Манай улсын гоо сайхны бүтээгдэхүүний дийлэнх хувь буюу 88 хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг байна. Гадаадын гоо сайхны бараа, бүтээгдэхүүн тэр бүр монгол хүний арьсны онцлогт тохирдоггүй тал бий. Тэгвэл “Дулам” брэнд нь монгол орны цаг уур, монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, гадаад зах зээлд нийлүүлж эхэлжээ. Ингээд “Дулам” брэндийн Төслийн менежмент хариуцсан захирал Г.Галбадрахтай ярилцлаа.
"Дулам” брэнд бүтээгдэхүүнээ Солонгос, Европийн холбооны улсад худалдаалж, эрэлттэй байна
-“Дулам” брэнд нь монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна. Бүтээгдэхүүний судалгааг хэдэн жил хийсэн бэ?
-Манай улс цаг уурын эрс тэс уур амьсгалтай учир гадаадаадын орнуудын хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийг шууд Монголд хэрэглэхэд үр дүн багатай байдаг. Иймд монгол хүн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүн гаргахыг зорьсон. Бид бүтээгдэхүүний судалгааг дөрвөн жилийн турш хийсний эцэст монгол эрдэмтэд Солонгосын эрдэмтэдтэй хамтран тус бүтээгдэхүүнийг хийж эхэлсэн. Бид гоо сайхны бүтээгдэхүүн гэхээс илүүтэй арьсны нэмэлт бүтээгдэхүүн гэж нэрлэж байгаа.
-Нэгдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэсэн. Ямар, ямар нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаа вэ?
-Манай брэнд нь хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг нүүрний маск, нүүрний мист гэсэн хоёр төрлийн үндсэн бүтээгдэхүүнтэй. Монгол орондоо 100 хувь үйлдвэрлэдэг органик долоон төрлийн бүтээгдэхүүнийг гаргаж байна. “Дулам” брэнд нь нийтдээ есөн төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг зах зээлд худалдаалж байна.
-Бүтээгдэхүүний 100 хувь Монголд үйлдвэрлэдэг гэлээ. Үйлдвэрийн талаар мэдээлэл өгөх үү, чанар стандарт гээл?
-“Дулам” брэндийн үндсэн хоёр бүтээгдэхүүн болон маск, мист хоёрыг хараахан Монголд үйлдвэрлэх боломжгүй байгаа. Бид БНСУ-д Франц технологиор үндсэн хоёр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Энэхүү хоёр бүтээгдэхүүний орц найрлагад цөлийн сарнай гэх ургамлын үүдэл эс, пептид, гиалуроны хүчил гэсэн гурван төрлийн үндсэн найрлагыг шинээр бий болгож үйлдвэрлэж байгаагаараа бусад гоо сайхны бүтээгдэхүүнээс онцлог байгаа. Ер нь гоо сайхны бүтээгдэхүүнд дээрх гурван төрлийн найрлага гурвуулаа хамтдаа орсон бүтээгдэхүүн байдаггүй учир анхдагч гэж хэлж болно. Цөлийн сарнай гэх ургамал нь чийггүй орчинд чийгийг өөртөө хадгалан авч, удаан хугацаанд ургадаг ургамал учир монгол хүний арьсанд нэн тохирно.
Долоон төрлийн органик бүтээгдэхүүнд ванны давс, ванны бөмбөлөг, уруулын бальзам, хүүхдийн саван, том хүний хэрэглээний саван, биеийн тос, скраб гэх бүтээгдэхүүн багтаж байгаа. Органик бүтээгдэхүүний гол орц болох нуурын давс, зөгийн балыг 100 хувь Монголоосоо авдаг.
Органик бүтээгдэхүүнийг зөвхөн химийн бодис ороогүй, хөрснөөс ургасан бол органик гэж ойлгож болохгүй. Органик бүтээгдэхүүн гэдэг нь огт химийн бодис ороогүй, техник технологийн аргаар бус гар аргаар хурааж авсан, тухайн хөрсний орчин тойронд машин техник явдаггүй орчинд байж бүтээгдэхүүн органик байдаг. Манай органик бүтээгдэхүүний нөөц нь хангалттай байгаа учир хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад хүрч чадаж байна. Бид "Одь тан" эмийн үйлдвэртэй хамтарч ажилладаг.
-Нэрийн хоёр бүтээгдэхүүнээ Солонгос улсад үйлдвэрлээд Монголд оруулж ирэх хооронд бүтээгдэхүүний ашиглах хугацаанд хэр нөлөөлдөг вэ?
-Монгол Улсад импортоор орж ирж байгаа 80 гаруй хувийн бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрлэгдээд ирэхдээ ихэнх нь хугацаа нь дуусах дөхсөн байдаг. Үүнийгээ дагаад үнийн хувьд ч хямдхан зарагддаг. Орж ирж байгаа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр оруулж ирдэг учир төдийлөн шинэ бүтээгдэхүүн хэрэглэж чаддаггүй. Тэгвэл “Дулам” брэнд нь 2020 оны нэгдүгээр сард үйлдвэрлэлтээс гаргасан шинэ бүтээгдэхүүнийг шууд Монгол руу оруулж ирдэг. Гоо сайхны бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд орчны температур их чухал байдаг учир бид зориулалтын кантенараар тээвэрлэдэг. Тэгэхээр бүх бүтээгдэхүүнүүд шинэ ирдэг учир давуу талтай. Монголчууд энэ цаг үед өөртөө тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж нь гарч ирж байна. Энэ боломжийг нээж өгч байгаа нь анхдагч гэж хэлж болно.
-Цаашдаа ямар ямар бүтээгдэхүүнүүдийг гаргах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бид алсын хараагаа тодорхойлохдоо эмэгтэй гоо сайхны бүтээгдэхүүн гаргахаас гадна монгол эрчүүдийнхээ арьсанд тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг гаргах төлөвлөгөөтэй байна. Мөн сүүлийн үед тренд болоод байгаа сэрүм гаргахаар төлөвлөөд судалгаа шинжилгээний үйл явц дуусаж үйлдвэрлэлтэд оруулахад бэлэн болсон.
-Монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаараа анхдагч шүү дээ. Тэгэхээр гол нэрийн бүтээгдэхүүнийхээ патентыг авсан уу?
-Бүтээгдэхүүнээ Монгол Улсдаа худалдаалж байгаа учир мэргэжлийн хяналтын шалгалтаар оруулж хүний биед хор нөлөөгүй батлагдаж холбогдох бичиг баримтуудаа авсан. Үүнээс гадна манай бүтээгдэхүүнийг олон улсад гаргах боломжтой чанарын шаардлагыг хангасан учир Солонгос улсад худалдаалаад эхэлсэн байгаа. Солонгос улсаас шинэ технологийг хэрэглэж чадсан бүтээгдэхүүн гэж шагнал хүртсэн. Анх удаа монгол брэнд Солонгос улсын гоо сайхны бүтээгдэхүүний онлайн хайлтад эхний байранд орсон.
Мөн Европын холбооны улсад салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Ингэснээрээ Европ болон Солонгос улсад амьдарч байгаа монголчууд маань өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой болсон.
-Өөр гадны улс орнуудад салбараа нээх төлөвлөгөө байгаа юу?
-Бидэнд Япон, Өвөр Монголоос санал ирж байгаа. Гэвч бид монгол орондоо байгаа хэрэглэгчдэдээ түлхүү үйлчилгээ үзүүлж, монголчууддаа илүү сайн таниулах зорилготой ажиллаж байна. Үүний дараа олон улсад салбараа нээж гарах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-Танай бүтээгдэхүүнийг хэрэглээд үр дүнгээ өгсөн бодит жишээ байгаа юу?
-Бид бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахаас өмнө монгол хэрэглэгч нар дээр туршиж үзэхэд маш сайн үр дүн өгсөн. Бүтээгдэхүүн маань нэгдүгээр сараас эхлэн худалдаанд гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд маш олон хэрэглэгчидтэй болсон. Энэ бүтээгдэхүүний чанар үр дүнг харуулж байгаа юм.
-“Дулам” гэх нэрийн утга учрыг тайлбарлаж өгнө үү. Яагаад Дулам гэх нэрийг өгсөн бэ?
-Дулам гэдэг нэр нь Түвд хэлнээ Дарь-Эх гэсэн утгатай. Ийм учир бид ярилцаж байгаад энэхүү нэрийг сонгосон. Бүтээгдэхүүний өнгө загварын хувьд хөх тэнгэрийн өнгийг бэлгэдэн хөх өнгийг гол өнгөө болгосон.
-Танай брэндийн бүтээгдэхүүнийг хэдээс хэдэн насныхан хэрэглэж болох вэ. Насны ангилал гэж бий юу?
-Хүний арьсыг судалж үзэхэд 25 нас хүртэл дээр хэлсэн гурван элемент арьсанд байдаг. 25 наснаас хойш хүний арьс цаг хугацаа, уур амьсгалаас шалтгаалан хөгширч эхэлдэг. Тэгэхээр 25-аас дээш насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
-Хүн арьс нь хуурай, тослог, холимог гээд өөр өөр байдаг. Танай бүтээгдэхүүнийг ямар ч төрлийн арьсанд хэрэглэж болох уу?
-Үүдэл эс гэж хэлээд байгаа үндсэн элемент нь тослог, хуурай, холимог гэсэн аль ч төрлийн арьс руу шингэж орж чаддаг. Хүний арьсны дерма давхарга буюу гүн давхарга руу шингэж орон тэндээ тухайн хүний арьсны онцлогт тохирсон үйлчилгээг өгч ажиллаж чаддаг ухаалаг эс. Ийм учир бүх төрлийн арьсанд тохирно.
-Коронавирусийн халдвар гарсантай холбоотой эрэлт багасаж байна уу?
-Дэлхий нийтэд коронавирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан зах зээл тодорхой хэмжээгээр хумигдаж байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан манай байгууллага онлайнаар хүргэлт хийж, онлайнаар бүтээгдэхүүний мэдээллийг өгч байна.