УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуульд нэмэлт өөрчлөх оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн өөрчлөлтийн хүрээнд банкуудын IPO гаргах хугацааг сунгах саналыг хэлэлцэж байна. Энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар "Системийн нөлөө бүхий банкуудын IPO гаргах хугацааг 2023 оны зургадугаар сар хүртэл сунгаж байгаа юм уу, хойшлуулж байгаа юм уу. IPO гаргахад бэлэн болсон хэчнээн банк байгаа, тэдгээр банкууд хувьцаагаа одоо арилжаалаад явах боломж нээлттэй эсэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханаас тодрууллаа.
Банкуудын IPO гаргах хугацааг нь сунгана. Энэ нь хойшлуулна гэсэн үг биш
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуулиар 2022 оны зургадугаар сарын 30-ны дотор банкууд нээлттэй хувьцаат компани болох учиртай. Банкууд бизнес төлөвлөгөө, үнэт цаас гаргах хүсэлтээ Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх учиртай. Хуулийн дагуу хүсэлтүүдээ ирүүлсэн байгаа. Өнөөдөр ажиллаж байгаа 11 банк бүгд ХХК буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэртэй. Үүнийг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлж байгаа процесс үндсэндээ сар хагасын дотор хийгдэх ёстой болоод байна. Банкуудын 2021 оны санхүүгийн тайлан оны эцэст бэлэн болж, хөндлөнгийн аудитын байгууллага нь дөрөвдүгээр сарын 1-15-ны дотор үнэлж, банкууд дүгнэлтээ хүлээн авсан. Ингээд дөрөвдүгээр сарын 15-аас зургадугаар сарын 30-ны дотор IPO гаргана гэхээр хоёр сар хүрэхгүй хугацаа байгаа юм. Дээр нь, системийн нөлөө бүхий таван том банк зэрэг хийхээр өрсөлдөөн болон хөрөнгө оруулалтын хувьд нэлээд түвэгтэй байдал үүсэх учраас IPO гаргах хугацааг нь сунгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр IPO гаргахад бэлэн болсон банкууд хийгээд явж болно. Төв банкны зүгээс нэг нэмэлт ажил хийх гэж байгаа нь банкуудын одоогийн байгаа санхүүгийн тайланд нь Активын чанарын үнэлгээ хийе гэж байгаа юм. Одоо IPO хийхэд бэлэн байгаа банкууд дээр Монгодбанк активын үнэлгээг зэрэг хийгээд явах боломжтой.
СЗХ-ны дарга Д.Баярсайхан: Өнөөдрийн байдлаар СЗХ болон Монголбанкинд хоёр арилжааны банк буюу Голомт, Хаан бүтцийн өөрчлөлт хийх материалаа ирүүлсэн байна. Материалуудад Монголбанк болон СЗХ-оос тавигдах шалгуур үзүүлэлт болон IPO гаргахад шаардлагатай хорооны бүртгэлийн журамтай нийцүүлэх ажлыг хийгээд явж байна. AQR хийх нь Төв банкнаас тавьж байгаа үндсэн шаардлага. Тиймээс энэ шаардлагаа тавиад явах байх. Харин СЗХ-ны хувьд хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэд бүтцийн байгууллага бэлэн байгаа гэдгээ хэлье.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Материалаа бүрдүүлж өгөөд IPO гаргахад бэлэн байгаа дээрх хоёр банк одоо тусгай зөвшөөрлөө авчихвал олон нийтэд хувьцаагаа арилжаалах бүрэн боломжтой болно. Хуулийн хугацааг сунгаж байгаа нь IPO эхлэх хугацааг нээлттэй орхиж, харин нээлттэй хувьцаат компани болох сүүлийн хугацааг л сунгаж өгч байгаа юм.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар: Хуульд IPO гаргах хугацааг сунгах талаар дурдсан. Харин IPO хойшлуулах талаар нэг үг, өгүүлбэр байхгүй хэлье. Тэгэхээр энэ хооронд хийх ёстой ажлуудаа хийгээд IPO-оо гаргаад явах боломжтой гэсэн үг. Үүнийг ялгаж, салгаарай.