Өнөөгийн залуус номтой өөрийгөө холбож, заавал унших ёстой, сонин содон, гэхдээ мэдлэг өгөх зөв номоо олж уншихад ихээхэн анхаарал хандуулдаг болжээ. Номонд дурлагч залууст зориулан номын дэлгүүрүүдэд ажиглалт хийж, сүүлийн үедзалуусын сонгон унших болсон 10 номыг танилцуулж байна. Эдгээр номыг уншиж, үеийн найз нөхөдтэйгөө уншсан зүйлээ хуваалцаж, санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлээрэй.
Номонд дурласан залуус зохиолч Жожо Мойесыг “Чамтай учрахаас өмнө”, “Чамтай учирсны дараа” зохиолоор андахгүй байх. Тэгвэл энэ удаад Болор судар хэвлэлийн компани тус зохиолчийн “Тэр л би” хэмээх номыг орчуулан уншигч таны гарт хүргэж байна. Уг зохиолоос өөрийн таньж, олж мэдсэн цагтаа өөрийнхөөрөө байх байр суурь, хэвшлийг олж мэдэх юм.
Англи хэл сурах дөхөмтэй аргыг эрж хайж, мэдлэг, чадвараа дээшлүүлэхийг эрмэлздэг залуус маань зохиолч Р.Мөнхтэгшийн бичсэн "Цагт 100 англи үг цээжлэх нууц", "Одоо англи үг цээжлэхгүй байхыг чинь харна аа" номыг сонирхон судалж байсан билээ. Тэгвэл энэ удаад зохиолч “Бөөсний дүрэм” номоо гаргаад удаагүй байгаа бөгөөд залуус ч түүний номыг хараад өнгөрсөнгүй бололтой. Уг номонд англи хэл сурахад хамгийн дөт арга замуудыг дурдсан байгаа бөгөөд итгэл, эссэ, сургалтын тэтгэлгийн ярилцлагад ороход хэрэг болохуйц өгүүлбэрүүдийг энгийн ойлгомжтой аргаар тайлбарласан байна.
3. Хадгаламж өлсөхөөс эхэлнэ-6 дансны арга
Хэдийгээр залуучууд сурч боловсорч, мэдлэг мэдээлэл олж авахдаа ихээхэн анхаарах ёстой ч сурахын хажуугаар ажиллах оюутнууд ч цөөнгүй болсон. Тэдгээр залуус хөлс, хөдөлмөрөөрөө олсон мөнгөө хадгалж, хэрэгтэй ашигтай зүйлд зарцуулах аргад сурахцах болжээ. Тийм ч учраас Г.Мөнгөний номыг шимтэн уншиж, санхүүгийн хүндрэлээс гарах, өөртөө баялаг бүтээх, эрүүл, зөв амьдрах дадал зуршлийг ч энэхүү номноос мэдэж авах боломжтой юм.
4. Би энгийн амьдралыг сонгосон
Минималист амьдралын хэв маягийн тухай сонсоогүй залуу байхгүй биз. Уг номын зохиолч Фүмио Сасаки бол жирийн нэг япон залуу. Тэрээр нэг л мэдэхэд овоорсон их эд хогшлын дунд өөрийгөө гээж, ямар ч баясалгүй, бусадтай ч хэрхэн харилцахаа мэдэхээ больжээ. Харин тэр миниммализмын тухай судалж, хэрэгцээгүй бүх зүйлээ хаясанаар, чөлөөт цаг ихтэй, ажилдаа амжилттай, илүүдэл жингээ ч хаяж чадсан аз жаргалтай нэгэн болж хувирсан тухай өгүүлэх аж. Монголчуудын бусдаас дутахгүй амьдрах гэсэн шуналтай, атаархуу хэвшлийг үгүй хийж, амьдрал материаллаг эд зүйлсийн илүүдэлд ордгийг харуулж, жинхэнэ минимализм гэж юу болох, амьдралд хэрхэн аз жаргал авчирдаг, зөвлөгөө, аргачлалыг танилцуулсан бүтээлийг “Z” үеийнхэн маань уншихгүй өнгөрсөнгүй ээ.
Япон хүмүүс Икигайд чин сэтгэлээсээ итгэдэг бөгөөд өглөөд орноосоо босох гол шалтгаан гэж үздэг байна. Хүсэл тэмүүллээ бадрааж, сэтгэл амгалан амьдрахын тулд өөрийн икигайг хэрхэн нээх аргыг энэхүү номд өгүүлнэ. Икигай нь танд саад тотгорыг даван туулахад тусалж, амьдралын тань зорилгыг таниулах бөгөөд үнэнч нөхөрлөлийг үүсгэн, хүсэл мөрөөдлийнхөө араас өөрийгөө бүрэн зориулахад сургах болно. Тэгвэл тэрхүү Икигай гэж юу болохыг энэхүү номоос олж мэдээрэй.
Энэхүү номыг сонсоогүй хүн байхгүй бөгөөд яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн урам бүтээлүүдийг тэсэн ядан хүлээдэг хүмүүс ч цөөнгүй. Тэгвэл залуучууд уг номыг заавал унших номын тоондоо оруулж, одоог хүртэл худалдан авалт тасрахгүй байгааг номын дэлгүүрүүдийн худалдагч ч онцолж байв. Уг бүтээл нь зохиолч өөрт тохиолдсон явдлуудаас ургуулан хувь чанарынхаа төлөвшил, уран зохиолыг хэрхэн ойлгож авснаа уншигчидтай хуваалцсан аж. Буурьтай санаа, дотоод ертөнцийн онцлогоор халгиж цалгин буй энэ эсээнүүдийн эзэн өөрийн тухай би өөр нэгний тухай л хүүрнэж буй мэтээр зоримог, шуудхан бичсэнийг олж харах болно. Зохиолч хүний уран сэтгэмжээр баяжиж, яруу найрагч хүний зүрхээр дамжин бидэнд ирж буй дээрх түүхүүдээ ямагт “чин сэтгэл” мэдрэгдэж байгаад уг номын үнэ цэнэ оршино. Тийм ч учраас дахин хэвлэгдэж, олны таашаалд хүрч байгаа биз.
Гудамжинд тааралдсан төрөлхийн нүүрний гажигтай бяцхан охиноос анх санаа авч бичсэн “Гайхамшиг” зохиол дэлхийн сая, сая уншигчдын зүрх сэтгэлийг хөдөлгөж чадсан үнэхээр алдартай бүтээл болсон юм. Хүүхдийн цайлган сэтгэл, инээд хөөр, уйтгар гунигийг энгийн хэрнээ гайхалтай сэтгэл хөдөлгөм үйл явдлуудаар дүрслэн өгүүлсэн энэхүү номыг уншсан хэн бүхний ертөнцийг үзэх үзэл, гэр бүл, эцэг, эх, үр хүүхдийнхээ талаар боддог бодол сэтгэгдэл өөрчлөгдөх болно. Залуу уншигч та “Гайхамшиг” номын гайхамшгаар аялж, өөрийн харах өнцгөө өөрчлөөрэй.
8. Миний сайн мэдэх зүйлс
Опра Уинфригийн энэхүү номд чин сэтгэлээс бичсэн, сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй, урам зоригийг сэргээх үгс уншигчдыг дахин дахин татах амьдралын бодит үнэнээр дүүрэн ажээ. Зохиолчийн тухай дэлгэрүүлбэл, бүтээлч хүч, хүний зүрх сэтгэлийг сонсон суралцагч, хүсэл мөрөөдөлдөө хүрч амьдрахын үлгэр жишээ гэдгээр Опра Уинфритэй эн зэрэгцэх нь үгүй. Өнгөрсөн хугацаанд тэрээр энэ төрлийн нэвтрүүлгүүд дотроос хамгийн өндөр рейтинг бүхий ток шоу бүтээж, өөрийн гэсэн телевизийн сувгийг нээн Америкийн цорын ганц хар арьст тэрбумтан болсон ба Харвардын их сургуулийн хүндэт диплом болон АНУ-ын ерөнхийлөгчөөс Эрх Чөлөөний одонгоор шагнагдаж байжээ. Тэрээр өөрийн туулж өнгөрүүлсэн бүхнээс амьдралын сургамжийгг түүсээр ирсэн бөгөөд түүнийгээ 14 жилийн турш "О, Опрагийн сэтгүүл"-ийн алдарт "Миний сайн мэдэх зүйлс" хэмээх сар тутмын урам зориг, ухаарлын буланд олон нийттэй хуваалцсаар иржээ. Баяр баясгалан, харилцаа холбоо, талархал, боломж, бишрэл, ил тод байдал, хүч чадал зэрэг сэдэвт бүлгүүдийг агуулсан энэ номдоо Опра амьдралын хором мөч бүрийг хэрхэн зөв зүйтэй өнгөрүүлж, өдөр тутмын амьдралаасаа баяр баяслыг хэрхэн хүртэж байх вэ гэдгийг өөрийн туулсан амьдрал, ойлгож мэдсэн зүйлсээр жишээлэн бичсэн байна.
9. Сингапурын хөгжлийн нууц
Сингапур улс, тэр дундаа Сингапурын гайхамшгийн эцэг гэгддэг Лин Куан Ю хэмээх эрхэмтэй монголчууд бид хожуу танилцсан гэж хэлж болно. Тэр чухам ямар гайхамшгийг хэрхэн бүтээгээд, түүнийг нь дэлхий нийт юуны учир шагших болов. Томоохон улс төрийн зүтгэлтнүүд Ли Куан Ю хэмээх энэ эрхмийн алсын хараатай бодлого, хөгжлийн арга замыг тусгасан уг номыг бишрэн сайшааж буйгаа хэлсэн нь бий. Залуучууд уг номыг уншиж байгаа нь манай улс орны ирээдүй хөгжил цэцэглэлтээр дүүрэн байх мэт санагдана. Бусад залуусын унших номын сонголтод багтсан уг номыг унших нь эх орноо хөгжүүлэх сэдэл, санаанд ихээхэн тус болох буй за.
Уг номын анхны хэвшил нь хувь хүний хэвшилд нөлөөлөх гайхалтай бүтээл болсныг хүн бүр мэдэх биз. Тэгвэл дараа дараагийн цувралуудад ч номонд дурлагч залуу таныг хөгжүүлэх олон зүйл багтжээ. Тухайлбал, өглөөний гайхамшиг оюутан номд Натали Жанжи нь Калифорни мужийн Лос Анжелес хотын Лойла Мэрмаунт их сургуулийг химийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд бусдыг амжилтад хүргэх хүсэл сонирхолтой нэгэн байж. Тэрээр оюутны амьдралын сорилтыг биеэр туулсны хувьд “Өглөөний гайхамшиг оюутан” номоороо оюутан, залуустаа туйлын амжилтад хүрэх, зорилгоо биелүүлэх боломжийг олгоно.