Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж байгаа хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулжээ.
Мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нийт 46 веб хуудас, 132 фэйсбүүк, пэйж акаунт, гар утасны аппликейшн илрүүлж, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран үйл ажиллагааг нь таслан зогсоож, хаах арга хэмжээг авсан.
Дээрх нэр бүхий 25 сайтыг ажиллуулж байсан иргэдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, бэлэн мөнгө 250,0 сая төгрөгийг биетээр, макбүүк, нөэтбүүк, процессор, банкны пос машин, гар утас зэрэг 6 төрлийн 100 гаруй техник хэрэгсэл, эд зүйл, компаний бичиг баримт, гэрээнүүд, дансны хуулга зэргийг хураан авч, хэргийн холбогдогч болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй 490.0 сая төгрөгийн өртөг бүхий 6 орон сууц, 200.0 гаруй сая төгрөгийн 3 тээврийн хэрэгсэл, хадгаламжийн дансанд байсан 836.0 сая төгрөг, нийт 1.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө, дансан дахь мөнгийг битүүмжилсэн байна.
Мөрийтэй тоглоом нь хүнийг донтуулах нөлөөтэй тийм ч учраас нийгэмд уяируулах хор нөлөө их, донтсон этгээд мөрийтэй тоглох мөнгөө олохын тулд дээрэм, хулгай, залилан мэхлэх гэмт хэргүүдийг үйлддэг.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх этгээдүүд нь иргэдийг амар хялбар аргаар мөнгө олох хүсэл сонирхолыг ашиглан богино хугацаанд их хэмжээний ашиг олж, үүгээрээ хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээд байгуулан мөнгө угаах гэмт хэрэг давхар үйлдсэн болох нь тогтоогдон, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улсад сүүлийн үед цахим орчны хяналтгүй байдал, интернэтийн хязгааргүй хэрэглээнээс болж цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт иргэд их хэмжээгээр хөрөнгө мөнгө, эд зүйлсээ хууль бус үйл ажиллагаанд алдаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Иймд иргэд та бүхэн мөрийтэй тоглоом зохион байгуулах, тэдгээрээр тоглох хууль бус үйлдэл хийхгүй байх нь таны болон танай гэр бүлд учирч болох ноцтой хор уршгаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтойг анхаарна уу.
Эрүүгийн хуульд зааснаар олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих оноодог. Мөн мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Түүнчлэн зөрчлийн тухай хуульд Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус нэмэлт өөрчлөлт орж хуульчлагдсан байна.