"Архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Тус хуулийн төслийн онцлох заалтуудыг танилцуулж байна.
Тус хуулийн төсөлд тусгаснаар:
-Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр батална. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно.
-Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх тусгай зөвшөөрлийг төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр олгоно. Төсөл сонгон шалгаруулах болон үйлдвэрлэлд хяналт тавих журмыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
-Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар, согтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоёр жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тус тус сунгана.
-Аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт болон гар дээрээс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.
-Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно.
-Спиртээс бусад болон 18-37 градусын архи, согтууруулах ундааны литр тутамд 200-300 төгрөгийг архинд донтох өвчинтэй тэмцэх, эмчлэх Засгийн газрын санд оруулна.
-Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлс орлуулахыг хориглоно.
-Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно
-Савлагаанд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулна. Хэт том савлагаатай ч юм уу, жижиг савлагаатай байж болохгүй. 100 граммын савлагаатай архинууд дэлгүүрийн кассан дээр заруулахгүй. Зөвхөн онгоц, галт тэрэг, зочид буудлын хэрэгцээнд зориулж гаргана.
-18-37 хүртэлх градустай архины литр тутамд 200, түүнээс дээш бол 300 төгрөг авах болно. Үүгээр архи согтууруулах ундаатай тэмцэх сан байгуулна.
-18 буюу түүнээс дээш хувийн спиртийн агууламжтай согтууруулах ундааг 0.33 граммаас нэг литрийн хэмжээгээр савлаж зарна
Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно. Үүнд,
-Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;
-Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр;
-Хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар;
-Оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр;
-Орон сууцны орц, хонгил;
-Гудамж, талбай, цэцэрлэг;
-Галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
-Нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт
Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
-Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
-Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.