Монголын үндэсний бөхийн холбооноос Хүйн долоо худагт Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдааныг зохион байгуулж байна. Барилдаан өнөөдөр, маргааш үргэлжлэх бөгөөд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүлжээ.
Тус барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгохгүй харин батламж болон мөнгөн шагналыг олгох юм байна. Тус барилдааны зохион байгуулалт болон бусад асуудлаар МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэлээс тодрууллаа.
Тэрээр “Бид барилдаан зохион байгуулах зөвшөөрлөө УОК болон НОК-оос авсан. Барилдааныг халдвар хамгааллын дэглэмийг ягштал баримтлан явуулах бөгөөд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвөөс бөх, ивээн тэтгэгч байгууллагын төлөөлөл зэрэг хүмүүсээс коронавирусийн шинжилгээг авч, сөрөг хариутай хүмүүсийг оруулах болно. Мөн Нийслэл болон Сонгинохайрхан дүүргийн цагдаа бүрэн бүрэлдэхүүнээр хамтран ажиллах болно.
Энэ барилдаанд бөхчүүдэд цол олгохгүй. Харин үзүүр, түрүүний бөхөд батламж, мөнгөн шагнал олгоно. Монгол бөхийн барилдааны дүрэм, өнө эртнээс уламжлан ирсэн уламжлалын дагуу цолны эрэмбээр бөхчүүд хасагддаг. Тодруулбал, бага цолтой бөх нь хасагдаж том цолтой нь эрэмбийн дагуу орох юм. Энэ жишгийн дагуу наймдугаар сарын 14-ний өдөр бүртгүүлсэн сумын цолтон болон залуу бөхчүүд хасагдлаа. Нийт 512 бөхөөс илүү тоо гарсан учир хасагдсан” гэлээ.
Барилдааныг үзэгчгүй зохион байгуулах бөгөөд бөхийн гал, дэвжээд зөвшөөрсөн талбайд өөрийн гэрээ барьж, бөхчүүд хоол хүнс болон хувийн бэлтгэлээ өөрсдөө хариуцаж байгаа юм. Энэхүү барилдаанд Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаар шинэчлэн баталсан дүрмийг баримтлах юм байна. Мөн шөвгөрсөн бөхчүүдээс Допингийн эсрэг байгууллага шинжилгээ авах аж.