Open iToim app
Боловсрол | 5 мин уншина

Т.Түмэнжаргал: Үдийн цай хөтөлбөрийг сургууль өөрөө хариуцдаг болно

Т.Түмэнжаргал: Үдийн цай хөтөлбөрийг сургууль өөрөө хариуцдаг болно
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 2
БШУЯ-ны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн Хэлтсийн дарга Т.Түмэнжаргалаас үдийн цай хөтөлбөртэй холбоотой зарим асуудлуудыг тодрууллаа.
-Энэ жилийн тухайд үдийн цай хөтөлбөрийн төсөв нэмэгдсэн үү?
-2019 оны сүүлээр Засгийн газрын тогтоол гарч үдийн цайны зардлыг 900 төгрөг болгосон байгаа. Тийм учраас энэ сарын 1-ээс эхлэн үдийн цайны зардал 900 төгрөгөөр тооцогдоно. Цар тахлын энэ үед хичээллэх цаг богино байгаа хэдий ч бид үдийн цайгаа үргэлжлүүлэн хүүхдийн дархлааг дэмжих хоол хүнсээр үйлчлэх чиглэл өгсөн байгаа. Үдийн цай 15-20 мин үргэлжлэх бөгөөд хоол хүнсний чанар, эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллах ёстой.
-Улсын хэмжээнд түрээсээр үдийн цай хөтөлбөрийг өгч байгаа хэдэн байгууллага байгаа вэ. Үүнийг багасгах боломж байгаа юу?
-Үдийн цай хөтөлбөрийн хоолны мөнгийг засгийн газраас баталж улсын төсөвт суулгаж өгдөг. Үдийн цай хөтөлбөрийг   аж ахуй нэгж  сургуулийн гал тогоог түрээслэх болон сургууль өөрөө хариуцан ажиллуулах гэсэн хоёр хэлбэрээр явагддаг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 112 сургуулийн 122 гал тогоог  аж ахуй нэгж түрээсээр ажиллуулж байгаа.  Зарим сургуулиудын хувьд хоёр гал тогоотой байдаг. Харин түрээсээр ажилладаг хэлбэр нь орон нутагт харьцангуй бага 500 орчим сургуулийн 37 сургууль нь түрээсээр ажиллаж байгаа.  Ерөнхий боловсролын хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль хэрэгжүүлэх хүрээнд төр өөрөө сургуулийн гал тогоогоо ажиллуулдаг болно гэсэн үг.Тэгэхээр цаашдаа үе шаттайгаар эдгээр аж ахуй нэгжүүдийг гаргана. Ер нь бол сургуулийн үдийн цайтай холбоотой гомдлууд маш их гардаг Тухайлбал үдийн цайнд өгч байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй,  хаяг шошгогүй, хүүхдэд ямар ч шим тэжээл өгөхгүй бүтээгдэхүүн байдаг зэрэг. Өмнө жилүүдэд ч сургууль дээр хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдварүүд хэд хэдэн удаа гарсан. Тэгэхээр төр засгаас хэрэгжүүлж байгаа үдийн цайны үйлчилгээний чанарыг сайжруулах, өргөжүүлэх,  хүүхдийн нас биений онцлогт тохирсон шим тэжээллэг хоол хүнсээр хангах, тэдний эрүүл мэндийг хамгаалах дэмжих зорилгоор Үдийн цайг үдийн хоол болгох  зорилго тавиад ажиллаж байна. Хуулийн хүрээнд бэлтгэл ажлыг хангуулах чиглэлээр хүний нөөц бэлтгэх, чадавхжуулах,  сургуулийн гал тогоог стандартын шаардлага хангуулах,   хүнсний хангамжийн асуудлыг шийдэх, сурагчдад эрүүл мэндийн хичээлээр дамжуулан хоол шим тэжээлийн боловсрол олгох гэсэн томоохон зорилтууд байгаа.Энэ хууль есдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлж байгаа ч 2021 оны есдүгээр сарын 1 гэхэд бид бага анги буюу 1-5 дугаар ангийг бүрэн үдийн хоолны үйлчилгээнд хамруулна. Үдийн хоол, үдийн цай хоёрын ялгаа нь хоногт авч байгаа илчлэгийн хэмжээгээр өөр байдаг. Үдийн цайгаар өдөрт авах илчлэгийн 10-15 хувийг авч байгаа бол, үдийн хоол нь 30-35 хувийг авдаг.
-Түрээсээр ажиллах аж ахуй нэгжүүдийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ. Иргэд энэ асуудалд их шүүмжлэлтэй ханддаг шүү дээ?
- Нийслэлийн Засаг даргын харъяа  Нийслэлийн өмчийн харилцааны газраас тендер зарлаж сонгон шалгаруулдаг. Ингээд сонгогдсон аж ахуй нэгж,  сургууль, нийслэлийн өмчийн харилцааны газар гэсэн гурвалсан гэрээ байгуулж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ сонгон шалгаруулалт болон түрээсийн гэрээ байгуулсан аж ахуй нэгжийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах чиглэлийг манай яамны зүгээс өгөөд байгаа. Ялангуяа ганц сургууль ч биш цэцэрлэгийн хоол хүнсний хангамжийн асуудалд онцгойлон анхаарах ёстой.
-900 төгрөгийн үдийн цайгаар хүүхэд авах ёстой шим тэжээлээ авч чадна гэж бодож байна уу. Энэ үнийг нэмэх тал дээр ажиллаж байгаа юу?
-Үдийн цайны хувьд 900 төгрөг бол  боломжтой. Хамгийн гол нь  эрүүл аюулгүй шим тэжээллэг хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг сонгож, зөв  орц  хэмжээг барих ёстой. 900 төгрөгтөө багтаагаад халуун хоол өгч байгаа сургуулиуд байгаа. Хичээлийн таван өдөр нь хоол өгөх боломжгүй ч тэд хоёр өдөр нь хоол, гурав өдөрт нь бэлэн бүтээгдэхүүн өгч байгаа гээд янз янз байгаа. Тэгэхдээ орц норм, илчлэгийн хэмжээ нь бага байгаа учраас бид үдийн хоол хөтөлбөрийг  хэрэгжүүлнэ. Үдийн хоол хөтөлбөрийг оруулснаар өдөрт авах ёстой илчлэг, хэмжээ  нэмэгдэх тул үнэ нэмэгдэнэ. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүүхдийн хоолны мөнгийг хоёр дахин нэмэгдүүлэх талаар тусгагдсан байгаа. Тиймээс үдийн хоолны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Хэдээр нэмэгдүүлэх талаар тооцоо судалгааг хийж байгаа. Тэгэхдээ бид огцом нэмж чадахгүй  үе шаттайгаар нэмэгдүүлнэ.  Цаашдаа ер нь  эцэг эх асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг ч судална.
-Үдийн цай хөтөлбөрийг сайжруулахын тулд зөвхөн улсын төсөв гэхээс илүү гадаадаас хөрөнгө мөнгөний тусламж авч болох уу. Энэ тал дээр танайх ямар бодлого хэрэгжүүлж ажиллаж байна вэ?
-Цар тахлын энэ үед улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа тул бид улсын төсөв гэж харахаас илүү гадаадын “Койко”, “Жайка”, “НҮБ-ын хөгжлийн сан” гэх мэт ОУ-ын байгууллагуудтай хамтарч ажиллахаар ярилцаж байна. Тухайлбал Япон улсын “Жайка” ОУ-ын байгууллагатай хамтарсан төсөл 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Харин “Койко” хамтарсан төсөл 2022 оноос хэрэгжиж эхлэх юм. Эдгээр байгууллагуудыг тусламжтайгаар сургуулийн хүүхдийн гал тогооны стандарт сайжирч, хүний нөөц, хүнсний хангамжийн гээд олон асуудлууд шийдэгдээд явна.
-Сургууль бүрт хоол зүйч байх ёстой шүү дээ. Манай улсын хувьд хоол зүй ч хэр хүртээмжтэй байдаг вэ?
-Манай улсын хувьд хоол зүйч маш ховор. Өнөөдрийн байдлаар Манай улсад хоол зүйчийн мэргэжил олгодог зургаан их сургууль байна. Тэдгээр нь маш бага элсэгчтэй. Нийт  төрийн өмчийн 662 сургууль байгаа,  сургууль бүрд хоол зүйч ажиллуулах боломж одоогоор хомс байна.  Тийм учраас  сургуульд ажиллах хоол зүйчийг хүүхдийн тооноос хамааруулж зөв зохион байгуулах шаардлагатай.  Тухайлбал хүүхдийн тоо цөөнтэй хэд хэдэн сургуулиудын дунд нэг байх зэргээр зохицуулалт хийнэ. Хоол зүйч дутмаг байгаа учраас бид хоолны цэсийг гаргаж өгч байгаа. Тухайлбал үдийн хоолны 66 нэр төрлийн цэсийг гаргасан байгаа. Ингэснээр хоол бэлтгэж байгаа тогоочид ч амар, хүүхэд ч авах ёстой шим тэжээлээ хоолоороо авах боломжтой болно.
Төр засаг болон Манай яамны зүгээс хүүхдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж байгаагийн нэг нь Үдийн хоолны хөтөлбөр юм.  Эрүүл хүүхэд эрдэм номонд сайн суралцана. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж байгаа энэ ажилд олон улсын байгууллагууд,  төрийн болон төрийн бус  байгууллагууд байгаа тэдэнтэйгээ хамтарч ажиллаж үр дүнгээ гаргана гэдэгтээ итгэлтэй байгааг хэлмээр байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн