Open iToim app
Төсөв | 3 мин уншина

ТӨСӨВ 2023: Төрийн албанд дараах өөрчлөлтүүд орно

ТӨСӨВ 2023: Төрийн албанд дараах өөрчлөлтүүд орно
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 2
2023 оны улсын төсвийн төслийг өргөн барьсан. Төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин урамшууллын системд өөрчлөлт оруулах хэд хэдэн асуудлыг тусгажээ. Заримыг нь хүргэе.
Гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоог нэвтрүүлнэ
Төсвийн шинэчлэлийн бодлогын хүрээнд төрийн албан хаагчийг ажлын бүтээмжээр нь урамшуулдаг тогтолцоог бий болгохоор зорьсон гэж төсөв санаачлагч тайларласан. Төрийн албан хаагчийн ажлын үр дүнг үнэлэх, биелэлтийг дүгнэх замаар урамшуулдаг, хариуцсан ажил, үүргийн гүйцэтгэлээ сайжруулахад нь түлхэц өгдөг байхаар төрийн албаны цалин хөлсний тогтолцоог шинэчилнэ.
 Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн цалинг нэг суурьтай болгоно. Засгийн газраас 2022 оны 107, 194 дүгээр тогтоолоор эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг нэг шатлал бүхий суурь цалинтай болгосон. Ингэхдээ төрийн албан хаагчдын үндсэн цалинг тухайн шатлалын хамгийн дээд түвшин буюу 5 дугаар шатлалд хүргэж ахиулсан бөгөөд үүний үр дүнд үндсэн цалин дунджаар 8.5 хувиар нэмэгдсэн.  2023 онд дээрх зарчмын дагуу төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог шинэчлэх болоод цалин хөлсний бүтцийг хялбар энгийн болгож ажлын бүтээмж, үр дүн, гүйцэтгэлийг нь харгалздаг болох аж. Үндсэн цалинг дээд шатлалаар нь тогтоож, суурь цалинтай болгох арга хэмжээг үргэлжлүүлнэ.
Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгоно
 Төрийн захиргааны албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгоно. Мөн тухайн орон нутаг эдийн засгийн нөөцөө боломжит дээд хэмжээгээр ашигласан, орлогоо давуулан биелүүлсэн бол орон нутгийн удирдлага нь төрийн албан хаагчдынхаа цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэн олгох эрх зүйн орчныг бий болгоно. Энэ арга хэмжээний үр дүнд хөдөө, орон нутагт ажиллах төрийн албан хаагчийн цалин 2 дахин нэмэгдэх боломжтой болно гэж тооцож байгаа аж.
Төрийн албан хаагчийн ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам тооцон олгодог болно
Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувийн давтамжтай 25 хүртэл хувиар олгодог одоогийн зохицуулалтыг шинэчилж, ажилласан жил бүрээр нь тооцон нэмэгдүүлнэ. Ингэснээр төрийн албан хаагч нь нэг жил ажилласан бол 1 хувь, хоёр дахь жилдээ ажиллавал 2 хувь гэсэн зарчмаар 25 жил ажилласан бол 25 хувийн нэмэгдэл авах ажилласан хугацаанаас хамаарсан цалингийн нэмэгдэл авдаг болно.
Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг шинээр байгуулна
Төрийн үйлчилгээг цахимжуулах замаар төрийн хүнд суртлыг арилгах, цахим шилжилтийг цогц бодлого, зохицуулалтаар хангах зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Төрийн үйлчилгээний нэгдсэн газар”-ыг байгуулж холбогдох зардлыг 2023 оны төсвийн төсөлд тусгажээ. Ингэснээр төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний чанарыг хянаж, сайжруулах, үйлчилгээний процессыг оновчтой болгох ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, хүнд сурталгүй, шат дамжлага багатай төрийн үйлчилгээг бий болгох ач холбогдолтой. Төрийн үйлчилгээний нэгдсэн газрыг байгуулж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газруудын нэг цэгийн үйлчилгээний төвийн албан хаагчдыг Төрийн үйлчилгээг зохицуулах газарт шилжүүлэхээр тооцлоо.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн