Open iToim app
Таны сонорт | 6 мин уншина

Сурвалжлага: Хотын төвд байрлалтай хамгийн ‘хямд’ төлбөртэй дундын оффисоор зочиллоо

Сурвалжлага: Хотын төвд байрлалтай хамгийн ‘хямд’ төлбөртэй дундын оффисоор зочиллоо
Нийтэлсэн 2022 оны 6 сарын 28
Ажил, хичээлээ хийхэд тохиромжтой дундын оффисын соёл Монголд дэлгэрээд удаагүй байгаа билээ. Зах зээлийн дундаж үнэлгээнээс харвал ихэнх дундын оффисын сарын төлбөр нэг хүний 150.000, өдрийн 10.000-15.000 төгрөгm хэлбэлзэж байдаг. Тэгвэл та бүхэнд энэ удаа саяхан өөрийн үйлчлүүлж эхэлсэн хотын төвд байрлалтай, төлбөр хямд “Mind” дундын оффиссыг танилцуулж байна.
Миний хувьд ажлаас гадна ‘IELTS’ шалгалтад бэлдэж байгаа учир оройн цагаар ганцаараа төвлөрч суухад тохиромжтой газар хэрэг болсон. Ингээд Улаанбаатарт байрлах ‘дундын оффис’-уудын эрэлд гарсан юм. Нэг үеэ бодоход энэ төрлийн үйлчилгээ явуулагч байгууллага манайд дэлгэрсэн ч нөгөө талаар цагийн хуваарь болон үнийн хувьд  тэр бүр таарч, зохицох нь цөөн байв. Ингээд олон талаар судалж, хайж үзэхэд ‘Mind’ оффис бүх талаар тохирч байв. Жишээлбэл, манай ажил ихэвчлэн 18.00-19.00 цагт дуусдаг. Ингээд ‘Mind’ дээр очиход хаагаагүй, үргэлжлүүлэн олон цаг суух боломжтой байдаг нь давуу тал болсон юм.
undefined
Тус төвийн тухайд өдрийн нэг хүний үйлчлүүлэх тариф 5000 төгрөг байдаг бөгөөд хэрэв таван өдрийн эрх авбал 20000 төгрөг болж хямдарна. Цаашлаад сарын төлбөр 80000 ба энэ бүгдэд үнэгүй интернэт эрх, ус, кофе, цэнэглэгч зэрэг үнэ төлбөргүй авах боломжийг олгосон олзуурхууштай санагдсан
Миний ажигласнаар өдрийн болон оройн цагаар хамгийн их хүнтэй байх бөгөөд ихэвчлэн гадаадад мэргэжлээ ахиулахаар шалгалтад бэлдэж буй залуус болон гарааны бизнес эрхлэгчид өөрсдийн хувь хувийн зүйлсээ хийж байв. Ингээд бид тус төвөөр үйлчлүүлэгч залуусаас сэтгэгдлийг нь сонслоо.
undefined
“Mind” оффисын үйлчлүүлэгч Н.Хулан: Миний хувьд сүүлийн дөрвөн сар “Mind” оффисоор үйлчлүүлж байна. Одоогоор Герман руу мэргэжлийн зэргээ ахиулахаар явах төлөвлөгөөтэй шалгалтдаа бэлтгэж байгаа. Өмнө маш олон газар судалсны эцэст “Mind”-ыг олж мэдсэн. Ямар нэг цагийн хуваарьт баригдахгүй, үнийн хувьд боломжийн учраас их таалагддаг. Өглөө 6.00 цагт ирэхэд ажиллаж л байдаг. Орой 22.00 цагт явахад ажиллаж л байдаг. Өмнө нь 24.00 цагт ажиллаж байсан.  Өөр бусад газрыг хайж үзэхэд өдрийн 10000-20000 төгрөгийн төлбөртэй ер нь л үнэтэй санагддаг байсан.
Монголд хүүхэд, залуус гадаад хэлний шалгалтад бэлтгэдэг. Гэтэл бидэнд яг тохирсон боломжийн газар олдох нь ховор. Харин миний хувьд энэ газрыг олж чадсандаа баяртай байдаг.
undefined
 “Minoka” япон хэлний сургалтын төвийн багш Т.Баасанжаргал “Mind” оффиссоор сүүлийн хоёр сарын турш үйлчлүүлж, сургалтаа явуулж байгаа. Тав тухтай орчин, үйлчилгээ сайн, хотын төвд байрлалтай гэдгээрээ давуу талтай санагддаг. Мөн ямар ч нөхцөлд цагийн хуваарийг зохицуулж өгч чаддаг нь таалагддаг. Сургалтын үйл ажиллагаа явуулахад ямар ч хүндрэл гардаггүй учир үйлчлүүлэхэд таатай байна.
undefined
“Mind” оффисын үйлчлүүлэгч Г.Төгөлдөр: Амралтын өдөр хичээлээ хийгээд суух боломжтой газар их цөөхөн болсон байна. Номын сан байдаг ч зуны хуваарьтаа шилжээд амралтын өдрүүдээр ажиллахаа больчихсон. Иймээс “Mind”-ыг олж мэдээд ирсэн. Би үйлчлүүлээд гурав хонож байгаа. Би солонгос хэлний шалгалтад бэлтгэж байгаа. Үг цээжилж, дасгал ажиллахад төвлөрөх чухал. Танхимаа хоёр хуваасан учир чимээ шуугиангүй төвлөрөхөд амар байна.  
Оффис дээр зөвхөн нэг л ажилтан харагдах бөгөөд энэ хүн оффиссоор үйлчлүүлэх хүмүүст хэрэгтэй бүхий л зүйлсийг ганцаараа амжуулж, ая тухтай суухад нь тусалдаг. Энэ бол “Mind office”-ийн үүсгэн байгуулагч С.Равжаа юм. Өөрөөс нь өөр яагаад ажилтан байдаггүй талаар асуухад “Одоогоор ганцаараа бүгдийг хийж болоод л байна даа. Болдог бол дахиад нэг хүн авчихмаар л байдаг. Гэхдээ зардал нэмэгдэж, үнээ нэмэх шаардлага гарна шүү дээ. Учир нь, саяхан түрээс ч нэмэгдсэн. Үүний хажуугаар ажилтан авах боломж хомс байна. Гэхдээ бид үнэ тарифдаа өөрчлөлт оруулаагүй. Одоохондоо болгоод л байж байна даа” гэж байв. Ингээд бид “Mind”-ын үүсгэн байгуулагч, С.Равжаа ахтай дундын оффисынх нь талаар тодруулахад:
undefined
-Анх “Mind office”-ийг хэзээ, ямар шалтгаанаар үүсгэн байгуулахаар болсон бэ?
-Би өмнө Японд олон жил ажиллаж, амьдарсан. Тэнд байхдаа бүх хүнд зориулсан хичээл, ажлаа чөлөөтэй хийж болдог дундын оффисын гишүүн нь байлаа. Японд арван жил амьдарсны дараахан эх орондоо ирсэн юм. Монголд ирэхэд гарааны бизнес эрхлэх хувь хүмүүс болон оюутан залууст тохирох дундын оффис байхгүй байсан. Байсан ч хэтэрхий үнэтэй байдаг нь их асуудалтай байв. Иймээс тохилог, хямд төлбөртэй дундын оффисыг дэлгэрүүлэхээр болсон. Би хоёр дахь удаагаа дундын оффис нээж ажиллуулж байна. Анх 2017 онд Монголд ирээд “Баруун дөрвөн зам”-д дундын оффисыг нээн ажиллуулсан. Гэвч бизнесийн орчин болон бусад зүйлсээс шалтгаалж удалгүй амжилтгүй болж, хаалгаа хаахаар болсон доо.
Тухайн үед мэдээж шантрах үе гарсан. Гэхдээ өөрийн мөрөөдлөө орхиогүй. Миний мөрөөдөл бол гарааны бизнес эрхлэх хүсэлтэй болон хичээл, шалгалтдаа бэлтгэж байгаа оюутан сурагч, хувь ажилтнууд зэрэг ирээдүйд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүмүүст төвлөрч сууж, өөрийгөө хөгжүүлэхэд нь зориулах хямд төлбөртэй, дуу чимээ багатай тохилог оффисоор хангах юм. Иймээс 2021 оны гуравдугаар сард дахин шинэ зохион байгуулалттайгаар “Mind” оффисыг нээн ажиллуулсан. Тухайн үед анх нээгдээд бага зэрэг хүн муутай байсан ч бага багаар хүмүүс мэдсээр одоо байнгын үйлчлүүлэгчтэй болж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.
-Танай оффисын давуу тал нь юу вэ. Хувь хүмүүст ямар үйлчилгээг хүргэхээр зорьдог вэ?
-Бид үргэлж үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтэд тулгуурлаж оффисын зориулалтаа сайжруулсаар явдаг. Манай нэг үйлчлүүлэгч “Би 21-р хорооллоос танайхыг зорьж ирдэг. Гэтэл ирэхэд ширээ дүүрэн хүлээх хэрэгтэй болдог. Иймд талбайгаа томосгож болох уу” гэж байсан. Иймд дахин барилгын дээд давхраа тохижуулж, түрээслэн дундын оффис болгосон. Манайхыг зорьж үйлчлүүлэх хүмүүс хоёр танхимаар үйлчлүүлж болно. Нэг нь нам гүн орчин буюу ганцаар сууж төвлөрч хичээллэх боломжтой танхим бол нөгөө танхим нь хурлын болон баг, хамт олноороо ирж ажил, хичээлээ төлөвлөн ярилцах боломжтой. Түүнчлэн сургалтын үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байдаг. Дээр хэлсэнчлэн оюутан залуус, хувь ажилчин хүмүүстээ зориулж хамгийн хямд буюу нэг өдрийн 5000 төгрөг + кофе, ус, цай, цэнэглэгч, дэвтэр, бал зэрэг үнэгүй байдгаараа онцлогтой.  Манайх гурван сард нэг удаа үйлчлүүлэгчид дундаа санал хүсэлтийн судалгааг явуулдаг. Үүгээр хэрэгтэй, сайжруулах зүйлсээ мэдээд авдаг. Өмнө үйлчлүүлэгчдийн хүсэлтээр “24” цагаар ажиллаж үзсэн гэхдээ барилгаас тэр бүр зөвшөөрөхгүй байсан тул буцаад энгийн хуваарьтаа шилжсэн дээ.
-Бусад газруудыг судалж, харьцуулахад төлбөр нь нээрээ л хямд санагдсан шүү?
-Манай үнийн тарифыг сонссон зарим хүн танайх буяны байгууллага юм уу гэж хүртэл асуудаг / инээв /. Мэдээж түрээс, эдийн засгаа харвал нэмэх хэрэгтэй ч одоогоор томоохон хүндрэл гараагүй учир үнийн тариф энэ хэвээрээ байх болно. Эдийн засаг, ашгаас гадна гол нь хэрэгтэй хүндээ хүрч чадаж байх нь чухал.
-Танай байгууллагын цаашдын зорилт юу вэ?
-Үйлчлүүлэгчдийн зүгээс дотроо кофе шоп эсвэл хоол зардаг болчихвол бүр амар, гоё болно доо гэж хэлдэг. Үүнийг судлаад явж байгаа. Оффисын сайжруулалтаа байнга, хийж улам хөгжүүлмээр байгаа. Иймд хамтран ажиллах хүсэлтэй хувь байгууллага байвал бидэнтэй холбогдоорой гэж хэлмээр байна.
Мөн намайг дэмжиж, тусалдаг бүх хүмүүст ялангуяа дундын оффисоо өргөжүүлж, танхимаа нэмэгдүүлэхэд минь гүн туслалцаа үзүүлсэн Б.Мөнхсоёл эгчдээ баярлалаа. Биднийг зорьж үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдээ баярлалаа. Илүү хичээж ажиллах болно оо” гэлээ.
Энэ удаа бид Монголд хөгжөөд байгаа оффисын төрөл болох “дундын” оффисыг танилцууллаа. “Mind” дундын оффисын тусламжтай оройн цагаар ажил, хичээлээ амжуулаад төвлөрч сууя гэж төлөвлөх хүмүүсийн асуудал бага багаар шийдэгдэж байна. Энэ оффист өдөрт хамгийн ихдээ 40-50 хүн суудаг бол, багадаа 10-20 хүн үйлчлүүлдэг. Ихэнх үйлчлүүлэгчдийг хараад байхад бизнес эрхлэгч, ажилчин анги, оюутан, арван жилийн сурагч зэрэг олон төрлийн хүмүүс ирж өөрсдийн ажлаа амжуулж байна. Үүнээс харахад энэ төрлийн үйлчилгээний газар ямар хэрэгтэй байгаа нь анзаарагдаж байлаа. 
"Mind" оффисоор зочлохыг сонирхвол та ‘Mind’ фейсбүүк хуудастай нь нэгдэх эсвэл 8525 8259 дугаараар холбогдоорой. 
Хаяг: Бөхийн өргөөний баруун талд "Эрхэт оффис"-ын 8 давхарт 803 тоот болон 901 тоотод байрлаж байна.
 
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн