Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт дүүрэн оролцлоо. Өнөөдөр Монгол Улсын чөлөөт бөхийн гурван эмэгтэй тамирчин Азийн аваргын төлөөх барилдаанаа хийж, нэг алт, хоёр мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Тамирчдын барилдааныг тус бүрд нь танилцуулбал:
З.Болортунгалаг Алматыд төрийн дууллаа эгшиглүүлэв
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд 2016, 2019, 2020 оны Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг алтан медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ. З.Болортунгалан нв Монголын эмэгтэй бөхчүүдийн хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирлаа. Тэрээр хэсгийн барилдаанд Узбекистаны Севара Эшмуратова, БНСУ-ын Ли Хан Бит, хагас шигшээд Тайваний Пай Син Пин, финалд Энэтхэгийн чөлөөт бөхийн анхны олимпийн медальт бөх Сакши Маликыг тус тус цэвэр ялж, алтан медалийг "зангараг"-тай авлаа.
З.Болортунгалаг нь Монголын эмэгтэй тамирчдаас Азид аваргалсан 10 дахь бөх боллоо. Түүнээс өмнө Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Ц.Энхжаргал (хоёр удаа), О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, П.Орхон, ОУХМ Н.Отгонжаргал, М.Дөлгөөн нар Азийн аварга болж байв.
Монголын дөрөв дэх мөнгөн медалийг Х.Болортуяа хүртлээ
“Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээний аварга ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 62 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Насанд хүрэгчдийн Азийн аваргад анх удаа хүч үзсэн тэрээр хэсгийн барилдаанд Шри Ланкын Веерабаху Мудиансела, Узбекистаны Рушана Абдирасуловаг тус бүр цэвэр, хагас шигшээд зохион байгуулагч орны Ирина Кузнецоваг 7:1-ээр ялсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Азийн дөрвөн удаагийн аварга Кыргызстаны алдарт Айсулуу Тыныбековатай хүч үзэж оноогоор цэвэр (0:11) ялагдлаа.
А.Батцэцэг гурван жил дараалан тивдээ үзүүрлэв
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг Монголын бөхчүүдээс Алматыгаас гурав дахь мөнгөн медалийг (өчигдөр Б.Шоовдор, Э.Дэлгэрмаа нар жиндээ үзүүрлэсэн) хүртлээ. Тэрээр хэсэгтээ Кыргызстаны Назира Марсбек Кызыг 7:0-ээр, Узбекистаны Севара Эшмуратова цэвэр ялсан ч Энэтхэгийн Ансуд торгуулиар цэвэр ялагдсан. Хагас шигшээд эзэн орны Алтынай Сатылганыг цэвэр ялсан юм. Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн дэлхийн болон Азийн аварга Энэтхэгийн Ансутай дахин учраа таарч даагаа нэхэж чадсангүй, 0:3-аар ялагдлаа.
Сонирхуулахад, А.Батцэцэг 2018 онд Бишкект Азийн аваргын анх оролцохдоо хүрэл медаль хүртсэн бол 2019 онд Шианьд, 2020 онд Шинэ Делид, энэ жил Алматыд тус бүр мөнгөн медаль энгэртээ зүүгээд байна.
Э.Цэвэгмэд хүрэл медаль хүртлээ
2012, 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхбаярын Цэвэгмэд 72 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр сүүлийн хоёр удаагийн Азийн аваргад дөрөвдүгээр байрт орж байсан бөгөөд энэ удаа хүрэл медалийн эзэн болов. Түүнчлэн зургаан жилийн дараа тивээсээ гурав дахь хүрэл медалиа хүртлээ.
Түүний жинд дөрвөн бөх тойргоор барилдаж Э.Цэвэгмэд өнгөрсөн жил доод жинд аварга болсон Энэтхэгийн Дивья Какран, энэ жинд түрүүлсэн Казахстаны ихэр бөхчүүдийн нэг Жамила Бакбергенова нарт ялагдсан ч БНСУ-ын Пак Су Жинийг 6:0-ээр яллаа.
Түүнчлэн өчигдөр буюу “Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эхний өдөр 1 алт, 2 мөнгөн медаль хүртсэн юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн алтан медаль, “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд мөнгөн медаль, , Азийн АШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа нар тус тус мөнгөн медаль хүртсэн юм.
Ингэснээр Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багийн амжилтаараа түүхэндээ анх удаа тивдээ тэргүүлж, алтан цомоо гардан авлаа.