Open iToim app
Улс төр | 7 мин уншина

Б.Жавхлан: Орлого биелэхгүй бол яах вэ гэсэн эрсдэлийн төлөвлөгөө Засгийн газарт алга

Б.Жавхлан: Орлого биелэхгүй бол яах вэ гэсэн эрсдэлийн төлөвлөгөө Засгийн газарт алга
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 22
УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ирэх оны төсвийн талаар ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Орлого, зарлагаа маш өндрөөр тооцсон, "цатгалдсан" төсвийн төсөл гэж сөрөг хүчний зүгээс шүүмжлээд байгаа. Таны хувьд ирэх оны төсвийн төслийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ирэх жилийн төсвийг хэлэлцэхийн тулд энэ жилийн эдийн засгийн нөхцөл байдал, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн төлөвийг харах хэрэгтэй. Ирэх жил орлогодоо маш өндөр зорилт тавьсан байна. 9.6 их наяд төгрөг гэдэг бол өмнөх оны төлөвлөж байснаас гурван их наядаар илүү. Гэхдээ энэ жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс нэг их наядаар илүү. 2019 оны төсвийн орлогын дийлэнх хувийг нүүрсний экспорт бүрдүүлнэ. Манай улс 2017 онд 32 сая тонн нүүрс экспортод гаргасан. Харин энэ жилийн есдүгээр сарын гүйцэтгэлээр 27.4 сая тонн байгаа. Жилийн эцсээр гэхэд 35-36 сая тонн нүүрс гаргана гэж төсөвлөж байгаа юм байна. Орон нутгийн Тавантолгой, Энержи Ресурс гэх мэт жижиг компаниуд нийлээд 35-36 сая тонн нүүрс гаргана гэж тооцож байгаа юм байна. Гэхдээ энэ жил эхний таван сард гаргаж чадах хэмжээндээ нүүрсээ экспортолж чадаагүй. Эхний хоёр улиралд хүчин чадлаараа нүүрсээ экспортолж чадаагүй хэдий ч жилийн эцэст 35-36 сая тонн нүүрс гаргана гэдэг сайн үзүүлэлт. Тиймээс Засгийн газар ирэх жил өдөр бүр дунджаар 1000-1200 ширхэг том машин нүүрс гаргаж байж, төлөвлөгөөт гүйцэтгэлээ хангана.
-Манай төсвийн орлогыг гол бүрдүүлж байгаа нүүрсний экспорт, үнэ тэгэхээр ирэх жил хэр тогтвортой байхаар байна вэ?
-Манай гол худалдан авагч БНХАУ-ын үнэ буурах эрсдэл байгаа. Гэхдээ төсвийн орлогыг тасалдуулах хэмжээний ихээр буурна гэж бодохгүй байна. Төсөв дээр 70 ам.доллар байна гэж төсөвлөсөн. Экспертүүдийн дүгнэлтийг харахад 65 ам.доллар болж болзошгүй байгаа. 65-70 ам.долларын хооронд байхад манай орлогын гүйцэтгэл маш сайн гарна. Энэ жил бид давсан орлоготой яваад байна. Харин ирэх жил ийм давсан орлоготой бус, бүх орлогоо шавхаад орлогоо төлөвлөсөн байна гэж харж байгаа. Үүнийг буруу гэж би хувьдаа үзэхгүй байгаа. Харин ч энэ бол том зориг. Төсвийн орлогоо бүрдүүлэх нь ганцхан Сангийн яамны асуудал биш. Гадаад харилцааны асуудал маш чухал.
-Зарлагаа ч өндрөөр төсөвлөсөн. Сонгуулийн өмнөх жилийн төсөв учраас зарлага өндөр байна гэсэн шүүмжлэл их байгаа шүү дээ. Энэ тухайд?
-Тийм ээ, сонгуулийн өмнөх жилийн төсөв гээд шүүмжлээд байгаа. Гэхдээ бид үүнээс яаж зугтах юм бэ. Манай хууль ийм шүү дээ. Жижиг можаритор тогтолцоо угаасаа ийм л байдаг. Сонгуулиар бид маш том бүтээн байгуулалтын амлалт авдаг. 2016 онд  бид ямар эдийн засаг хүлээж авлаа. Эрх барьсан дөрвөн жилээ хоёр хоёр жилээр нь хувааж үзвэл эхний хоёр жил нь эдийн засгийг тогтворжуулах жил байсан. Ямар ч хөрөнгө оруулалт хийж, эдийн засгаа сууриар нь тэлж чадахгүй, боломж ч байхгүй. Харин одоо боломж гарч ирж байна. Тиймээс эдийн засгаа сууриар нь тэлэх ёстой. Төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдвэл ажлын байр нэмэгдэнэ. Энэ зорилтоо биелүүлэх тал дээр Засгийн газар сайн ажиллах ёстой. Харин биелэхгүй бол яах вэ гэдэг эрсдэлийн төлөвлөгөө Засгийн газарт байх ёстой. Давагдашгүй байгалийн хүчин зүйл болох ч юм уу, гадаад харилцааны асуудал дээр доголдол гарах, үнийн огцом бууралт болох  ч юм уу иймэрхүү эрсдэл гарч, орлогоо бүрдүүлж чадахгүй бол зардлаа яаж эрэмбэлэх вэ. Ийм төлөвлөгөө Засгийн газарт байх ёстой. Орлого биелэхгүй бол олсон орлогодоо нийцүүлээд зардлаа танах хэрэгтэй.
-Гишүүд тойрогтоо таван тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгасан. Гишүүдээс санал авсан байх?
-76 гишүүн 76 тойргийнхоо төлөө ажиллаж байна. Энэ нь төсвийнхөө боломжид хязгаарлагдаж байгаа. Бидний мөрөөдлийн жагсаалт бол ард түмний санал хүсэлт байдаг. Бид жагсаалт гаргаад яамдууд руугаа өгдөг. Яамдуудынхаа бодлогод орж байна уу, үгүй юу гэдгийг хардаг. Орохгүй бол тэгээд хасагдана. Миний тойрогтоо хийхийг хүссэн ажил, бүтээн байгуулалтыг жагсаавал маш их хөрөнгө оруулалт шаардлагатай. Түүнийгээ базаад 10 тэрбум төгрөгийн санал хүргүүлсэн. Тэгээд хасагдаад таван тэрбум руугаа орж байна. Цэцэрлэг, сургуулиудын өргөтгөл, Дарханы байшин хорооллын дээвэр солих, инженерийн шугам сүлжээний засвар, их засвар, 10-аад жил гацсан спорт цогцолбор гээд хийх зүйл  маш их байна.
-Ирэх жилийн төсөвт валют, тэр дундаа ам.долларын ханшийг хэд байхаар тооцож байгаа вэ?
-Манай улс импортын улс учраас валютын ханш маш эмзэг. Бид хэрэглээнийхээ 70 хувийг гаднаас импортолж авдаг. Тэгэхээр яах аргагүй ам.долларын ханш халуун цэг байдаг. Валютын ханш дотоод нөхцөл байдал гэхээсээ илүү гадаад нөхцөл байдлаасаа хамааралтай. Гэтэл гадаад зах зээл дээр том гүрнүүдийн дундах худалдааны сөргөлдөөн болж байна. Манай урд хөршийн мөнгө тэмдэгт ам.долларын эсрэг 10 гаруй хувиар суларсан. Харин манайх 5-6 хувиар суларсан байна. Америкууд Хятадын эсрэг гурван ч удаа шат дараатайгаар татвараа нэмлээ. Хэрвээ энэ үргэлжилвэл урд хөршийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө. Магадгүй юань үргэлжлэн суларч болзошгүй. Хэрвээ тэгвэл манай гол худалдан авагч түнш учраас гол нэрийн барааны үнэ буурч магадгүй. Гэхдээ худалдан авах хэмжээнээс буурахгүй байх. Хэрвээ ирэх жил 70 ам.доллараар 42 сая тонн экспортолвол 2.8 тэрбум ам.доллар манай Төв банкны валютын нөөцөд орж ирнэ гэсэн үг. Энэ нь бидэнд  төгрөгийн ханшаа тогтвортой байлгах боломж бий болгоно. Хэрвээ бид 42 сая тонн нүүрсээ гаргаж чадвал манай гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэл нэмэхтэй гарна. Ирэх жил бид гадагшаа төлөх их өр байхгүй. Тиймээс төгрөг ам.долларын эсрэг сулрах дарамт эрс багасна.
-Хэрвээ төлөвлөж байгаа хэмжээндээ нүүрсээ гаргаж чадахгүй бол валютынхаа ханшийг хэрхэн барих вэ?
-Валютын бодлогын хувьд гадаад худалдаа төлбөрийн тэнцлээ дагаад Засгийн газар гол зохицуулагч байх ёстой. Харин бодлогын хүү, Инфляц дээр бодлого гаргагч нь Монголбанк. Гэтэл манай хууль үүнийгээ бүрэн зохицуулж чаддаггүй. Төв банкны тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль хоёр гол инстуцутынхаа ажил үүргийг зөв хуваарилж чадаагүй. Эдгээр хууль нь Төв банкны валютын нөөцөд халгаатай. Хэт улстөржилтөөс хамгаалж чаддаггүй хууль. Төв банкны ерөнхийлөгчөө дуудаж авчраад “чамайг огцруулна шүү” гэж загнаж айлгадаг. Ерөнхийлөгч нь гарч гүйгээд нөөцөө баахан сэгсрээд, баахан интервенц хийгээд валютынхаа ханшийг хүчээр буулгаад хаячихдаг. Гэтэл цаана байгаа эдийн засгийн гол шалтгаанаа интервенцээрээ зохицуулж чадахгүй. Гадаад валютын ханш бол эдийн засгийн халууны шил. Эдийн засаг нь ямар халуунтай байна. Валютын ханш яг л заадаг. Валютын ханшийн учир шалтгаан нь ерөөсөө л гадаад худалдаа. Гадаад худалдаанаас бид хэдий хэмжээний ам.доллар олж чадаж байна, хэдий хэмжээний ам.доллар төлж байна. Үүний баланс нь ямар байна гэдгээс төгрөгийн ханш хамаарна. Гэтэл гадаад худалдааг төв банк хийж чадахгүй шүү дээ. Төв банк зохицуулдаг институт нь биш. Энэ бол цэвэр Засгийн газрын хийх ажил. Валютын бодлого, валютын ханш гэдэг бол хоёр тусдаа ойлголт. Валютын бодлого бол гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл гээд бүх зүйлээ оруулаад явж байгаа бол валютын ханш бол төв банк өдөр бүхэн зарладаг ханшийн түвшин.
-Төсвийн орлого ч тэр, валютын ханш ч тэр уул уурхайн бүтээгдэхүүний үнээс шууд хамааралтай. Ганцхан уул уурхайдаа хэтэрхий найдсан төсөв болсон гэж зарим гишүүн шүүмжлээд байгаа. Тэгвэл эдийн засгаа төрөлжүүлэх талаар төсөв дээр анхаарсан зүйл бий юү?
-Одоо байгаа манай бүтэц нь ийм юм чинь яах  юм бэ. Ийм бүтэцтэй тохиолдолд валют, шатахуунаас хамааралтай эдийн засгаас хэзээ ч бид шалж чадахгүй. Гадаад шокоос байнга хамааралтай явна. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний хамгийн том тоглогч Австриал улсад гэхэд эдийн засгийн бүтцийн хувь нь уул уурхай байна. Гэтэл манайх шууд болон шууд бус хамаарлаа тооцоход бараг 80 хувь нь уул уурхайгаас хамаарч байна. Энэ маш эмзэг. Хэзээ дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уруудна. Дагаад манай эдийн засаг ч уруудна. Тиймээс аажим аажмаар эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд дэд бүтэц маш чухал. Шатахуун, эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангагдах байх ёстой. Ингэсний дараа манай эдийн засаг төрөлжих асуудал зах зээлийнхээ зарчмаар явна. Манай эдийн засгийг бүрдүүлж байгаа хоёр том дэд бүтэц бол шатахуун, эрчим хүч. Эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг дотоодоосоо хангаж байгаа боловч эцсийн дүндээ Оросоос хамааралтай байна. Мөн шатахуунаа дотооддоо үйлдвэрлэгдэг болохгүй бол төрөөс шатахууны үнийг зохицуулдаг зохицуулалтын хэрэгслүүд нь үндсэндээ дууссан. Онцгой албан татвар тэглэсэн. Гаалийн татвар 10 хувь, НӨАТ 10 хувь байгаа. Замын татвар гээд 20000 төгрөг авдаг юм билээ. Одоо гааль, НӨАТ-ын хоёрыг л хөнгөлөхгүй бол өөр аргагүй. Уул уурхайн яамнаас Роснефтьтэй хэлэлцээр хийж байна гэсэн. Гэхдээ улам л тэднээс хараат байдал улам л гүнзгийрнэ гэсэн үг. 2022 оны арваннэгдүгээр сард Дорноговьд баригдаж байгаа шатахууны үйлдвэр ашиглалт ад орох юм байна. Тэр болтол тэсэх л хэрэгтэй. Европын холбооны улсуудын шатахуун их үнэтэй. Гэхдээ тогтвортой. Учир нь онцгой албан татвараа өндөр тогтоогоод дээвэр үнээ тогтвортой барьчихдаг. Гэтэл манайхан эхнээсээ татвараараа оролдоод дээвэр үнээ тогтоолгүй багасгасаар, багасгасаар татваргүй болсон.
-Та ирэх жилийн төсвийн төслийг нөөц бололцоогоо шавхсан сайн төсөв оруулж ирсэн гэж хэллээ. Гэхдээ эдийн засагч хүний хувьд харахад эрсдэл дагуулсан, биелэх боломжгүй зүйлийг илүү сайн харж байгаа  байх?
-Засгийн газарт нөөц төлөвлөгөө алга. Хэрвээ орлогоо биелүүлж чадахгүй бол яах вэ. Биднээс шалтгаалахгүй олон хүчин зүйл бий шүү дээ. Хэрвээ орлогоо бүрдүүлж чадахгүй бол зарлагаа бууруулахгүй баталсан зарлагаа гаргаад явбал алдагдал үүсээд баларна. 2021, 2022 онуудад бид Чингис бондын маш том өрийг төлнө. Үүний наана төсөв дээрээ том, том алдагдал хийж болохгүй. Орлого дутчихдаг, Сонгуулийн өмнөх жил гээд бүх хөрөнгө оруулалтаа хийгээд явбал шууд дампууралд хүргэнэ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн