Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Б.Мөнхтуяа: Хүүхдээ буруу хөхүүлснээс хөхний товч хагарч, үрэвсдэг

Б.Мөнхтуяа: Хүүхдээ буруу хөхүүлснээс хөхний товч хагарч, үрэвсдэг
Нийтэлсэн 2018 оны 4 сарын 13
Хөхний өвчлөлийн талаар Хөхний эрүүл мэндийн төвийн дүрс оношилгооны эмч Б.Мөнхтуяатай ярилцлаа.   
-Эмэгтэйчүүдийн дунд хөхний өвчлөл чухал асуудлын нэг байдаг. Ялангуяа төрсний дараахь хөхний үрэвслээр өвчлөх нь нэмэгдэж байгааг эмч нар хэлдэг. Тэгэхээр хөхний үрэвсэл үүсэх гол шалтгаан нь юу вэ?  
-Мастит буюу хөхний идээт үрэвслийн 90 хувь нь төрсний дараахь хөхүүл үед тохиолддог. Үүний нөхцөлдүүлэгч хүчин зүйлсэд хөхний толгой хагарах, сүү зангирах, буруу арчилгаа, хувийн ариун цэвэр алдагдах, хөхний арьсанд үүсэх идээт өвчнүүд гэх зэрэг байдаг. Хөхний товч хагарах нь хөхний үрэвсэл үүсэх хамгийн гол шалтгаан болдог. Хөхний товч хагарсан тохиолдолд хүүхэд хөхөө хөхөх үед нян хөхний товчоор дамжин ордог. Мастит нь хоёр үе шаттай явагддаг. Хурц буюу дөнгөж эхэлж буй үед арга хэмжээ авахгүй даамжруулбал идээт мастит үүсч байгаа юм. Бүр цаашлаад буглаа үүсдэг.       
-Хөх горьдох үед бариулаад байдаг. Энэ зөв үү? 
-Хөх горьдох гэдэг маань миний бодлоор сүү зангирч цаашлаад мастит болохыг хэлж байгаа гэж ойлгож байна. Идээ үүссэн үед хөхөө бариулбал идээ нь тарж, хөхний бусад талбайд тархаж даамжрах аюултай. Хөхөө гүйцэд хөхүүлэхгүй, хөхөө дутуу сулласантай холбоотойгоор сүүний зангирал үүсдэг. Ер нь хөх өвдсөн үед дур мэдэн алхам хийх нь эрсдэлтэй. Энэ үед мэргэжилийн эмчид хандах нь зүйтэй.  
-Хөхний товч хагарах нь хөхний үрэвслийн гол шалтгаан болдог гэсэн. Тэгэхээр хөхний товч хагарсан үед ямар арга хэмжээ авбал үр дүнтэй вэ?
-Жирэмсэн байх үеэсээ хөхний толгойгоо сайн гаргаж байх, төрсний дараа хүүхдэдээ хөхөө зөв үмхүүлж, хөхүүлэх ёстой. Ер нь хөхөө буруу хөхүүлснээс хөхний товч хагардаг. Тиймээс хөхөө зөв хөхүүлэх аргад эхчүүд маань суралцах ёстой. Мөн хөхүүл эхчүүдийн  биеийн эсэргүүцэл сайн байхаас гадна сэтгэл санаагаар өөдрөг байх нь чухал.  
Хөхний товч хагарахаас урьдчилан сэргийлж хувийн ариун цэврийг сахих, хөхний толгойд зөөлрүүлэх тос түрхэх гэх зэргээр хөхийг сайтар арчилж, хөхний толгой хуурайшиж хагарахгүй байх арга хэмжээг авна. Нэгэнтээ хөхний товч хагарсан үед хүүхдээ хөхүүлэхээс өмнө буцалсан бүлээн усаар хөхөө байнга угаах шаардлагатай. Бактерийн эсрэг хөхний хагаралтад зориулсан тос, түрхлэгийг хэрэглэж болно.   
-Хөхний товч хагарсан үед гялгар цаас наах нь зөв үү?
-Хөхөө чийглэг байлгах гээд гялгар цаас наах нь бий. Энэ нь тохиромжтой, зөв арга биш. Учир нь нойтон орчинд нян үржих таатай нөхцөл бүрэлддэг.
-Сүүлийн үед эмэгтэйчүүд хөхний хавдраар өвчлөх тоо нэлээд нэмэгдэж байгааг судалгаа харуулдаг. Ер нь хөхний хавдар үүсэх гол шалтгаан нь юу вэ?
-Хөхний хавдар нь маш олон эрсдэлт хүчин зүйлийн улмаас үүсдэг. Хөхний хавдраас сэргийлэхийн тулд эрсдэлт хүчин зүйлээ хянах ёстой. Үүнийг өөрөө хянах боломжтой болон хянах боломжгүй гэж хоёр хуваана. Өөрөө хянах боломжгүй хүчин зүйлд нас, хүйс, удамшил, биений юмны мөчлөг ба цэвэршилт, цацраг идэвхит туяа ордог. Тухайлбал, багадаа олон удаа цээжний рентген зураг авахуулж байсан цээж орчимдоо туяа эмчилгээ хийлгэж байсан бол хөхний өмөнгөөр өвдөх  эрсдэл нэмэгддэг.  
Харин өөрөө хянах боломжтой эрсдэлт хүчин зүйлд архи, тамхи, хүүхдээ хөхөөр хооллолт, жирэмслэлт, дааврын хэрэглээ, жин ба хоололт, дасгал хөдөлгөөн зэрэг багтана. Хүүхэд төрүүлсэн мөртлөө хөхөөрөө бойжуулаагүгүй бол хөхний өмөн үүсэх эрсдэл ихсэнэ. Мөн цэвэршсэний дараа даавар орлуулах  эмчилгээ удаан хугацаагаар хийлгэж байсан эсвэл жирэмснээс хамгаалах эмийг удаан хугацаагаар буюу 5-аас дээш жилээр хяналтгүй хэрэглэх нь эсдэлийг нэмэгдүүлж байгаа юм. Таргалалттай эмэгтэйчүүд мөн бүсэлхий орчмоор илүүдэл өөх хуримтлагдсан бол өмөнгөөр өвдөх эрсдэл ихэсдэг. Үүнээс гадна жирэмслэхгүй байх эсвэл 30 наснаас дээш юм уу, цөөн төрсөн эмэгтэйчүүд болон 11 наснаас өмнө сарын тэмдэг нь ирж байсан өгүүлэмжтэй бол хөхний хорт хавдар үүсэх магадлалтай байдаг.     
-Тэгвэл эмэгтэйчүүдийн хөхөнд ямар зовуурь илэрвэл эмчид хандах хэрэгтэй байдаг вэ?
-Хөхөө гэрийн нөхцөлд сард нэг удаа сарын тэмдэгийн мөчлөгийн 7-10 хоногт хөхөө тэмтэрч шалгаж байх хэрэгтэй. Тэмтэрч байх үед бэрсүү тэмтрэгдэх эсвэл хөхний товчноос шүүрэл ялгарах, хөхний товч цааш татагдах, арьсны аль нэг хэсэгт хонхойх зэрэг зовуурь илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч, шаардлагатай шинжилгээг өгөх ёстой. Хөхүүл биш үед хөхнөөс шүүрэл ялгарах ёсгүйг анхаарах хэрэгтэй.
-Хөхөө сард нэг удаа шалгаж байх нь хөхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргуудын нэг байх. Ер нь хөхөө эрүүл байлгахын тулд яах ёстойг зөвлөхгүй юү?
-Өөрөө хянах боломжтой эрсдэлт хүчин зүйлүүдийг маш сайн баримтлах ёстой. Зөв амьдралын хэв маягтай байж, дааврыг удаан хугацаагаар хэрэглэхээс аль болох зайлсхийх, үр хөндөлтөөс татгалзах ёстой. Нөхөн үржихүйн эмэгтэйчүүд маань жирэмснээс хамгаалах арга хэрэгслээ зөв сонгох нь чухал.  Эрүүл мэндийн анхан шатны боловсрол сайн байж, эрүүл мэндийн мэдээллийг зөв газраас мэргэжилийн хүнээс авах ёстой. ДЭМБ-с  30 хүртэлх насны эмэгтэйчүүд 2-3 жил тутам, 40-өөс дээш насанд жил тутам хөхний эмнэл зүйн үзлэг хийлгэх, шаардлагатай тохиолдолд маммаграфи, хөхний хэт авиан шинжилгээг хийлгэхийг зөвлөсөн байдаг. Цаашлаад шинжилгээнд өөрчлөлөттэй гарсан тохиолдолд мэргэжилийн эмчийн хяналтанд тогтмол байх хэрэгтэй.
-Үр хөндөлт хөхний өвчлөлд хэрхэн нөлөөлдөг юм бэ? 
-Жирэмсний эхэн үед ургийн хөгжил, шар бие, ихэс үүсэн хөгжихийн хэрээр өсөлтийн хүчин зүйлс болон бусад бодисууд ялгарснаар эхийн цусан дахь дааврын хэмжээ ихэсдэг. Үр хөндөлт нь энэхүү физиологийн үйл ажиллагааг механик аргаар шууд зогсооно гэсэн үг л дээ. Хөх нь өрөө дотоод шүүрлийн булчирхай учраас дааврын зохицуулга алдагдахад өвчлөл үүсэх эрсдэл нэмэгддэг.   
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн