өөрөөр хэлбэл, хүний бие өөрийн тогтсон хооллолтондоо дасчихсан байдаг. Гэтэл тэрхүү хэвшлийг эвдэж огцом мацаг барьчихсан чинь өвчин сэдэрчихлээ гэж яриад байдаг. Тийм Жишээ нь, эхний долоо хоногтоо хоолоо багасгаад, дараагийн долоо хоногт гэдэс, элэг, цөсөө цэвэрлэчхээд мацаг барих ёстой. Нэг ёсондоо, бэлтгэл ажлаа сайн хангачхаад мацаг барих хэрэгтэй юм.
-Чулуу үүсчихсэн үед цөсөө угааж болох уу?
-Болохгүй. Эсрэг заалтад тооцогддог юм. Түүнээс гадна хэт өндөр настай болон хүүхэд, даралт ихсэх өвчний 2-3 шатны үед, нүд болон тархины даралттай, ходоод 12 нугалаа гэдэс бүдүүн гэдэсний шархлаат эмгэгтэй, мөн гэдэсний хавдрын үед, элэгний архаг үрэвсэл өвчин хавдрын өвчний үед, химийн эмчилгээний дараа цөсөө угааж болохгүй.
-Тэгвэл ямар аргаар цөс угаадаг болохыг тайлбарлана уу?
-Эхлээд 0.5 мл хэмжээ бүхий Оргил буюу Жанчивлан рашаанаас хоёр шилийг аваад газыг нь гаргаж, тасалгааны температуртай болгон бэлдсэн байх хэрэгтэй. Мөн магни сульфат давс-250 гр, халуун жин бэлдсэн байна. Ингээд өглөө өлөн 6-7 цагийн хооронд угаана. Стакандаа рашаанаа хийгээд магнийн давсаа хийж, нунтгаа уустал нь хутгана. Бүрэн уусч дууссаны дараа уусмалаа бүгдийг дуустал нь уугаад баруун сүврэг орчимд халуун бүлээн жин тавин баруун хажуугаараа баруун хөлөө хэвлий рүүгээ шахаж нугалаад зүүн хөлөө жийгээд зүүн гараа баруун гар дээрээ давхарлан биеэ мушгисан байрлалд гүйлгэх болтлоо хэвтэнэ. Хэвтэх хугацаандаа үлдсэн рашаанаа аажим бага багаар ууж дуусгана.
-Цөс угаасны дараа ямар дэглэмээр хэрхэн хооллох ёстой вэ?
-Гэдэс цөс угаасан өдөр маш хөнгөн хооллох ёстой. Гурилан бүтээгдэхүүн, гурил, өндөг, цагаан будаа, шарсан хуурсан, хуурай хоол идэхгүй. Ногооны зутан эсвэл жигнэсэн хоол идэж болно. Тэгээд цөсөө угаасан долоо хоногтоо хоолны дэглэм барих хэрэгтэй. Өтгөн кофе уухгүй, хүйтэн, түүхий жимс ногоо буюу мандарин, огурцы, помидор, сүү, тараг зэргийг хэрэглэхгүй, хэт хүйтэн эсвэл халуун хоол, шингэн зүйл ууж, идэхгүй, халуун ногоо, перц хэрэглэхгүй байх хэрэгтэй юм. Яагаад гэвэл, гэдэс, цөсөө угааж, цэвэрлэчихсэн байгаа учраас өнгөр тогттол нь хөнгөн хооллож байж бүрэн эрүүлжүүлж, хэвийн байдалд нь оруулах ёстой байдаг юм. Харин турах зорилготой байгаа бол гэдсээ угааснаас нэг хоногийн зайтай цөсөө угаагаад хоолны дэглэм барьж, оройн зургаан цагаас хойш шингэн юм уухгүй, юм идэж болохгүй. Энэ цагаас хойш уусан шингэн эд, эсийн завсар ус болоод тогтчихдог учраас ил харагдах хаван байхгүй ч, тарган мэт харагдаад байдаг юм.