Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Ж.Ган-Эрдэнэ: ЭЕШ-ын дүнгээр сургалтын чанарыг тодорхойлох боломжгүй

Ж.Ган-Эрдэнэ: ЭЕШ-ын дүнгээр сургалтын чанарыг тодорхойлох боломжгүй
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 1
Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн сард болж, 12-р ангиа төгсөж буй сурагч бүрийн хувьд чухал асуудлын нэг байлаа. Тэгвэл энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог болоод сурагчдын цаашдаа анхаарах зүйлийн тухайд Боловсролын Үнэлгээний Төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Энэ жилийн ЭЕШ-ын онцлог нь юу байв?
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулаад 14 дэх жилдээ амжилттайгаар болж өндөрлөлөө. Улсын хэмжээнд 32 шалгалтын төв дээр зохион байгуулсан. Хуучин бол өдийд улсын хэмжээний дүнг гаргах гээд л засалт хийгээд сууж байдаг байсан сан. Харин одоо бид дүнг нь гаргаад, сурагчид маань хувиараа сонгоод дуусаж байх шиг байна. Энэ жилийн гол онцлог бол шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлсэн. Ямар нэгэн алдаа дутагдал зөрчил гарсангүй. 32 шалгалтын төв дээр 4500 орчим багш ажиллалаа. 21 аймаг, нийслэлийн боловсрол соёлын газар, Тагнуулын ерөнхий  газар, Цагдаагийн ерөнхий газар гэх зэрэг байгууллагын оролцоотой амжилттай боллоо. Мөн энэ жил цөөхөн сурагч шалгалт өгсөн. Өмнөх жилийг бодвол  2, 4 дахин бага буюу 18130 хүүхэд шалгууллаа. Сурагчид тухайн даалгаврыг яагаад хийж чадаагүй вэ, эсвэл ямар мэдлэгийг ашиглан хийж чадсан бэ гэх нарийвчилсан шинжилгээг сургууль бүр дээр тухайлбал, бүлгийнх нь төвшинд тодорхойлдог. Тэгэхээр нарийвчилсан дүн шинжилгээ наймдугаар сард гарна. Тиймээс сургалтын чанарыг хэмжих боломжгүй.
-ЭЕШ-ын дүнгээр яагаад сургалтын чанарыг хэмжих боломжгүй гэж?
-Учир нь энэ жилийн хувьд нийт шалгуулагчийн 20 хүртэлх хувь нь буюу 3600 орчим нь өмнөх оны төгсөгчид байлаа. Тэгэхээр өмнөх оны төгсөгчдийг оролцуулаад дүгнэж бодсон зүйлд дээр энэ жилийн сурагчдыг болон сургалтын чанарыг тодотгон ярих нь зүйд нийцэхгүй. Нэгдүгээрт, энэ бол уралдаант шалгалт. Тиймээс сургалтын чанарыг хэмжих боломжгүй. Жишээ татвал, ЭЕШ-ыг гар дээрээ зуу сунай уралдаант шалгаруулалт гэж бодъё. 100 сунайж чадахгүй бол “чиний бие муу байна”, чадвал “сайн байна” гэж дүгнэж болохгүй биз дээ. Үүн шиг ЭЕШ-ууд нь 100 сунайлгаж байна л гэсэн үг. Нөгөө талаасаа ЭЕШ-ын даалгавар өөрөө хүнд ирдэг. 
-Тэгэхээр ЭЕШ-ын дараагаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон хүмүүсийн дунд яригддаг сонирхолтой сэдэв бол ямар хичээлийн улсын дундаж нэмэгдэж, хасагдаж вэ, аль аймаг, аль сургуулийнхан сайн байна гэх мэтчилэн эрэмбэлэн, харьцуулсан зүйл их байдаг.  Ингэж харьцуулах ер нь хэрэгтэй байдаг юм болов уу?
-Шалгалтын дараа гардаг дүгнэлт нь юу вэ гэхээр “сургалтын чанар уначихжээ”, эсвэл “сурагчид муу хийсэн байна” зэрэг юм. Дахиад хэлэхэд ЭЕШ-ын үр дүнгээр сургалтын чанар болон ямар нэгэн сургалтын байгууллага, аймаг дүүргийг сайн муу гэж ярих боломжгүй. Учир нь  хэн ч шалгалт өгсөн болдог. Ямар нэгэн нээлттэй насны хязгаар байхгүй. ЭЕШ-ыг хамгийн дээд талдаа 65 настай Анагаахын сувилахуйн сургуульд орох хүсэлтэй хүн өгч байсан. Харин энэ жилийн хувьд 50 гаран настай хүн ЭЕШ-ыг өгсөн. Тэгэхээр тухайн хүний оноог энэ жилийн төгсөгчидтэй хамтатгаж бодсон үр дүнгээр сургалтын чанар, боловсролын байгууллагыг дүгнэнэ гэдэг нь зохимжгүй.  Бид сургалтын чанар муу байна, эсвэл хэн нэг багшийг муу байна гэж ярьж болно. Гэхдээ  үүнээс болж,  хүүхэд сурахаасаа өмнө сурч чадна гэсэн том итгэлээ гээх вий дээ гэсэн болгоомжлол байх ёстой. Тухайн сурагч “манай багш, манай сургууль муу юм чинь би юу сурах юм” гэсэн ойлголттой болвол их хэцүүднэ. Боловсролын байгууллага бүгдийг зааж чадахгүй нь тодорхой. Бүгдийг сурахгүй нь ч тодорхой. Тиймээс хүүхдэд сурч чадна гэсэн итгэлийг өгөх нь боловсролын байгууллагын үндсэн зорилго. Мөн тухайн хүүхдэд сурах арга барилыг эзэмшүүлнэ.
-Энэ жил хүүхдүүдийн оноо улсын хэмжээндээ жаахан муу байх шиг байна. Энэ нь юутай холбоотой бол?
-Энэ жилийн сурагчид нь цөм хөтөлбөрийн анхны төгсөлтийнх болж байна. Цөм хөтөлбөрт нь тухайн хичээлийг хүүхэд сонгон судална эсвэл заавал судална гэсэн сонголт гараад ирсэн байдаг. Бид заавал судлах агуулгын хүрээнд нь ЭЕШ-аа боловсруулсан. Бид блюпринт гэж ЭЕШ болохоос нэг сарын өмнө олон нийтэд өөрийн вэб сайтаар дамжуулан хүргэдэг. Блюпринт гэдэг нь  ямар агуулгын хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтыг авах вэ, ямар материалууд нь хэдэн оноо байх вэ зэргийг нь тодорхойлдог. Харин сэдэв, даалгаврыг нь төрийн болон албаны хуулиар нууцалдаг. Энэ жилийн ЭЕШ-ын хувьд гэхийн бол өмнөх жилүүдээс сэдэв чиглэлийн хувьд бага зэргийн өөрчлөлт гарсан. Жишээ нь, Физикийн багш нартай уулзахад гурван том бүлэг сэдвийг  оронд нь өөр сэдвүүдийг оруулсан гэж байсан.  Ерөнхий дүнгээр нь харвал монгол хэлний дундаж энэ жил өндөр гарсан. Орос хэл бол өмнөх оныхоос өссөн. Орос хэлийг бол зорилтот бүлгийнх буюу унаган орос хэлтэй, эсвэл орос хэлний мэдлэг өндөртэй цөөн тооны хүүхдүүд өгдөг. Тиймээс  дундаж нь оноо нь 70 орчим хувь байдаг.  
-ЭЕШ-ын оноог хэрхэн боддог вэ. Та тухайн бодолтын тухай тайлбарлаад  хэлээд өгөхгүй юу?
-Нийт арван хичээлээр ЭЕШ өгөх боломжтой. Бүгдээрээ  зуун онооных. Дундаж нь 500 руу хөрвөөд, 200-800 онооны хооронд тархаан боддог олон улсын аргачлалыг ашигладаг. Энэ нь олон хүүхдийг эрэмбэлэн жагсаахад, интервалыг нь их болгож байгаа юм. Мөн стандарт хазайлт, Z оноо гэсэн утгууд нэмэлтээр орж ирнэ. Хүүхдүүд “би монгол хэл дээр 50 авсан юм чинь 500 оноо” авна гэсэн ойлголт байдаг. Монгол хэлний шалгалтын улсын дундаж 70 хувь гэлээ. Тэгвэл 70 хувийг 500 гэж бодоод,  200-800 руу хөрвүүлдэг. Тухайн жилийн сурагчдын гүйцэтгэлийг улсын дунджаар тодорхойлоод, дээш доош нь эрэмбэлэхээр тухайн хүүхдүүдээ ч зүгээр байгаа юм.
-Бүрэн дундын гэрчилгээ авсан бол хэзээ ч, хэн ч хамаагүй ЭЕШ өгч, их дээд сургуульд элсэж орж болно гэсэн үг үү?
-Хамаагүй. Энэ жилийн хувьд хамгийн дээд талдаа 55 настай хүн ЭЕШ өглөө.  Насны хязгаар байхгүй. Сурахад хэзээ ч оройтохгүй шүү дээ.  Энэ жилийн төгсөлтийн 20 хувь нь  буюу  3600 сурагчид нь өмнөх оны төгсөлт байлаа.  Ахлах ангийн цөм хөтөлбөрийн хичээлүүд жаахан хүнд байх шиг байгаа юм. Хөтөлбөр сайжруулалтыг бол хийж байгаа. Яах вэ, бодлого нь гүйцэт хэрэгжээд ирэхээр гайгүй болох байх.
-ЭЕШ бол аз гээд яриа жилийн жилд байдаг. Үүнийг та юу гэж боддог вэ?
-Яахав сонгох тестэн дээр онож, таах зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ уралдаант шалгалт учраас сэтгэл зүйн бэлтгэл их шаарддаг. Маш сайн хүүхэд муу хийж байсан тохиолдол бий. Их хүнд ирнэ гэж бодоод, ЭЕШ-аа харахад, бүгд мэддэг, амархан юм байсан болохоор бүгдийг нь мартчихдаг.  Зарим хүүхдүүд нойл орно гээд гардаг.  Буцаж орох боломжгүй. Тиймээс аз гэхээс урьтаж, сэтгэл зүйн  болоод хичээлийн бэлтгэл чухал.
-Хүүхдүүд ЭЕШ өгөөд сурчихсан, багш нар нь аваад сурчихсан байна гэж та хэллээ. Тэгвэл хүүхдүүдийн хувьд анхаарах зүйл нь юу байна?
-Нэг мэргэжил сонгоод, дараа нь цаг нь тулсан үед түүнийгээ өөрчлөөд, өөр мэргэжил сонгоод бэлдээд эхэлсэн байснаа солиод ахиад эхэлж байгаа хүүхдүүдэд жаахан хүндрэлтэй байдаг байх. Ерөнхийдөө бол гэнэт өөрчлөгдсөн тохиолдолд хүнд гэсэн үг. Сонголтоо эрт хийвэл амжилттай шалгалтаа өгч байгаа харагддаг. Хүүхдүүд ерөнхийдөө Монгол бичгийн уншаад ойлгох чадвар шаардсан даалгаврыг маш муу хийдэг. Дүрмийн алдаа бол харьцангуй бага байдаг. Монгол хэл бичгийн шалгалтад бол 1000 орчим хүүхэд босго оноо даваагүй. Эдгээр сурагчид нь ЭЕШ-аа энэ жил өгч болно. Гэхдээ Монгол Улсын их дээд сургуульд суралцах боломжгүй. Тиймээс бидний зүгээс энэ хичээлээ мартаагүй дээрээ ЭЕШ-аа өгөөд, дараа жил монгол хэл бичгийн шалгалтаа ахиад өгөөрэй гэсэн зөвлөмжийг хүргэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн