Open iToim app
Анализ | 3 мин уншина

Иргэний нисэхийн 'ерөнхий даам'

Иргэний нисэхийн 'ерөнхий даам'
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 14
Засгийн газар харьяа агентлагууддаа хуваарьт шалгалтаа хийжээ. Тэдгээрээс хамгийн их зөрчил илэрсэн нь Иргэний нисэхийн ерөнхий газар. Энд дэлгэх цөөн баримт бол УИХ-ын дарга Г.Занданшатарыг Хэрэг эрхлэх газрын дарга байх үеийнх. Бүр ганцхан албан тушаалтантай холбоотой хэсгийг өгүүлье.  Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар тус агентлагийн Санхүү удирдлагын газрын дарга Ч.Нямсүрэн хэт их эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байсан нь тогтоогдсон байна. Санхүү удирдлагын газрын дарга Н.Нямсүрэн гарын үсэг зурж мөнгөн гүйлгээ хийх зөвшөөрөл олгосноор агентлагийн,  байгууллагын үйл ажиллагаандаа хөрөнгө, мөнгийг захиран зарцуулж байна.
Хамгийн гол нь Санхүү удирдлагын газрын дарга Ч.Нямсүрэн нь хүн ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, бараа материал худалдан авах, тендерт нөлөөлөх гэх мэт ашиг сонирхлын зөрчил үүсгэж байсан нь шалгалтаар илэрсэн юм. Өөрөөр хэлбэл, хүн ажилд авдаг, ажлаас халдаг, гэрээ байгуулдаг, төрөөс УИХ-ын тогтоолоор баталж өгсөн цалингийн нэмэгдлийг нь өгөхгүйгээр өөр зүйлд зарцуулдаг гээд агуу эрх мэдэлтэй "даам" Иргэний нисэхийн ерөнхий газарт байх.  Тухайлбал:
1.  2017 оны нэгдүгээр сарын 1-нээс тус агентлагийн ажилчдын цалинг таван хувиар нэмэгдүүлэхийг Сангийн яамнаас баталж өгчээ. Гэтэл төрийн яамны тогтоолыг агентлагийн ерөнхий нягтлан нь хэрэгжүүлэхгүй гүрийсээр тухайн оныхоо долдугаар сар хүргэсэн байна. Долоон сарын дараа нэмэхдээ зарим хүний цалинг нэмээгүй. Цалинг хугацаанд нь нэмээгүй 7 сар  хойшлуулсны улмаас гурван тэрбум төгрөгийн хэмнэлт хийснээр санхүүгийн ажилтнууд өөрсдөө балансын урамшуулал ахиу хүртсэн гэж Засгийн газрын шалгалтын тайланд дурджээ.
2.  2018 оны нэгдүгээр сарын 1-нээс агентлагийн ажилчдын цалинг мөн таван хувиар нэмэгдүүлэхийг Сангийн яамнаас баталж өгсөн ч тухайн оны аравдугаар сарын 1-ний байдлаар нэмээгүй. Харин зөвхөн Худалдан авах ажиллагааны газрын ажилтнуудын цалинг 20 хувиар нэмсэн.
3.  2017 оны наймдугаар сард тус газрын ажилтнуудад англи хэлний сургалт зохион байгуулах 650 сая төгрөгийн гэрээг “Гүрэн” дээд сургуультай байгуулж, сургуулийн эзний хувийн дансанд тус мөнгийг шилжүүлсэн асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
4. 2016 оны 70 дугаар тушаалаар баталсан дотоод аудитын алба Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтсийн орон тоог зохиомлоор өсгөж, олон тооны даргын албан тушаалын давхардал үүсгэж, санхүүгийн эрх мэдлийг хэт өндөрсгөсөн. 
Мөн Иргэний нисэхийн ерөнхий газар шинээр Санхүү, хөрөнгө оруулалтын газар бий болгож бүтэц дотор нь Үйлчилгээ аж ахуйн албыг байгуулсан байжээ.  Түүнчлэн Худалдан авах ажиллагааны хэлтсийг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дор оруулж, Нисэх буудлуудын удирдах газар байгуулж, шинээр 107 орон тоог нэмэгдүүлсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцийг таван удаа өөрчилсөн нь шалгалтаар тогтоогдоод байгаа юм.  
Энэ оны эхээр шалгалтын дүнг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд хүргүүлсэн бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлөө арилгах зөвлөмжийг хавсаргажээ. Гэвч одоо болтол Иргэний нисэхийн ерөнхий газраас хариу ирээгүй. Иргэний нисэхийн “даам”-д хариуцлага тооцоход агентлагийн дарга ч жижигдэнэ. УИХ-ын баталж өгсөн төсвийн хуулийн дагуу шийдсэн Сангийн яамны тогтоолыг л хэрэгжүүлэхгүй байгаа хүнд агентлагийн дарга үг хэлж барахгүй нь аргагүй юм. Тиймээ, тэр агентлагтаа үнэхээр “даам”. Нэг ширхэг бичгийн цаас авахаас эхлээд нэг хүн ажилд авах, халах, хөдөлмөрийн гэрээ байгуулах цуцлах, Сангийн яамны шийдвэрийн цалинг нэмэх үгүйг “даам” л мэддэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн