Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Ө.Ганзориг: Манай баячуудын топ таван хувь нь Монголын нийт баялгийн 90 хувийг эзэмшдэг

Ө.Ганзориг: Манай баячуудын топ таван хувь нь Монголын нийт баялгийн 90 хувийг эзэмшдэг
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 5
Монголын банк санхүүгийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай эрхмүүд нэгдэж, “Тэтгэврийн реформ” хөдөлгөөнийг санаачлан эхлүүлээд байгаа. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад хуримтлалын бус хуваарилалтын тогтолцоо хамгийн сайн хөгжсөн гэж болно. Мэдээлэлд, эрх мэдэлд ойр хэсэг нь ард түмнийхээ багахан хуримтлалыг өөртөө ашигтайгаар шийдэж, хуваарилсаар ирсэн. Иргэд сар бүр цалингаасаа 10 хувийг Нийгмийн даатгалын санд төлж, ирээдүйдээ хуримтлуулдаг. Гэтэл иргэдийн хуримтлалыг өсгөж, арвижуулах ёстой Нийгмийн даатгалын сан өнөөдөр алдагдалтай, эрх баригчдын мөнгө хүүлдэг газар болсон. Тиймээс энэ тогтолцоог өөрчилж, хувийн тэтгэврийн сангуудыг олноор байгуулж, тус сан нь иргэдийн мөнгийг өсгөдөг, эргээд тэтгэвэрт гарахад нь ядаж л авч байгаа цалинтай нь дүйцэхүйц тэтгэвэр тогтоолгох боломжийг бий болгох нь тэтгэврийн реформын зорилго чиглэж буй.
Энэхүү хөдөлгөөнийг санаачлагчдын нэг эдийн засагч Ө.Ганзориг Монгол Улсад яагаад тэтгэврийн шинэчлэл хийх шаардлага үүссэнийг баялгийн хуваарилалт, тэгш бус байдлаар тайлбарласан юм.
Тэрээр “Монгол Улсад баялгийн шударга бус хуваарилалт, баян хоосны ялгаа гаарсан. Энэ ялгаа улам гүнзгийрэхээр Венесуэл шиг болдог юм. Нийгмийн цөөн хэсэг нь мэдээлэлд ойр, албан тушаалын давуу байдлаа ашиглаж хэт баяждаг, баялгийг өөртөө төвлөрүүлснээс ард түмний бухимдал дээд цэгтээ хүрдэг. Үүнээс болж ард түмэн дектатурыг захиалдаг. Үүнийг соргогоор харсан улстөрчид ард түмний энэхүү эмзэг цэг дээр  популизм хийдэг. Үүний тод жишээ нь мөн л Венесуэл. Энэ асуудлыг Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийнхан, гадаадад эдийн засгийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан 400 орчим хүн анхаарч, түлхүү яримаар байна. Сангийн яам, Монголбанк салбарын мэргэжилтнүүд та бид ярихгүй бол Монгол Улсын өмнө болохгүй нөхцөл ирж байна. Баялгийн хуваарилалтыг хэрхэн хийх вэ гэдэг нь үе үеийн эдийн засгийн философийн асуудал. Хамгийн сүүлд 2013 онд Францын эрдэмтэн баялгийн хуваарилалтын талаар бүтээл гаргасан. Хөгжил өндөртэй улс орнуудын баялгийн хуваарилалтыг олон улсын аргачлалаар хэмжиж үзсэн. Ингэхдээ нийт хүн амын хамгийн баян хэсгийнхээ топ таван хувь нь тухайн улсын нийт баялгийн хэдэн хувийг ээзэмшиж байгааг гаргасан. Яг энэ үзүүлэлтээр тооцоход Швед улсын хамгийн баян хэсгийн топ таван хувь  нь тухайн улсын нийт баялгийн 18 хувийг эзэмшдэг. Энэ нь дэлхийд хамгийн тэнцвэртэй үзүүлэлтдээ ордог. Энэ үзүүлэлт АНУ-д 35 хувь, Испанид 21 хувь, Уругвай улсад 45 хувь байна.
Монгол Улсад энэ талын хэмжих оролдлого хэзээ ч хийж байгаагүй. Харин “Тэтгэврийн реформ” хөдөлгөөнийнхөн Монголбанк, Сангийн яамнаас холбогдох датаг авснаар энэ тооцооллыг хийж үзсэн. Тэгэхэд, манай улсын хамгийн баян хэсгийн топ таван хувь нь Монголын нийт баялгийн 90 хувийг эзэмшиж байна гэж гарсан. Үүнийг бид хадгаламжийн төвлөрлөөр хэмжсэн. Энэ аргачлалаар тооцсон хэмжээ бодит байдлаас хол зөрөхгүй гэж бодож байна.
Гучин жилийн өмнө бүгд тэгш гараанаас эхэлсэн ч өнөөдөр бид дэлхийд байхгүй баян хоосны ялгаатай, баялгийн хэт төвлөрөлтэй улс болсон нь өөрөө “гайхамшигтай” эдийн засгийн бүдрэлт юм. Ард иргэд нь санхүүгийн зах зээл, тэтгэврийн системийн талаар ямар ч ойлголтгүй учраас ийм үр дүнд хүрсэн.
Баялаг гэж юу вэ, хэн баялгийг бүтээдэг вэ
Компани бол баялгийн институт мөн. Баялгийг компаниуд бүтээнэ, компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлээд, зараад байх юм бол орлого өснө. Орлого өссөн нь хадгаламжаар илэрч байна. Өнөөдөр хэн хадгаламжтай байна, баялаг бүтээж байгаа компанийн эзэд л байна шүү дээ. Дэлхийн хөрөнгө оруулагчид болон санхүүчид хөрөнгө оруулахдаа тухайн улс орныг хэр том бэ, хэр баян бэ гэдгээр л хэмждэг. Хэр том бэ гэдгийг ДНБ-ий хэмжээгээр нь хэмжинэ, харин хэр баян бэ гэдгийг нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дүгнэдэг. Монгол Улс дэлхийд ДНБ-ий хэмжээгээрээ 127-д, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ 107-д  орж байна. Өөрөөр хэлбэл, улсаараа ядуу бөгөөд баялгийн хуваарилалт аймшигтай тэгш бус болсныг харуулж байна.
Монголын топ 200 компанийн дөрөв нь хувьцаат компани, үлдсэн 196 нь ХХК буюу нэг хүн, нэг  гэр бүлийн эзэмшлийнх  байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ДНБ-ий 70, 80 хувийг 200 гэр бүл барьж байна. Энэ нь хадгаламжийн төвлөрлөөр нотлогдож, илэрч байгаа. Венесуэлийн загвараар бол яг ийм нөхцөлд компаниудаа төр нь хурааж авсан. Манайх энэ сонголтыг хийвэл социализм руу буцна, дараагийн Венесуэл болно. Маргах юмгүй шүү. Тэгэхээр ийм зам руу орохгүй, явахгүй байхыг эдийн засагчид, мэргэжилтнүүд ард түмэндээ ойлгуулах ёстой юм.
Баялгийн хуваарилалтыг тэгш хийхийн тулд бүтээгдэхүүн үйлдвэрлээд ашиг олж байгаа компаниудын хувьцааг нь ард түмэндээ өгчих хэрэгтэй. Иргэд маань хувьцаа авъя гэхээр мөнгө байхгүй гэдэг. Гэтэл иргэд тэтгэврийн сангаар дамжуулаад компанийн хувьцаа эзэмшигч болох боломжтой. Ард түмний хөрөнгийг санд төвлөрүүлээд мэргэжлийн хүмүүс өмнөөс нь удирдаж, өсгөж байх ёстой. Нэгэнт компани баялаг бүтээдэг учраас компанийн хувьцааг ард эзэмших замаар баялгийн тэгш хуваарилалт хийж, баялагтаа эзэн байя. Бид энэ шинэчлэл рүү улсаараа тэмүүлэх учиртай” гэсэн юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн