Open iToim app
Хуулийн цаг | 3 мин уншина

П.Сайнзориг: Анх удаа гэр бүлийн хүчирхийллийн зөрчил үйлдвэл сануулах арга хэмжээ авна

П.Сайнзориг: Анх удаа гэр бүлийн хүчирхийллийн зөрчил үйлдвэл сануулах арга хэмжээ авна
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 30
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулагын талаар ярилцлаа.
-Зөрчлийн тухай хуулийг торгоход чиглэсэн, иргэдийн халааснаас мөнгө авах арга гэж үзэх хүмүүс бий. Шинэчилсэн найруулгаар энэхүү асуудлыг шийдвэрлэж, шийтгэл, торгуулийн хэмжээ багасах болов уу?
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй энэхүү хуулийн төслөөр зөрчлийг тодорхой болгож, иргэн, аж ахуй нэгж байгууллага хуулийг уншаад ойлгох, ямар нэгэн эргэлзээгүй байдлаар хуулийг дагаж биелүүлэх боломжийг олгох, анх удаа үйлдсэн зөрчил бол зөрчлийн үр дагаварыг арилгах буюу хууль зөрчиж буй үйлдлийг засах боломжийг олгож, сануулах арга хэмжээ авахыг чухалчилж байна. Харин зөрчлийг давтан үйлдвэл торгох арга хэмжээ авах юм. Мөн зөрчлийн торгуулийг хугацаандаа төлбөл торгох шийтгэлийн хэмжээг 50 хувь болгож бууруулах зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орно.  
-Зөрчлийн тухай хуулинд хэчнээн зөрчлийг хамруулж байгаа вэ?
-Зөрчлийн хуулийн тусгай ангид багтсан  үйлдэл, эс үйлдлийн  2300 зөрчил тооцогддог.  Харин одоо 2000 хүртэл болгож хассан. Тэгэхээр цаашдаа тодорхой бус үйлдлийг хуулиас хасч, тодорхой болгох арга хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авна.  
-Анх удаа үйлдэгдэж буй ямар зөрчилд торгох бус сануулах арга хэмжээ авах юм бэ?
-Жишээ нь, аливаа байгууллагын шалгалтаар цахилгааны ямар нэгэн асуудал үүсэх магадлалтай зөрчил анх удаа гарсан бол 14 хоногийн дотор залруулах боломж өгөх юм. Ингэхдээ иргэнд энэхүү зөрчил нь галын аюулгүй байдал хангаагүй бөгөөд тантай адил бизнес эрхэлж буй бусад байгууллагыг эрсдэлд оруулах магадлалтай болохыг ойлгуулж, сануулна. Мөн одоогийн нөхцөл байдалд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал хурц байгаа боловч, зарим талаараа гэмт хэргийн биш зөрчлийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл анх удаа үйлдсэн байх тохиолдол бий. Тиймээс гэр бүлийн гишүүнийг баривчлахгүй сануулга өгч, албадан сургалтад суулгах байдлаар харилцаагаа засах бололцоог олгож болно. 
-Гэр бүлийн хүчирхийлэлд сануулах арга хэмжээ авах нь хэр зохимжтой вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдох бүх үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуульд тусгаагүй. Тодорхой тооны үйлдлийг Зөрчлийн тухай хуульд хамруулсан байдаг бөгөөд 30 хоногийн баривчлах шийтгэлтэйгээр албадан сургалтад хамрагдах хариуцлага хүлээнэ гэсэн заалттай. Ийнхүү 30 хоногийн баривчилгаа явуулах нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулах тал бий. Учир нь эхнэр, нөхрийн хооронд гэр бүлийн хувийн жижиг маргаанаас үүссэн асуудлаар 30 хоногийн баривчилгаа явуулахаар ар гэрийн орлого олдог ганц хүнийг баривчлах нь гэр бүлээрээ шийтгэл хүлээсэн мэт болчихдог. Мөн анх удаагийн түр зуурын уур уцаараас болсон асуудал хэсэг хугацааны дараа гэр бүл дотроо хэвийн харилцаа бий болж, шийдэгдэх боломжтой байдаг учраас сануулга өгдөг болох юм.
-Анх удаа үйлдэгдэж буй гэдгийг яаж нотлох вэ?
-Зөрчлийн мэдээллийн сан гэж бий. Тус сангаараа энэ төрлийн зөрчил гаргаж байсан эсэхийг шалгачихна. Мөн гэр бүлийн гишүүдээс тодруулж, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй ч байнга хүчирхийлэл үйлддэг байсан нь нотлогдвол гэмт хэрэгт тооцогдож, ял шийтгэл онооно. Гэхдээ хууль шийтгэл нийгмийн харилцаанд ан цав үүсгэх биш, бэхжүүлэх шийдвэрийг гаргах шаардлагатай байдаг. Тэгэхээр хэдий эрх зүйн эсрэг үйлдэл байсан ч, ял шийтгэлийн бодлогоодоо хүлээцтэй, ялгамжтай ханддаг болох хэрэгтэй юм.
-“Цахим гав”-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд ашиглаж болох уу?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид “цахим гав” үйлчилж болно. Гэм буруутанг заавал хохирогчтой нь хамт байлгах гэж байгаа юм биш. Тусдаа амьдардаг гэр бүл байж болно шүү дээ. Энэ тохиолдолд гэрээсээ гарах юм бол хууль хяналтын байгууллагад зөрчлийн сигнал ирж, шийтгэлийг биелүүлээгүйд тооцож, ял оноох шат руу шилжих байдлаар хуульчилж болох юм.
-Шийтгэлийг хувь хүний байдлаас хамаарч, дээд, доод хэмжээний торгууль ногдуулдаг болно гэсэн. Яг ямар шалгуураар иргэн бүрт өөр өөр торгууль ногдуулах юм вэ?
- Үүнийг улсын байцаагч Зөрчлийн хэр хэмжээ, нийгэмд үзүүлж буй аюулаас хамаарч зарим нэг зөрчилд дээд, доод хязгаартай торгох юм.
-Торгуулийг хугацаандаа төлбөл 50 хувь хөнгөлнө гэлээ. Зохицуулалтыг хэрхэн хийх вэ?
-Жишээ нь, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж 10 мянган төгрөгөөр торгуульсан бол 14 хоногийн дотор банкинд эсвэл ибаримт аппликейшнаараа дамжуулан таван мянган  төгрөгөө төлөх юм. Харин хугацаа хэтэрсний дараа төлөх юм бол таван мянган төгрөгийн үлдэгдэл байна гэсэн сануулга өгнө.  
-Авто замын зөрчилд оноо хасах, торгох шийтгэлийг давхар ногдуулдаг шүү дээ. Энэхүү зөрчилд өгөх шийтгэлийг багасгах болов уу?
-Энэ давхардсан шийтгэл биш. Өөрөөр хэлбэл, Өмнө захиргааны хариуцлагын тухай хууль хэрэгжиж байхад тодорхой зөрчил үйлдэхэд талоныг цоолдог байсан. Тэрхүү ойлголтыг л оноо хасах журмаар хуульчилсан юм. Зөрчил гаргасан тохиолдол бүрт машин барих эрх зэргийг хасах нь буруу учир оноо хасах байдлаар тооцдог гэсэн үг. 
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн