Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар мэдээллийг салбарын сайд нь танилцууж, хичээл сургуулийг эхлүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Засгийн газрын хуралдаанд 2021-2020 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх бэлтгэл ажлыг талаарх мэдээллийг танилцуулж, хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг даалгавар авлаа. Ерөнхийдөө хичээл сургууль хоёр жил гаруй хугацаанд тасалдал, хоцрогдолтой явж ирлээ. Жишээ нь, 2019 оны хичээлийн шинэ жилд хичээл 75 өдөр танхимаар ороогүй. Нийт хичээлийн жилийн 47 хувь хаалттай, танхимын бусаар хичээллэсэн байна. 2020 онд гэхэд 100-110 хоног хичээллээгүй буюу 62-68 хувьд танхимын хичээл орж чадаагүй. Өнгөрсөн хичээлийн жилд танхимаар хичээллэх боломжийнхоо 60 хувийг алдсан. Энэ хугацаанд цахимаар хичээллэж ирсэн. Гэхдээ энэ нь ганцхан Монголд биш, дэлхийн нийтэд тохиолдсон асуудал юм. НҮБ-аас дэлхийн нийтээр сурлагийн хоцрогдлоос гадна сургуулийн насныхан дунд сэтгэлзүйн хувьд том асуудал үүсч байгааг анхааруулсан байна. Үүнийг нэгэн үеийнхний сүйрэл гэж нэрлэсэн байна.
Манай улсын хувьд ЕБС-ийн сурагчдын дунд хичээлийн хоцрогдол үүссэн. Зөвхөн зурагт, комьпютер, интернэтэд холбогдож чадаагүй 185 мянган хүүхэд байна. Өөр бусад хүчин зүйлийг оролцуулж тооцвол 470-500 мянган хүүхэд хичээлийн бодит хоцрогдолд өртсөн тооцоо судалгаа гарсан. Иймд хичээл сургуулийг эхлүүлэх нь маш чухал болоод байна. Засгийн газраас есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар танхимаар болон танхимын бусаар эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.
Нийт хүн амын 60 хувь вакцинд хамрагдсан байна. Үүн дотроо сургууль, цэцэрлэгийн багш нар, ажилтнуудын 90 хувь вакциндаа бүрэн хамрагдсан байна. Мөн 12-17 насны хүүхдүүдийн 60 хувь вакциндаа хамрагдсан учраас хичээл сургуулийг эхлүүлэх гол үндэслэл болж байна. Дийлэнх хүн амаа вакцинжуулснаар халдварт өртөх эрсдэл буурна гэж харж байна. Гэхдээ эрсдэл бий. Учир нь, вакцинд хамрагдаагүй 0-11 насны хүүхдүүдийн дунд эрсдэл өндөр байгаа учраас энэ насныхандаа онцгой анхаарч явна.
-ЕБС болон 4, 5 насныхны цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс танхимын болон танхимын бус хэлбэрээр оруулахаар болсон. Ингэхдээ тав хоног танхимаар хичээллээд, дараагийн тав хоног танхимын бусаар /цахимаар/ хичээллэх нөхцөлтэйгөөр явна.
-Халдвар бүртгэгдээгүй 28 хоносон ногоон бүсийн газар нутагт 100 хувь танхимаар хичээллэнэ. Харин эрсдэлтэй бүсэд цэцэрлэг, сургуулийг 5/9-ийн бодлого буюу тав хоног танхимаар, тав хоног цахимаар хосолж явна.
-МСҮТ, коллеж, их, дээд сургуулиудын хичээл есдүгээр сарын 1-нд цахимаар эхэлж, 13-наас танхим, цахимаар хосолсон хэлбэрээр явна гэлээ.