"Монголбазальт" компанийн инженер Л.Баасан-Очиртой ярилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу. Өөрийнхөө амжилт бүтээл, энэ мэргэжилтэй хэрхэн холбогдох болсон талаараа яриач?
-Намайг П.Баасан-Очир гэдэг. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрж, өссөн. Бага байхаасаа спортод дуртай хүүхэд байсан. Хөнгөн атлетикийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 800 метрийн зайд хүрэл медаль, 400 метрийн зайнд IV байр эзэлж байлаа. Тиймээс өөрийнхөө онцлог, ур чадварт тулгуурлан инженер болохоор шийдэж, 2010 онд ХААИС-ийн Инженерийн сургуулийн Металл судлал, технологи инженерийн ангид элсэн орж, төгсөхдөө шилдэг оюутан, улаан дипломтой төгссөн. Ажлын гараагаа “Бэрэн” группийн технологийн инженерээр эхэлж байлаа. Одоо “Монгол базальт” ХК-тай хувь заяагаа холбож Л.Ариунболд захирлын удирдлагад ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хамт олноосоо их зүйл сурч, олон ч туршилт судалгаа, шинэчлэл, бүтээн байгуулалт хамтран хийлээ.
-“Монгол базальт” ХК нь манай тэргүүлэгч компаниудын нэг учраас сүүлийн үеийн шинэ технологиудыг цаг алдалгүй нэвтрүүлдэг нь харагддаг. Сүүлийн үед ямар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бэ?
-Манай компани нь 2018 онд гурван бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлсэн. Нэгдүгээрт, шүршдэг базальтын шугамаа ашиглалтад орууллаа. Энэ нь өндөр барилгуудын төмөр болон бетон хийцүүд, олон хүн цуглардаг сургууль цэцэрлэг, худалдааны төвүүд, спортын ордон, кино театрууд гэх мэтчилэнгийн барилга байшингуудыг галын аюулаас хамгаалах зорилгоор шүршдэг чулуун хөвөн юм. Мөн өндөр таазтай барилгуудын таазыг дотроос нь шүршиж дулаалдаг. Маш нягт шүршигддэг учраас дулааны алдагдалгүй болдог. Энэ технологийг бид “Хөшигтийн хөндий” олон улсын нисэх буудал “Зайсан вилла” гээд томоохон төслүүдэд хэрэглээд байна. Хоёр дахь шинэ бүтээгдэхүүн бол гаднаас нь шууд шаварддаг хөөсөнцрийг орлуулах мөн нойтон шавардлагыг гаднаа шууд хийх боломжтой файбер цементэн базальт хавтан юм. Энэ нь чулуун хөвөнгийн гадна талд шилэн тор тавиад нэгдүгээр зэргийн шавардлага буюу файбер цементэн хатуулгатай шинэ технологийн бүтээгдэхүүн юм. Үүнийг цэцэрлэг, сургууль, олон нийтийн барилгуудад зориулж шинээр бий болгосон юм. Гуравдугаарт, шугам хоолойн дулаалгад томоохон шинэчлэл хийж эрчим хүч, дулааны алдагдлыг бууруулахын тулд янз бүрийн диаметртэй, хэлбэр дүрстэй биетүүдийг гадна талаас нь хөнжил мэт ороон дулаалахад зориулсан бүтээгдэхүүн нэвтрүүлсэн нь амжилтад хүрсэн. Эдгээр нь бүгд хэрэглэгчдээс өндөр үнэлэлт авч, хэрэглээ өндөртэй бүтээгдэхүүнүүд болсон. Компанийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч инженер Л.Ариунболд захирлынхаа удирдлага дор ОХУ, Японы инженерүүдтэй хамтран олон сарын туршид хийгдсэн туршилт, судалгаа, шинжилгээний үр дүнд бүтээсэн, шинэ бүтээгдэхүүнүүд юм. Амжилттай ажиллахаар хамт олны урам зориг нэмэгдэж, хэрэглэгчид таашаан хүлээн авсан шүү.
-“Basaltwool” чулуун хөвөн үйлдвэрийн хүчин чадлын талаар танилцуулахгүй юу. Мөн ямар стандартын тоног төхөөрөмж ашиглаж байгаа вэ?
-Манай үйлдвэр цагт 800-1000 кг хөвөн үйлдвэрлэх хүчин чадалтай байсан. Бид өнгөрсөн оны ес, аравдугаар сард ОХУ-ын Уралын их сургуулийн эрдэмтэн, багш нартай хамтран ажилласны дүнд үйлдвэрийн хүчин чадлаа 20 хувиар өсгөлөө. Одоо дахин эрдэм шинжилгээ туршилтын ажлууд хийж, үйлдвэрийнхээ хүчин чадлыг 1000-1500 кг болгохоор зорин ажиллаж байна. Үүний үр дүн тун удахгүй гарч, бид энэ сарын 28-наас эхлэн үйлдвэрийн хүчин чадал, бүтээмжээ 50 хувиар өсгөнө гэсэн тооцоотойгоор үйлдвэрийн технологийн шинэчлэл, тэр тусмаа хайлах зуухны шинэчлэлийг хийж дуусах шатанд явж байна. Энэ үйлдвэрлэлийн шинэчлэлттэй холбоотойгоор бид тус их сургуулийн зохион бүтээгч инженерүүдтэй хамтран үйлдвэрийн технологийн шинэчлэлийн зураг төслөө гаргаж, түүнийхээ дагуу зарим үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг ОХУ-д захиалан хийлгэж байна. Мөн зарим тоног төхөөрөмжүүдээ Хятад Улсын засвар механикийн томоохон үйлдвэрүүдэд хийлгэж байгаа. Тоног төхөөрөмжүүдийн бүх тоноглол, стандарт нь Италийн “Гамма механика” үйлдвэрийнх бөгөөд дизайн, чанарын шаардлагуудад нийцүүлэн хийж, яг манай үйлдвэрийн өнөөдрийн бүх шугаманд зохицсон байхаас гадна үйлдвэрлэлийн ашиглалт тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн насжилт, тоноглолын үйл ажиллагаа нь олон улсын өндөр стандартыг хангасан. Үйлдвэрлэгч бид өөрсдөө зургаа гаргаж, зохион бүтээж, Итали, Орос, Япон улсын туршлагатай инженерүүдтэй хамтран хийж байгаа учраас зарим нэг үзүүлэлтээрээ олон улсын стандартыг ч давсан тоноглол, шинэчлэл болсноороо давуу чанартай гэж ойлгож болно.
-Технологийн инженер хүний хувьд туршилт, судалгааны ажлууд цөөнгүй хийсэн байх. Гар, бие оролцсон судалгааны ажлуудынхаа үр дүн, ололтын талаар хуваалцахгүй юу?
-Миний хувьд энэ компанид ажилтнаар ороод дөрвөн жил шахам болж байна. Судалгаа шинжилгээ, туршилтыг тасралтгүй хийдэг нь миний сонирхлыг хамгийн их татсан. Үүнд маш их хөрөнгө зарцуулж байна. Энэ их судалгаа шинжилгээ, туршилтын ажлуудын үр дүнд залуу инженерүүд бид маш их мэдлэг, онол практикт суралцаж, судалгааны ажлуудыг хэрхэн зохион байгуулдаг, ямар үр дүнд хүрдгийг мэдэж авч байна. Шинжлэх ухааныг онол, практиктай хосолсон, жинхэнэ мэдлэгийг эндээс л авч байгаа гэж хэлэхэд буруудахгүй. Чулуун хөвөнг хэрхэн хийдгийг манай сургуульд заадаггүй бөгөөд хүн болгон мэдээд байдаггүй. Гэтэл яг одоо үйлдвэрлэлийн шугам, бааз дээрээ энэ бүх судалгаа шинжилгээ, туршилтын ажлуудыг ОХУ, Итали, Япон улсын өндөр зэрэглэлийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтарч хийж байна. Нэгэнт хамтраад хийсэн ажлыг цааш нь хөгжүүлээд явах, үр дүнг нь үзэхэд том суурь болдог. Тиймээс үйлдвэр гэдэг зөвхөн бүтээгдэхүүн гаргаад, борлуулаад байдаг газар биш юм байна гэдгийг эндээс би ойлгосон. Яагаад гэвэл үйлдвэр хөгжүүлэлт, зах зээлийн өрсөлдөх чадвар зөвхөн судалгаа шинжилгээ, туршилт, бүтээгдэхүүн хөгжүүлт дээр оршдог юм байна. Үүнийгээ дагаад ажилчид, инженерүүд нь ч маш их юм сурдаг. Жишээлбэл, ажилд орсноосоо хойш шинэ бүтээгдэхүүн болох шүршдэг базальтан чулуун хөвөн, файбер цементен гадаргуутай хавтангийн судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтээс геополимерийн, химийн бүтцийн, инерти биеийн тухай гээд онолын олон мэдлэг авлаа. Өнгөрсөн хагас жил ОХУ-ын эрдэмтэн багш нартай хайлах зуухны дулааны динамикийн тооцоонуудыг хэрхэн хийдэг, агаарын урсгал даралтуудын томоохон туршилтуудыг яаж хийдэг, хайлах үеийн температурыг яаж зөв удирддаг вэ гээд шинжлэх ухааны олон туршилт, шинжилгээнүүдийг хийлээ. Эрдэмтэн, багш нартай хамтарч туршилт судалгаа хийсний үр дүнд жил хагас хүрэхгүй хугацаанд үйлдвэрийн бүтээмж хүчин чадал шууд 50 хувиар өсөж байгаа нь судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн туршилт үнэхээр амин чухал юм байна, үйлдвэр оршин тогтнож хөгжихийн тулд хөрөнгө харамлахгүй зарцуулах ёстой гэдгийг ойлгосон. “Монгол базальт” компани маань үүнд асар их хөрөнгө, хүч зарцуулж байгаагийн хүчинд энэ зах зээлд манлайлж байгаа гэдгийг энэ үйл ажиллагаануудаас мэдэж авч байна.
-Танай компани томоохон бүтээн байгуулалт, төсөл бүр дээр бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гэж хэлэхэд буруудахгүй. Одоо ямар төсөл дээр ажиллаж байна вэ?
-“Монгол Базальт” 10 гаруй жил зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлж, Цонжин болдогийн Чингисийн хөшөөний том төмөр хийцийг дотор талаас нь галын, дулаалгын, дуу чимээний тусгаарлалт, хэт халалтын хамгаалалт хийсэн байдаг. Томоохон төслүүд ингэж анх эхэлж байлаа. Түүний дараа “Өргөө” кино театрын дуу авианы акустикуудыг, “Жигүүр гранд”-ын худалдааны төвөөс эхлээд “Романа резиденс” гээд томоохон төслүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Мөн “Хурд” компанийн орон сууцны зарим төсөл, “Ривер гарден”, “Номин NCD групп”, “MCS пропертиз” компанийн барьсан “Порше” автомашины худалдааны төв, “Шангри Ла” гээд нэрлэвэл нэлээд урт жагсаал болох байх аа. Мөн ТЭЦ-III, ТЭЦ-IV, Орхон аймагт шинээр барьсан дулааны станц, хөдөө орон нутагт байгаа дулааны станцуудын өндөр зуухны тусгаарлагч,уурын шугамын тусгаарлагч гээд эрчим хүчний салбарын төслүүд дээр хамтарч ажиллалаа. Өнгөрсөн жил “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКК - тай хамтран километр гаруй шугам хоолойн дулаалгыг шинэчилж, тодруулбал, манай термобазалтаар дулаалж шугам хоолойн дулааны алдагдлыг 65 хувиар бууруулж чадсандаа баяртай байгаа.
-Бүтээгдэхүүнийхээ түүхий эд болох базальт чулууг хаанаас олборлодог вэ. Монголд төдийгүй дэлхийд хэр олдоцтой чулуу юм бол?
-Базальт буюу галт уулын хайлмаг болох энэ чулуу дэлхийн гадаргын 2/3 –ийг бий болгож байдаг. Мэдээж чанар стандарт насжилт , өгөршилт гээд олон төрлийн геологийн ангилалд багтдаг. Манай улсын хувьд бол Увс, Сүхбаатар, Говь-Алтай, Өмнөговь, Төв аймгийн нутгаар базальт чулуу элбэг. Манай компанийн хувьд Улаанбаатар, дэд бүтцэд ойрхон Багануурын бүс нутгаас түүхий эд болох базальт чулуугаа олборлож, төмөр зам, авто замаар тээвэрлэж авчирдаг. Энэ чулууны олдоцоосоо илүү чулууны стандарт насжилтаас шалтгаалан чулуун хөвөнгийн чанарт хамгийн чухал байр суурь эзэлдэг. Өнөөдрийн байдлаар бид Японы “Марубени” компанитай энэ хөвөнгийн судалгаа шинжилгээг хамтран хийж байгаа. Үүний үр дүнд манай чулуунаас гарсан хөвөн гал болон химийн бодист тэсвэртэй чанар, насжилт, бат бөх байдал нь Орос, Хятадын ийм хөвөнгөөс илүү гэдгийг нь лабораторид тодорхойлсон. Тиймээс бид хамгийн өндөр зэрэглэлийн базальт чулуунаас чулуун хөвөн үйлдвэрлэж байгаа учраас энэ зах зээл дээр чанараараа тэргүүлэх боломжтой гэж бодож байна.
-Дулаан хэмнэх, дуу тусгаарлах зориулалттай, галд шатдаггүй хавтан гээд олон төрлийн хэрэглээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглээ талаас нь тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Базальт чулуун хөвөнгийн үндсэн гурван том хэрэглээ байгаа. Мэдээж хэрэг эрчим хүч, дулаан хэмнэнэ. Тиймээс нэгдүгээрт, дулаалгын материал талаасаа хэрэглэж байна. Хоёрдугаарт, галд шатдаггүй учраас галын хамгаалалтууд шүршдэг базальт чулуун хөвөн болон хавтангаар нефть бааз, шатдаг хийн хоолойнууд болон бусад галын аюулаас хамгаалах шаардлагатай шатахуун түгээх станц, нийтийн барилга, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, спортын том танхим, худалдааны төвүүд зэрэг хүн олноор цуглардаг барилгуудад үүнийг хэрэглэх норм дүрэм,хуультай байдаг. Бас нэгэн чухал хэрэглээ бол дуу чимээ тусгаарлаж чаддаг. Орчин үед хот, суурин газарт дуу чимээний дарамт, стресс гэж шинэ өвчин бий болоод байна шүү дээ. Үүнээс хамгаалахад базальт чулуун хөвөнгийн ач холбогдол маш өндөр, дээд айлын хүүхдүүд пижигнэх, хөрш айлын зурагтын дуу чанга байх, орц хонгилд хүүхдүүд шуугих гээд энэ бүгд дуу чимээний бохирдол буюу дуу чимээний стрессээс хамгаалах, тусгаарлагч нь базальт чулуун хөвөн юм. Мөн акустик сайтай учраас Эрдэнэт, Дарханы, “Өргөө” кино театрын харьяа олон кино театрууд манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Маш олон караоке, дуу бичлэгийн студиуд базальт чулуун хөвөнгөөр дуу чимээний тусгаарлагчаа хийсэн нь үр дүнтэй болсон. Мэдээжийн хэрэг байгалийн цэвэр чулуунаас гаргаж байгаа учраас экологийн цэвэр бүтээгдэхүүн шүү дээ. Товчхондоо базальт чулуун хөвөн дулаалгын ач холбогдол нь агаарын бохирдлыг бууруулж, хүлэмжийн хийг хорогдуулж, дэлхийн дулаарлыг багасгахад хувь нэмрээ оруулдаг төдийгүй эрчим хүч, дулааныг хэмнэхэд бодитой үр дүн авчирдаг гэх мэт асар том хэрэглээний зах зээл юм. Монгол Улс байтугай дэлхийн улс орнуудын өмнө тавигдаж байгаа байгаль орчныг хамгаалах томоохон сорилтуудыг давахад хамгийн түлхүүр бүтээгдэхүүн болж байгаа.
-Дэлхийд тэр дундаа Төв Ази руу өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ экспортолно гэж байсан. Энэ талаар жаахан тодруулж ярихгүй юу?
-Бид дотоодын зах зээлийнхээ өсөлтийг бий болгохоос гадна Төв Азийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох том зорилт тавьж байгаа. Үүнийхээ хүрээнд 2018 оны арванхоёрдугаар сард Шанхай хотод болсон олон улсын “Дулаан тусгаарлагч материал”-ын үзэсгэлэнд амжилттай оролцсон. Манай бүтээгдэхүүний гол онцлог нь 100 хувь байгалийн чулуунаас гаргаж авсанаараа Хятад, ОХУ болон бусад орны ижил бараа бүтээгдэхүүнээс чанарын арай өөр түвшинд үнэлэгддэг. Яагаад гэвэл, цэвэр чулуунаас гарсан хөвөн бол чанар стандартаараа ижил төстэй бусад эрдэс хөвөнгөөсөө нэг түвшин дээгүүр байдагт оршино. Хятадын чулуун хөвөн үйлдвэрлэгчид нь нийт эрдэс хөвөн үйлдвэрлэгчийнхээ нэг хувьд хүрдэггүй. Ихэнх нь шаарган хөвөн байдаг. Шаарган хөвөн гэдэг нь нэг ёсондоо хүнд үйлдвэрийн хаягдлаар хийсэн гэсэн үг. Энэ нь чулуун хөвөнгийн наад захын техникийн стандартуудыг хангаж чадахгүй. Тиймээс Хятад улс саяхан цэвэр чулуун хөвөнгийн импортын татвараа 20 хувиас 5 хувь болгож буулгасан нь өөрсдийн зах зээл дээр цэвэр базальтан хөвөнг импортоор оруулах сонирхлоо илэрхийлж байгаа том бодлого юм. Тус улсад энэ талын үйлдвэрлэл явуулах үйлдвэрийн өртөг нь өсөж, хэрэглээ нь өөрсдийнх нь бүтээж байгаагаас ч илүү эрэлттэй болоод байна. Бидний тооцоогоор тус улсын зах зээл дээр эрдэс хөвөнгийн үнийн өсөлт жил болгон 30 хувиар өсөж байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байгаа. Тиймээс бид Хятад цаашилбал Төв Азийн зах зээл дээр үнээрээ ч, чанараараа ч өрсөлдөх, экспортлох том боломжийг харж байна. Үүний хүрээнд Хятадын томоохон компаниудтай хамтран ажиллаж бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар гэрээ хэлцлүүдийг хийж эхлээд байна. Бид Төв Азийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлэх гол зорилго бол ази тив, дэлхийн улс орнуудын өмнө тавигдаж байгаа нэг том сорилт болох хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний алдагдлыг багасгах, барилгын дулааныг алдагдлыг бууруулахад оролцох юм. Учир нь, тухайн улс орнуудын дулаан тусгаарлагч материалынх нь дотоодын үйлдвэрүүд энэ зорилтуудыг хангахад учир дутагдал,хомсдолтой байна. Харин манай бүтээгдэхүүний агуулга шинж чанар энэ зорилгод бүрэн нийцэж байгаа тул Хятад Улсын зах зээлд чулуун хөвөнгөө зөвхөн экспортлоод зогсохгүй,Хятадын Засгийн газар Парисын конвенцын хэлэлцээрээр Барилгын салбартаа эрчим хүч, дулааныг 20% хэмнэх үүрэг хүлээсэн зорилтыг биелүүлэхэд гол бүтээгдэхүүн болох бөгөөд үүний үр дүнд хүлэмжийн хийг багасаж,агаарын бохирдол буурч,байгаль орчинд эерэг нөлөөлөл авчрах тул Хятадын зах зээл дээр гарах бүрэн боломжтой юм. Нөгөө талаар тус улс импортоо нэмэгдүүлэх гэж гаалийн татвараа бууруулсан нь Азийн зах зээлд том ирээдүй бий болгож байна. Иймээс бидэнд одоо зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, технологийн шинэчлэл, боловсон хүчний сургалт,хөгжил гээд олон ажлыг хурдан, төгс төгөлдөр хийх л үлдлээ.
-Танай компаний бүтээгдэхүүний стандарт өнөөгийн шаардлагийг хангаж байна уу. Сайжруулах тал дээр хэрхэн ажиллаж байна?
-Өнөөдрийн чанар стандартыг манай бүтээгдэхүүн 100 хувь хангаж байна. Бид стандартаас давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажилладаг учраас зах зээл дээр хэрэглэгчийнхээ хүлээлтээс давсан чанарыг бий болгодог. Жишээлбэл, зарим төслүүд дээр галын хамгаалалт нь 20-30 минут хамгаалахаар,дулааны алдагдлыг 20 хувь бууруулна гэж техникийн ажлын даалгавартай тусгаж захиалдаг бол манай бүтээгдэхүүн дулаан,эрчим хүчний алдагдлыг 65 хувь бууруулах, галын тархалтыг 2-3 цаг хамгаалж чадна. Манай бүтээгдэхүүн ямар ч техникийн шаардлагыг давуулан хангадаг тул бид томоохон төслүүдэд ямар ч лобби, арын хаалгагүйгээр бүтээгдэхүүнийхээ чанар стандартаар шалгарч байна. Энэ нь зах зээл дээр тавьж байгаа өнөөдрийн хэрэгцээт техникийн шаардлагыг бүрэн хангаж байна гэсэн үг юм. Бид бүтээгдэхүүнийг сайжруулах, нэр төрлийг олшруулах, хэрэглэгчийн өртөг зардлыг бууруулах, орон сууцны тав тухтай байдлыг нэмэгдүүлэх зэрэг олон туршилт, шинжилгээг эрдэмтэн,инженерүүдтэй хамтран судлан хийж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр тасралтгүй ажиллаж байгаа гэдгийг энд хэлмээр байна.
-Салбарын ололттой болон тулгамдаж байгаа асуудлын талаар ямар бодолтой явдаг вэ. Тэдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар өөрийнхөө бодлоос хуваалцаач?
-Манай салбарын тулгамдаж байгаа асуудал гэвэл их, дээд сургуулиуд хувийн хэвшил, үйлдвэрлэгчтэйгээ судалгаа, шинжилгээний ажлуудаар хамтарч ажиллах нь сул байна. Их, дээд сургуулиуд хувийн хэвшил, үйлдвэртэйгээ нягт хамтарч ажиллах, оюутнуудыг орчин үеийн хөгжил дэвшлийг холбож сургах тал дээр учир дутагдалтай байна. Харин ололттой тал нь хувийн хэвшлүүд бүтээгдэхүүнээ шинэчилж сайжруулдаг, өөрсдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хүний нөөцөө чадавхжуулах тал дээр илүү анхаарч ажиллаж чадаж байна. Инженер хүний хувьд мэдээллийг бусадтай хуваалцах чадвар сайтай байх, өөрийгөө хөгжүүлэхэд цаг зав гаргах, судалгаа шинжилгээ хийж мэдлэгээ байнга дээшлүүлэх, аливаа асуудлыг шийдвэрлэхэд хамтаараа хэлэлцэх, тайлагнах зарчмаар хамтарч ажиллавал олон асуудлыг шийдэж болно. Түүнээс биш нэг хүн ганцаараа мундаг байлаа гээд асуудлыг шийдэж чадахгүй гэдгийг ойлгосон. Тийм учраас бусдаас байнга суралцах, хүнтэй ажиллах чадвараа хөгжүүлэх,орчин үеийн сургалт, дамжаанд байнга явах, үйлдвэрийн дадлага туршлагыг тогтмол судлах зэрэг олон зүйлийг Компанийхаа ахмад ажилтан нараас сурч мэдэж авч байна. Компани ч бас ажилтан, инженерүүдээ байнга сургалтад хамруулж, хүнтэй ажиллах, бусдыг удирдах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодох юм.
-Залуу хүний хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлж, салбартаа хэрхэн хувь нэмрээ оруулъя гэж боддог вэ?
-“Монгол базальт” компанидаа тууштай ажиллана гэсэн сэтгэл дүүрэн байгаа. Энд ажилласнаар шинжлэх ухаан болон онол,практикийн мэдлэг, чадвараа зэрэг дээшлүүлж байна. Манай компани Итали,ОХУ, Япон Улсаас хайлах зуухны болон чулуун хөвөнгийн үйлдвэрлэлээр дагнасан эрдэмтэн мэргэжилтэн, судлаач, багш, инженерүүдийг урьж авчран бидэнд мэдлэг өгөх сургалт, хамтарсан туршилт, судалгааны ажлыг байнга хийж ажилладаг. Энэ нь инженерүүдийн мэдлэг чадварт маш эерэгээр нөлөөлж ажиллах урам зориг нэмж байгаа. Цаашид үйлдвэрлэлийн хайлах технологийн онол практикийн мэдлэг, чадвараа улам сайжруулж ажиллахаар төлөвлөж байна.Иймээс энэ салбартаа тууштай ажиллаж, өөрийн мэдлэг, ур чадвараа бүрэн дайчлах болно.