Гурван үеийн гуталчин “Go&Go” брэндийн үүсгэн байгуулагч Д.Дэлгэрмөрөнтэй ярилцлаа. “Go&Go” нь эсгий гутлын брэнд бөгөөд 2018 онд үүсгэн байгуулагдсан юм. Тус брэнд эсгий гутлыг зөвхөн гэрт өмсдөг гэх хандлагыг халж, өдөр тутамдаа өмсөх орчин үеийн хэв маягийг оруулж иржээ.
-“Go&Go” брэнд загварлаг өдөр тутамдаа өмсөх боломжтой эсгий гутлуудыг урладаг. Яагаад эсгий гутал хийх болсон вэ?
-Өвөө, аав хоёр минь хоёулаа гуталчин хүн байсан учраас надад гутал маш дотно байдаг. Тиймээс гутлын бизнесээ эхлүүлсэн. Гутлыг маш олон төлийн материалаар хийж болдог. Тэр дундаа эсгий бол гутал хийхэд хамгийн тохиромжтой материал. Хүний хөлийн ул бол мэдрэлийн бүх цэгүүд байдаг хүний биеийн чухал хэсэг. Тийм учраас хөлийн ул дулаахан, хуурай байх ёстой. Тэгж байж хүн эрүүл байж чадна.
-Эсгий гутал хийж байгаа маш олон брэндүүд байгаа. Танайх тэдгээр брэндүүдээс юугаараа онцлог вэ?
-Манай брэндийн хувьд өнгө загвараараа тэдгээр брэндээс ялгарч чадна. Түүнчлэн эсгий гутлыг арчилж, цэвэрлэхэд маш хэцүү, угаахаар агших гээд байдаг шүү дээ. Тэгвэл манай гутлыг энгийн угаалгын машинд угааж болдгоороо бусад брэндээс онцлог. Угаасны дараа өнгө будаг хоорондоо холилдохгүй.
Манайх эсгүүрийн эсгий гутал. Бусад брэндийн хувьд гутлаа хэсэг хэсгээр нь нь эсгэдэггүй битүү аргаар агшааж хийдэг. Харин бидний ашиглаж байгаа эсгүүрийн арга нь арьсан гутлыг ямар аргаар хийдэг, яг түүн шиг бүх хэсгийг нь тус тусад нь эсгэж, холбож хийдэг юм.
-Эсгийгээ хэрхэн өнгөнд оруулдаг вэ. Энэ нь хүний эрүүл мэндэд хэр ээлтэй вэ?
-Бид эсгийгээ зөвхөн усаар агшаадаг. Өөрөөр хэлбэл, саван, химийн бодис ашигладаггүй зөвхөн ус ашигладаг. Өнгө будгийн хувьд зориулалтын ноос ноолуурын будгаар буддаг. Будгийг бэхжүүлэхийн тулд хүнсний лимоны хүчлийг ашигладаг байгаа. Ийм учир хүний эрүүл мэндэд янз бүрийн сөрөг нөлөө үзүүлэхгүй.
-Танайх хэдэн нэр төрлийн гутлыг хийж гаргадаг вэ?
-Загварын хувьд таван төрлийн загвараар хийдэг. Өнгөний сонголт бол чөлөөтэй хүссэн өнгөөр нь хийж өгдөг. Чимэглэл, зургийг нь мөн адил тухайн хүний хүссэнээр хийж өгдөг.
-Гутлаа 100 хувь гараар хийдэг үү?
-Бид 100 хувь гараар оёдог. Материалаа бэлдэхээс эхлээд бүтэн гутал болох хүртэл ямар ч техник, оёдлын машин ашигладаггүй. Бүх зүйлийг нь гар аргаар хийдэг. Тийм учраас чанартай, эдэлгээ даах чанар өндөр. Бид хийж байгаа гутландаа 2-3 жилийн баталгаа өгч чадна. Эсгий нь нимгэрээд амархан цоорох гээд байдаг ч манай хийж байгаа эсгий нягтаршил маш сайн учир цоорохгүй.
-Эсгийн гутлын давуу тал нь юу байдаг вэ. Хүн эсгийн гутлыг яагаад худалдаж авах ёстой вэ?
-Арьсан гутлыг бодвол эсгийн гутал нь огт чийг татдаггүй. Ноос нь амьд шинж чанартай бүтээгдэхүүн учраас халуун, дулааны температурыг өөрөө зохицуулж өгдөг. Тийм учраас эрүүл мэндэд маш ээлтэй. Эсгийн гутлыг өмссөн байхад үнэхээр тав тухыг мэдэрч чадна.
-Бид саяхныг хүртэл эсгийн гутлыг гэрт өмсдөг гэрийн гутал гэж боддог байсан. Гэтэл одоо эсгий гутлыг өдөр тутамдаа өсч хэвшиж байна. Брэндээ анх үүсгэн байгуулж байхад гутлын эрэлт хэр байсан, одоо ямар болсон вэ?
-Эсгий гэхээр хүмүүс гэрийн углааш гэж бодоод байдаг. Энэ бодол болоод хэв маягийг өөрчилж эсгий гутлыг өдөр тутамдаа өмсч болдог гэдгийг ойлгуулахын тулд гутлынхаа өнгө загвар дээр их анхаарч ирсэн. Эрэлтийн хувьд мэдээж анх нээгдэж байх үед хүмүүс төдийлөн сайн мэддэггүй байсан болохоор муу байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам эсгий гутлыг сонирхож, худалдан авах хүсэлтэй залуус их болсон. Ихэнхдээ залуучууд худалдан авалт хийж байгаа учраас эсгийн гутлын хэрэглээ улам ихэснэ гэж харж байгаа.
-Анх брэндээ үүсгэн байгуулж байхад хүндрэл бэрхшээл байсан уу. Одоо “Go&Go” брэндийн үйлдвэрлэлд хэдэн хүн ажилладаг вэ?
-Одоогийн байдлаар зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мэдээж аливаа зүйлийг эхлүүлэхэд хүндрэл бэрхшээлүүд их гарна. Манай брэндийн хувьд ч мөн адил санхүүгийн хувьд хүндрэл бэрхшээл их гарсан. Тухайн үед төслөө бариад тусламж дэмжлэг авахын тулд их явсны үр дүнд 2019 онд ЖДҮ-ийн гурван хувийн хүүтэй зээл авсан. Төр засгийн дэмжлэгийг авч чадсандаа баярладаг. Шантрах зүйл их гардаг байсан ч оролдсоор байгаад түүнийгээ даван гарсан. Шинэ бизнесээ эхлүүлэх гэж байгаа залуустаа хандаж хэлэхэд, хүндрэл бэрхшээл гарна, тэр бүрд шантарч болохгүй тууштай, уйгагүй бай. Өнөөдөр болохгүй байна гээд маргааш хаяж хэзээ ч болохгүй.
-Түүхий идээ хаанаас авдаг вэ. Эсгийний олдоц хэр байна вэ?
-Дотоодын үйлдвэрүүд сүүлийн үед ноосоо угаагаад самнадаг болсон. Тэдгээр үйлдвэрүүдээс түүхий идээ худалдан авдаг. Ноосны олдцын хувьд ер нь ховордоно гэсэн зүйл байдаггүй жилийн дөрвөн улиралд зарагдаж байдаг.
-Цаашдын зорилго тань юу вэ?
-Үйлдвэрлэлээ өргөжүүлж дотоодын зах зээлдээ нэр хүндтэй тодорхой орон зайтай брэнд болгохын төлөө ажиллаж байна. Цаашлаад гадны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж худалдаалахыг хүсдэг.
-Гадны зах зээлд гарахад хэр боломжтой гэж харж байгаа вэ?
-Эсгийн гутал бол тав тух. Гаднын зах зээлд зарагдаж байгаа эсгий гутлуудыг харж байхад битүү аргаар хийсэн зүгээр нэг гутлууд байдаг. Манайх шиг эсгүүрийн эсгий гутал төдийлөн байдаггүй учраас гарах бүрэн боломжтой гэж хардаг.