ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны алба хаагчид ховор амьтан болох хүрэн баавгайн эд эрхтэнг хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ.
Есдүгээр сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн У-гэгч нь гэрийнхээ үүдний амбаартаа ховор ан амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн гавлын яс, сарвуутай арьсыг хууль бусаар олж авч хадгалсныг цагдаагийн алба ирүүлсэн байна.
Мөн СХД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компаний ажилчдын байранд иргэн Д гэгч нь ажлын байрандаа ховор ан амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн арьс хадгалж байсан гэх үйлдлийг илрүүлж, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст шалгалтын ажиллагааг тус тус үргэлжлүүлэн явуулж байна.
Дээрх хоёр хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаа, прокурор шүүхийн шатанд холбогдогч этгээдийн үйлдэл нотлогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх юм.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаарт зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.