Швед улсад ажиллаж амьдрахаас гадна, Монголынхоо түүх соёлыг аяллаар дамжуулан олон улсад гайхшируулсаар яваа аялагч Э.Энхсаруултай ярилцлаа. Үндэсний дээлтэй аялдаг тэрээр “дээл өмсөж аялснаас хойш эрүүл мэндэд эерэг өөрчлөлтүүд гарах болсон шүү” хэмээн онцолсон юм. Тэрээр хойд туйлд нохойн чаргатай аялах эрхийн төлөө хоёр дахь жилдээ өрсөлдөж байна.
-Таны Швед улс руу явах болсон шалгаан чинь юу вэ?
-Би Ховд аймагт төрсөн. Шведэд ирээд 16 жил болж байна. Энд ирэх болсон учир нь ар гэрээ авч явахын тулд юм уу даа. Би айлын том хүүхэд, хоёр дүүтэй. Тухайн үед ээжийн минь бие өвддөг байсан учраас том хүү нь гадагшаа гарч ажил хийх шаардлагатай болсон. 16 нас хүрээд л явсан юм.
-Та одоо ямар ажил хийдэг вэ?
-Би сэргээгдэх эрчим хүчний нэг хэсэг болсон нарны толь угсрах ажил хийдэг.
-Монголд Ховд аймгаас өөр газар очиж үзсэн болов уу?
-Төв аймгийн хэд хэдэн сумаар явж байсан. Монголд байх хугацаа богино байдаг учраас олон газраар очих зав гардаггүй юм.
-Аяллынхаа гарааг хаанаас эхэлсэн бэ. Яагаад аялахаар шийдсэн бэ?
-Гадаад ирээд ганцаарддаг байсан болохоор аялж эхэлсэн. Би хөдөө өвөө, эмээ дээрээ байдаг байсан болохоор байгальд байх их дуртай. Тэгээд олон газраар алхаад л байдаг байлаа. Тэгж явахдаа аялагч хүмүүстэй таарч, “аялал, аялагч хүн” ямар байх ёстойг мэдэж, аяллын хамтрагчтай болж дасгал сургуулилт юм шиг л тогтсон хэвшил болгон аялж эхэлсэн.
-Тэгэхээр Швед улсад аяллын ямар нэгэн холбоонд хамрагддаг гэсэн үг үү?
-Тийм. Би “Nomadik hiking klub Sweden” гэдэг Америкаас гаралтай клубийн ахлагч. Гэхдээ яг ч клуб гэж хэлэхгүй л дээ. Аялал сонирхож буй хүмүүсийг дагуулж, хэрэгтэй мэдээ мэдээллийг хувийнхаа туршлагаар л өгдөг юм. Гэртээ зүгээр сууж байгаа хүмүүсийг ядаж л амралтынхаа өдрөөр идэвхтэй хөдөлж, эрүүл байгаасай гэж хүссэн дээ энэ клубийг ахлах болсон.
-Та 40 гаруй улсаар аялсан гэсэн. Гэхдээ тооноос илүү аяллаас сурч, мэдсэн зүйл хамгийн чухал байх?
-Тийм шүү. Би аяллаас өөрийгөө олсон гэж боддог. Эх орон ч үзэлтэй болж, би л гэдэг байсан бол бид, хамтдаа бүхнийг хийж чадна гэсэн зөв ухамсар, бодлыг бий болгосон. Тийм ч учраас миний мөрөөдөл маш том болж, юу хийх ёстойгоо ойлгосон. Хүмүүсээс дутахгүй гэж хичээхийн оронд өөрийнхөөрөө байхыг эрхэмлэх болсон. Жишээ нь, би өмнө гадаадын брэндийн хувцас өмсөх дуртай байсан бол одоо монгол дээл л өмсдөг.
-Олон орноор аялахад зөвхөн Монголдоо л байдаг, хамгийн авууштай сайхан зүйл нь юу болохыг олж мэдсэн болов уу?
-Монголд маш их боломж бий. Одоо л хөгжих гээд явж байгаа улс шүү дээ. Хамгийн гол нь ямар зүйл хийж, байр сууриа олох бэ гэдгээ л зөв сонгох хэрэгтэй. Тэгэхээр Монголд байх хамгийн авууштай зүйл нь хурдан, амжилттай хөгжиж, зорилгодоо хүрэх боломж юм.
-Та ямар төрлийн аялал хийдэг вэ?
-Би ганцаарчилсан аялал хийх дуртай. Яагаад гэвэл, өөрийгөө олж, их зүйл ухаардаг юм шиг санагддаг. Мөн явган аялалд их дуртай. Байгальд дуртай болно, эрүүл мэндэд тустай, орчноо таньж мэдэж, байгалийн сайхныг мэдэрнэ. Явган аяллыг хоёр долоо хоногтоо нэг удаа заавал хийнэ. Харин өөр орон руу явахдаа өөрийнхөө завыг харж байгаад төлөвлөсөн үедээ явна, эсвэл заримдаа шууд үүргэвчээ аваад явчих тохиолдол ч байдаг.
-Аялна гэхээр хүмүүс санхүү, мөнгөний асуудал хамгийн түрүүнд тулгардаг. Та үүнийг хэрхэн зохицуулдаг туршлагаасаа хуваалцаж болох уу?
-Миний аялал хамгийн ядуу аялал л даа. Аяллынхаа үүргэвчийг аваад л гарахад хангалттай. Алхаж байгаад замын унаанд үнэгүй явчихдаг. Гурваас доош хоногоор аялахдаа юм иддэг юм. Энэ үед маш их ядардаг л даа. Гэхдээ түүнийг мэдэрснээр өөрийнхөө тэсвэр тэвчээрийг олж хардаг юм.
-Та амралтын өдөр 06.00 цагт сэрчихдэг гэж байсан. Ер нь нэг өдрийг юу хийж, хэрхэн өнгөрүүлдэг бол?
-Ер нь бол би унтаж цаг өнгөрөөх дургүй. Их унтахаар харамсаад байдаг юм. Болж өгвөл амралтын өдрийг үр бүтээлтээ өнгөрөөх дуртай. Хувцсаа угаана, нохойгоо салхилуулна, дасгал хөдөлгөөн хийнэ, гарч алхана гээд л хийх зүйл их бий.
-Монгол дээл энгийн хувцас өмссөнөөс ямар ялгаатай бэ. Ер нь яагаад монгол дээл өмсч аялах болов?
-Би Шведэд ирээд брэндийн дэлгүүрүүдэд ажилладаг байсан. Тэдгээр дэлгүүрүүдэд ажилладаг байхдаа “хүмүүс яагаад бүгдээрээ брэндийн хувцсанд шуураад байдаг юм бэ. Яагаад зүгээр л энгийн хувцас өмсөж болохгүй вэ” гэсэн бодол орж ирсэн. “Яагаад үндэснийхээ хувцсыг өмсч, эх орноо, түүх соёлоо хувцсаараа дамжуулан дэлхийд таниулж болохгүй гэж” гэсэн бодол төрсөн. Заавал харь орны брэндийн хувцсыг өмсөж гангарахаас илүү үндэснийхээ хувцсаа аваад, өмсөөд явахад үнэтэй хувцас шиг их мөнгө зарцуулахгүй. Монголд 100-200 мянган төгрөгөөр сайхан дээл авчхаж болно шүү дээ. Мөн монгол дээл маш олон давуу талтай. Жишээ нь, өмнө миний бөөр өвддөг байсан бол дээл өмссөнөөс хойш нуруугаа дааруулахгүй явснаар өвдөх, зовуурьгүй болсон. Түүнчлэн өмнө хэлсэнчлэн санхүүд ч хэмнэлтэй. Харин хамгийн сайхан мэдрэмж өгдөг зүйл нь гадаад хүмүүс монгол дээлтэй яваа хүнийг хараад ойртож, дотносож, өмссөн хувцсыг минь сонирхож, монгол орныг минь ч мэддэг болж байгаа нь таашаалтай. Дээлтэй аялах нь эх орныхоо өв соёлыг дэлхийд таниулж буй хэлбэр гэж боддог. Би дээлээ Монголд очихдоо Нарантуулаас худалдаад авчихдаг юм.

-Аялалд явахдаа болон аялж байх үедээ анхаарах зүйлс юу байдаг вэ?
-Аялалд явахаасаа өмнө хашаа явах гэж байгаагаа тогтож, тэрхүү очих газар хүртлээ өөр ямар газраар орж үзэж болох вэ гэдгийг судалж мэдэх хэрэгтэй. Дараа нь аяллын хэрэгслээ сайн бэлдэх хэрэгтэй. Өөрийнхөө биед эвтэйхэн хувцас өмсч, хувийн бэлтгэлээ сайн базаах нь чухал.
-Аялахаар төлөвлөж буй хүн шууд гадаад руу аялахаас илүү эх орондоо аялал хийх нь туршлага болж өгөх байх тийм үү?
-Тийм. Тухайн амьдарч байгаа газраасаа аяллынхаа гарааг эхэлбэл их зүйл сурч мэднэ. Энэ нь аялалд илүү дурлаж, тив алгасахад хүргэдэг юм. Мөн аялалд нас ямар ч хамаагүй гэдгийг швед хүмүүсийг хараад ойлгосон. Ихэнх швед хүмүүс тэтгэвэртэй гараад аялж эхэлдэг. Гэтэл манай монголчууд тэтгэвэртэй гараад л гэртээ суучихдаг.
-Та сэргээгдэх эрчим хүчний талаар судалж Монголд нэвтрүүлэх боломжийг эрж хайж байгаа талаар нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Энэ талаар таны саналыг сонсч болох уу?
-Энэ бол миний мөрөөдлийн хамгийн том хэсэг. Яагаад гэхээр өнөөдөр Монголд цахилгааны дутагдал маш их байна. Хоёрт, нүүрс, модыг маш их түлж, нутагшуулбал төрийн гар харалгүй, иргэд хувиараа тоног төхөөрөмжийг нь авч гэрээ дулаацуулж, усаа халааж, цахилгааны мөнгө өгөх шаардлагагүй болно шүү дээ. Тиймээс үүнийг хэрэгжүүлэхийг зорьж, ажилласаар, туршлага хуримтлуулсаар яваа.
-Одоо Улаанбаатарт сайжруулсан түлш түлдэг болчихсон.Та энэ тухай сонссон уу?
-Сонссон сонссон. Гэхдээ сайжруулсан түлшийг ч нүүрсээр л хийж байгаа шүү дээ. Ер нь ямар нэгэн байдлаар утаа гаргаж, гал түлж байгаа нь байгаль дэлхийд хор хөнөөл учруулж байгаа гэсэн үг. Хэдий утаа гарахгүй байгаа ч хорт хий ялгарч, үнс гарч хийсэж, тортог үүсгэж байгаа нь хор хөнөөлийн хэлбэр. Бид гал түлэхийг л бүр мөсөн байхгүй болгохыг зорих хэрэгтэй.
-Аяллаас өөр юу хийх дуртай вэ. Цуглуулдаг эсвэл хичээллэдэг спорт байгаа юу?
-Би чөлөөт цагаараа гүйнэ, алхана, авто спорт, тулааны спортоор хичээллэдэг. Мөн ахлах явцдаа тухайн орон, газрын төрөл бүрийн чулуу цуглуулдаг. Гэхдээ саяхан чулуунууддаа өөрөө түүртээд төвөгтэй санагдаад байгальд нь тавьчихсан.
-Хойд туйлд аялах уралдаанд хоёр дахь жилдээ оролцож байгаа шүү дээ. Энэ аяллын юу нь таны сонирхлыг тэгж их татна вэ?
-Монголынхоо өв соёлыг дэлхийд таниулахыг хүсдэг учраас заавал оролцох ёстой гэж бодсон. Учир нь мянга гаруй хүн уг аялалд оролцохын тулд өрсөлддөг. Арван бүсээс нэг л хүн оролцох эрхтэй болдог юм. Үүнд оролцохын бол өв соёлоо таниулахад ихээхэн боломж гарч ирэх юм. Энэхүү аялалд оролцох хүмүүс тодорхой хэмжээгээр тухайн улс орныхоо идэвхтэй аялагчид байдаг учраас тэдгээр хүмүүсээр дамжуулан Монголынхоо өв соёлыг олон хүнд зөв талаас нь хүргэх боломжтой юм. Зарим гадаад хүмүүс монголчуудыг муугаар л бодоод байдаг. Хулгай хийдэг, зодолдож, асуудал үүсгэдэг гэх мэтээр. Тиймээс л эх орныхоо өв соёлыг бага ч гэсэн таниулахыг хүсдэг. Анх намайг дээлтэй аялж байхад монголчууд шоолдог байсан. Гадаад оронд явдаг юм байж дээлтэй яваад, хөдөөний хүн шиг, ичдэггүй юмуу гэдэг байлаа. Харин одоо бүгд дэмждэг болсон. Энэ нь монголчуудын үзэл бодол, сэтгэлгээ маш их өөрчлөгдөж байгааг харуулж байгаа юм.
-Уг тэмцээнд оролцоход ямар шаардлага хангасан байх ёстой байдаг вэ?
-Хүн болгон оролцож болно. Гэхдээ бие физиологийн хувьд эрүүл байх хэрэгтэй. Юм идэхгүй бол өдөрт 3500-4500 калори шатаана. Энэ нь 1-2 килограмм турах магадлалтай гэсэн үг. Нэг ёсондоо маш их ачаалал өгч, хөдлөх юм. Тэгээд хамгийн чухал нь бүсээсээ хамгийн их санал авах шаардлагатай юм.
Өмнө жил оролцох гэж хичээгээд 1400 хүний санал дутаж хасагдсан. Харин энэ жил дахин оролцож түрүүлээд аялах юмсан гэж маш их хүсч байгаа. Энэ жил 50 мянган хүний санал авах шаардлагатай учраас монголчууд маань сайн дэмжээрэй гэж хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.