Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Алексей Навальный-г эх оронд нь 3.5 жилийн хорих ял хүлээж байна

Алексей Навальный-г эх оронд нь 3.5 жилийн хорих ял хүлээж байна
Нийтэлсэн 2021 оны 1 сарын 15
ОХУ-ын сөрөг хүчний Ирээдүйн Орос намын тэргүүн Алексей Навальный лхагва гаригт өөрийн инстаграм хаягаар дамжуулан нэгдүгээр сарын 17-нд эх орондоо буцаж очих болсон талаараа мэдэгдсэн.
Тэгвэл Навальный-гийн өмгөөлөгч Вадим Кобзев пүрэв гаригт түүнийг ОХУ-д тэнсэн харгалзах хугацаа зөрчсөн гэх хэргээр эрэн сурвалжилж байгаа тул эх орондоо эргэн ирэхэд нь 3.5 жилийн хорих ял хүлээж байж болзошгүй талаар мэдээлсэн юм. Тодруулбал, Оросын хуулийн байгууллагууд түүнийг 2014 онд тус улсын Авлигатай тэмцэх сангаас 4.8 сая ам.доллар шамшигдуулсан хэрэгт холбогдуулан шалгаж буй. Мөн уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах дөхөөд байгаа юм. Тиймээс ОХУ-ын Дээд шүүх өнгөрөгч сард түүнийг Германаас эх орондоо нэн даруй буцаж ирээгүй тохиолдолд 10 жилийн хорих яг өгөх талаар мэдэгдсэнээр тэрээр эх орондоо буцах шийдвэр гаргасан.  
Алексей Навальный өнгөрөгч наймдугаар сарын 20-нд Оросын Томск хотоос нийслэл Москва хот руу нисэх үеэрээ ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн Новичок гэх бодист хордон, хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн билээ. Үйл явдлаас хоёр хоногийн дараа буюу 2020 оны наймдугаар сарын 22-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Кремлийг идэвхтэй шүүмжлэгч түүнийг Германы Берлин хот руу шилжүүлсэн юм. Тухайн үед олон улсын ажиглагчид Алексей Навальный-г хордуулсан явдлыг шууд амь насанд нь халдах гэсэн оролдлого гэж сэжиглэн, ОХУ-ын эрх баригчид болон тус улсын тагнуулын байгууллагыг уг үйл ажиллагааг зохион байгуулсан гэх хардлага үүссэн. Уг асуудалтай холбоотойгоор Европын холбоо болон Их Британи улс ОХУ-ын зургаан өндөр албан тушаалтны эсрэг хориг тогтоосон.
Хордсон цагаасаа хойш комад ороод байсан Навальный есдүгээр сарын 7-нд сэргэсэн бөгөөд Германы Засгийн газар ОХУ-ын тагнуул, тусгайгийн байгууллагуудын ашигладаг Новичок бодисоор түүнийг хордуулсан асуудалд тайлбар өгөхийг Кремлиэс шаардсан. ОХУ-ын эрх баригчид өнөөдрийг хүртэл Алексей Навальный-г Оросын тагнуулын байгууллага улс төрийн зорилготой хордуулсан асуудлыг няцаасаар байгаа юм.
Тэгвэл арванхоёрдугаар сарын 14-нд Германы “Der Spiegel”, АНУ-ын “CNN”, Их Британийн “Bellingcat” болон ОХУ-ын “The Insider” зэрэг дөрвөн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран Алексей Навальный-г хордуулсан хэрэгт мөрдлөг хийж, Оросын тагнуулын байгууллагын тусгай баг түүнийг 3 жилийн турш ажиглаж, хэд хэдэн удаа хордуулахыг завдаж байсан талаар мэдээлсэн. Мөн Навальный өөрийг нь хордуулахыг завдсан тагнуулын албан ажилтан өөртэй нь холбогдож, болсон процессын талаар мэдээлэл өгсөн гэж мэдэгдсэн ч уг хэргийг нотлох баримт огт байхгүй хэвээр байгаа юм.
Эх сурвалж: Reuters, Kiyv Post, UPI
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн