Эмээ минь тэтгэврээ аваад намайг хөтөлсөөр анх удаа цирк үзүүлсэн тэр өдрийг огт мартдаггүй юм. Зөвлөлтөд сургууль төгссөн залуухан барилгын инженер циркийн бүтээн байгуулалтаас ажлын гараагаа эхэлж, дээврийн ажлыг нь хийлцсэн талаараа дурсан ярьдагсан. Хожим цирк орох бүрдээ дээврийг нь ширтэж, эмээгийнхээ хөдөлмөрийг бахархан хардаг байлаа. Даанч одоо циркийн дээвэр дотор талаасаа чухам ямар өнгөтэй харагддаг байсныг санахгүй юм.
Тэгээд циркээ эргэлээ. Хашаа тойруулж, “Барилгын засварын ажил хийгдэж байна” гэх анхааруулга хадсан байв. Харин хэн нэгэн анхааруулгыг нь дарж, “Циркээ авъя” гэж сараачжээ. Гэхдээ анхааруулга өлгөсөн ч барилгын завсар огт хийгдэж байгаа шинж алга. Өмнө нь, цирктэй залгаа байсан барилгын тунелыг нураажээ. Банкны оффис байх уг барилгыг одоо бол “Рояал плаза” гэх болсон.
Банкны ажилтнаар АСА циркийн оффисыг заалган орвол, хаяг тэмдэггүй, хэн нэгэн ажиллаж байгаа эсэх нь эргэлзээтэй аж. Эрж явсаар утсыг нь олов. Утсаар циркийн засварын ажил явагдаж байгаа эсэхийг тодруулахад наадмын амралт таарч барилгачид амарсан байгаа талаар учирлалаа. “Ирэх долоо хоногоос ажил цуглаж, засвар эхэлнэ” гэлээ. Засвар хэзээ дуусах бол гэхэд “энэ онд амжихгүй байх. Ирэх хавар гэхэд дуусаж магадгүй” гэв.
Монголын мэргэжлийн циркчдийн холбоо өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулагдаж, хуралд нь АСА циркийн төлөөлөл оролцож, засварын ажлын талаар тайлагнасан байдаг. Энэ үеэр “Ирэх намар, есдүгээр сар гэхэд циркчдийн бэлтгэл, сургуулилт хийх боломжийг хангана” гэж хэлж байжээ. Гэвч засварын ажил үргэлжилж байгаа явцаас харахад циркийн хойд тал онгорхой хэвээр, хэлсэндээ хүрэх, үгүй нь эргэлзээтэй аж.