Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Б.Навчаа: 'Ларьдма-2' өмнөх ангиас тэс өөр, хэнд ч, хэзээ ч мартагдахааргүй бүтээл болсон

Б.Навчаа: 'Ларьдма-2' өмнөх ангиас тэс өөр, хэнд ч, хэзээ ч мартагдахааргүй бүтээл болсон
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 17
Нийгмийн хамгийн сэтгэл эмзэглүүлсэн сэдэв болох эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарсан 'Ларьдма' киноны нэгдүгээр анги 2013 оны тавдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийж байсан. Тэгвэл тус киноны хоёрдугаар ангийн зураг авалт өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогоор дуу оруулалт, эвлүүлгийн шатандаа орсон байна. “Амьдрал” нэртэй тус кино гуравдугаар сарын 2-нд бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байгаа аж. Киноны гол дүрийн жүжигчин Б.Навчаатай ярилцлаа. 
-"Ларьдма" киноны хоёрдугаар ангийн онцлог, илэрхийлэх санаа юу вэ?
-Бид “Ларьдма” киногоор амьдралд ухаарал, болгоомжлол хэзээ ч илүүдэхгүй, мөн хар гэдэг зүйл хайрыг хэрхэн үгүй болгож байгаа гэдгийг ойлгуулсан нь уг киноны зорилго байсан. “Амьдрал” кино үзэгчдийн дунд нэлээдгүй хүлээлт үүсгэж байгаагаас харахад нэгдүгээр анги  “муу” бүтээл болоогүй юм байна, тодорхой хэмжээнд зорилгодоо хүрсэн гэсэн дүгнэлт хийсэн. 
Харин "Ларьдма-2" кино амьдралын талаар, ялангуяа сэтгэл өвдөнө гэдэг ямар хэцүү зүйл вэ гэдгийг илэрхийлнэ. Сэтгэлийн шаналал зовлон бие мах бодийн хүчирхийллээс хэцүү. Мөн үйлийн үрийн талаар кинондоо тусгасан. Сайн үйлийн үр тарьвал сайн үйл ирнэ. Харин муу үйл хийвэл өөрт муу зүйл ирнэ. Чиний хийсэн бүхний үр төлөөс чамд эргэн ирдэг, тусдаг гэсэн санааг хүчтэй илэрхийлсэн.
-Бусад дэлгэцийн бүтээлүүдээс юугаараа ялгарах вэ?
-Уг кино драмм төрлийн бүтээл. Арай өөр өнгө, өнцөг баримталсан. Үзэгчид л юугаараа ялгарахыг дүгнээсэй гэж хүсч байна. Харин нэг зүйлийг ам бардам хэлэхэд манай киноны эхлэл хэсэг хэнд ч, хэзээ ч мартагдахааргүй байх болно. Зарим киног бид үзээд, энэ кино хэрхэн эхэлсэн бэ гэж бодохоор санадаггүй. Зарим кино сулхан эхлэлтэй байдаг. Урсгал дүрсүүд, хотын зураг, бүтээлчдийн нэр гэх зэрэг. Харин "Ларьдма-2" киноны эхлэл тун өвөрмөц болсон.
-Киноны зураг авалт дөрвөн улирал дамнан үргэлжилсэн, үүнийг дагаад төсөв ч нэлээдгүй гарсан байх. Сайн чанарын бүтээл болох тусмаа өндөр ашигтай ажиллах хүлээлт үүсэх үү?
-Би бизнесмен биш уран бүтээлч хүн. Монголын кино салбарт киногоо хэдэн төгрөгөөр хийсэн гэдгийг зарладаггүй. Энэ бол бас бичигдээгүй хууль юм. Үүнийг кино уран бүтээлчид хараад барагцаалаад мэднэ. Монголд өнөөдрийн байдлаар 60-100 сая төгрөгийн кино хийж түүнийгээ хоёр, гурав нугалж ашиг олдог фракц бий. Миний хувьд их мөнгө зарцуулчихсан хэдий ч хэд нугалж олно гэж бодохгүй байна. Ямар ч их хүлээлттэй байсан, чанартай бүтээл болсон Монголын зах зээл жижигхэн. Тэр болгон кино нугалараад ашиг олох тохиолдол бага. Тиймээс нэн түрүүнд гаргасан зардлаа нөхөх ёстой.  Яагаад амьдралд чинь их ашиг өгдөггүй юм бол үүнийг хийх хэрэг байна уу гэж хэлж болох юм. Гэхдээ би уран бүтээлээр цангаж явдаг хүн.
-Киногоо гаднын фестивалиудад "сойх", гаднын улсуудад албан ёсны эрхтэйгээр гаргах боломжтой юу?
-Энэ талаар багахан хэмжээнд судалж байна. Гэвч бидэнд зөвлөх хүн алга, гарцыг нь олоод мөлжөөд идчихсэн зүйл алга. Манайхан албан ёсны эрхтэй олон улсын зах зээлд гарч байна гэж худлаа хэлэх тохиолдол цөөнгүй. Монгол кино дэлхийн тавцанд гарсан зүйл ховор. Дэлхийн зах зээл дээр гаргахын тулд асуудлууд их. Харин фестивальд "сойно". Тиймээс ам барилт, дуу оруулалт эвлүүлэг зэргийг их анхаарч байна.  
-Киноны хувьд жүжигчдээс чадвар шаардсан онцлог хэсгүүд хэр их байсан бэ?
undefined
-Бид бол жүжигчин. Тиймээс ялархаж хэцүү байсан гэж бодох эрхгүй. Учир нь энэ бол бидний ажил мэргэжлийн онцлог. Харин "Үүр цайгаасай" кинонд нялх биетэй байхдаа тоглосон. Тэр хүйтэнд дандаа гадаа зураг авсан. Гам бариагүй учир одоо их бээрэг болчихсон санагддаг. Харин "Ларьдма-2" кино дөрвөн улирал зураг авалтад явсан. Өвлийн зураг авалт цас лавссан үеэр хийгдсэн учир айхтар хүйтнийг мэдрээгүй. Энэ кино жүжиглэлтийн хувьд их хүнд сценүүдтэй.
-Кино багийн хувьд? 
-Гол дүрд би болон жүжигчин Д.Пүрэвсүрэн тоглосон. Сүүлчийн дурлалт залуугийн дүрд С.Болд-Эрдэнэ тоглосон. Найруулагчаар Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг нар ажилласан. Энэ хоёр найруулагчийн хувьд жинхэнэ гар нийлж ажилладаг, хамтрагчид. Хоёуланг нь тус тусад нь төсөөлөхийн аргагүй. Зохиолыг Т.Номуунзул бичсэн. Зохиолын хувьд өмнөх ангитай огт хамааралгүй. "Ларьдма" бол гэр бүлийн хүчирхийллийг илэрхийлсэн нэг ангит кино байсан. Ларьдмагийн тонгоруу нэр нь "Амьдрал" юм.
undefined
-Нэг бүтэн киноны ард гараад эргээд харахад туршлага болж үлдсэн ямар зүйлс байна. Дараагийн бүтээлээ хийхдээ үүнд анхаарах хэрэгтэй гэж тусгаж авсан зүйл юу вэ?
-Аливаа киног бүтээх бүртээ бид улам сайжруулж ажиллах шаардлагатай гэж тэмүүлж ажилладаг. "Үүр цайгаасай" кинонд бид зарим хэсэгт ам барьсан. Тэр үед амьсгаагаа зөв авахгүй бол ер нь болохгүй юм байна, дараа нь дуу оруулахад хэрэгтэй гэж тусгасан. "Амьдрал" бол тэр чигтээ дуу оруулалттай.
-Зарим кино нээлтээ хийгээд удаагүй байхдаа алдагдах, хулгайн сайтуудад тавигдах тохиолдол их болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юу?
-Кино театрт тавигдсан байхад алдагддаггүй. "Юнивишн", "Скаймедиа"-гаар тавихад алдагддаг. Тиймээс "Юнивишн", "Скаймедиа"-гаар кино гаргахгүй гэж төлөвлөж байна. Дөнгөж нээлтээ хийсэн киног л бид хулгайгаар үзчихдэг. Гэтэл хийж байгаа уран бүтээлчиддээ маш харамсалтай байдаг. Энэ тал дээр Оюуны өмчийн газрыг сайн ажиллахыг хүсч байна. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн албанаас ч авч хэрэгжүүлж байгаа бодит арга хэмжээ байдаггүй. Тэрнээс уран бүтээлчид өөрсдөө хэрхэн хамгаалах, ямар арга замаар шийдвэрлэхийг төдий л нарийн мэдэхгүй юм.
Дээр үед СD болгож хуулбарлаад хурдан зарагдчихдаг байсан. Одоо хулгайн сайтуудаар их цацагддаг болжээ. Гэхдээ эрсдэл байхыг бол хүлээн зөвшөөрнө. Эрсдэлийг аль болох бага үүрэхийн төлөө ажиллана уу гэхээс эрсдэлээс эмээж болохгүй.
Мөн түүнчлэн  кино театрт очиж үзэж хэрэггүй, удахгүй аль нэг телевизээр гарчих байх гэдэг хүлээлттэй олон хүн байдаг. Гэхдээ тэр хүмүүсээс уучлал гуйхад "Ларьдма-2" кино телевизээр гарахгүй юм шүү.
Шинэ киноны хулгайг нүдний шил зүүсэн гайгүй айлын компьютерийн мэдлэгтэй залуучууд л хийж байна. Тэд нар хүний хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгохгүй байна. Яг кино театрыг зорьж байгаа хүмүүс залуучууд болон гэр хорооллынхон байдаг. Хэзээ ч Зайсангийнхан гүйж ирээд билет авч үздэггүй. Хамгийн гол хөрөнгө оруулагчид нь энгийн ард түмэн. Энгийн ард түмэн хулгайлдаггүй.
undefined
-Залуу уран бүтээлчдийг ямар зүйл дээр анхаараасай гэж боддог вэ. Гурван чухал зүйлийг захина уу гэвэл юу гэж хариулах вэ?
-Алдаагүй зүйл гэж байдаггүй. Алдаа оноо хоёр хамт явдаг. Өнөөдрийн алдаа туршлага болж маргаашийн амжилтад биднийг хөтөлдөг. Би залуудаа тоглож байсан уран бүтээлүүдээ харахаар өөрөөсөө ичдэг. Гэхдээ би залуу байсан.  Мэдэхгүй, чадахгүйгээс л хүн эхэлдэг. Тиймээс нарийн зөвлөгөө өгч, шүүмжлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ залуу эмэгтэй жүжигчдийн хувьд бие хаа, царай зүсээ гайхуулж ил задгай хувцаслахын оронд дүрээ амилуулж, жүжиглэлтээ анхаараасай гэж хүсдэг.   
Нэгдүгээрт, хүн үнэн амьдрах хэрэгтэй. Кинонд үнэн амьдрах ёстой. Чи жүжигчин гээд амьгүй жүжиглээд дэмий. Гол нь амьд жүжиглэж чаддаг байх ёстой.
Хоёрдугаарт, кино хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй. Гэхдээ хүн алдана. Алдаанаасаа суралцана. Өмнөөс нь ичмээр тийм уран бүтээл хийсэн хүмүүс хүн муулах дуртай байдаг. Аливааг хийгээд явж байгаа хүн хэзээ ч хүн муулдаггүй. Зовлон жаргал, болох болохгүйг нь мэддэг учраас хүн муулдаггүй.
Гуравдугаарт, бага ярьж их хийх хэрэгтэй. Хувийн амьдралаа нууц байлгах хэрэгтэй.Хэрвээ сайн уран бүтээлч болъё гэж бодож байвал хувийн амьдралаа тас нуух нь зөв юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн