Төвдийн бурхны шашны тэргүүн, Нобелийн энх тайвны шагналт, дэлхийн энх тайвны төлөө тэмцэгч XIV Далай Лам өнөөдрийн 60 жилийн өмнөх энэ өдөр төрсөн эх орноо орхин, Энэтхэгийн газар нутагт хөл тавьж дүрвэгчийн амьдралаар амьдарч эхэлсэн юм. Тэрээр үүнийг “цөллөгийн эрх чөлөө” гэж тодорхойлсон байдаг. Гэхдээ энэ эрх чөлөө түүнд тийм ч амар ирээгүй бас түүний мөрөөддөг бодит эрх чөлөө биш юм.
Хятадын ардын чөлөөлөх арми 1950 оны аравдугаар сард Төвдийг чөлөөлөх нэрэн доор газар нутагт нь халдаж, зэр зэвсэг гэх зүйлгүй армийг нь бут цохин эзэлж авав. Харин 1950 оны арваннэгдүгээр сарын 17-нд Төвдийн сэхээтнүүд дөнгөж 23 настай XIV Далай Ламыг Төвдийн төр засгийн тэргүүнээр зарлан тунхаглав. Тэрээр улсын тэргүүн болмогцоо ард түмнээ хамгаалах ажлыг эхлүүлсэн юм. Ингээд 1951 оны тавдугаар сарын 23-нд 17 заалт бүхий гэрээ байгуулж, Төвүүд Хятад улсын нэг хэсэг болж, өөртөө засах орны статустай болов.
Гэвч Төвдийн сэхээтнүүд буюу өндөр хэргэм цолтой лам нар Хятадын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнийг удаа дараа өрнүүлж, 1959 он гэхэд хэд хэдэн мужид бослого дэгдэх болсон байна. Төвдийн салан тусгаарлах хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс Хятадын коммунист намын зүгээс Далай Ламыг барьцаанд байлгаж, шаардлагатай тохиолдолд түүний амь насанд халдана гэдгээ хэд хэдэн удаагийн үйлдлээрээ харуулж байв.
Харин 1959 оны гуравдугаар сарын 10-нд Төвдийн эрх чөлөөний төлөө бослого оргилдоо хүрсэн юм. Гэвч Хятадууд зэвсгийн хүчээр дарж, бослого амжилтгүй болов. Ингээд тухайн үед дөнгөж 23 настай байсан Далай Лам өөрийн амь насыг хамгаалахын тулд нийслэл Лхас хотыг орхисон юм. Түүнийг дагаж 80000 орчим Төвд хүн эх орноосоо дүрвэсэн байдаг. Тэрээр өөрийн дагагч нарын хамтаар Гималайн уулсыг мориор давж 1959 оны гуравдугаар сарын 31-нд Энэтхэгт хүрсэн байна.
Энэтхэгийн анхны Ерөнхий сайд асан, ард түмэндээ багш гэж хүндлэгдсэн Жавхралал Неру тухайн үед Далай Лам болон түүний олон мянган дагагчийг эх орондоо уриалагхан хүлээн авч, тэдэнд улс төрийн орогнол үзүүлсэн юм. Ингээд тэд Энэтхэгийн Дхарамсала хотод төвхнөн суурьшиж Төвдөөс дүрвэн Далай Ламыг бараадан ирсэн иргэдийг хамруулан хилийн чанад дахь Төвдийн Засгийн газрыг байгуулсан аж. Үүнээс хойш өдийг хүртэл 100.000 орчим Төвд хүн Энэтхэгт дүрвэн суурьшсан байна.
Харин Далай Лам дэлхий даяар аялж 60 жилийн турш өөрийн улсын соёлоо сурталчлан таниулсан юм. Ялангуяа өөрийн шашнаа орчин үеийн сэтгэхүйд нийцүүлэн тайлбарлаж Америк, Канад, Австрали болон Швейцар зэрэг орнуудад олон мянган шинэ сүсэгтнүүд бий болгосон байдаг. Харин өнгөрсөн жил буюу 2018 онд Далай лам өндөр настай болж холын аялал хийхэд эрүүл мэндийн талаас хүндрэл учирч буй тул аяллаа багасгаж байгаагаа зарласан юм. Энэ жил тэрээр 83 насыг зооглож байгаа аж.
Далай лам: Ирээдүйд та бүхэн хоёр Далай ламыг харах болно
Тиймээс нэгэнт өндөр настай болсон Дээрхийн гэгээн Далай лам байгалийн жамаар насан өөд болбол яах вэ гэсэн айдас түгэх болсон юм. Шашны уламжлалын дагуу түүний хойд дүрийг дахин тодруулж, шинэ Далай лам өөрийн өмнөх төрөлдөө хийж байсан үйлээ үргэлжлүүлэх ёстой аж. Мөн уламжлалын дагуу Төвдийн өндөр хэргэм бүхий язгууртан лам нар маш нарийн дэг жаягийг мөрдөж, Далай ламын хойд дүрийг тодруулах ёстой. Гэтэл бодит байдал дээр ийм зүйл болохгүй гэдгийг XIV Далай лам “Reuters” агентлагт саяхан ярилцлага өгөх үеэрээ хэлсэн аж.
Тэрээр “ирээдүйд та бүхэн магадгүй хоёр Далай ламыг харах болно. Нэг нь эрх чөлөөт Төвдүүдийн тодруулсан Далай лам байх бол нөгөөхийг нь Хятадууд өөрийн таалалдаа тохируулж сонгоно. Гэхдээ тэдний буюу Хятадын сонгосон Далай ламд хэн ч итгэхгүй, бас хэн ч түүнийг хүндлэхгүй. Энэ нь тэдний хувьд өөр нэг асуудлыг үүсгэх болно. Энэ зүйл үнэхээр бий болох боломжтой” гэсэн юм. Гэхдээ энэ тийм ч шинэ зүйл биш юм. Далай лам олон жилийн өмнө “BBC”-д ярилцлага өгөх үеэрээ “Далай ламын хойд дүрийг тодруулах нь надаар дуусгавар болох байх.Тэгээд магадгүй миний дараагийн Далай ламыг санал хураалтаар сонгодог болох байх” гэж байжээ. Мөн энэ сэдэв өмнө нь шарын шашинтан улс орнуудын дунд явсаар ирсэн юм.
Харин 2019 оны гуравдугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан “Буддын шашин, тэр дундаа Далай ламын хойд дүрийг тодруулах ажлыг Хятад улсын хууль тогтоомжийн дагуу шашны зан үйл, түүхэн ёс заншлын үүднээс хийх болно” гэж мэдэгдсэн аж.
Өөрөөр хэлбэл дараагийн буюу XV Далай лам хэн ч байсан гэсэн түүнийг Хятад улс өөрийн үзэл суртлын доор өсгөж хүмүүжүүлнэ гэсэн үг. Тэр нас бие гүйцэж Төвдийг удирдах эрхтэй болох үедээ Хятадын үзэл суртлыг ягштал цээжилсэн, дуулгавартай, магадгүй зарим хүнд орхимж нөмөрсөн чоно болох биз ээ. Үүгээр Төвдийн салан тусгаарлах хөдөлгөөн төгсөж, тэд үүрд Хятадын нэг хэсэг болох ажээ. Мөн Бурхны шашны институцийн өмнөх тогтолцоо тэр чигтээ тэдний үзэл суртлыг дагаж өөрчлөгдөнө гэсэн үг. Тиймээс Төвдийн ард түмэн болон бурхны шашинт бусад улс орнууд шинэ дэглэмтэй тулж, түүнийг хэрхэн сөрж, хэрхэн үүнтэй зохицох вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг юм.
Магадгүй үүнээс болоод XIV Далай лам 2011 онд хилийн чанад дахь Төвдийн Засгийн газрын тэргүүний суудлаа өгч зөвхөн шашины ажилдаа анхаарах болсон байх талтай. Далай лам шарын шашны тэргүүн хэдий ч нөгөө талдаа улстөрч юм. Тиймээс энэ үйлдэл түүний улстөрч хүний өнцгөөс харсан ухаалаг, зальжин шийдвэр эсвэл Хятадын дарамт байсан эсэхийн алийг нь мэдэхгүй.
Далай лам гэх нэрийг анх Монголчууд хайрласан байдаг. Мөн тэрээр Монголд маш элэгтэй. Дараагийн Далай ламыг Монголоос тодрох байх, тэгээсэй гэж маш ихээр хүсэж, найддаг нэгэн. Түүний Монголд хийх айлчлал, үйл ажиллагаа бүр нь ямар нэгэн улс төрийн асуудал дагуулж, нийгэмд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлдэг. Гэхдээ хэн ч Далай ламын өнцгөөс харах гэж хичээгээгүй болов уу. Магадгүй манай шашны сэхээтнүүд хүртэл харахгүй байгаа нэг өнцөг нь “дараагийн Далай лам аль улсаас сонгогдоно тэр улсад дэлхий даяар буй хавчигдан гадуурхагдсан Төвд иргэдийн нүүдэл шашны тэргүүнээ дагаад урсан ирэх болно. Нэг ёсондоо “шинэ Далай лам эх оронгүй болсон тэдэнд шинэ эх орон болно” гэсэн үг юм.
Мөн Далай ламын эртнээс төлөвлөж ирсэн өөр хувилбар болох бас л тэдэнд элэгтэй Энэтхэгээс шинэ далай ламыг тодруулах нь хэзээнээс хоорондоо сайнгүй Хятад-Энэтхэгийн харилцааг улам хурцатгадаг сэдэв юм. Гэхдээ Энэтхэгийн Засгийн газар гадаад бодлогынхоо хүрээнд БНХАУ-тай эв зүйгээ олох гэж ихэд хичээж байгаа. Тиймээс Далай ламд өгсөн улс төрийн орогнолын хугацаа дуусах гэж буйг нэг бус удаа сануулсан.
Хэрэв түүний Дхарамсалад байх хугацаа дуусвал тэр хаана очих бол. Канад улс түүнд хүндэт иргэний медаль олгосон байдаг. Гэвч Канад буюу Христийн шашинт улс руу нүүнэ гэдэг нь Далай ламын шашны тэргүүний байр суурийг үлэмж хэмжээгээр бууруулж, Хятадад нэн тааламжтай нөхцөл байдлыг үүсгэх юм. Тиймээс Далай ламын хувьд хэрэв Дхарамсалагаас гарвал Монголд дахин төвхнөж эхлэх нь хамгийн зөв шийдэл гэж зарим олон улсын улс төрийн шинжээчид үзэж байна. Гэвч Монгол Улс гадаад бодлогодоо урд хөрш БНХАУ-тай эвийг эрхэмлэх нь нэн тэргүүний чухал асуудал юм.
Хятадын шахалтыг үл харгалзан дараагийн Далай Лам хаанаас ч тодрон гарч болох аж. Гэхдээ ямар ч орон байсан гэсэн Хятадтай сайнаа үзэхгүй нь гарцаагүй билээ. Дээрхийн гэгээн XIV Далай лам хүн төрөлхтнийг энх тайванд уриалж аливаа алан хядлага, хямралыг үүсгэхгүй байхыг сануулдаг. Гэвч жинхэнэ шинэ Далай ламыг тодруулах асуудал ямар үнэ цэнээр олдох бол гэдэг нь асуудал болж үлдэх юм.