Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Д.Амарбаясгалан: Шууд гэрээ байгуулах, онцгой дэглэм тогтоох эрхийг УИХ-д өгнө

Д.Амарбаясгалан: Шууд гэрээ байгуулах, онцгой дэглэм тогтоох эрхийг УИХ-д өгнө
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 2
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайн асуудал дээр УИХ, Засгийн газар манлайлал үзүүлж ажиллах ёстой. Энэ хүрээнд Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиудад өөрчлөлт хийх ажлын хэсэг байгууллаа. Засгийн газраас шууд гэрээ байгуулдаг асуудлыг ярилцсан. Цаашдаа томоохон бүтээн байгуулалтын асуудал дээр гэрээ байгуулахдаа УИХ дээр оруулж ирж, шийдвэрлүүлдэг эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж үзсэн. Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг бүлэг дэмжсэн. Гэхдээ ажлын хэсэг гаргаж, нэлээд сайжруулах зүйл байна гэж үзсэн.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Намын дарга, Ерөнхий сайд өнөөдрийн бүлгийн хуралд хэд хэдэн зүйлд анхаарал тавьж оролцлоо. Сүүлийн үед иргэд шударга ёс тогтоох, ард иргэдэд тэгш боломж олгохыг төрөөс шаардаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын зүгээс УИХ-тай хамтраад гарц шийдлээ тодорхойлох ёстой гэж үзсэн. Мөн ард иргэдийг бухимдуулаад байгаа авлига, хүнд суртал, ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг таслан зогсоох чиглэлд цогц арга хэмжээ авах талаар олон талаас нь ярилцаж, бүлгийн гишүүд санал нэгдлээ. УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулж, багц арга хэмжээ авна. Мөн шууд гэрээтэй холбоотой асуудал байгаа. Ялангуяа, нүүрсэн дээр шууд гэрээ байгуулдаг. Цаашдаа шууд гэрээ байгуулах эрхийг УИХ-д олгох ёстой гэж Ерөнхий сайд үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, шууд гэрээ байгуулах шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүдийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэдэг байх ёстой. Онцгой дэглэм тогтоох 1991 оны хуульд өөрчлөлт оруулах замаар онцгой дэглэм тогтоодог эрхийг УИХ-д шилжүүлэх саналыг Ерөнхий сайд өнөөдөр бүлэгт тавьсан. Тиймээс энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулна.
Оны төгсгөлд манай намын Бага хурал болсон. Энэ хурлаар нийгэмд үүсээд байгаа нөхцөлд хэрхэн хандах вэ гэдгийг хэлэлцсэн. МАН XXX Их хурлаа хийгээд парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлэх үүргийг өсгөн. Зөвлөлдөх санал асуулгад МАН дэмжиж оролцох болно. Засгийн газар Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг өргөн барихаар болсон. Тус хуулийн тодорхой гурван заалтад өөрчлөлт оруулна.
Тодруулбал, хуулийн 20.2 дахь даалтад Төрийн өндөр албан тушаалтнууд буюу Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, дээд шүүхийн шүүгчид, ХЭҮК, төрийн албаны гишүүд, аймаг нийслэл, дүүргийн Засаг дарга, НИТХ-ын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар төрөөс худалдан авах тендерт оролцоход хязгаарлалт тогтооно. Энэ заалтыг өнөөдөр бүлэгт танилцуулаад, амьдралд нийцүүлсэн өөрчлөлт оруулж ирэх ажлын хэсэг байгуулсан. Улс төрийн өндөр албан тушаалтнууд төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцохгүй, мөн эдгээр хүмүүсийн эхнэр хүүхэд, хамтран амьдарч байгаа этгээдүүд төрд удирдах албан тушаалд ажиллахгүй гэдэг өөрчлөлт хийх зорилготой юм гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн