Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусээр өвчилсөн байх магадлалтай, халдвар авсан өвчтөн ирсэн тохиолдолд үзлэг хийх, эмчлэх өрөөг бэлдэхийг улсын эмнэлгийн дарга нарт үүрэг даалгавар болгожээ. Энэхүү үүргийнхээ биелэлтийг шалгаж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бэлтгэл байдалтай танилцав.
Сэжигтэй тохиолдол илэрвэл шууд иргэдийг тусгаарлах бүсэд хүргэнэ
Энэ үеэр УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсад онц байдал зарласантай холбогдуулан манай эмнэлэг амбулатори, яаралтай тусламжийн хэсэгт ирж буй бүх иргэдийн халуун үзэж, сэжигтэй тохиолдол гэж үзвэл тусгаарлах гурван хэсгийн нэгд байрлуулах боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн онцгой халдварын энэ үед зохих журмын дагуу ажиллахыг эмч, ажилчиддаа анхааруулж, өвчнийг ногоон, шар, улаан бүсээр дамжин эмчлэх, тус бүсүүд хэрхэн байрласныг схемээр харуулсан байгаа” гэв.
Ногоон бүсэд эмнэлгийн ажилчид шар бүс, тусгаарлах хэсэг рүү нэвтрэхдээ өмнө хамгаалах хувцас, хэрэгслийг өмсдөг юм байна. Ингэхдээ эмч, сувилагчид комбинзан, нэг удаагийн халаад, хоёр давхар бээлий, нүдний шил, малгай, маск зэргийг өмсөөд нэрээ нурууныхаа ар талд бичүүлээд тусгаарлах хэсэг рүү нэвтрэх юм.
Шар бүс буюу яаралтай, эрчимт эмчилгээ, амбулаторийн хэсэгт сэжигтэй өвчтөн ирсэн тохиолдолд эмнэлэг дотор бус гадна хаалгаар тусгаарлах хэсэгт авчирдаг. Учир нь халдвартай хүн орсон газраар дахиж хүн оруулахгүй байлгах үүднээс гадны хүн орж, гардаггүй хаалгаар нэвтрүүлэхээр болгосон нь энэ юм.
Улаан бүс нь хэд хэдэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлээд гаднаас ирсэн сэжигтэй өвчтөнийг хүлээж авч анхны үзлэгүүдийг хийх юм байна. Ингэхдээ амин үзүүлэлт, халуунтай эсэхийг дахин үзэж, тандана. Энэ хэсгээс эрчимт, энгийн тасгийн аль хэсэгт шилжүүлэхээ шийдвэрлэх юм байна. Эрчимт эмчилгээний өрөөнд нийт 10 ор, рентген зураг авах аппарат, амьсгалын аппарат, зүрх судасны үйл ажиллагааг хянах монитор болон хананы гурвалсан систем буюу хүчилтөрөгч, хий, агаарын систем байрлаж байв. Уг тоног төхөөрөмжийн заримыг коронавирустэй өвчтөнг эмчлэхэд зориулж эрүүл мэндийн яамнаас хангажээ. Харин эрчимт эмчилгээнд хэвтүүлэх шаардлагагүй хүмүүсийг энгийн оронд хэвтэн эмчлэх юм байна.
“Вирус эрүүл хүний нүдний салст руу ороод өвчин авах эрсдэлтэй ч халдвар тарах гол үүсвэр биш”
УНТЭ-ийн халдвар судлаач эмч Б.Намуунаас коронавирусийн халдвараас эмнэлэг бусад үйлчлүүлэгч болон эмч ажилчдаа хэрхэн хамгаалж байгаа тухай тодрууллаа.
-Танай эмнэлэг одоогийн байдлаар шинэ корона вирусийн дэгдэлт үүсэхээс сэргийлж ямар ямар томоохон өөрчлөлтүүдийг хийгээд байна вэ?
-Эмнэлгийн ерөнхий захирлын томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх тушаалын дагуу эргэлт орохыг зогсоож, эмнэлгийн дөрвөн хаалганаас хоёр хаалгыг нь л ажиллуулж байгаа. Тодруулбал, яаралтай, амбулаторийн хаалгыг нээж халуун үзэх байдлаар эмнэлэгт нэвтрүүлж байна. Энэ нь эмнэлэг дотор вирусийн дэгдэлт явагдахаас урьдчилан сэргийлж буй хэлбэр юм. Мөн цагаан хоолойгоор томуу, томуу төст өвчин, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна. Түүнчлэн коронавирус нь ахуйн замаар дамжиж байгаа гэж тодорхойлогдож байгаа учир ахуйн хавьтлаас дамжих эрсдэлийг сэргийлэхийн тулд хаалга болгонд гар халдваргүйжүүлэх бодисууд, санамжууд болон маск тарааж байгаа. Ерөнхийдөө бид шар, ногоон, улаан бүсээр тусгаарлан ажиллаж байгаа нь манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсээ өвчнөөс тусгаарлах үүднээс л ийм зохион байгуулалтад орсон байгаа юм. Учир нь сэжигтэй, батлагдсан ямар ч тохиолдол байсан өвчтөнийг тусгаарлахгүй л бол агаарын замаар дамжих тул стандарт сэргийлэлтийн зарчмыг мөрдлөг болгож байна.
-Халуун үзсэн ч гэсэн өвчний нуугдмал үе таарсан тохиолдолд халуураагүй байх магадлалтай шүү дээ. Энэ тохиолдлоос хэрхэн урьдчилан сэргийлж байгаа бол?
-Эмнэлэгт орох хоёр хаалганд халуун үзэх хүмүүсийг байршуулсан. Тэдгээр хүмүүс нь халуун үзэхээс гадна ханиалгаж байгаа эсэх, цээжээр хөндүүрлэх мэдрэмж төрж байгаа зэрэг томуу, томуу төст өвчин, коронавирусийн урьдчилсан асуумжуудыг авч ажиллаж байгаа.
-Хамгаалах хувцас өмссөн эмч нарыг харахад нүдний шил зүүсэн байна шүү дээ. Иргэдийн дунд коронавирусийг нүдээр дамждаг юм биш биз гэсэн таамаг байгаа. Үүнийг тайлбарлавал?
-Эмч нар зөв стандартаар хувцсаа өмсөхгүй бол халдвар дамжих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Коронавирусээр өвдсөн эмнэлгийн эмч ажилчдад тандалт судалгаа хийхэд халдвар хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх дараалал алдагдсанаас болж өвчинд өртсөн байсныг тогтоосон байдаг. Тайлахдаа гадагш хумьж тайрахгүй бол агаарт бичил биетэн тарах эрсдэлтэй юм. Манай эмнэлгээс уг дарааллын тухай видео шторк бэлдээд өглөө болгон тасаг бүрийн эмч нарт харуулж, дадлага туршлага суулгаж байгаа. Томуу болон коронавирус нь агаар дуслын замаар дамждаг шүү дээ. Тэгэхээр нэг хүний ханиалгахад гарсан вирус нь 100 метрийн хол зайд очиж тархдаг. Агаарт байгаа вирус нь эрүүл хүний нүдний салст руу ороод өвчин авах эрсдэлтэй байдаг. Гэхдээ энэ нь магадлал төдий болохоос халдвар авах гол эс үүсвэр биш. Тиймээс хамгийн түрүүнд гарын ариун цэврээ сахиж, маскаа зүүхийг уриалж байгаа юм. Гэхдээ эмнэлгийн байгууллагын хамгаалах хувцас хэрэгслийн нөөц хангалтгүй байгаа бөгөөд эмч нэг өвчтөнд өдөрт таван удаа хүрч үйлчлэх учир доод тал нь 25 хувцас, хамгаалах хэрэгсэл хэрэгтэй болоод байгаа.
УНТЭ-ийн дарга Т.Мөнхсайхан “Манай эмнэлэг шинэ корона вирусийн дэгдэлт гарсан үед хэрхэн яаж ажиллахаа бэлдэн ажиллаж байна. Гэхдээ эмнэлгийн ажилчдыг хувцас хэрэгслээр бүрэн хангах шаардлагатай байгаа боловч манай эмнэлгийн хувьд хүрэлцээ дутмаг байна. Эмч нарт хамгаалах хувцас огт байхгүй биш ч, халдварт өвчин дэгдсэн тохиолдолд нөөц хангалтгүй байдалд байгаа юм. Мөн эрчимт эмчилгээ хийх шаардлагатай тохиолдол нэмэгдвэл амьсгалын аппарат, хяналтын монитор зэрэг тоног төхөөрөмж дутагдалтай байна” гэв.
УНТЭ-ийн хувьд иргэд үйлчлүүлэгчдэд урьдчилан сэргийлэх санамжуудыг дуу, дүрс, зурагт хуудас, самбар зэргээр сурталчилан таниулах, анхааруулах, эмнэлгийн орох, гарах хаалгыг цөөлөх байдлаар өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа юм байна. Шинэ коронавирусийн халдварын үед тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх зорилгоор амьсгалын дутагдалтай, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй өвчтөнд зориулсан 10 ор, сорьц өгсөн сэжигтэй өвчтөнийг тусгаарлах зургаан ор, сорьц эерэг гарсан, амьсгалын дутагдалгүй, цус эргэлт хэвийн өвчтөн зориулсан дөрвөн ор, нэмэлтээр 15 ор дэлгэхээр бэлтгэжээ. Бэлтгэсэн 65 ор нь эмнэлгийн нийт орны 10 хувийг эзэлж байгаа бөгөөд өрөө, тасаг, ор гаргахад эмнэлэгт ямар нэгэн өөрчлөлт, ачаалал үүсээгүй гэдгийг холбогдох албан тушаалтнууд хэлж байв. Мөн эмнэлгийн ажилчид, эмч нарыг өвчин дэгдсэн тохиолдол өөрсдийгөө хамгаалж, хувцас хэрэгслээ зөв өмсгөж сургахын тулд өдөр бүр 08.30 цагаас сургалт явуулж байгаа юм байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хэрвээ коронавирусийн халдвар гарвал Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирсэн болон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ирсэн өвчтөнүүдийг хэрхэн авчирч, ачааллыг яаж хуваалцах вэ, бусад үйлчлүүлэгчдэдээ халдварыг тараахгүй байлгах үүднээс ямар зохион байгуулалт хийсэн байгааг танилцлаа. Манай эмнэлгийнхэн байгаа нөөц боломжиндоо тааруулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Яамнаас донор орнуудад эмнэлгийн эмч, ажилчдын аюулгүй байдлыг хангах хувцас, хэрэглэгдэхүүнийг авахаар саналаа явуулсан байгаа” гэв