Монгол Улсад хөхний хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа статистик гарчээ. Нийт хавдрын өвчлөлийн долоон хувийг хөхний хорт хавдар эзэлж байна. Интермед эмнэлэгт xөxний xавдрын оношлогоо, мэс засал, мэс заслын дараах эмчилгээ зэргийг ЦОГЦООР нь шийдэн, тусламж үйлчилгээг үзүүлэх “Xөxний Төв” ажиллаж эхэллээ. Хөхний өвчлөлийн талаар цогц үйлчилгээ үзүүлж буй Интермед эмнэлгийн эмч нарыг “Эрүүл Монгол” буландаа урьж цуврал ярилцлагыг хүргэх гэж байна.
Хөхний хорт хавдарт нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Интермед эмнэлгийн Ерөнхий болон Цээжний хөндий мэс заслын эмч, Анагаах ухааны доктор А.БОЛД-той ярилцлаа.
Төрсөн эхийн горьдоог бүрэн эмчлээгүйгээс хөхөнд бэрсүү үүсч, цаашлаад хавдар болох эрсдэлтэй
-Манай улсын хувьд хөхний хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа гол шалтгаан юу байж болох, илрэх шинж тэмдэг, хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлт хүчин зүйлсийн талаар тайлбарлаж өгнө үү?
-Хөхний хавдар нь хортой ба хоргүй гэсэн хоёр янз байдаг. Хавдар судлалын үндэсний төв, Монгол Улсын статистикийн судалгаагаар нийт хорт хавдрын өвчлөлийн тавдугаарт нь хөхний хорт хавдар эрэмбэлэгдэж байна. Харин эмэгтэйчүүдийн дундах хавдрын өвчлөлөөр дөрөвдүгээр байранд явж байна. Дунджаар зуун мянган хүнд 3.8-3.9 хувь нь хөхний хавдраар өвчилж байна.
Хөхний хортой хавдарт олон шалтгаан нөлөөлдөг учраас яг нэг шалтгаанаас болж үүсээд байна гэж тогтоосон зүйл одоогоор алга, үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж болно. Ээж нь хөхний хавдраар өвдөж байсан бол охин нь өвдөх магадлалтай гэж ярьдаг болохоос шууд удамшдаг өвчин биш юм. Олон талын судалгааг үндэслэн дүгнэхэд удамшил талаасаа нөлөөлөxүйц эхийн хорт зуршлууд буюу архи, тамхины хэрэглээ, хэт эрт эсвэл хожуу бэлгийн амьдралд орох, удаан хугацаанд жирэмслэлтээс хамгаалах эмийн хамааралтай байх, олон удаа үр хөндүүлэх зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.
Мөн хүний дотоод хүчин зүйлс буюу тухайн xүний бие галбирын онцлог, гадаад хүчин зүйл буюу бидний нийгэм, аж төрөх хэв маяг, ажил амьдралын улмаас үүсэж буй бухимдал, өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн үүрч, туулж яваа ачаа, дарамт нь өвчлөлд ихээхэн нөлөөтэй байна. Ганц бие, өрх толгойлсон, ажлын ачаалал ихтэй эмэгтэйчүүд илүү өртөмхий байдаг. Стресс гэдэг зүйл бүхий л төрлийн өвчлөлд нөлөөлж байна. Мөн манай орны хувьд дөнгөж төрсөн эхийн горьдоог бүрэн эмчлээгүйгээс хөхөнд бэрсүү үүсч, цаашлаад хавдар болох эрсдэлтэй байдаг.
-Ихэнх ээжүүд хөхүүл байх үедээ горьддог. Үүнээсээ болж хөх нь чинэрч өвдөн, хавддаг. Гэхдээ горьдоог арилгачихаар зүгээр болчихдог биш, бэрсүү үүсэх аюултай юм байна шүү дээ?
-Горьдоог арилгана гэхээр цаасанд чихэр боож өгөөд горьдоо нь гарч байгаа зүйл биш. Хамгийн гол нь сэтгэлийг нь засаад өгчхөж байгаа юм. Нөгөө талаас хөхний булчирхай нь биеийн гадна байрладаг, эмэгтэй хүний гоо сайхны нэг хэсэг.
Хөхний үндсэн үйл ажиллагааг өндгөвч, бамбай булчирхай, өнчин тархи гурав хариуцдаг. Энэ гурван эрхтний зохицол нь алдагдаад ирэхээр хөхний булчирхайн үйл ажиллагаа алдагдана. Үйл ажиллагаа нь алдагдаад ирэхээр эрсдэлт хүчин зүйлд өртөх нөлөөлөл нэмэгддэг гэсэн үг. Тиймээс 40-өөс дээш насныхан хөхөө байнга шалгах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, хөхний рентген, эход харуулж байх ёстой. Харамсалтай нь ярьдаг боловч үүнийг өнөөдөр биелүүлдэг эмэгтэй цөөн байна. Нөгөө талаас хөхний хавдар хортой эсэхээс үл хамааран хэзээ ч өвдөлт өгдөггүй. Өвддөгүй учраас эмэгтэйчүүд эрт үедээ үзүүлдэггүй. Хавдрын эх үүсвэр нь 5-10 см том болоод ирсэн хожуу үед нь анзаарч, эмчид үзүүлэхэд аль хэдийн гурав, дөрөв дэх шатандаа орсон байдаг.
-Хөхний хавдар ихэвчлэн 40-өөс дээш насанд тохиолдож байна уу. Насны онцлогоос хамаараад зовиур, шинж тэмдэг нь ялгаатай байх уу?
-Ихэнхдээ 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд тохиолдож байсан бол сүүлийн үед 20 настай охид хөхний хорт хавдраар өвчилж байна. Хамгийн чухал нь урьдчилан сэргийлэлтийг сайтар хангаж, хийж байх ёстой. Хавдар гэдэг зургаан үсэгний цаана их зүйл байдаг юм шүү дээ. Хортой, хоргүй гэдгийг заавал ялгах ёстой. Хөхөндөө бэрсүүтэй олон жил явж байгаа эмэгтэйчүүд бий. Гэхдээ бэрсүү гээд тоохгүй орхиж болохгүй. Жишээ нь аравдугаар ангидаа хөхөндөө бэрсүүтэй гэж оношлогдоод үүнээс хойш хоёр хүүхэд гаргаад, одоо 25 настай ч бэрсүү нь томорсоор хөхнийх нь талыг хамартал томорсон тохиолдол байна. Хоргүй гэж явсаар ийм байдалд хүрсэн, хөхийг нь тайрах шаардлагатай болсон. Хоргүй болон хортой хавдрын онцлогийг мэдэж байх ёстой. Хортой хавдар гэдэг нь хөхний хавдрын эсүүд нь ямарваа нэгэн зохицуулгагүй, он сар жилээр биш, цаг, секундээр хяналтгүйгээр ургаж, олшрохыг хэлдэг. Үүнийг эрт оношлохоос гадна шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг мэдэж урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал.
-Хэрвээ эрсдэлт хүчин зүйлтэй, мөн шинж тэмдэг илэрч байхад тоохгүй яваад байвал гарч болох эрсдэл нь юу байх вэ?
-Хамгийн эцсийн эрсдэл нь энэ хорвоод амьдрах хугацаа багасна. Гол нь хортой хавдар ч гэсэн эрт үедээ бүрэн эмчлэгддэг гэдгийг ард иргэд ойлгох ёстой. Хортой хавдар эмчлэгддэггүй гэдэг зүйл ард түмний толгойд суусан байдаг. Гэтэл нэг, хоёрдугаар шатандаа оношлогдсон хавдар 100 хувь эдгэрэх боломжтой. Тэгэхээр хортой хавдар гэж айхаасаа өмнө эрт оношлуулж, эмчилгээгээ эрт эхэлбэл та зуу ч наслах бүрэн боломжтой. Харин хожуу шатандаа оношлогдвол том боломжоо алдана, дээр нь асар их зардал гаргаж эмчилгээ хийлгэсэн ч гарах үр дүн бага байдаг.
Интермед эмнэлэгт хөхний хортой, хоргүй хавдрыг цогцоор нь оношлох, эмчлэх бүрэн бололцоотой.
-Хүн амын дунд эрт илрүүлгийг хэрхэн сайжруулж, үүнийгээ эрүүл мэндийн тогтолцоотойгоо хэрхэн уялдуулах шаардлагатай вэ. Нийгмийн эрүүл мэндийн боловсролыг яаж сайжруулах вэ?
-Манай улс замын хөдөлгөөний дүрмээ шинэчилж, оношлогоондоо хамрагдаагүй, жолоочийн бүсээ зүүгээгүй, хурд хэтрүүлсэн тохиолдолд торгодог болсноос хойш машин барьж буй хүн бүр бүсээ зүүж, аюулгүй байдлаа хангадаг болсон байна. Энэ маш сайн. Үүнтэй адил Та машинаа жил болгон үзлэгт оруулж, даатгалд хамруулдаг шиг өөрийн биеэ урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулдаг болох ёстой. Бид хүнийхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд ийм тогтолцоонд орох ёстой. Ийм хэмнэл бий болбол хүн ард аяндаа урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагддаг болно. Өнөөдөр энэ бодол нь байгаа боловч үйлдэл нь буруу яваад байна. Зөв бодол, хандлагатай бол бүрэн хэвшүүлнэ. Харин хэвшүүлэхийн тулд заавал эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй гэж боддог.
-Монголчууд маань машинаа жил бүр оношлуулчихаад өөрийн биеэ оношлуулдаггүй гэж үнэн. Уг нь эд зүйлсээс илүү өөрийн бие, эрүүл мэнд үнэтэй шүү дээ. Энэ xэвшил, ойлголтыг бий болгох л хэрэгтэй юм болов уу?
-Иргэд маань өвдөхөөс өмнө сэргийлэх үзлэг хийлгэх нь их ач холбогдолтой гэдгийг ойлгомоор байна. Гарч болох том эрсдлийг маш бага зардлаар үр дүнтэй оношлох боломжтой. Өнөөдөр жилд хөхний хорт хавдраар 120-130 хүн өрөөсөн хөхөө тайруулж байгаа эмгэнэлтэй тоо бий. Энэ нь зөвхөн хагалгаа хийгдсэн хүний тоо. Үүний цаана хагалгаа хийх боломжгүй маш олон хүн бий. Тиймээс машинаа үзлэгт хамруулдаг шигээ биеэ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруул гэж уриалж байна.
Гоё, гоё том жип унасан хүүхнүүд долоо хоногт нэг удаа машинаа 60, 70 мянгаар угаалгадаг гэнэ лээ. Машин доторх салон нь тансаг, байнга үнэртэй ус үнэртэнэ, машин дотроо тамхи татахгүй, юм ууж, идэж болохгүй. Үндсэндээ машин нь амь амьдрал болсон хүмүүс байна. Гэтэл тийм хэмжээний өртгөөр зургаан сард нэг удаа шинжилгээ өгчихье гэж толгойд нь орж ирдэггүй хүмүүс байх юм. Өөрийн эрүүл мэндийг үнэлэхгүй байгаа нэг жишээ.
Миний бодлоор эрүүл мэндээ үнэлэхгүй байгаа шалтгааны нэг нь эрүүл мэндийн даатгалын систем тэр бүр зөв ажиллахгүй байна. Эрүүл мэндийн даатгалыг хүн бүр л төлдөг. Гэтэл та, бид хоёрын төлсөн даатгал хэрэгтэй үедээ тус болох нь бага байна. Улсын албан журмын даатгалаас гадна эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хувийн даатгалын компаниудад өгч, тухайн хүн өөрийн хүссэн газартаа даатгалаа төлөх системийг нэвтрүүлмээр санагддаг. Тухайн даатгуулагч өөрийнхөө дуртай улс эсвэл хувийн компанидаа даатгуулж, шаардлагатай үедээ хэрэглэдэг байх нь хэрэгтэй болов уу.
Хүний амь асар үнэтэй гэдгийг энэ хорвоогоос явахдаа л ойлгодог юм гэсэн. Тиймээсэнэ байгаа биеэ бид өөрсдөө л хайрлахгүй бол таны биеийг таны өмнөөөс хайрлах нэг ч хүн байхгүй.
-Оношлогооны хувьд танай эмнэлэг хэрхэн ажилладаг вэ?
-Интермед эмнэлэг байгууллагдаад дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд манай эмнэлгийн хамт олон нэг баг болж чадсан. Бид аливаа өвчний үзлэг, оношлогоо, эмчилгээг багаар хийдэг болж байгаа. Хөхний хоргүй, хорт хавдрын өвчнийг бид багаар оношлох, эмчлэх ажлыг эхлүүлсэн. Интермед эмнэлэгт хөхний хортой, хоргүй хавдрыг цогцоор нь оношлох, эмчлэх бүрэн бололцоотой. Өвчтнийг оношлож эмчлэхээс гадна тасралтгүй хяналтын тогтолцоог хэрэгжүүлдэг. Электрон дата буюу цахим бүртгэлийн дагуу хэтийн үзлэгийн хуваарийг системдээ оруулдаг учраас тухайн өвчтөнд мессежээр үзлэгийн тов очдог. Мөн зөвхөн оношлогоо, xагалгаа хийгээд зогсохгүй мэс заслын дараах хими эмчилгээг хийж байна. Хөхний хортой, хоргүй хавдар, хөхний эмгэгийн эмчилгээг дан ганц мэс заслын эсвэл хавдрын эмч хийдэггүй. Оношлогооны баг ажиллаж, онош дээр нь мэс заслын эмч дүгнэлт хийж, тухайн чиглэлээр нь ажилладаг мэргэжлийн эмчийн авсан шинжилгээнд дүгнэлт өгдөг лабораторийн баг ажиллана. Лабораторийн багаас гаргасан дүн шинжилгээг эмч нь дүгнэж, тухайн хүнийг ямар хугацаанд хэрхэн хянах уу зэргээр маш нарийн оношлогоо явагддаг. Зөвхөн хөхний эмгэг дээр хамгийн багадаа зургаан эмч нэг баг болж ажилладаг.
-Бусад эмнэлгээс ялгарах гол давуу тал нь энэ юм байна шүү дээ?
-Хөхний хортой, хоргүй бүх хавдрыг мэргэжлийн эмч нар богино хугацаанд оношилж байна. Хамгийн эхний буюу 2014 онд хагалгаа хийлгэсэн хүмүүс өнөөдөр хяналтаасаа гарах гэж байна. Энэ бол манай багийнхны ажлын үр дүн. Нэг эмч өвчтөнд эмчилгээ хийхээс илүүтэйгээр багаар ажилладаг учраас эрсдэл гарах магадлал бага. Оношийн зөрүү, оношийн алдаа бага гарна. Эрсдлийг байнга тооцож хянаxаас гадна багаараа тооцож чадахгүй зүйлсээ бусад улсын мэргэжлийн багийнхантай хамтран шийдвэрлэж ажилладаг.
-Хөхний хортой, хоргүй хавдраас сэргийлэхэд эмэгтэйчүүдэд хандаж Та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хавдар гэдэг өвчин чинь маш олон шалтаг шалтгаантай учраас хэн ч тусч болно. Эмэгтэй та залуудаа үр хөндүүлж байсан, тэр дундаа 3-аас дээш удаа аборт хийлгэж байсан, жирэмслэлтээс хамгаалах эмийг 5-аас дээш жил уусан, эсвэл спираль тавиулаад 4-ээс дээш жил болж байгаа бол жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж, хөхний зургаа авахуулдаг, жилд хоёр удаа хөхний эход харуулдаг байх ёстой. Та 40 нас хүрээгүй ч дээр дурдсан эрсдэлт бүлэгт орж байгаа л бол заавал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй шүү.