Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

М.Оюунцэцэг: Орлогынхоо 40-өөс дээш хувийг хүнсэндээ зарцуулбал ядуурах эрсдэлтэй

М.Оюунцэцэг: Орлогынхоо 40-өөс дээш хувийг хүнсэндээ зарцуулбал ядуурах эрсдэлтэй
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 7
Үндэсний статистикийн хорооны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэгтэй ядуурлын түвшингийн талаар тодрууллаа.  
-Ядуурлын түвшин хэр байна вэ, шинэ судалгаа хэзээ гарах вэ? 
-Үндэсний статистикийн хороо хоёр жил тутамд өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааг дэлгэрэнгүй хэлбэрээр зохион байгуулж, ядуурлын түвшинг тооцдог. Хамгийн сүүлд энэ судалгааг 2020 онд хийж, үр дүнг гаргасан. Энэхүү судалгаагаар нийт хүн амын 27.8 хувь нь буюу 903 мянга гаруй хүн ядуу амьдарч байна гэж гарсан. Хэрвээ бид нэг хүнд ногдох хэрэглээ буюу ядуурлын шугамыг 20 хувиар өсгөвөл нийт хүн амын 42.1 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл өрхийн нэг хүнд ногдох хэрэглээний өчүүхэн төдий өөрчлөлт нь эдгээр эмзэг бүлгийн хүн амыг ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Дараагийн ядуурлын судалгаа энэ онд явагдаж байгаа бөгөөд жилийн турш ойролцоогоор 23 мянга гаруй өрх хамрагдаж байна. Тооцооны үр дүн нь 2023 оны гуравдугаар улирлаас гарна гэж тооцож байна.
-Ямар шалгуурт үндэслэн ядуу гэж тооцож байна вэ? 
-Нэг хүний сарын хэрэглээ 184 мянгаас бага бол тухайн хүнийг ядуу гэж тооцно. Тэгэхээр нийт хүн амын 903 мянга нь сардаа 184 мянган төгрөгөөс бага хэрэглээтэй байна. Ядууралд илүү өртөөд байгаа өрх, хүмүүсийн ерөнхий шинж байдлын талаар илүү дэлгэрүүлээд ярихад, тухайлбал өрхийн тэргүүлэгч нь дээд болон түүнээс дээш боловсролын түвшинтэй бол ядууралд өртөх нь харьцангуй бага. Эсрэгээрээ өрхийн тэргүүлэгч нь бүрэн дунд болон түүнээс бага боловсролтой байх нь ядууралд өртөх магадлалыг өсгөж байна. Хөдөлмөр эрхлэлтийн шинж байдлаар нь харахад нарийн мэргэжлийн илүү ур чадвар шаардсан ажил эрхэлдэг өрхийн тэргүүнтэй өрхийн ядуурал харьцангуй бага. Эсрэгээрээ ур чадвар бага шаарддаг энгийн ажил эрхэлдэг өрхийн тэргүүлэгчтэй өрхийн ядууралд өртөх эрсдэл өндөр. Салбараар аваад үзвэл, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт ажилладаг өрхийн тэргүүлэгчтэй өрхийн ядуурал харьцангуй бага байгаа бол мал аж ахуй, үйлчилгээний салбарт ажилладаг өрхийн тэргүүлэгчтэй өрхийн ядууралд өртөх магадлал өндөр байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, өрхийн тэргүүний боловсролын түвшин, ажил эрхлэлтээс шалтгаалаад ядууралд өртөх байдал нь өөр байдаг.
-Ядуурлын цаашдын хандлага хэр байна вэ?  
-Ирээдүйд ядуурал өснө, буурна гэж шууд тодорхойлон хэлэх боломжгүй. Хэрвээ эдийн засаг өсөн, хүн амын хөдөлмөр эрхлэлтэд мэдэгдэхүйц өсөлт гараад өрхийн орлого нэмэгдсэн тохиолдолд ядуурлаас гарах боломж нээгдэнэ. Гэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд ядуурал буурах хурд маш удаан байна. 2010-2012 онд эдийн засгийн өсөлт өндөр байхад ядуурлын түвшин огцом бууж байлаа. Харин сүүлийн жилүүдэд ялангуяа ковидоос шалтгаалан хүмүүсийн амьдрал сайжрахгүй, орлого бодитой нэмэгдэхгүй бага байна. Нийт хүн амын 30 орчим хувь нь ядуу хэвээр байна. Цаашдаа хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг бодитойгоор нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байх гэж бодож байна.
-Ер нь тухайн өрх ядууралд өртөж байна гэдгээ хэрхэн мэдэх вэ? 
-Өөрийн орны жишээн дээр ярья. Тухайн өрх хүнсний хэрэглээндээ нийт зардлынхаа 40-өөс дээш хувийг зарцуулаад эхлэхэд ядуу болох, ядууралд өртөх эрсдэл нь нэмэгдэж байна. Онолын хувьд өрхийн амьжиргааны түвшин сайжрах тусам нийт хэрэглээнд нь хүнсний хэрэглээний эзлэх хувийн жин аажмаар буурдаг. Тухайлбал, хүн амын маань хамгийн бага хэрэглээтэй 20 хувь нийт хэрэглээнийхээ 40 гаруй хувийг хүнсэндээ зарцуулж байхад хүн амын хамгийн өндөр хэрэглээтэй 20 хувь нийт хэрэглээнийхээ 20 орчим хувиа л хүнсэндээ зарцуулж байна.
-Гэтэл одоо инфляц өсөж байна шүү дээ. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ их нэмэгдэж байна. Энэ нь ядуурлыг нэмэх нэг хүчин зүйл болох уу? 
-Инфляц ядууралд шууд нөлөөтэй гэж харж байна. Бидний өдөр тутамдаа зайлшгүй хэрэглэдэг талх, мах, сүүний үнэ нэмэгдээд, нөгөө талдаа өрхийн орлого нь нэмэгдэхгүй байгаа л бол өрхийн амьжиргаа муудах үндсэн нөхцөл болно.
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн