Open iToim app
Анализ | 2 мин уншина

Рио Тинто: Оюу толгойн татварын маргаанд цэг тавихаар олон улсын Арбитрт хандлаа

Рио Тинто: Оюу толгойн татварын маргаанд цэг тавихаар олон улсын Арбитрт хандлаа
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 21
Оюу толгой бол Монголын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол Улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. 
Оюу толгой компанийн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгой ХХК Монголын Засгийн газар, Татварын албаны хооронд үүссэн татварын маргаанд цэг тавих үүднээс олон улсын Арбитрт хандаж байгаагаа мэдэгджээ. Татварын маргааныг  хянан шийдвэрлэх тухай заалтын дагуу Лондонд байрлах "UNCITRAL" арбитрын шүүхэд хандаж байгаа юм байна.
2018 онд Монголын татварын албанаас  Оюу толгой ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд шалгалт хийж 155 сая ам.долларын татварын акт тавьсан байдаг. Оюу толгой компани энэхүү татварын актаас 4.8 сая ам.долларыг хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд үлдсэн 150 сая.долларыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. Мөн хоёр жилийн  хугацаанд талууд татварын маргааны асуудлаар удаа дараа уулзалдаж, ойлголцолд хүрэхээр ярилцсан боловч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй юм.
Тиймээс уг асуудлыг олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлж, эцэслэх нь зүйтэй гэж “Рио Тинто” үзжээ.
“Рио Тинто” компаниас гаргасан мэдэгдэлд "Татварын асуудлаар харилцан ойлголцож, шийдвэрлэх арга замыг олохын тулд Монголын Засгийн газар, татварын албаны төлөөлөгчидтэй хичээнгүйлэн хамтарч ажилласаар ирсэн. Олон улсын Арбитрт хандах нь  энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн гарц болно гэж үзлээ" гэж дурджээ.
Олон улсын Арбитрын шийдвэр эцсийнх байдаг бөгөөд хэрвээ шийдвэр Монголын Засгийн газрын талд гарвал Оюу толгой компани татварын актыг үндэслэн 150 сая ам.долларыг барагдуулна, харин шийдвэр “Рио Тинто”-гийн талд гарвал Монголын татварын албаны тавьсан татварын акт хүчингүй болно гэсэн үг. 
Мэдэгдлийг энд дарж бүрэн эхээр нь үзнэ үү. 
Эх сурвалж: www.turquoisehill.com, Reuters,
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн