“COVID-19” халдвараас шалтгаалж, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа зогссоноор нийслэлчүүд хагас жилийн хугацаанд түгжрэлийг мартчихсан байлаа. Харин ирэх долоо хоногт хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан замын ачаалал эрс нэмэгдэж байна. Нэг гэрлэн дохиогоор нэвтэрч, дараагийн уулзвар руу явах хүртэл гурваас дөрвөн удаа улаан гэрлээр “таслагдаж”, нэг гэрлэн дохион дээр 20-30 минут зогсож байна. Ингэж явсаар ажилдаа явах, гэртээ харихад хамгийн багадаа 1-2 цаг түгжирч байна.
Бид олон жил ярьсан агаарын бохирдлын асуудлыг шийдэж чадсан. Гэвч замын түгжрэл одоо ч хэвээрээ байна. Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас карантин тогтоосон хугацаанд буюу дөрөвдүгээр сард авто зогсоолуудыг нэгдсэн системд оруулах замаар түгжрэлийг бууруулах боломжтойг танилцуулж байсан. Тиймээс бид хичээл эхлэхээс өмнө авто замын түгжрэлийг бууруулах ямар арга хэмжээ авах гэж байгаа тухай болон зогсоолын нэгдсэн системийн тухай Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Чинзоригосс тодрууллаа.
-Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын ачаалал эрс нэмэгдлээ. Замын хөдөлгөөн зохицуулалтын газраас түгжрэлийг бууруулах чиглэлд ямар арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна вэ?
-Манай байгууллагаас түгжрэлийн эсрэг хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна. Нэгд, дугаарын хязгаарлалт. Нийслэлд өдөрт 560 орчим мянган машин оролцдог. Дугаарын хязгаарлалтаар тэдгээр машины 20 хувь буюу 120 орчим мянга нь хөдөлгөөнд оролцохгүй байх боломжтой юм. Ийнхүү 440 орчим машин 15 км цагийн дундаж хурдтай хөдөлгөөнд оролцож байна. Гэхдээ дугаарын хязгаарлалтаар түгжрэлгүй болох боломжгүй. Учир нь нийслэлд өдөрт дунджаар 300 мянга орчим машин хөдөлгөөнд оролцож байж, түгжрэлгүйгээр, 35-40 км цагийн хурдтай явах боломжтой юм. Тэгэхээр нийслэлд бүртгэлтэй авто машины 50 хувь нь хөдөлгөөнд оролцохгүй байж, түгжрэлгүй явна гэсэн тооцоолол байна. Гэхдээ дугаарын хязгаарлалтгүй бол авто зам одоо байгаагаас хэд дахин их ачаалалтай байх учир өмнө жилээс бүсчлэлд өөрчлөлт оруулсан байгаа. Тодруулбал, өмнө өвөл, зуны улирлаар дугаарын хязгаарлалт үйлчилдэг байсан бол одооноос багасгасан тойргоор явна. Саппорогийн тойрог, 32-ын тойрог, Чулуун овоо, Тэмээтийн хөшөө, Дүнжингарав, ТЭЦ-4-ийн уулзвар дотор дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тэгээд өмнө жилийн адил улсын дугаарын сүүлийн оронгоор дугаарын хязгаарлалт хэрэгжиж, амралтын өдөр хязгаарлалтгүй явах хэвээрээ байгаа.
Хоёрт, авто машины зогсоолын асуудлыг шийдвэрлэснээр түгжрэлд эерэг нөлөө авчирна гэж үзэж байгаа. Нийслэлийн хэмжээнд 150 орчим байрлалд 12 мянга орчим машины зогсоол байдаг. Эдгээрийг хувийн болон улсын байгууллага ажиллуулдаг. Тиймээс бид зогсоолын нэгдсэн стандартыг бий болгосноор 250 орчим байршилд 26-27 мянган машин зогсох боломжтой болгохоор болсон. Албан байгууллагын ажилчид зогсоол дээрээ машинаа тавихаар үйлчлүүлж буй хүмүүс нь зогсоолгүй болж, зогсоол хайж түгжрэлд сөргөөр нөлөөлдөг байдлыг “халах”-аар болсон байгаа.
Гуравт, энэ жил 7-8 уулзварт зүүн эргэлтийг хориглосон байгаа. Жишээ нь, Гадаад хэргийн яамны баруун уулзварт зүүнээс баруун чиглэлд 27 секундэд тавхан машин эргэдэг байсан. Тиймээс зүүн эргэлтийг хориглосноор 27 секундийг бусад урсгалаас ирж байгаа авто машинд зарцуулж, таван машин нэвтэрдэг уулзвараар 40 машин явах давуу талыг бий болгосон байна.
Дөрөвт, орон сууцны дундын замд нэгдүгээр эгнээнд машинаа тавьдаг. Ингэхэд хоёр талаас ирж буй машин гарах боломжгүй болж, үндсэн замд нөлөөлөхүйц түгжрэл үүсэх нь бий. Тиймээс нэг чигийн урсгалтай болгож байгаа. Орон сууцны хорооллууд зогсоол муу байдаг учраас нэг эгнээнд нь машинаа тавиад нөгөө эгнээгээр нь нэг чигт зорчих боломжоор хангаж байгаа юм.
-Хотыг А, В, С бүсэд хувааж, С-ээс А руу зорчихдоо В хэсэгт машинаа байрлуулах байдлаар зорчдог болгоно гэж Нийслэлийн удирдлагууд ярьж байна. Энэ хэрэгжих боломжтой юм уу?
-Сая би зогсоолын нэгдсэн системийг ярьсан. Үүнтэй уялдуулан хотыг гурван бүсэд хувааж, нэгдүгээр бүс буюу бага тойруу хэсэгт хоёроос дээшгүй цагаар автомашины байрлуулаад хөдөлгөх ёстой болгосон. Хоёрдугаар бүсэд цагийн хязгаарлалт байхгүй ч, төлбөрийн системээрээ зохицуулагдана. Ер нь нийт зогсоолоо улсын өмч болгож, нэгдсэн төлбөрийн системтэй болгосноор байгууллагын эзэн, ажилчид машинаа хүссэн цагтаа тавьж, авах боломжгүй болж байгаа юм. Иргэдийнхээ ая тухтай байдлыг харгалзаж үзэж, энэхүү шийдвэрийг гаргасан байгаа. Тэгэхээр нэгдүгээр бүсэд хоёр цагаас дээш машин тавих боломжгүй болохоор уг бүсэд орж ирэх машины тоо ч багасна гэсэн үг.
-Замын цагдаа нарын тоог нэмэх үү. Иргэд цагдаа нар зогсохоор түгжрэл нэмэгддэг гэсэн шүүмжлэлийг хэлдэг шүү дээ?
-Нийслэлд түгжрэл үүсгэж буй гол хүчин зүйл нь жолооч нарын хариуцлага, хоорондын зайгаа барьдаггүй, гэрлэн дохион дээр утсаа оролдож, өөр зүйлд сатаарснаар секундээр хэмжигддэг замын хөдөлгөөний цагийг алдаатай болгож байгаа юм. Мөн сүүлийн эгнээнд зогсож байгаад, урсгал хааж зогсдог гэх зэрэг иргэдийн хариуцлагагүй байдал ихээхэн нөлөөлж байна. Түүнчлэн нийслэлийн дөрвөн байршилд төмөр замын огтлолцол байдаг нь ч түгжрэлийн шалтгаанд тооцогддог. Энэ мэт түгжрэл нөлөөлж буй асуудлыг шийдчихвэл замын цагдаагийн бүрэлдэхүүнийг нэмэх шаардлага байхгүй.