Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

СХД-ийн сурагчид 'амьдралын гараа'-ндаа бэлдэж байна

СХД-ийн сурагчид 'амьдралын гараа'-ндаа бэлдэж байна
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 10
Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургууль. Сурагчдын өвлийн амралт урт үргэлжилж, сургууль нам гүнд автжээ. Арванхоёрдугаар сарын 29-нээс эхэлсэн дунд, ахлах ангийн амралт дундаа ч ороогүй байна. Харин СХД-ийн төгсөх ангийн сурагчдад энэ амралт хамаагүй. Тэд ирэх хавар болох ЭЕШ-даа бэлдээд, амрах чөлөөгүй хичээж байна. СХД төрийн өмчийн 25 сургуультай бөгөөд энэ жил 1143 сурагч 12 дугаар анги төгсөнө. Харин нэмэлт сургалтыг математик, монгол хэл, англи хэл, нийгмийн хичээлүүдээр өгч байшаа аж. Тэгэхдээ хичээл тус бүрээр сурагчдын дунд явуулсан “Амжилтын гараа 1”-д хамгийн сайн үзүүлэлттэй 30, нийт 480 гаруй хүүхэд нэмэлт сургалтад хамрагдах эрхтэй болжээ. Биднийг очиход англи хэлний хичээл орж байв. “Question tag” буюу лавлан асуух хэлбэрийн дүрмээр сурагчдад Сант сургуулийн англи хэлний багш давтлага өгч байсан юм. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэйн хэрээр сургуулийн насны хүүхэд олонтой. Энэ ч утгаараа жил бүр ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдын тоо бусад дүүргүүдээс харьцангуй их байдаг. Харин төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нийслэлийн есөн дүүрэгтэй жишихэд харьцангуй хангалтгүй гардаг. Тодруулбал 2017 онд дүүргийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 491 байсан бол 2018 онд 485 байж, оноогоороо нийслэлийн хэмжээнд долдугаар байрт жагссан байна. Тиймээс сурагчдын чадавхийг дээшлүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтын оноог нэмэгдүүлэх үүднээс Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Up” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь энэ юм. Хэдийгээр сургууль бүрээс хамгийн өндөр оноо авсан нийт 480 хүүхэд гүнзгийрүүлсэн шатанд сурч байгаа ч, үлдсэн хүүхдүүддээ сургуулиуд өөрсдөө дотооддоо давтлага өгч байгаа аж. Хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтаар тогтмол өндөр оноо авдаг хувийн сургуулиудтай хамтран ажиллаж, сурагчдад тусгай хөтөлбөрөөр хичээл заах мөн их, дээд сургуулиудын багш нартай хамтарч багш нарыг чадваржуулах ажлыг эхлүүлсэн байна.
undefined
Тус хөтөлбөрийн явцын байдалтай СХД-ийн Засаг даргын орлогч Д.Ундармаа танилцсан юм. Тэрбээр хүүхдүүдийг давтлага хичээлээ таслахгүй, даалгавраа тухай бүрт нь сайн хийж байхыг уриалж, ирэх ЭЕШ-даа өндөр оноо авахын ач холбогдлыг сануулсан юм. Энэ үеэр Ирээдүй цогцолбор сургуулийн захирал Г.Цагаанцоож UP хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүнг хэрхэн дүгнэж байгааг тодрууллаа. Тэрбээр “ЭЕШ гэдэг хүүхэд 12 жилийн турш сурсан хэргээ гаргаж, үр дүнгээ үздэг шалгалт. Хүссэн мэргэжлээ сонгож, хүссэн сургуульдаа орохын тулд хүүхэд ЭЕШ-даа сайн оноо авах ёстой. Тиймээс СХД-ийн Засаг дарга захирамж гарган, UP хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Үүнд сурагчид өндөр ач холбогдол өгч байна. Сая манай Ирээдүй цогцолбор сургууль дээр “Амжилтын гараа” шалгалтыг 350 гаруй хүүхэд өгсөн. Эндээс эхний 30 оноо авсан хүүхдүүддээ гадны багш нараар гүнзгийрүүлсэн сургалт хийж байна. Мөн ЕБС өөрсдөө дотооддоо намраас эхлээд ЭЕШ-даа бэлдэх төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Сурагчдын өвлийн амралт нэг сар гаруй хугацаанд үргэлжилнэ. Амралтын дунд арван хоногийг өнгөрөөгөөд бид төгсөх ангийн бүх сурагчдадаа нэмэлт давтлага дотооддоо олгож эхэлнэ. Энэ бүхний эцсийн үр дүн нь ЭЕШ-д СХД-ийн сурагчид өндөр оноо авах зорилготой. Үүний тулд сургуулиараа, дүүргээрээ хичээн ажиллаж байна” гэв
undefined
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн