С.Эрдэнэ гишүүний санаачилсан зээлийн хүүг бууруулах төсөл УИХ-ын дэмжлэг авч чадсангүй
УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн мэдүүлсэн Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүлээлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралд оролцсон гишүүдээс М.Оюунчимэг, Б.Дэлгэрсайхан, Б.Баттөр, Я.Содбаатар, Д.Эрдэнэбат нар зээлийн хүүг бууруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж, асуулт асууж үг хэлсэн. Харин асуулт асууж саналаа хэлснийхээ дараа хуралдаанд оролцсон 10 гаруй гишүүнээс Д.Эрдэнэбат, Д.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар нар л хэлэлцэхийг дэмжиж, үлдсэн нь зээлийн хүүд хязгаар тогтоох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
МАН-ын зарим гишүүн хуулийн төслийг дэмжиж үг хэлсэн ч яг санал хураалтын үеэр бүгд эсрэг санал өгсөн нь нэг талаараа үг үйлдлийн зөрүүг харуулав.
Мөн хууль санаачлагч С.Эрдэнэ гишүүн Монголбанк болон зарим гишүүн илт арилжааны банкны лоббинд орсон байна гэж шүүмжилж байсан юм. Уг хуулийн төслийг Монголбанк болон Банкуудын холбоо дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд өнөөгийн нөхцөлд захиргаадалтын аргаар зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж үзэж байв.
Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт арилжааны банкны зээлийн хүүг бууруулах асуудал тусгагдсан бөгөөд тус намын нэр бүхий гишүүд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Төв банкнаас арилжааны банкуудын зээлийн хүүд хязгаар тогтоох саналыг оруулсан ч мөн л арилжааны банк, Төв банк хүчтэй эсэргүүцэж, уг саналыг татсан байдаг. Энэ удаа ч мөн гишүүд ярьсныхаа эсрэг санал өгч, зээлийн хүүд хязгаар тогтоох хуулийн төслийг дэмжсэнгүй.
Зээлийн хүүг бууруулах талаар хэлсэн зарим гишүүний байр суурийг хүргэж байна.
-УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Монголбанкныхан сайхан онол ярих юм. Хадгаламжийн хүүгээ бууруулчих л даа. Үүнийг дагаад зээлийн хүү буурна ш дээ. Хадгаламжийн хүүд ямар нэгэн хязгаар төрөөс тогтоож өгье л дөө. Өндөр хадгаламжтай хүмүүст өндөр татвар, өндөр хүү тогтоох механизмыг ашиглаж боломж байгаа. Хоёрт, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиа хэзээ оруулж ирэх вэ. Банкуудад өрсөлдөгч байхгүй учраас иргэд, аж ахуйн нэгж өндөр төлөөс төлж байна. Гаднын банк оруулах цаг болсон. Өрсөлдөгч орж ирвэл зээлийн хүү буурна. Зээлийн хүүнээс үүдээд бизнесийн орчинд маш хүнд байна. Харин нөгөө талд банкуудын байшин улам л томроод байх юм. Одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн хүүнээс үүдээд, бүр гараа өргөөд буугаад өгчихлөө. Цөөн хэдхэн хүн хадгаламжийн хүүгээр баяжаад, хувийн хэвшлийн зээлийн хүүд дарлуулсан байдалтай хэдий хүртэл явах юм. Гуравт, Монголбанк зах зээлээ тэлэх бодлого явуул л даа. Ийм бодлого хэрэгжүүлэхгүй бол бүгд мөнгөө дараад байна ш дээ. Өмнөх Ерөнхийлөгч Н.Золжаргалын явуулсан эдийн засгийн тэлэх бодлого зөв байсан шүү.
-Монголбанкны Мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваа: Монголбанкны зүгээс хадгаламжийн хүүд шууд хязгаар тогтоох боломжгүй. Харин хадгаламжийн хүүд бодлогын хэрэгсэл нэвтрүүлэх бодлого баримталж байгаа. Энэ хэрэгсэл нь арилжааны банканд хоёр сонголт өгнө. Нэг талд нь том хадгаламж, нөгөө талд Монголбанкны санхүүжилтийн эх үүсвэр. Санхүүжилтийн эх үүсвэр нь бодлогын хүүтэй уялддаг. Өнөөгийн нөхцөл байхгүй учраас том хадгаламж эзэмшигч арилжааны банктай гэрээ хэлцэл хийж харьцаж байна. Ийм хэрэгсэл бий болбол Монголбанкны жишиг үнээр тухайн хадгаламж эзэмшиг банктай хэлэлцээр хийх чадахааргүй байх бодлого чиглэлийг барина. Ер нь хязгаар тогтоох нь үр дүнтэй байна уу гээд харахаар тийм биш байгаа.
-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Зээлийн хүү бууруулах асуудлыг эхнээс нь дэмжиж, хийх цаг нь болсон гэж үзэж байгаа. Манайх шиг чөлөөт зах зээлтэй, ардчилсан орон гэж тунхагласан хэрнээ зээлийн хүүдээ дарлагдаж, иргэд нь ядуурч, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан. Ийм улс дэлхийд байхгүй. Тиймээс энэ асуудал зайлшгүй төрийн бодлогын зохицуулалт хэрэгтэй. Зээлийн хүүг чөлөөтэй 28 жил явж үзлээ. Гэтэл яриад л байдаг, юу ч хэрэгжээгүй. Саяхны Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар манай арилжааны банкууд улс төрийн сонгуульд нөлөөлдөг, нам, улстөрчдийг санхүүжүүлж байсан нь харагдсан байна лээ. Үүнийхээ шархийг зээлийн хүү, хадгаламжийн хүүгээр нөхдөг. Болохгүй зүйлүүд байгааг хараад, сонсоод яваад байгаа ш дээ. Үүн дээр энэ УИХ зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй гэж бодож байна.
-УИХ-ын гишүүн Б.Баттөр: Эдийн засгийн аргыг төрийн зохицуулалттай хослуулж байж л зээлийн хүү буурна. Өнөөдрийн оруулж ирж байгааг төрийн зохицуулалтын арга гэж харж байгаа. Эдийн засгийн арга, төрийн зохицуулалт хоёрыг тусад нь салгаж болохгүй. Салгавал үр дүн гарахгүй. Монголын эдийн засаг өнөөдөр гадаад зах зээлээс илүү их хамааралтай байна ш дээ. Дээр нь, дотооддоо санхүүгийн сахилга бат гэж алга. Макро эдийн засгийн бодлого тогтвортой биш байна. Энэ бүгдийг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Бодлоготой, тооцоотой, зээлийн хүүг бууруулах асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн саналтай байна.
-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Уг хуулийн төслийг гэнэт сэрээд боловсруулчихаагүй. Нэлээд тооцоо, судалгаан дээр үндэслэн боловсруулсан. Монгол Улсын хувьд жижиг зах зээл дээр төрийн зохицуулалттай байхгүй бол болохгүй. Банкууд хуримтлал бага учраас зээлийн хүү буурахад хүндрэлтэй гэж байна. Манай улсын хувьд хуримтлал бага байж болно. Гэхдээ сүүлийн жилүүдэд хадгаламж, зээлийн эх үүсвэр өссөн хэмжээг харвал хуримтлал нэмэгдэж байна гэж харагдсан. Харамсалтай нь, үүнийг дагаж зээлийн хүү буурсангүй. Хоёр их наядын 13.6 их наяд хүртлээ өссөн зээлийн эх үүсвэрийг нэмэгдсэнийг дагаж зээлийн хүү нэг ч хувиар буураагүй. Тиймээс төрөөс зохицуулалт хийх зайлшгүй шаардлага үүсч байна. Дээр нь арилжааны банкуудын байдал эдийн засагт сөрөг үр дагавар авчирч байгааг зориуд хэлмээр байна. Эдийн засгийн байнгын хороо иргэд, нийт баялаг бүтээгчдээ бодож шийдвэр гаргаасай гэж хүсч байна.