Швед улсад албан ёсны эрхтэйгээр монгол ааруул үйлдвэрлэдэг “M&D produktion AB”-ийн үүсгэн байгуулагч Ж.Мягмарболдтой ярилцлаа. Тэдний компани нийт 23 нэр төрлийн монгол бүтээгдэхүүнийг Шведэд үйлдвэрлэн гадаадад амьдран суугаа монголчууддаа түгээдэг юм.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу. Шведэд суурьшаад хэдэн жил болж байна вэ?
-Би монголдоо их сургуулиа төгссөний дараахан залуу хүний хувьд юм сурч мэдэх, бусад орны хөгжил дэвшлийг сонирхохоор гадаад, тэр дундаа Швед улсыг зорьж байлаа. Швед улсад суурьшаад арав гаруй жил болжээ. Жилийн дараа эхнэр миний араас энд ирж байсан. Манай эхнэрийг Д.Дариймаа гэдэг. Бид хоёр одоо дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна.
-Швед улсад албан ёсны эрхтэй монгол аргаар үйлдвэрлэсэн ааруул гэхээр их сонирхол татлаа. Та анх хэзээнээс энэхүү ажлаа эхэлсэн бэ?
-Би 2013 онд үйлдвэрийн бизнес төслөө бичиж эхлүүлж байсан. Манай үндсэн компанийг “Klarmn gruppen AB” гэдэг. Монголоор цэлмэг, тэнгэр гэсэн утгатай. Тус компани нь зөвлөх, орчуулга, жолооны сургалт зэрэг үйлчилгээг үзүүлдэг юм. Харин үйлдвэрлэлийн бизнесээ эхнэр бид хоёр өнгөрөн онд эхлүүлсэн. Тухайн үед гадаадад амьдардаг монголчууддаа зориулж монгол арга технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдсэн. Бидний анхны төсөл банш, бууз байсан. Харин яваандаа монгол гурилан бүтээгдэхүүн болон цагаан идээ үйлдвэрлэдэг боллоо.
-Бүтээгдэхүүн үйлдвэрлэх албан ёсны эрхээ авахад хэр хүндрэлтэй байсан бэ?
-Манай компани орчуулгын товчоотой учир бичиг баримт бүрдүүлэлт болон орчуулгын зүйлс дээр харьцангуй амар байсан. Харин Шведийн эрүүл ахуй, татварын алба, бүртгэлийн газруудаас зөвшөөрөл авахад нэлээд удаан хүлээдэг юм билээ. Тодруулбал, мэргэжлийн хяналтын газрынх нь эрүүл ахуйн стандартад нийцсэн шаардлагыг заавалчгүй хангах хэрэгтэй. Энэхүү стандартыг хангахад маш олон зүйлс шаардлагатай болдог. Ингээд тухайн шаардлага бүрийг ханган үйлдвэрлэл явуулах зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа эрхэлж байна.
Мөн бид энд үйлдвэрлэл эрхэлж байгаа гэдэг утгаар өөрсдийн гэсэн брэндтэй байх ёстой. Бид өөрсдийн брэндээ “Нүүдэлчид” хэмээн нэрлэж патентын эрхээ баталгаажуулсан. Одоогоор ааруулыг дэлхий дээр монголоос гадна Киргиз, Турк, Иран, Швед зэрэг орнууд үйлдвэрлэдэг юм билээ.
-Ямар арга технологиор бүтээгдэхүүнээ хийдэг вэ. Мөн хэдэн төрлийн монгол бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Бид Монголынхоо уламжлалт аргаараа бүтээгдэхүүн бүрээ сэтгэлээ шингээж хийдэг. Учир нь гэрээсээ хол байгаа болон гадаад хүмүүст бүтээгдэхүүн шууд хүрэх учир амт, чанарыг хамгийн эхэнд тавих ёстой. Манайх цагаан идээгээ гэхэд л Швед дэхь чанарын шаардлага хангасан сүүний үйлдвэрээс авдаг. Үүний дараа сүүгээ хөөрүүлж, цагаан идээгээ хийдэг.
Манай ‘Нүүдэлчид” брэнд одоогоор хэвийн боов, ааруул, еэвэн, бууз, банш, шар тос зэрэг нийт 23 төрлийн монгол бүтээгдэхүүнээ хийж үйлчлүүлэгчдэд хүргэж байна. Ааруулны тухайд бол хорхой, сүүн, чихэртэй, бурамхан, оргинал гэх зургаан төрлийн ааруул үйлдвэрлэж байна.
-Танай бүтээгдэхүүний талаар гадаад дахь монголчууд юу гэж байна. Мөн швед хүмүүс хэр сонирхож байна вэ?
-Одоогоор манай бүтээгдэхүүнийг шведэд ажиллан амьдардаг монголчуудаас гадна ойролцоох Герман, Польш, Норвеги зэрэг орнуудаас элэг нэгт монголчууд маань захиалан авдаг. Тэдний хувьд үнэ хямд, хүргэлт түргэн шуурхай, мөн яг л Монголдоо байгаа шиг амт чанартай болжээ гэж хэлдэг дээ. Хааяа ганц, нэг швед залуус ирж авдаг. Тэд аялалд явахдаа нүүдэлчин монголчуудын иддэг зүйлсийг авч явдаг юм билээ. Тэд сүүлд ирэхдээ “Танайд Чингисийн мах байна уу” гэж асууж билээ. Энэ нь борцыг хэлж байгаа юм. Харамсалтай нь манайх одоогоор борц үйлдвэрлэж эхлээгүй байгаа тул өгч чадаагүй.
Мөн бүтээгдэхүүнээ танилцуулан явахад хамтран ажиллая, гоё санаа байна гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэд “Танай хатаасан таргийг / ааруул / чипс эвсэл чихэрний оронд самартай хольж идвэл их сайхан юм байна” гэж хэлж байлаа. Учир нь тэд ааруул гэж үг мэдэхгүй тул тайлбарлахдаа хатаасан тараг хэмээн ойлгуулсан юм.
-Танай бүтээгдэхүүнийг авсны дараа үйлчлүүлэгчийн танд хандаж хэлсэн хамгийн мартагддаггүй, сайхан үг юу вэ?
-Би өглөөгүүр зөвлөх үйлчилгээний компанидаа ажиллаж зарим оройд өөрөө хүргэлтийн үйлчилгээ хийдэг. Ингэж явахад нэгэн үйлчлүүлэгч “Ажлаа тараад гэртээ ирэхэд, яг л Монголдоо байгаа шиг мэдрэмж авдаг. Учир нь ширээн дээр ааруул, хөргөгчинд банш, бууз байдаг болохоор надад маш гоё санагддаг” гэсэн юм. Мөн нэг үйлчлүүлэгч маань “Өмнө нь Монголоос боов, боорцог авч ирнэ гэхэд нислэгээс авахуулаад замдаа муудах, хугарах асуудлууд гардаг байлаа. Тэгтэл танайхны ачаар одоо эндээс шинэхэн монгол бүтээгдэхүүнээ авдаг боллоо. Баярлалаа, хүүхдийнхээ үсний найранд урьж байна шүү” гээд урилга өгч байж билээ. Дийлэнх монголчууд, мэдээж их сэтгэгдэл өндөр байдаг.
-Үнэ өртөг, сав баглааны тухайд ямар шийдэлтэй вэ?
-Бид ихэнх бүтээгдэхүүнээ эко уут ашиглан савлаж байгаа. Бид зах зээл дээр байж болох хамгийн хямд үнээр бүтээгдэхүүнүүдээ зарж, борлуулдаг. Учир нь ашиг гэхээс илүү бусад хүмүүст монгол бүтээгдэхүүнээ танилцуулж, сурталчилъя гэсэн зорилгоор гаргасан. Жишээлбэл, нэг уут ааруул 140 швед кроне.
-Одоогоор танайх хэдэн ажилтантай вэ?
-Яг одоогоор үйлдвэрлэлийг эхнэр хариуцан, би маркетингаа хийдэг. Бид хоёроос гадна нийт таван ажилтан байдаг ба бүгд монгол хүмүүс. Анх бизнесээ цар тахлын үед эхлүүлж байсан учир их айдастай байлаа. Учир нь ихэнх бизнес хумигдаж, дампуурч байхад юу болох бол доо хэмээн бодсон. Гэхдээ ингээд зориглон, эхлүүлсэндээ харамсдаггүй. Харин ч одоо бодох нь ээ их зөв шийдэл болсон нь харагдаж байна.
-Та бүхэн цаашдаа ямар зорилготой байна вэ?
-Миний дотроо бодон явдаг нэг зүйл бий. Хэдий би гадаад оронд байгаа ч сэтгэл зүрх минь үргэлж эх орон, эцэг эхээ бодон цохилж явдаг. Иймд би Монголынхоо хөгжил, дэвшилд одоохондоо хөрөнгө оруулалт хийж чадахгүй ч ядаж өөрийн эх орны бүтээгдэхүүнээ Швед тэр дундаа Европт гаргахыг зорьдог. Монголчууд ийм сайхан эрүүл бүтээгдэхүүнтэй ард түмэн юм шүү. Бид ийм сайхан байгалынхаа үр өгөөжийг амьдрал ахуйдаа ашиглан явдаг ард түмэн юм шүү гэдгийг харуулахыг хүсдэг дээ.
-Та бүхэнд баярлалаа. Монголчууд нэгдэж чадвал гэгээлэг, ухаалаг ард түмэн юм. Бид гадаадын бүтээгдэхүүн эх орондоо нутагшуулах бус эх орныхоо уламжлалт сайхан бүтээгдэхүүнээ дэлхий нийтэд таниулах хэрэгтэй.