Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Ж.Цогтсугар: Эцэг, эхчүүд хүүхдээ ямар нэгэн зүйлд донтох эх үүсвэр болдог

Ж.Цогтсугар: Эцэг, эхчүүд хүүхдээ ямар нэгэн зүйлд донтох эх үүсвэр болдог
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 9
Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Цогтсугартай ярилцлаа.
-“Архидалт болон донтолтоос урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөгөө” сургалт зохион байгуулах болсон шалтгаан юу вэ?  
-Бид архидалт газар авлаа, донтож байна гэж олон жил ярьж байна. Гэтэл архины донтолтыг эмчилж амжаагүй байхад сүүлийн жилүүдэд өөр төрлийн донтолт нэмэгдэх болж. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, нийгмийн ажилтан, эмч нарт өсвөр үеийн залуучуудыг донтолтоос яаж урьдчилан сэргийлэх вэ, хэрхэн мэдлэг олгох ёстойг энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан хүргэж байгаа юм. 
-Донтолтыг хэрхэн тодорхойлдог вэ? 
-Аливаа нэг зүйлийг олон удаа давтаж, түүнээс хамааралтай болохыг донтолт гэнэ.
-Ямар нэгэн зүйлд донтсон бол дараа дараагийн өөр донтолт үүсдэг юм шиг санагддаг?
-Тэгэлгүй яах вэ. Донтолтоос донтолт үүсэж байна гэж үзэх тохиолдол байдаг. Ер нь дэлхийн хэмжээнд 100 гаруй донтолт байдаг гэж тодорхойлсон. Орчин үеийн техник технологийн дэвшлээс үүдэн интернет, видео тоглоомд донтох хүүхэд, залуучууд их болсон байна. Эдгээр нь урьд өмнө байгаагүй донтолтын хэлбэрүүд үүсгэж байна гэсэн үг. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс мэдлэг олгох нь хамгийн сайн арга. Багш нар мэдлэгтэй байж хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлж, цаашид бие биедээ нөлөөлж зөв дадалтай болно шүү дээ.   
-Хүүхдүүд ухаалаг утсанд донтож байна. Гэвч хүүхэд утсанд донтуулах болсон эх үүсвэр нь эцэг, эхчүүд өөрсдөө юм шиг ээ?
-Тийм. Ер нь зөвхөн утас гэхээс илүү архины хамаарал ч мөн адил эцэг, эхээс шалтгаалсан байдаг. Үүнтэй адил аав, ээжүүд хүүхдүүдийнхээ дэргэд интернетийн хязгааргүй хэрэглээтэй байх юм бол хүүхдүүдэд буруу дадал үүсэх боломжтой.  Мөн эцэг, эхчүүд хүүхдээ утсаа оролдохыг хориглож, загнаж, зандардаг ч өөрсдөө үйлдлээ цэгнэдэггүй нь харамсалтай. Донтолт халдварт өвчин шиг хурдан тархдаг. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэхүү асуудлыг мэдлэг олгох замаар шийдвэрлэдэг. Донтолтыг зогсоох эм тариа гэж байхгүй. Донтолтын улмаас эмнэлэгт хэвтэж буй хүмүүст тайвшруулах тариа л тарьдаг. Ийм л учраас донтолтоос хамгаалах мэдлэг бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх вакцин юм.
-Зөвхөн аливаа зүйлийг цаг хугацааны хязгаарлалтгүй хэрэглэснээс болж донтолт үүсдэг үү. Эсвэл аль нэг насанд донтолтод өртөх магадлал нэмэгддэг үү?
-Архи, согтууруулах ундааг 21 нас хүрээгүй хүнд худалдаалахыг хориглодог шүү дээ. Энэ нь 21 хүртэлх насны залуусын тархи, сэтгэхүй  донтолтод өртөх магадлалтай байдаг учир ийм хууль байдаг юм. Хүүхэд, залуучуудын тархийг бодлогоор хамгаалж байгаа хэлбэр.
-Хүний темпераментаас хамаарч донтолтод өртөх тохиолдол нэмэгддэг болов уу?
-Сэтгэлзүйн судлаачид энэ төрлийн судалгааг хийдэг байх. Бидний судалж үзсэнээр хэрэглээнээс хамаарч донтолт үүсдэг гэж үздэг.
-Таны бодлоор төрөөс анхаарах шаардлагатай зүйл байна уу?
-Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт донтолтоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох хичээл оруулна гэж ярьдаг боловч, сургуулийн үндсэн агуулгад одоог хүртэл байхгүй байна. Үүнийг дэмжих юм бол зөв дадалтай хүүхдүүд ирээдүйн хөгжилд тус дэм болох юм.
-Өсвөр үеийнхэн болон эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч?
-Видео тоглоом, интернет, ухаалаг утасны донтолтын хортой үр дагавар нь бусад донтолтод нөлөөлж архи, мансууруулах бодисын хэрэглээг нэмэгдүүлдэг, өвчин эмгэгтэй болно, үгүйлэх хам шинж илэрнэ, цахим мэдээлэлд шууд итгэгч болох, идэвх санаачлага, сурлагын чанар муудна, найз нөхдөөсөө зайгаа авна, сэтгэлзүйн өвчин эмгэгтэй болж нийгэм хамт олонтой харилцах чадвараа алдана, ганцаардал, ур бухимдал нэмэгдэж хүчирхийлэгч зан авир нь өөрийгөө хөнөөх, амиа хорлох оролдлого хийхэд хүргэдэг.  Харин архинд донтвол архи сэтгэц мэдрэмжид нөлөөлж тархины эс үхэж, аажмаар донтон,  ой санамж устаж сэтгэн бодох, бусадтай ойлголцох чадваргүй болно. Архинаас шалтгаалсан өвчин эмгэг, гэмт хэрэгт өртөнө, богино наслах магадлалтай байдаг учир эцэг, эхчүүд хүүхдүүддээ үлгэр дуурайлал болж, хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Аливаа хорт муу зуршлыг хүүхдүүдийнхээ дэргэд хэрэглэхгүй байх, хүүхдүүддээ зориулж донтолтоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг эрж, хайж олж авах санаачлагатай байх ёстой. 
-ЕБС-ийн хүүхдүүдийг донтолтоос урьдчилан сэргийлэхэд сургуулийн эмч нар ямар үүрэг, оролцоотой ажилладаг вэ?
-Эмч хүний үүрэг бол өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, эмчлэх ёстой. Тиймээс тархи, сэтгэхүйн хувьд донтолтод өртөх магадлалтай хүүхдүүдийн амьдралыг зөв замд чиглүүлэхэд эмч болон багш нарын оролцоо нэн чухал юм.
-Ихэвчлэн ямар төрлийн донтолтод хүмүүс өртөж байна вэ?
-Монгол Улсын хүн амын хувьд архинд хамгийн их донтдог. Түүнээс болоод дараагийн донтолтод өртөх магадлалууд үүсэж байгаа юм. Нэг ёсондоо, нэг донтолт өөр донтолтын суурь шалтгаан болдог.
-Архинд донтсон хүмүүс өөрийгөө яаж өмөөрдөг бол?
-Үгүйсгэл гэх асар том хана хэрмийг ямар ч асуулт, мэдлэгийн хаалт болгочихдог. Мөн “би” үзэл зонхилж, мэддэггүй юм байхгүй мэтээр ярьдаг. Үүнээс болоод гэр бүлийн хүчирхийлэгч болж байна. Ер нь архи  нь Монгол хүний эрүүл мэндэд тохиромжгүй бүтээгдэхүүн биш юм. Яагаад гэвэл, элэгд орох хортой бүтээгдэхүүнийг шүүхдээ чадвар орос хүнээс гурав дахин бага байдаг.
-Насанд хүрсэн хүмүүс өсвөр үеийнхний үлгэр дуурайлал. Тэдгээр хүмүүст зориулж ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?
-Ирээдүйгээ сайхан болгоё гэвэл 50, 60 настай ахмадууд хүүхэд залуучуудаас уучлалт гуйх ёстой юм шиг харагддаг. Тэд хойч үедээ архины хамаарал гэсэн өвчин бий болгосон нь харамсалтай.  Манай нийгэмлэг “Архины хэрэглээгүй гэр бүл”-ийн клуб байгуулж байгаа. Тус клубд элсэж архины хэрэглээгүй болох хүсэлтэй хүмүүс 98989993 утсаар холбогдохыг зөвлөж байна. Мөн манай нийгэмлэг архины хэрэглээтэй 6000 хүнийг архинаас гаргасан. Ингэхдээ 20 жил ажилласан туршлага дээрээ үндэслэн мэдлэгийн аргыг ашиглаж өнөөдрийн үр дүнд хүрсэн юм.
Сэтгүүлч Ц.Дуламсүрэн
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн