Аливаад чин сэтгэлээсээ бүтээлчээр хандан шинээр сэтгэж, улс эх орныхоо хөгжилд түлхэц болох бүтээгдэхүүний шинэ санаа гаргаж, түүгээр ч зогсохгүй санаагаа бизнес болгохоор зорьж яваа өсвөр насны залуусыг манай iToim агентлаг танилцуулж байна. Бизнестээ 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадсан шинийг санаачлагч, өсвөрийн энтрепренер эрхмүүдтэй уулзахаар Шинэ Монгол Коосэн технологийн коллежийг зорилоо.
Шинэ Монгол Коосэн коллеж нь сургуульдаа эхлээд мөрөөдөл, дараа нь мэдлэг, чадвар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, эцэст нь мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөдөг байх загварыг зарчим болгосон нь сургалтын давуу тал болжээ.
Түүнчлэн, тус сургууль бизнесийн бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжлийн төвшинд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай боловсон хүчнийг бэлтгэхийн тулд сургалтын хөтөлбөртөө бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мөн бизнес, эдийн засгийн хичээлийг түлхүү багтаадаг байна.
Шинэ Монгол Коосэн коллежийн төгсөгчид өдгөө улсдаа төдийгүй олон улсын бизнесийн салбарт өөрсдийн байр суурийг эзэлж байна.
Тэдний төлөөлөл болсон ярилцлагын маань зочид бол Global Youth Entrepreneurship Challenge (JYEC) буюу олон улсын өсвөрийн гарааны бизнес эрхлэгчдийн тэмцээний тэргүүн байрын эзэд юм. Тодруулбал, 2017 онд М.Энх-Амгалан (18) ахлагчтай Bodygram багийнхан фитнессийн менежментийн систем бүтээж тэргүүн байрыг эзэлж, өдгөө компаниа байгуулан 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чаджээ. Харин 2018 оны өсвөрийн гарааны бизнес эрхлэгчдийн тэмцээний эхний гурван байрыг Э.Энхбүрэн (17), Б.Амрита (16), Б.Үнэнхүү (17) нарын баг эзэлсэн байна..
Б.Алтанмандах: Өсвөр насандаа олж авсан эдийн засгийн мэдлэг ирээдүйн ажил, амьдралд нэг шат ахиулна
Амжилт бүхний цаана хэн нэгний дэмжлэг, хайртай дотнын хүмүүсийн итгэл, сэтгэл шингэсэн байдаг билээ. Сурагчдаа дэлхийн төвшний амжилтад хүрэхэд нь нөлөөлсөн багш нарын төлөөлөл Шинэ Монгол Коосэн коллежийн Эдийн засаг, бизнес судлалын багш Б.Алтанмандахтай эхлээд ярилцлаа. Шавь нараа өсвөр наснаас бэлтгэж, “өнгөлөн зүлгэж”, өдий зэрэгт хүргэсэн түүний яриаг хүргэе.
-Global Youth Entrepreneurship олон улсын тэмцээнд Шинэ Монгол Коосэн коллежийн оюутнууд хоёр жил дараалан эхний байрт шалгарчээ. Танай сургуулийн оюутнууд ингэж жил дараалан амжилттай оролцоход юу нөлөөлсөн гэж боддог вэ?
-Манай сургууль мөрөөдөл зорилготой, эрүүл чийрэг, шинжлэх ухааны мэдлэгтэй, бизнесийн бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлтгэж төгсгөх зорилготой ажилладаг. Энэ зорилгоо хангах үүднээс сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг. Эдийн засгийн хичээл дээр гэхэд үндсэн онолын мэдлэгээ авч, түүнд тулгуурлан бизнесийн хичээлээс аливаа асуудлыг олж харах, тухайн асуудлыг технологид уялдуулан хэрхэн шийдэж болох гарцыг эрэлхийлдэг. Мөн бүтээгдэхүүний шинэ шийдэл, түүндээ тулгуурлан бизнес төлөвлөгөө боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, манай сургуулийн оюутнууд бизнес сэтгэлгээгээ сургалтын явцад хөгжүүлж, шинэ санаагаа үргэлжид туршиж байдаг нь Global Youth Entrepreneurship тэмцээнд амжилттай оролцоход нөлөөлсөн гэж харж байгаа.
-Хүүхэд өсвөр насандаа бизнес, эдийн засгийн хичээлийг түлхүү үзсэнээрээ ирээдүйд ямар үр дүнд хүрч болох вэ?
-Бизнес, эдийн засгийн хичээлээр хүүхдийн бизнес сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой юм. Эхний ээлжинд хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг. Хүүхэд аливаа асуудлыг олж хараад хэрхэн шийдвэрлэх аргыг эрэлхийлж олно. Харин бүтээлчээр сэтгэхийн тулд хайрцгаас гарч, чөлөөтэй сэтгэж сурдаг. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлснээр хүүхэд нээлттэй, аливаа зүйлд илүү оролцоотой, идэвх зүтгэлтэй, бүтээлчээр харах чадвартай болдог. Манай сургуулийн хүүхдүүд асуудлыг инженерийн ухаанаар хэрхэн шийдэж болоход анхаарлаа хандуулж, шинэ санаагаа шинэ бизнес болгох гэж амьдралд байнга туршдаг. Товчхондоо эдгээр хичээлийг өсвөр наснаасаа үзсэнээр ирээдүйн ажил, амьдрал, амжилтын гараагаа эхлүүлж, илүү томоор мөрөөдөж, түүндээ хүрэхэд нэг шат ахидаг, урагшилдаг.
-Global Youth Entrepreneurship тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд бизнес, эдийн засгийн хичээлийн дадлага, туршилт чухал нөлөө үзүүлдэг гэлээ. Харин гарааны бизнесээ эрхлэхэд яаж нөлөөлдөг талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-Товчхон хэлэхэд, гарааны бизнесийн гол санаагаа эдгээр хичээлээс олдог. Харин Global Youth Entrepreneurship тэмцээнд оролцсоноороо бизнесийн хичээлээ амьдралд яаж ашиглах талаар таньж мэдэхээс гадна тэмцээнд бизнесийн хичээлээр үзсэн онол дадлагын ажлаа улам баталгаажуулдаг. Мөн бизнесийн зөвлөхүүдээс зөвлөгөө авч, бизнесийн санаагаа өргөжүүлэх, хөгжүүлэх, эсвэл бизнесээ эхлүүлэх боломжтой болдог. Үүний нэг жишээ гэвэл 2017 оны Global Youth Entrepreneurship тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлсэн баг 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч, бизнесээ хөгжүүлээд эхэлсэн байгаа.
Үйлчлүүлэгчийн картыг халж, фитнессийн зөвлөх эмч хэмээх фитнессийн шинэ төрлийн менежментийн систем (аппликэйшн) бүтээж, 2017 оны Global Youth Entrepreneurship олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Bodygram багийн хөгжүүлэгч М.Энх-Амгалан ярилцсан юм. Энэ баг нь Start up Mongolia байгууллагаас зохион байгуулсан уралдаанд оролцож, Монголын шилдэг 10 startup компанийн нэгээр шалгараад байна.
-Өөрсдийн бүтээсэн фитнессийн менежментийн шинэ системийнхээ талаар эхлээд уншигчдадаа тайлбарлаж өгнө үү?
-Фитнессийн менежментийн систем нь фитнесс хийх процессыг нягталж, тайлан тооцоо гаргадаг гэж ойлгож болно. Фитнесс клубын гишүүд ipad-д ухаалаг утсаа холбож, зөвшөөрөх товчийг дараад фитнесстээ орно гэсэн үг. Утсан дээрх аппликэйшн нь тухайн хүний эрүүл мэндийн мэдээллийг нягтлаад хэдэн цаг унтсан, юу идсэнээс нь шалтгаалан дасгалын хуваарийг гаргаж ирдэг. Одоогийн байдлаар аппликэйншдээ TOOL буюу багаж, төхөөрөмжүүд хийхээр төлөвлөж байгаа. Эхний ээлжинд биеийн тойрог хэмждэг багаж хийнэ. Ер нь фитнесс клуб, гишүүн хоёрыг холбох гол гүүр нь гэж хэлж болно.
-Бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ?
-Эдийн засаг, бизнесийн хичээл дээр бусад хүүхдүүдийн янз бүрийн санааг сонсоод дүгнэлт хийж, дараа нь өөрийн бизнесээ хэрхэн хөгжүүлэх санаагаа илүү амархан олдог. Бас шүүмжлэлтэй талаас нь харж чаддаг юм билээ. Ер нь бизнесийн хичээл дээр бизнесийн санаа, шийдэл гаргадаг. Уг хичээлээр шинэ шийдэл гаргаж, түүнийгээ бодит бизнес болгон хөгжүүлэхэд олон туршилтуудыг хийж байсан маань санаагаа олоход маш их нөлөөлсөн.
-Манай улсын гарааны бизнес эрхлэхэд санхүүжилтийн асуудал хүндрэлтэй гэдэг л дээ. Та бүхэн шиг гарааны бизнес эхлүүлэхээр зорьж буй үеийн залууст хандаж юу хэлэх вэ?
-Хамгийн гол нь хоосон санаа ярихаас илүү бодитоор хийж үзэх нь чухал. Ингэснээр хөрөнгө оруулагч олоход харьцангуй хялбар болно. Ямар нэг зүйлийг бодитоор нь туршиж үзэж байвал ирээдүйн ажил мэргэжлээ зөв сонгох, цаашлаад өөрийн хийж чадах бизнесийн шинэ санааг ч олдог. Юу ч хийхгүй урсгалаараа яваад л байвал Та хэн болох, юу хийх гээд байгаа зорилго гарч ирдэггүй. Интернэтийг зөв талаас нь сайн ашиглах хэрэгтэй. Интернэт бол миний хувьд суралцах хэрэгсэл. Тэндээс маш олон зүйлийг сурч болно. Миний хувьд цайны мөнгөө цуглуулж байгаад онлайн хичээл худалдаж авч үздэг.
Бохир усыг дахин ашиглах шинэ санааг гаргажээ
2018 оны Global Youth Entrepreneurship олон улсын тэмцээнд эхний гурван байрт шалгарсан багийн ахлагч оюутнуудын сэтгэгдлийг мөн сонссон юм.
Тэргүүн байр эзэлсэн багийн ахлагч Цахилгаан электроникийн хоёрдугаар курсийн оюутан Э.Энхбүрэн
-Global Youth Entrepreneurship тэмцээнд оролцоход танай багт ямар даалгавар өгсөн бэ, ямар гаргалгаагаар шийдэж, амжилт үзүүлсэн бэ?
-Усны хамгийн найдвартай хэрэгцээг бүрдүүл гэсэн даалгавар ирсэн. Суултуурын усыг нэг хүн өдөрт 3-5 удаа татдаг. Суултуур татах бүрт маш их хэмжээний ус урсдаг. Тухайн усыг шүүж аваад нойлын усанд буцаж ашиглах санаа гаргасан.
-Энэ шийдэл санааг олох, түүнийгээ зөв арга барилаар боловсруулахад та бүхэнд юу илүү нөлөөлсөн бэ?
-Мэдээж сургууль дээрээ үзсэн хичээл болон багш нарын дэмжлэг туслалцаа маш их нөлөөлсөн. Коосэнд орж ирэхээс өмнө аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг байсан. Харин энэ сургуульд сураад өөрөө бүтээх гэж үздэг болсон. Мөн аливаа зүйлийн зөв шийдлийг, шинээр санаачлах, илүү сайжруулах талаас нь хардаг болсон.
-Ямар нэгэн бизнесийн санааг олоход маш олон зүйлийг сонсох, түүнд суралцах шаардлага гардаг. Тэгэхээр сурах арга барилаасаа хуваалцахгүй юу?
-Манай сургууль төгсөгчийн загвартай. Сургуулийн сургалт дүрэм журам уг загварыг биелүүлэхэд чиглэсэн байдаг. Үүний хамгийн эхэнд нь мөрөөдөл зорилготой байх ёстой. Шинжлэх ухааны мэдлэгтэй байх ёстой. Тиймээс шинжлэх ухааны хичээл дан онол үзэхээс гадна гараараа бүтээж үзэх, байгаа зүйлийг дахин шинээр хийж үзэх зэрэг дадлага ажлуудыг хийдэг нь маш их туршлага болдог.
Мөн хүмүүсийг дуурайж, алдаанаас нь суралцдаг, алдааг нь засдаг. Яагаад гэхээр өөрийнхөө хийхээс илүү өмнө нь алдаж, онож үзсэн хүмүүсийн хийснээр туршиж үзэж, сайжруулдаг. Бас шоо эвлүүлдэг. Өдөрт ойролцоогоор 20 орчим удаа эвлүүлдэг байх. Шоо эвлүүлэх бүрт тухайн хийж байгаа ажлынхаа гүйцэтгэлийг төлөвлөдөг. Шоо эвлүүлээд хамгийн сүүлийн үйлдлийг нь тухайн эхлүүлсэн ажлаа дуусах хүртлээ хийдэггүй. Тухайн ажлаа бүрэн хийж, дуусаад шоогоо бүрэн эвлүүлсэн байгаагаа харах кайфтай байдаг.
-Дунд ангийн дүү нартаа хандаж юу гэж захимаар байна вэ?
-Мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй байх. Сонгосон мэргэжил чинь цалингийн хэмжээнээс үл хамааран чамайг амжилтад хүргэнэ. Бас хүсэл сонирхол их байвал жижиг зүйлээс том зүйлийг бүтээж болдог. Мэргэжлээ хэрхэн сонгохоо мэдэхгүй байгаа бол Мичио Каку эрдэмтний “Ирээдүйн физик” гэдэг номыг уншаад үзээрэй. Энэ номд ирээдүйн 100 жилд бий болох техник, технологийн бүх хувьсгалуудыг үзүүлсэн байдаг. Энэ номыг унших бүрт шинэ санаа төрдөг.
Б.Амрита: Таны бизнесийн санаа хүмүүсийн сонирхлыг заавал татах ёстой. Учир нь...
Гуравдугаар байр эзэлсэн багийн ахлагч Цахилгаан электроникийн инженерийн ангийн хоёрдугаар курсийн оюутан Б.Амрита
-Global Youth Entrepreneurship тэмцээнд амжилт үзүүлэхэд юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Бизнесийн хичээл дээр хийж байсан зүйлүүд тэмцээнд ороход маш их туршлага болсон. Компани байгуулаад ажиллахад яах ёстой вэ, юун дээр анхаарах ёстойг тэмцээний үеэр илүү сайн мэдэрсэн. Эдийн засаг, бизнесийн хичээлийн онолын мэдлэгээ амьдрал дээр бодитоор туршиж үзсэн гэж хэлж болно.
-Тэмцээнд ороод ухаарсан зүйл, эсвэл бизнесийн ямар санаа төрсөн бэ?
-Хамгийн гол нь бизнес санаа, туршилтаа нь англи хэл дээр тавигддаг. Хүмүүсийг найрч чадаж байгаа, эсэх нь маш чухал байсан. Үүнээс хэчнээн сайхан зүйл хийсэн ч хүмүүсийн анхаарал сонирхлыг татаж чадахгүй бол бизнес цаашаа явахгүй гэдгийг ойлгож авсан.
-Танай сургуулийн төгсөгчийн загварын эхэнд мөрөөдөл байдаг юм билээ. Чи юу мөрөөддөг юм бэ?
-Би ирээдүйд IT инженер болох зорилготой. IТ инженер нь асуудлыг хялбарчилна. Хэлхээнд болж байгаа процессуудыг кодоор илэрхийлээд хялбарчилна гэсэн үг.
Б.Үнэнхүү: Мөрөөдөл, зорилготой хүн хэзээ ч шантардаггүй
Хоёрдугаар байрт шалгарсан Цахилгаан электроникийн инженерийн гуравдугаар курсийн оюутан Б.Үнэнхүү
-Global Youth Entrepreneurship тэмцээнд оролцоход ямар байв?
-Хамгийн гол нь бизнес санаагаа ажил болгох байсан. Бизнесийн хичээл дээр өмнө нь туршаад үзсэн болохоор хийхэд илүү дөхөм байсан гэж хэлж болно. Бизнес хийхэд багийн гишүүн бүр өөрт оногдсон зүйлээ хариуцлагатай цаг хугацаанд нь хийж байж амжилтад хүрнэ гэдгийг ойлгосон. Бүх зүйл нарийн төлөвлөгөөтэй байхаас гадна багийн зохион байгуулалт чухал байсан. Өөрийгөө бүрэн дайчлах ёстой гэдгийг ойлгож авсан.
-Шинэ бизнес санаа, шийдэл олоход чөлөөт сэтгэлгээ маш чухал байдаг. Тэгэхээр чөлөөтэй сэтгэж сурах арга барилаасаа хуваалцахгүй юу?
-Коосэнд сурснаараа цаг баримталж, задгай сэтгэж сурсан. Мөн аливаа зүйлийг өөр өнцгөөс олон талаас нь сэтгэж сурсан. Би лекцийн дараа багшийн тавьсан илтгэлийг аваад түүн дээр ажилладаг. Өөрөө өөртэйгээ ажиллачхаад ангийнхандаа тайлбарлаж өгөх маягаар тухайн мэдлэгээ батжуулдаг.
-Мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Би таван настайгаасаа л Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж мөрөөдсөн. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд тууштай явж байгаа. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд надад хариуцлага, мэдлэг, чадвар хэрэгтэй. Инженер хүн мэдлэгтэй, чадвартай, хамгийн гол нь бүх зүйлд нухацтай, тууштай хандаж чаддаг учраас намайг Ерөнхийлөгч болоход бэлтгэж өгөхөд хамгийн чухал мэргэжил гэдэг үүднээс сонгосон.
-Үеийнхээ найз нар болон дүү нартаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Би өмнө нь өөрийн жижиг амжилтад ханаж байсан удаатай. Энэ сургуульд орж ирээд өөрийгөө улам бүр дайчлах ёстойг ойлгосон. Орчноо сольсноор өөрийгөө өөрчлөх, илүү холыг харах хэрэгтэй гэдгээ мэдсэн.
Тэд бүгд өөр өөрсдийн хүсэл, зорилго, мөрөөдөлтэй. Залуус мөрөөдлийн талаар “Мөрөөдөл, зорилготой хүн хэзээ ч шантардаггүй. Юу мөрөөднө түүндээ хүрэх хүртлээ тууштай явсан хүн амжилтад хүрдэг. Амжилтад хүрэх гол нууц нь тууштай байх, мөрөөдөлтэй байх юм. Мөрөөдөл хэрхэн биелэхээс хамаарахгүйгээр хязгааргүй мөрөөд. Мөрөөдлийнхөө төлөө урагш алх. Мөрөөдөл чинь томрох тусам чамайг илүү тодоор гэрэлтүүлнэ. Түүнийг барьж авахын төлөө мөрөөд” гэж ярьж байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.