Open iToim app
Дэлхийн монгол | 13 мин уншина

Г.Навчаа: Хорт хавдрын протон туяа эмчилгээг Монголдоо нэвтрүүлэхийн төлөө ажиллана

Г.Навчаа: Хорт хавдрын протон туяа эмчилгээг Монголдоо нэвтрүүлэхийн төлөө ажиллана
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 25
Монгол Улсад 2021 онд 5981 хүн хавдраар оношлогдож, 4559 хүн хавдрын улмаас хорвоог орхижээ. Манай улс дэлхийд хорт хавдрын өвчлөлийн зарим төрлөөр тэргүүлсээр байгаа бөгөөд хавдраар өвчилсөн хүмүүсийн 72,5 хувь нь хожуу шатанд оношлогдож байгаа нь бидний анхаарал хандуулах гол асуудлын нэг болжээ.
Иймд, бид энэ удаагийн “Дэлхийн монгол” буланд энэхүү хорт өвчинтэй тэмцэх чиглэлээр  30 орчим жил ажиллаж, судалгаа шинжилгээ хийж яваа  Анагаах ухааны доктор, судлаач Г.Навчааг урьж оролцууллаа.
Тэрээр Дорнод аймагт төрсөн бөгөөд ахлах сургуулиа Улаанбаатар хотын 12-р сургуулийг суралцан төгсчээ. Багаасаа л эмч мэргэжлээр ажиллахыг мөрөөдөж, сэтгэл шулуудсан байсан учир АШУҮИС-ийн эмч мэргэжлээр төгссөн байна. Тухайн үед ХСҮТ-өөс залуу шинэ үеэ бэлтгэх зорилгоор төгсөгчдийг урьж ажиллуулсан явдал нь түүнийг Монголын хавдар судлалын салбарт арван дөрвөн жил туяа эмчилгээний эмчээс дэд захирал хүртэл дэвшин ажиллах боломжиыг нээсэн аж.  Тэрээр Монголын хавдар судлалыг хөгжүүлэх, эрдэм мэдлэгээ улам бататгах зорилгоор Японы Гунма их сургуульд доктор хамгаалжээ.
Доктор Г.Навчаа Монголдоо ирээд удаагүй байгаа бөгөөд бидний яриа хорт хавдрын өвчлөл болон судалгааны ажлынх нь талаарх түлхүү өрнөсөн юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.
-Урилга хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа таны ХСҮТ-д ажилласан үеийн дурсамжаас эхлүүлцгээе. Та тус төвд туяа эмчилгээний эмчээс, дэд захирал хүртэл нийт 14 жил ажиллажээ. Энэ хугацаанд хэр их өвчтөнтэй ажилласан бэ?
-Урьсанд баярлалаа. АШУҮИС-ийг 1999 онд төгсөөд шууд ХСҮТ-д дагалдан эмчээр ажиллаж эхэлснээс хойш жинхэлжлэн улмаар туяа эмчилгээний эмч, тасгийн эрхлэгч, дэд захирал хүртэл дэвшин 14 жил энэ албандаа ажилласан байна. ХСҮТ-д ажилласан он жилээрээ бахархан явдаг. Баг хамт олноороо хийсэн зүйл ихтэй, сайхан дурсамж ихтэй. Ажиллах хугацаанд 2000 гаруй хүний оношилгоо, эмчилгээнд гардан оролцож тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Хорт хавдар гэж амаргүй өвчинтэй хамтран тэмцээд, эдгэсэн, гэр бүлтэйгээ хамт энх тунх яваа хүн зөндөө бий. Энэ хүмүүстэйгээ одоо ч байнгын холбоотой явдаг. Хэдий олон жил өнгөрсөн ч ам дамжин сурагласаар утсаар эсвэл цахим орчноор холбогдон “Эмч ээ би байна аа” гээд ороод ирнэ. Манай ард түмэн эмчийг их хүндэлнэ, заримдаа бараг л адис авах дөхдөг шүү дээ. Нэг өвчтөн бүр “Эмчтэйгээ ингэж нэг уулзах гэж. Өнгөрсөн хугацаанд би өглөө болгон цай, сүүнийхээ дээжийг таньдаа өргөдөг байсан шүү” гэж хэлсэн. Үүнийг сонсоход маш сайхан санагдаж байгаа юм. Надтай уулзаж амжаагүй яваа  ч ингээд сэтгэлдээ бодоод хүндлэн яваа хүмүүс байгаа юм байна гэж бодохоор сайхан байдаг. Монгол хүнээс ийм халуун дотно сэтгэл их харагддаг шүү ер нь. Ингэж бодохоор эмчийн ажил гэдэг их гайхалтай. Эмчлүүлэгч хэсэгхэн сайжраад эргээд өвчин нь хүндрэх, эдгэх боломжгүй болох зэрэг амаргүй үетэй холбоотой таагүй дурсамж санагдан, сэтгэл шимшрэх үе гарна. Заримдаа өвчин гэдэг давагдашгүй хүчин зүйл болох нь бий. Эмчлэх, тэмцэх хүсэл байвч боломжгүй тохиолдол бий. Ийм үед өвчтөн хэцүү байдалд ороход эмч хүний үзүүлж чадах тусламж бол тэр хүнийг зовуурь шаналгаагүй, сэтгэл санааг нь дэмжиж туслах юм. Энэ бол маш том үүрэг, буян гэж боддог. Хэдий эдгээж чадаагүй ч хамгийн хэцүү үед нь хамт байж, дэм болсон гэхээр сэтгэлд арай дээр байдаг. Манайхан аливаа юмыг сайхан сэтгэлээр хүлээн авдаг, ний нуугүй ярьж чаддаг ард түмэн. Тийм болохоор өвчний онош, эмчлэх төлөвлөгөөний бүх процессыг эмчлүүлэгч болон гэрийнхэнтэй нь хуваалцаж, тайлбарлан боломж ийм байна үзээд алдах уу, ингэвэл яах вэ гэхэд их ойлгож хүлээн авдаг. Сүүлийн үед цахим орчинд эмч нартай холбоотой гомдол санал гараад байгааг харахад хэцүү санагддаг. Эмч нар минь ажлаа стандартаар сайн хийсэн мөртлөө өвчтөнд өөрт нь болон ар гэрт нь үүнийгээ тайлбарлаж, ойлгуулахдаа муу, харилцаан дээрээ алдаа гаргадаг, цаг зарцуулдаггүй юм уу даа гэж бодогддог. Би эмчлүүлж байгаа хүн болон ар гэрийнхэнд нь хангалтай цаг зарцуулдаг байсан. Зарим үед манай ахмад эмч нар хэтэрхий их ярьж байна шүү, урт хэл хүзүү орооно гэж сануулж байсан ч үе бий. Гэхдээ үл ойлголцол юунаас гардаг вэ гэхээр ойлголтгүйгээс болдог. Сүүлийн үед магадгүй эмч нар ачаалал ихтэй болоод хүмүүстээ тэр бүр цаг зав гаргаж чадахгүй байгаа байх. Үүнээс болж үл ойлголцол үүсч, хүмүүс нь гомддог болов уу. Өвчтөн өөрт нь хийх эмчилгээний талаар сайн ойлголттой байж, эмчтэйгээ нэг баг болох нь өвчний эдгэрэлтэд ч сайн нөлөөтэй гэж боддог.
-Тухайн үед та ямар зарчмыг баримталдаг байсан байсан бэ?
-Хавдрын салбарт эмчээр ажилласан цагаас хэчнээн эдгэх бүрэн боломжгүй тохиолдол байсан ч хүмүүст үнэнийг хэлэх зарчмыг миний хувьд баримталж ажилладаг. Ар гэр нь эхлээд уулзах үед өвчтөнд бүү хэлээрэй гэдэг. Мэдээж би үүнийг ойлгоно. Гэхдээ тэр үед “Би хэлнэ ээ, гэхдээ яг одоо гэнэт пал хийтэл нь хэлэхгүй тухайн хүний биеийн байдал, сэтгэл санааг харгалзан харж байгаад хэлнэ” гэдэг. Хүмүүс өвчнөө мэдэх явцдаа илүү хүчтэй тэмцэж эхэлдэг. Тийм учраас хүнтэйгээ ярилцаж оношийг үнэнээр хэлэх нь зөв. Заримдаа дуу муутай өвчтөндөө урам өгөх үүднээс “Та ер нь юм ярихгүй байгаад байдаг. Би өвчинтэй нь тэмцэх гээд байдаг. Та өвчний эсрэг байна уу эсвэл миний талд байна уу. Хоёрын эсрэг нэг болчихвол дийлэхгүй шүү дээ гэхэд ямар ч хүн мишээн, мэдээж эмчээ таны талд шүү дээ гээд инээнэ. Өө тэгвэл хоёулаа бол дийлнэ шүү дээ, ингэж тэмцэнэ шүү гээд нарийсган тайлбарлаж ярилцдаг. Ойлгомжгүйгээс болж хүн хэцүү байдалд ордог. Иймд өвчтөнтэйгөө цаг л гарвал сайн ярилцаж байхыг эмч нартаа хүсэж байна.
-ХСҮТ-ийн ажиллаж байгаад та ямар шалтгаанаар Япон улсыг зорих шийдвэр гаргасан бэ?
-Тухайн үед манай эмнэлэгт хавдрын судалгаа хийх боломж бага, чадамж тааруу байсан. Тийм болохоор сэтгэлдээ гадагшаа явах бодол өвөртлөөд ажлаа хийж явдаг байлаа. Ингээд нэг мэдсэн 2013 он ч болж, сурахад оройтох маягтай болж, явах хэрэгтэй гэдгээ санаж албан ажлаа хүлээлгэн өгч Япон улсыг зорьсон доо. Японы Гунма их сургуулийг сонгосон шалтгаан минь дэлхийд цөөн газар байдаг хүнд ионы эмчилгээний төвд судалгаагаа хийх байсан юм. Иймээс Гунма их сургуульд суралцах хүсэлтээ илэрхийлж, Япон улсын тэтгэлгээр докторын судалгааны ажлаа эхлүүлсэн. Доктороо хамгаалсны дараа хийж байсан судалгаа илүү өргөжсөн болохоор судалгааны багийнхантайгаа үргэлжлүүлэн хийсээр арав орчим жил ажиллаж, амьдарсан байна.
-Таны докторын судалгааны ажил хорт хавдартай холбоотой юу. Судалгааны ажлынхаа талаар хуваалцахгүй юу?
-Тэгэлгүй яах вэ. Миний бүх судалгаа хорт хавдар, хавдрын туяа хими эмчилгээтэй холбоотой. Одоогоор нийт 19 судалгаа, өгүүллийг олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн байна. Миний судалгааны сонирхол хорт хавдрын эмчилгээнд тэсвэртэй байдал юм. Яг ижилхэн оноштой, үе шаттай өөр хүмүүсийн эдгэрэлт өөр, өөр байдаг. Нэг хүнд бүрэн эдгэрнэ, нөгөө хүнд эдгэрэлт тааруу байх нь бий. Энэ нь тухайн хорт хавдрыг үүсгэж буй эсийн гарал, төрлөөс гадна эмчилгээнд үр дүн өгдөггүй, тэсвэртэй байдал үүссэн байдаг хүчин зүйлээс шалтгаалах нь бий. Миний судалгааны ажил гол төлөв хорт хавдрын эсрэг үйлчлэл үзүүлэх магадлалтай шинэ эмийн бодисыг туяа эмчилгээтэй хавсран хэрэглэж, тухайн эмийн бодисын дангаар үзүүлэх үр дүнг болон уг эм туяа эмчилгээний үр дүнг дээшлүүлж буй эсэх рүү чиглэж байсан. Аливаа нэг хавдрын эмийг гарган авахад 5-15 жил болдог. Харин үүний суурь туршилт 2-3 жил, түүнээс ч урт хугацаанд үргэлжилдэг ба би ийм хавдрын суурь судалгаан дээр гол төлөв, заримдаа манай их сургуулийн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нартай хамтран, хүнээс авсан хавдрын эдийг хэрэглэсэн судалгаан дээр ажиллаж байсан. 
Хорт хавдартай тэмцэх энэ үйлсэд өчүүхэн цэг төдий боловч хувь нэмэр оруулснаараа бахархаж явдаг
-Япон улсад судалгаа хийж, ажиллах хугацаанд ямар туршлага мэдлэгийг хуримтлуулсан гэж боддог вэ?
-Шинжлэх ухаан гэдэг оройгүй. Анх очих үедээ их зүйл сурч, сайжирч байгаа шиг санагдавч хэсэг хугацааны дараа тэрхүү хөөс бууж “Миний уншсан мэдсэн энэ дэлхийн том судлаачдын хажууд өчүүхэн” гэдгээ мэдэрдэг. Миний анагаах ухаан, тэр дундаа хавдрын чиглэлээр 20 жил сурсан зүйл юу ч биш юм байна, өшөө их юм сурч мэдэх хэрэгтэйг эхний хэдэн жилүүдэд илүү тод мэдэрч байв. Өмнөх ажилласан жилийн туршлага дээр хавдрын эм яаж бүтдэг, шинэ эмийн бодисыг яаж туршдаг зэрэг судалгааны арга зүйг сурсан нь цаашдын судалгаанд их хэрэг болсон. Японы их сургуулийн эмч, профессор нараас сурч авсан чанар их бий. Үүнд,
-Төлөвлөлт - Манайд хамгийн их дутагдаж байгаа зүйл. Японд төлөвлөлтийг хэрэгжүүлэх баг хамт олны хэмжээнд болон өргөтгөсөн хурал, олон удаагийн хэлэлцүүлгээр хийж явдаг. Судалгааны ажлыг дор хаяж зургаан сараас нэг жил, заримдаа хэдэн жилээр маш нарийн төлөвлөдөг. Энэ үедээ  үүсч болох бүх нөхцөл байдал, таамаглал, эрсдэл зэргийг тооцоолно. Тэгээд сайн төлөвлөж, шаардлагатай бүх зүйлээ бэлдэж байгаад эхлүүлэхэд алдаа эндэгдэл гэж бараг байдаггүй. Гарсан ч багахан зүйл ба мөн л дахин хэлэлцэж дор нь засаад явчих боломжтой байдаг.
-Багаар ажиллах чадвар – Япон хүмүүсийн ажил бол ажил гэж үздэг хандлагыг биширдэг. Хариуцлагатай, зарчимч. Хэн нэгэн ямар нэгэн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон бол дараагийн хүндээ өөрийн ажлаа бүгдийг нь тайлбарлаж, хэлж, хариуцлагатайгаар хүлээлгэн өгнө. Хоёр хүний хооронд ажил хийдэх, дараагийн хүн өмнө нь хийгдсэн ажлыг мэдэхгүй гэж цаг алдах асуудал гардаггүй.
-Богино хугацаанд үр дүнтэй ажиллах чадвар – Одоо үед ихээр цаг зарцуулж ажиллах бус богино хугацаанд үр дүнтэй, ухаалаг ажиллах чадвар чухал болсон байна.  Бид бүгд л ихэвчлэн завгүй явцгаадаг. Гэсэн ч эргээд харахад бүтээмж нь бага байгаад байдаг. Үүнд бид санаа зовох хэрэгтэй.
-Таны судалгааны үр дүнг та юу гэж харж байна?
-Дэлхийд олон эрдэмтэн, эмч нар хорт хавдар хэмээх энэ өвчинтэй тэмцэн явж байна. Миний хувьд энэ их үйлсэд өчүүхэн цэг төдий боловч хувь нэмэр оруулсан гэж боддог. Учир нь өнөөдөр миний судалгааны үр дүн, хэвлүүлсэн өгүүллийг олон улсын эрдэмтэд харж үзэх боломж нээлттэй бий. Судлаач бүр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ажил хийсэн л бол бүх судалгаа, мэдээллээ мэдээллийн нэгтгэсэн платформд оруулаад явдаг. Тухайн сэдвээр судалгаа хийж яваа эрдэмтэн судлаач тэр платформоос миний оруулсан өгүүлэл, судалгаандаа хэрэглэсэн хавдрын эд, эсийн генийн нэгдсэн датагаас өөрийн судалгаандаа татаж ашиглана, ишлэл хийнэ. Тэр судлаачийн ажлаар цааш дамжаад ирээдүйд ямар эмчилгээний мундаг үр дүн, сайхан зүйлс гарч ирэхийг тааварлахын гэхгүй. Иймд шинжлэх ухаанд оруулсан миний хувь нэмэр өнөөдрөөр дуусахгүй, үргэлжлэх хэрэг. Бас эндээс шавь нараа бэлтгэж сурч байсан сургууль руу гаа судалгаа, шинжилгээ хийлгэхээр явуулах болно. Энэ намар эхний докторын оюутныг явуулахаар бэлтгэж байна. Судалгаа цаашид үргэлжилнэ.

Монгол Улсад байхгүй хүнд ион, протон эмчилгээг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллана

-Монголдоо ирэх шийдвэрийг хэрхэн гаргав. Юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Анх Японд очих үедээ удах төлөвлөгөөгүй байсан. Дөрвөн жил сураад л буцах бодолтой байлаа. Харин хувийн амьдрал, судалгааны ажил өргөжиснөөс шалтгаалан багагүй удчихлаа. Ийм учир эргэж ирэх шийдвэрийг гаргахад нэг их хүндрэлтэй байсангүй. Хүүхдүүд маань монгол ёс заншлаас суралцах, эх орноо гэсэн сэтгэлтэй болох, сайхан найз нөхөдтэй болох нь чухал. Мөн шинжлэх ухааны талаарх сурсан мэдсэн бүх зүйлээ нэгтгэж Монголд миний боломж бололцоо, туслалцаа хүрэх зүйл байвал хувь нэмрээ оруулъя гэж хүсэж байна. Ялангуяа хавдрын туяа эмчилгээний эмчийн хувьд Монгол Улсад байхгүй байгаа хүнд ион, протон эмчилгээг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллана гэж боддог.
-Улаанбаатарт суурьшиж, ажиллаж амьдрах явцад танд юу, юу ажиглагдаж байна. Нийгэм болоод хувь хүмүүс, ажиллах арга барил, амьдралын хэв маяг талаасаа анзаарагдаж буй зүйлс юу байна?
-Монгол сайхан орон. Хэдий таагүй нөхцөл, хэцүү зүйлс бий боловч энэ бүхэн улс оронд бүхэнд л байдаг. Төгс юм гэж хаа ч байхгүй. Хурдхан суурьших сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаа. Зохицох болно, зохицсоор ч ирсэн. Харин нэг анзаарсан зүйл нь бид уучлалт гуйж сураагүй, талархлаа бага илэрхийлэх юм. Хүнд төвөг удсан бол уучлалт хүсэх ухамсар бага байна. Магадгүй багаасаа л бидний хүнд буруугаа өгч сурсан нь нөлөөлсөн болов уу. Буруу ч бай зөв ч бай хүнд асуудал үүсгэж байгаа л бол уучлаарай гэж хэлэх ёстой. Мөн төлөвлөлт гэдэг зүйл алга. Өнөөдөр гэнэт, маргааш гэнэт гэсэн зүйлс их байна. Эцэг эхчүүддээ нэг зүйлийг хүсэхэд, бага насны хүүхдэдээ ундаа, чихэр бага өг, тодорхой цаг нартай өг гэж хэлмээр байна. Ядаж өгөхдөө хязгаартай өгөхгүй бол хэрэглээ нь илт ихэсжээ. Ундаа угжинд нь хийгээд хөхүүлж яваа залуу аав ээжийг хараад санаа зовсон.

Хорт хавдар 21-р зуунд зайлшгүй тулгарах өвчин. Иймд урьдчилан сэргийл, эрт илрүүл, эдгээ, эргээд хэвийн амьдралдаа ор

undefined
-Хорт хавдрын чиглэлд хэдэн асуулт асуухаар бэлтгэсэн юм. Монгол Улс дэлхийд хорт хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна. Энэ чухам юунаас үүдэлтэй бий болж байгаа бол. Бидний амьдралын ямар буруу хэв маяг энэ хорт өвчин рүү хөтөлж байна вэ?
-Би нэг зүйлийг хэлмээр байдаг байсан юм. Монгол Улс хорт хавдрын зарим төрлөөр тэргүүлж явж байгаа. Энэ бол маш харамсалтай. Гэхдээ нийт хорт хавдрын тохиолдлоор дэлхийд тэргүүлж байгаа зүйл байхгүй. Өндөр хөгжилтэй орнуудад хавдрын тохиолдол олон бий. Энэ бол ганц манай оронд байгаа юм биш, дэлхий нийтэд тулгамдсан асуудал. Үүнд бид зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Бидний хувьд гол тулгамдаж буй асуудал нь, хорт хавдрын онош хожуу үедээ өндөр хувьтай байгаа тул бүрэн эдгэрэлтийн хувь бага байгаа нь гол аюул юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хорт хавдар цаашид ихсэх зураглалтай хэвээр байна. Ялангуяа ядуу буурай орнууд одоогийнх шигээ хорт хавдрыг эрт илрүүлж чадахгүй байвал нас баралт өндөр хэвээр л байх болно.
Иймд бид үүнд бэлтгэлтэй байж, урьдчилан сэргийлэх арга руу хүчтэй гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Мөн өвчин үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлсээс татгалзах хэрэгтэй. Архи, тамхи үүсгэдэг, хортой гэхэд л манайхан тоодоггүй, тамхи татдаг байрны ах зүгээр л байна даа гэх мэт ганц тохиолдлоор дүгнэлт хийдэг. Хэнэггүй. Биеэ торддоггүй, хүндрэхээс өмнө эмчилдэггүй байдлаас болж манайд нийт хорт хавдрын 70-80 хувь нь хожуу үедээ илэрч байна. Иймд бусад оронтой харьцуулахад эдгэрэлт эрт үеэс хэд дахин бага байгаа юм. Энэ л манай гол аюул.
Нэг удаагийн урьдчилан сэргийлэх үзлэг хангалтгүй. Жилдээ тогтмол 2-3 удаа үзүүлчих хэрэгтэй. Бид хавдраас хий дэмий л айх биш түүнтэй тулж, тэмцэх хэрэгтэй. Япон улсын хавдрын эмч нарын нийгэмлэгийн хурлын өнгөрсөн жилийн уриа нь “Хорт хавдартайгаа зэрэгцэж амьдаръя” гэж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хорт хавдар бол XXI зууны зайлшгүй тулгарч буй өвчин. Иймд болж өгвөл урьдчилан сэргийлэх, урьдал өвчнөө эмчлүүлэх, туссан тохиолдолд эрт илрүүлэх, сайн эмчлүүлэх. Эрт эмчлүүлбэл эдгэрэлт хамаагүй өндөр байх болно. Эдгэрсэн бол эргээд хэвийн амьдралдаа орох. Энэ л XXI зууны хорт хавдартай тулах зарчим. Түүнээс ямар нэгэн ид шидийн юм хэрэглээд хавдаргүй болно гэж байхгүй. Хэрэв хавдаргүй байя гэвэл эрүүл амьдралын таван зарчмыг л баримтал. Сайн хөдөл, жингээ битгий нэм, тамхи битгий тат, архи битгий уу, сэтгэл санаагаа тайван байлга. Ийм байхад л та хорт хавдар үүсэх эрсдэлийг 50-80 хувь бууруулж чадна. Танаас өөрөөс тань нэлээд нь хамаарах юм гэдгийг ойлгож, бодит зүйл өөртөө хийх хэрэгтэй юм.
-Хавдрын эсрэг төсөл хөтөлбөрүүд үнэхээр зөв байж, хүндээ хүрч байгаа болов уу?
-Төсөл хөтөлбөрүүд хүрэхгүй биш хүрч байгаа. Үүний үр дүнд сүүлийн 20 жил хорт хавдрын хожуу оношлогдолт 80 хувьтай байсан бол 70 хувь болж багаслаа. Одоо өшөө багасгах хэрэгтэй байна. Өндөр хөгжилтэй орны эрт илрүүлэг 80-90 хувьтай байдаг. Бид хожуу үеэ 80 хувьтай бус эрт илрүүлгээ энэ орнууд шиг 80-90 хувь болгох чухал байна. Хорт хавдартай тэмцэх нь ганц эмнэлгийн ажил биш, бүх улсын үйл хэрэг юм. Бүгд хамтдаа бие биенээ дэмжиж, хянаж оношилгоондоо орж байж бууруулна.
-Ярилцлагаа ‘Дэлхийн монгол” булангийн уламжлалт асуултаар үргэлжлүүлье. Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ. Мөн ямар зарчмыг баримтлан ажилладаг вэ?
-Төлөвлөлт чухал. Япон багш нараасаа аливаа ажлыг төлөвлөх гэж юу болох талаар маш сайн сурсан. Төлөвлөлт сайтай ажил цаг ихээр шаардахгүй. Сайн төлөвлөлт бэлтгэл гэдэг өөрөө цаг хэмнэх зүйл арга юм. Иймээс долоо хоногийн ажлуудаа төлөвлөж, бэлтгэлээ ханган ажиллаарай.
Миний хувьд аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийхийг баримтлан ажилладаг. Ингэснээр ажлын бүтээмж болон үр дүн мэдээж эерэг байдаг.
-Таны хувьд эрүүл амьдралын хэв маяг болон бусад зүйлс дээр залуу, хойч үедээ хандан юу гэж зөвлөх вэ?
-Дасгал хөдөлгөөнийг амьдралын нэг хэвшлээ болгож яваарай. Аль болох алхахыг хичээх хэрэгтэй. Энэ бол эрүүл амьдралын хэв маяг юм. Түүнчлэн өөрийн хүсэж, зориглож яваа зүйлээ хийгээрэй. Хэн нэгний аясаар, шахалтаар бүү хувирч, хийсч амьдраарай. Дургүйд хүчгүй гэгчээр дургүй зүйлээ хийгээд байвал ажлын бүтээмж багасч, стресс хуримтлагдана. Энэ нь эргээд өвчин болж, эрүүл мэндэд чинь нөлөөлнө. Өөрөө өөртөө үнэнч байж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой хөдлөөрэй. Сэтгэл өөдрөг, эерэг бодолтой явахад аяндаа ажил үйлс бүтэх болно. Олон зүйлийг зөвлөж болох ч миний хувьд үүнийг захиж хэлэхийг хүсч байна.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Анагаах ухааны салбарт 30 жил суралцаж, ажиллаж яваа хүний хувьд өөрийн мэргэжил талаас эх орондоо дорвитой хувь нэмэр оруулахыг хүсч байна. Залуу үеэ бэлтгэхийг, цааш цаашдын хүсэл мөрөөдөлд нь гүүр болохыг зорин явж байна.
Аливаа улс орныг хөгжүүлэхэд аль ч салбарын судалгаа, шинжилгээ чухал үүрэгтэй байдаг. Иймээс эрүүл мэндийн салбарынхан, судлаач, багш, хамтран ажиллагсадтайгаа нэгдэн Монгол Улсдаа хавдрын талаарх судалгааны хөгжилд, хорт хавдрын тохиолдлыг бууруулан, эмчилгээний үр дүн өндөр хөгжилтэй орных шиг болоход хувь нэмрээ оруулж ажиллаж хүсэл мөрөөдөлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн