Цагдаагийн байгууллагад Цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх нэгж байгуулагдаж байгаа билээ. Энэхүү нэгж нь цахим орчинд хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс зарим зүйлсийг тодрууллаа.
-Цагдаагийн ерөнхий газраас Цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх нэгж байгууллаа. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ мэдээлэлд нэг төрлийн цензур тавьж байна гэж хүмүүс ярьж байна энэ дээр тайлбар өгнө үү?
-Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь Эрүүгийн цагдаагийн албанд байдаг. Тэгвэл худал мэдээлэлтэй тэмцэхэд дагнасан нэгж нь энэ дотроо байгуулагдаж байгаа чиг үүргийн нэгж. Энэхүү нэгжид ажиллах хүн хүчний талаар мэдээлэл өгөх боломжгүй байгаа. Энэхүү нэгжийн талаар олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагууд янз бүрээр тайлбарлаж байна. Сошиалд идэвхтэй байдаг хүмүүс энэ талаар бичихдээ “Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх чөлөөтэй эрхийг хязгаарлах гэж байна, дарангуйлал тогтоох гэж байна” гэх мэт ташаа мэдээллүүд их явуулж байна. Өнөөдөр манай улсад цахим орчны хэрэглээ маш өндөр байна. Бид маш цөөхөн хүн амтай гэтэл Ази тивд цахим орчны хэрэглээгээрээ тэргүүлж, Европ тивд маш дээргүүр байранд орж байна. Гурван сая хүн амын 2.2 сая нь сошиал хэрэглэгч гэсэн судалгааг хөндлөнгийн байгууллага гаргасан. Тэгэхээр энэ цахим орчин гэдэг зүйл чинь өнөөдөр нэг талбар болчихлоо. Бид цаашдаа сошиал орчноос ангид байж чадахгүй гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрчихсөн. Сошиал орчин цаг хугацаан өнгөрөх тусам илүү хөгжих болно. Сошиал орчинд сайн зүйл маш олон өнөөдөр бид мэдээ мэдээллийг түргэн, шуурхай солилцож, цаг хэмнэж байна. Бизнесийн байгууллагууд маркетингаа ямар нэгэн өндөр төлбөр төлөхгүйгээр сошиал орчинд явуулж чадаж байна. Гэтэл үүний хажуугаар зах замбараагүй их мэдээллийн урсгал дунд хууль бус үйл ажиллагаанууд явагдаж байна. Бидний хамгийн их хайрлаж хамгаалж байх ёстой хүүхдүүд өнөөдөр сошиал орчинд ихэнх цагаа өнгөрүүлж байна. Хөндлөнгийн байгууллагын судалгаагаар хүүхдүүд 5-6 цагийг сошиал орчинд өнгөрөөж байна гэж тогтоосон. Тэдгээр хүүхдүүд өөрийн насанд тохирохгүй янз бүрийн мэдээллийг ямар ч хараа хяналтгүйгээр сошиал орчинд авч байна. Амар хялбар аргаар ашиг, хонжоо олох гэсэн санаа зорилготой хүмүүс сошиал орчинд нэр хаягаа нууцлан хууль бус үйл ажиллагаа явуул байна. Жишээ нь сошиал орчинд садар самуун сурталчилж байна, биеэ үнэлэлтийг зохион байгуулж, хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж, хулгайн эд зүйлсийг худалдан борлуулж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй, ард түмнийг айдаст автуулсан мэдээ мэдээллийг цацаж байна. Эдгээр зүйлсийг таслан зогсоох нь цагдаагийн байгууллагын үүрэг учир бид тэмцэх ёстой. Тэгэхээр бид эдгээр хууль бус үйл ажиллагаануудыг таслан зогсоохын тулд илүү мэргэшсэн албан хаагчдыг ажиллуулж, мэргэжлийн өндөр төвшинд тэмцэхээр нэгж байгуулж байгаа юм. Гэтэл иргэд маань бидний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаан боогдуулах гэж байна гэж буруу ташаа ярьж байна. Бид хэвлэл мэдээллийн байгууллагыг хаан боогдуулахгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага бол тусдаа редакцтай, буух эзэнтэй, буцах хаягтай учир бид сошиал орчинд тэмцээд байх шаардлага байхгүй. Хэрвээ худал мэдээлэл цацсан нь хуулиар баталгаажвал хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд явна.
-Цахим орчинд яаж, хэрхэн хяналт тавьж ажиллах вэ?
-Бид гэмт хэрэг, зөрчлүүдээ сигментлэх хэрэгтэй байгаа. Бидэнд юу давамгайлж, юу тулгамдаж байгааг ялгаж, тогтоох хэрэгтэй байгаа. Бид өнөөдөр шүүлт хийж үзэхэд хууль бус биеэ үнэлэлт, цахим мөрийтэй тоглоомын асуудлууд гарч ирж байна. Мөрийтэй тоглоомд хэдэн зуун сая алдсан хүмүүс байна. Тэгэхээр бид энэ бүгд дээр хяналт тавьж ажиллана. Өнөөдөр ард иргэдийг сошиал орчинд айдаст автуулах гэсэн хууль бус мэдээ мэдээллүүдийг цацаж цагдаад итгэх итгэлийг үгүй хийж байна. Цагдаад итгэх итгэлгүй болсноор өнөөдөр хэн хожих юм, хэн ч хожихгүй. Та бидний хүүхдүүд өнөөдөр ямар шүүлтүүргүй мэдээ мэдээллийг авч, буруу зүйл рүү уруу татагдаж ноцтой хэргүүд их гарч байна. Амиа хорлолт, цахим гадуурхалттай холбоотой асуудлууд шалгалтын явцад тогтоогдож байна. Тэгэхээр бид энэ бүгдийг зүгээр орхиж болохгүй тэмцэх хэрэгтэй. Харин энэ асуудал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд болон идэвхтэй иргэдийн туслалцаа хэрэгтэй. Өнөөдөр олон нийтийн хяналт маш сайн болсон үе. Эрүүл, аюулгүй, айдасгүй нийгмийг бүрдүүлэхийн тулд иргэн бүр оролцоотой байснаар бид хамтдаа шийдвэрлэж чадна. Тэгэхээр иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд маань бидэнтэй хамтран ажил. Өнөөдөр эрх зүйт нийгэм, хуулиар хамгаалагдсан хэвлэлийн эрх чөлөөг бид хаан боогдуулна гэж байхгүй шүү дээ.
-Цахим орчинд мэдээлэл оруулж байгаа зарим мэдээллийн сайтууд хандалт авахын тулд худлаа гарчиг өгч, худал мэдээллүүдийг оруулдаг. Тэгэхээр тэдгээр сайтуудад арга хэмжээ авна гэсэн үг үү?
-Мэдээллийн хэрэгслийн хэрэгслүүдийг шүүлтүүрдэж, хаах ямар ч санаа зорилго бидэнд байхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага бол ардчилсан нийгмийн гол хүчин зүйл. Тэгэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэхээр санаатай, худал мэдээлэл тарааж байгаа бол Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн гомдол гаргаж болно. Дахин хэлье бидэнд хэвлэл мэдээллийн байгууллагыг цензуурдэж, хяналт тавих гэсэн асуудал байхгүй. Өнөөдөр сошиал орчинд хууль бус зэвсэг худалдаж, хар тамхи, мансууруулах бодисын асуудлууд, хүүхдүүдэд амиа хорлох зааварчилгааг өгч, насанд хүрээгүй охидын нүцгэн зургийг авч байна. Энэ мэт аймшигтай зүйл болж байгаа сошиал орчин руу хүүхдүүд ямар ч хяналтгүй орж байна шүү дээ. Тэгэхээр бид эдгээр асуудлуудыг цэгцэлж, төр байдаг бол хяналтаа тавьж, хууль бус зүйлс хийгээд байгаа хүмүүсийг илрүүлье. Хамгийн наад зах нь шагын архины асуудал байна. Хуульдаа 00:00 цагаас хойш архи худалдаалахгүй, сар бүрийн 1-ний өдөр худалдаалахгүй гээд заачихсан байдаг. Сошиал орчинд тэр хууль үйлчлэхгүй зарж байна үүнтэй бид тэмцэнэ. Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийг сошиал орчинд мөрдүүлэхийн төлөө ажиллана.
-Энэ нэгж ажиллаад явахад сошиал орчин дахь хууль бус үйл ажиллагаанууд хэр зэрэг буурна гэж харж байгаа вэ?
-Цагдаагийн байгууллага сошиал орчин дахь хууль бус үйл ажиллагаануудтай тэмцсээр ирсэн. Харин энэ асуудалтай илүү тэмцэхийн тулд алба хаагчдаа мэргэшүүлж, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй юм байна гэдэг дараагийн шатандаа гарч байгаа асуудал. Түүнээс биш өнөөдөр бид нар унтаж сэрээд одоо л мэдэж байгаа юм биш шүү дээ. Өнөөдөр дэлхий дээр хэрэглэгдэж байгаа 200 гаруй сошиал платформууд байна. Монгол Улс дөрөв, тавыг нь идэвхтэй хэрэглэж байгаа. Тэдгээр платформуудын бүх серверүүд гадаадад байдаг учир үүнтэй тэмцэхэд хүндрэлтэй. Хэдийгээр хүндрэлтэй ч гэсэн бид ахисан төвшинд ажиллаж фэйсбүүк компанитай холбоо тогтоож байна.
-Цагдаагийн байгууллага Дархан Монгол Ногоон Нэгдэл ТББ /DMNN/-тай хамтарч байгаа гэсэн мэдээлэл сошиалд яваад байгаа. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй, худлаа мэдээлэл. Ер нь бид сошиал дахь хууль бус үйл ажиллагаатай тэмцэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд болон иргэн бүх хүнтэй хамтарч ажиллана.