Монголчууд эсгийгээр олон жил янз бүрийн бүтээгдэхүүн хийдэг байсан ч, гэрт ч, гадаа ч дөрвөн улирлын туршид өмсөж болох, чамин, дэгжин загвартай гутал байдаггүй. Харин залуу захирал “Дэгжин гоо брэнд”-ийн үүсгэн байгуулагч Т.Рэнчинханд эсгий гутал өмсөх өөрийнхөө сонирхолд тулгуурлан дэгжин эсгий гутал үйлдвэрлэж, АМАЗОН-д борлуулахаар болжээ. Хүсэл, мөрөөдлөө биелүүлж, амжилттай ажиллаж яваа Т.Рэнчинхандтай ярилцлаа.
-Ярилцах урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Юун түрүүнд багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хэр хугацаа зарцуулсан тухайгаас ярилцлагаа эхэлье?
-Би сэтгүүлч, эмч, дизайнер гээд олон мэргэжил сонирхож, мөрөөддөг байлаа. Багаасаа юм оёх дуртай, тухайн үед формынхоо загварыг солиод янз бүр болгоод өмсчихдөг тэрүүхэндээ хөөрхөн авьяастай байсан. Ямар сайндаа дөнгөж сурч байхдаа аавдаа пиджак, өмд хийж өгч байхав дээ. Би багаасаа л зурах чадвар их муу тиймдээ ч, мөрөөдлөө өөртөө итгэлгүй зангаасаа болж орхисон юм. Үүндээ их харамсдаг. Хэрэв тэр үед тууштай зурж, сурахаар хичээсэн бол өдийд мөрөөдлөө биелүүлсэн байх биз ээ. Би МУИС-ийн Олон улсын харилцааг төгссөн. Үүнийхээ дараа Солонгосын иргэний агаарын тээврийн Корэйн эйр компанид онгоцны үйлчлэгчээр ажилласан. Тухайн үед Сөүл хотод байрладаг байсан болохоор хүүгээ сургуульд орох жил ажлаа орхин багынхаа мөрөөдлөө биелүүлэхээр хувцас дизайнерынхаа чиглэл рүү орж найман жил ажилласан. Харин эсгий гутал хийх болсон олон шалтгаан бий. Эрт дээр үеэс л манай Монголчууд эсгий гутлыг өмсөж ирсэн атлаа өдгөө юм хөгжчихөөд байхад гэрийн тавчикнаас хэтэрч чадаагүй байгаад ихэд гайхдаг байсан. Иймдээ ч эсгийгээр гадаа өмсдөг бусад арьсан гутал шиг гутал хийхээр зориг шулуудан анх энэхүү бизнесээ эхлүүлэн “Дэгжин Гоо” нэртэй брэнд үүсгэн байгуулж, эсгий гутал хийж эхэлсэн. Би өөрөө загварлаг, чамин гутланд их дуртай. Гоё гутал сайхан хүмүүстэй уулзуулж, гоё газар аваачиж өгнө гэдэг үгэнд ч итгэдэг. Одоо надад бараг 40 гаруй янзын гутал байдаг. Зарим нь өмсөөгүй шинээрээ ч байгаа. Яагаад ч юм гоё гутал хараад өөрийн эрхгүй авчихдаг. Тиймдээ ч дуртай зүйлээ хөгжүүлэн ажил болгосон байх.
-Эсгий гутлыг өөрөө бие даан хийж сурсан уу?
-Бараг л тийм шүү. Тухайн үед нэг өдрийн онол сургалтын төвд сурч эсгий бүтээгдэхүүн хийдэг олон хүмүүсээс зөвлөгөө авч, судалж, гадаад багшаас онлайн хичээл аван бусад орны хүмүүстэй хамтран сурсан. Монголд эсгийгээр загварын гутал хийдэг хүмүүс байдаггүй учраас эсгий тавчик хийдэг хүмүүстэй хоёр сар ажиллаж, ноосны онцлог, хэрхэн сайн эсгийрүүлэх тухай сурсан. Арьсан гутал хийхийн тулд арьсаа элдэх, эсгэх зэрэг ажлаас эхэлдэг бол эсгий гутал хийхийн тулд ноосоо цэвэрлэх, хялгасыг нь ангилах, ямар нутгийн ноос авах вэ гэдгээс бүх зүйл эхэлдэг. Үүнийг би 10-30 жил эсгий бүтээгдэхүүн урласан хүмүүсээс сурч авсан.
-Гадаад багшаас зөвлөгөө авсан гэхээр тэр хүмүүс эсгий гутлын тухай хэр их мэдлэгтэй байдаг юм бэ?
-Герман болон Оросд эсгийгээр маш олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Манайхаас ч илүү боловсронгуй хөгжсөн. Гэхдээ багш нар ноосыг яаж хурдан эсгийрүүлэх тухай, ноос ямар байж эдэлгээ дааж чадах зэргийг зааж өгдөг юм. Түүнээс биш загварын гутлыг ингэж хийнэ гэсэн нарийн зүйлийг заадаггүй. Ингэж сурч байх үедээ өдөрт 3-4 ширхэг гутал хийж туршиж, зөвлөгөө авдаг байсан юм. Тэгж туршиж үзсээр байгаад ямар төрлийн ноос, хэр их орж байж гутал бат бөх чанартай болдог вэ гэдгийг олж мэдсэн.
-Эсгий гутлын онцлогийг жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой хэмээн тодотгоод байгаа шүү дээ. Өвөл цастайд, зун бороотой үед яаж өмсөх вэ?
-Ноос нь агаарын чийгшил ихтэй үед хувийн жингийнхээ 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг. Дэлхийд зөвхөн Монгол хонины ноос л бүдүүн ширхэгтэй байдаг бөгөөд ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай байдаг. Хөндий гуурс нь агаараар дүүрсэн байдаг учир дулааныг сайн тусгаарладаг. Тиймээс өвлийн улиралд хүйтнийг дотогшоо оруулахгүй, дулааныг гадагшлуулахгүй хадгалж чаддаг юм. Бид өвлийн улиралд зориулж, зуныхаас хоёр дахин зузаан гутал хийж, загвараа өөрчилж гаргадаг. Харин борооны улиралд усны гутал шиг өмсөж болохгүй ч, бага ус туулаад зөв хатаачих юм бол ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
-Хүмүүс танай гутлыг өмсөх шалтгааныг хэлээч?
-Манай гуталнууд бүгд үйлдвэрийн ултай. Бүх улнуудыг зориулалтын улны машинаар улладаг. Чийг татахгүй, хөлд хөнгөн, ямар нэг холгох нухах гээд арьсан гуталны зовиурууд байдаггүй. Жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой. Суугаа ажил хийдэг бүсгүйчүүдэд их тохиромжтой. Мөн сургууль, цэцэрлэгийн насны хүүхдэд санал болгодог. Өнгөний хувьд тод загварын хувьд дэгжин болохоор хүүхдүүд ч сонгох дуртай байдаг. Түүнчлэн хүүхдүүд цэцэрлэг дээрээ энгийн тавчик өмсөхөд хол нь данда хүйтэн, чийг татчихсан байдаг. Энэ нь эрүүл мэндэд муу учраас хөлд эвтэйхэн, чийг татахгүй эсгий гутал л өмсөж хэвшихийг зөвлөж байна.
Эмэгтэй хүн аливаа салбарт манлайлахад эрэгтэй хүнээс хоёр дахин их хичээл зүтгэл шаарддаг гэдэг. Танд ямар саад тулгарч байв?
-Аливаа шинээр эхэлж байгаа бизнест тулгардаг бэрхшээл их л байдаг. Гэхдээ би бэрхшээл гэж харахгүй байхыг хичээдэг. Учир нь тэгж харж эхэлбэл бүх зүйл хэцүү саадтай байх болно. Би аливаа зүйлд тууштай, шаргуу зүтгэдэг. Хүн чадаад байхад би яагаад чадахгүй байх билээ гээд л. Ер нь хүн өөрөө хийж үзэж байж хөдөлмөрийнхөө амт шимтийг мэдэрдэг шүү дээ.
-Бизнест хөл тавихаас өмнөх үеэ одоогийнхтой харьцуулвал хэр өөрчлөлт гарсан бэ?
-Өмнө байсан би одоогийн би хоёр маш өөр. Нэг талаараа компани байгуулахаас өмнөх үеийн би их амар тайван байсан мэт санагддаг. Ядаж л гэр бүлийнхэндээ цаг зав гаргаж чаддаг байсан. Харин одоо бол их л завгүй хүн байдаг юм. Заримдаа өөрөө өөртөө “за яахав хэсэгхэн цаг хугацааны дараа бүх зүйл сайхан болно оо” гээд уртаар амьсгаа авч “гэр бүлдээ зарцуулах цаг ирнэ ээ” гэж хэлдэг. Одоо бол би ажлын бүх өдөр, баярын өдрүүдээр ч ажилладаг. Баярын өдрүүдээр амарч байгаа ихэнх хүмүүс манай бүтээгдэхүүнийг сонирхохоор ирдэг. Энэ үед ажилчдаа амраачихаад, өөрөө ажиллах хэрэгтэй болдог. Бүх л зүйлийг ганцаараа гардаж хийсэнээр хүний нөөц, үйлдвэрлэл, маркетинг гээд олон зүйлийг мэддэг, хийдэг болсон. Жишээ нь, ажилчин авахдаа аль болох гэр бүлийн хүмүүс авбал зүгээр санагддаг. Учир нь тэр хүмүүс бие биенийхээ занг мэддэг учраас амархан ойлголцож, шаардлага хүлээж авахдаа ч сайн байдаг.
-Ямар ном хэр их уншдаг вэ. Ер нь ямар төрлийн номыг, хэр их цаг гарган уншдаг бол. Ширээний ном байгаа болов уу?
-Ажлынхаа боломжоороо ном унших дуртай. Хамгийн сүүлд “Самар хатанг” дахин уншсан. Одоо “Өглөөний гайхамшиг” номыг уншиж эхлүүлсэн зав чөлөөгөөрөө уншаад л байж байна. Ширээний ном маань одоогоор “Өглөөний гайхамшиг” л болчоод байна.
-Та анх компаниа байгуулж байхдаа ямар төлөвлөгөө гаргаж байсан бэ. АМАЗОН-д бараагаа борлуулах хүртэл амжилттай явна гэж бодож байв уу?
-Хүнд чинь мөрөөдөл гэж сайхан юм байна. Тэр дотор олон зүйл багтана. Анх их олон зүйл төлөвлөсөн. Төлөвлөгөөнийхөө дагуу явсаар л байна. Үүнээс ч цаашаа олон олон амжилт гарцууд байгаа гэдэгт итгэдэг. Ямартай ч өнөөдрийг хүртэл албан ёсоор дэлхийн олон оронд салбартай Амазон, Хятадын Таобао, Ви чатад байрлалтай дэлгүүрт бүтээгдэхүүнээ байрлуулсан. Ер нь бид олон улсад бүтээгдэхүүнээ түгээж, таниулах гол зорилготой ажиллаж байна. Монгол Улсынхаа нэрийг нэг ч гэсэн бүтээгдэхүүнээр таниулахаар хичээн, хичээнгүйлэн ажиллаж байгаа. Цаашлаад улсын минь нэр гарах учраас ямар ч зүйлийг хариуцлагатай, чанартай хийх ёстой гэж боддог.
-Цаашдынхаа зорилгоос хуваалцана уу?
-Юун түрүүнд ажилчдынхаа тоог нэмж, үйлдвэрээ томруулж гарцаа нэмэгдүүлнэ. Гутлынхаа загвар тал дээр ажиллаж хүн бүхний сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн гаргахаар зорьж байна. Олон гэр бүлийг ажлын байраар хангах гээд бодож төлөвлөсөн зүйл олон бий. Мөн гадаад экспортоо нэмэн Ази, Европын улс орон руу гаргахаар судалж байгаа. Би олон орны хүмүүс монгол эсгий гутлыг өмсөж, үнэтэй гуталтай харьцуулашгүй тэр сайхан талуудын мэдрээсэй гэж хүсдэг.