Монголын худалдаачдын холбооноос жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгодог зээлийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар Монголын Худалдаачдын Холбооны тэргүүн З.Пунсалдулам хэлэхдээ “ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь татвар төлөгчдийн мөнгөөр үйлдвэрчдэд зээл өгч санхүүждэг. УИХ-аас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд 50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг улсын төсвөөс төсөвлөсөн байдаг. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь жилийн 3 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай, эхний 2 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр олгодог зээл юм. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас одоогийн байдлаар 134 аж ахуй нэгжид зээл олгосноос УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий 122 аж ахуй нэгж тус зээлийг авсан байна. Зээл авсан гишүүд нь банк бус санхүүгийн байгууллага, хадгаламжийн зээлийн хоршоо, ломбардтай. Жилийн гурван хувийн хүүтэй зээлийг банк бус санхүүгийн байгууллагууд жилийн 48 хувийн хүүтэйгээр иргэдэд буцаан олгож, давхар шулж байгааг эсэргүүцэж байна. Үүнтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтнууд огцрохыг шаардаж байна.
Мөн өдрийн зээл нь үндэсний аюулгүй байдалд маш их нөлөөлж байна. Ялангуяа худалдаачдын дунд тахал болж, худалдаачдыг сүйрүүлж байна.Төрийн удирдлагууд ялангуяа мөнгө хүүлэгч, ард түмний мөнгийг зулгааж байгаа УИХ-ын гишүүдийг яагаад өөгшүүлээд байна вэ. Ц.Нямдорж сайд шударга ёсыг эхлүүлж, хариуцлага тооцооч ээ. Ард түмний нээлттэй сонсгол хийхийг урьж байна” гэв.
Мөн тус холбооны гишүүн Э.Урантөгс “Өдрийн зээл нь сарын 30 хувь, жилийн 360 хувийн хүүтэйгээр өдөр болгон авдаг зээл юм. Энэ зээлийг болиулж өгөхийг хүсч, маш олон хүнд хандаж байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, өдрийн зээлийг зогсоож өгөхийг хүссэн. Өнөөг хүртэл хариугүй байхгүй. Бид энэ асуудлаар удаа дараа тэмцэж байна. Бид олон удаа хэлж байхад мэдээгүй юм шиг царайлаад байсны учир нь банк бус санхүүгийн байгууллагуудын ард төрийн томчуудын эхнэр, хамаатан садангууд байдагтай холбоотой юм байна. Жижиг дунд бизнесийг дэмжих зээлийг хэдэн саяар нь аваад байгаа хэрнээ жинхэнэ авах ёстой үйлдвэрлэгч нар нь авч, хэрэглэж чадахгүй байгаа юм. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагад зориулагдаж, тэр нь өдрийн зээл гаргаад байгаа юм. Өдрийн зээлийг худалдаачдаас гадна жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид авдаг. Яагаад гэхээр ЖДҮ-ийг хөгжүүлэх санд төсөл бичээд орохоор барьцаа хөрөнгө гэсэн асуудлаас болоод төсөл нь шалгардаггүй. Тиймээс аргагүй эрхэнд зээл авдаг. Өдрийн зээлийг чихнийхээ хажуугаар сонсоод өнгөрөөх асуудал биш. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Тиймээс бид эрчимтэй тэмцэнэ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл хаашаа орж байгааг илчилнэ” гэж тайлбарлалаа.