Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Г.Ёндон сайд УИХ-д ингэж тангараг өргөжээ

Г.Ёндон сайд УИХ-д ингэж тангараг өргөжээ
Нийтэлсэн 2020 оны 10 сарын 27
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сайдаар томилогдохоос өмнө "Монголросцветмент" төрийн өмчийн үйлдвэрийн газрын орлогч захирлаар ажиллаж байсан юм. Тэрээр тус компанийн орлогчоор ажиллах үедээ буюу 2019 онд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрт 10.7 сая төгрөгийг төрийн өмчийн үйлдвэрийн газраас шилжүүлсэн баримт ил болсон. Г.Ёндон "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллах хугацаандаа сард дунджаар 17 сая төгрөгийн цалин авч байсан бөгөөд дээр нь хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн болж таарав. Хувийн компанийн захирлаар ажиллаж байгаад хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг шилжүүлсэн бол нийгэм, олон нийт ингэж шүүмлэлтэй хандахгүй байсан нь ойлгомжтой. Харин төсвөөс санхүүждэг, улсын үйлдвэрийн газраас хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн нь өөрөө ёс зүйн хариуцлага хүлээх үндэслэл юм. Төрийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг "компани ашигтай ажилласан болохоор хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн юм" гэж тайлбарлан зогсох Г.Ёндон сайд бүр ч муухай харагдав. Энэ тайлбараараа Г.Ёндон сайд та Засгийн газрын гишүүний Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тангаргаа няцаав.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, томилж, чөлөөлдөг болсон. Энэ хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нараа томилохдоо төрийн ажлын туршлага, мэргэшсэн байдал, ёс зүй, ажлын чадамжтай байх гол шалгуурыг тавьсан. Тэгвэл Г.Ёндон сайдын ёс зүйн хувьд зөрчилтэй баримт ил болсон учраас Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцох эрхтэй юм. 
Ингээд Г.Ёндон сайдын тангаргийг эргэн сануулъя:
"...Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ..."

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн