Тасралтгүй хөврөх сайн, муу мэдээллийн уршиг нь иргэдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж буйг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн/СЭМҮТ/ төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, эмч Ж.Гантулгатай ярилцлаа.
-Нийгэмд болж буй олон сөрөг үйл явдлууд иргэдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Хүний үзэж, харж, авч байгаа мэдээллүүд хүний сэтгэл санаанд нөлөөлнө. Өдөрт авч байгаа мэдээллийн дийлэнх нь хар бараан, айдаст автуулсан, түгшээсэн байвал тухайн хүний тайван, амар амгалан байхад сөргөөр нөлөөлж байна. Тиймээс мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах, болж өгвөл хар бараан мэдээллээс хол байх нь зүйтэй. Нийгэмд үүсэж байгаа асуудлуудын талаар бодит мэдээллийг авах нь чухал. Гэхдээ авч байгаа мэдээллийн ядаж 50 хувь нь хүнд хэрэгтэй, эерэг зөв байж тэнцвэрийг хадгалах ёстой. Гэтэл 80-90 хувь нь сөрөг байвал тухайн хүнд сэтгэлийн таагүй байдал буюу айдас, түгшүүр, сэтгэл санааг хямраах зүйл үүснэ. Иймд нийгэмд болохгүй байгаа зүйлийн хажуугаар болж байгаа зүйлийн талаар сурвалжилдаг, мэдээлдэг, түгээдэг байх нь чухал. Сонирхолтой нь, хүн зөнгөөрөө бол таагүй сөрөг, хов жив гэдэг зүйлд татагддаг. Сошиалаар авч байгаа мэдээллийг харахад эмх цэгцтэй, дараалалтай мэдээлэл байдаггүй. Тэгэхээр тоймолж, базсан мэдээллийг илүү их аваад бусад үед нь гэр бүл, найз нөхөд, хичээл сургуульдаа, амрахдаа цагаа заруулах хэрэгтэй. Авч байгаа мэдээлэлдээ шүүлтүүртэй хандахгүй бол мэдээллийн урсгал руу орох юм бол эцэс төгсгөлгүй шүү дээ. Гэтэл хүний энерги, цаг зав гэдэг хязгаартай. Тиймээс л эрүүл мэндээ хамгаалахын тулд эерэг, үнэн зөв мэдээлэл чухал байдаг юм.
-Авч байгаа мэдээллийн 70-80 хувь нь сөрөг байвал иргэдэд нөлөөлдөг гэсэн. Тэгвэл таны ажигласнаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд байгаа мэдээллүүдийн хэчнээн хувь нь сөрөг байна гэж харж байна вэ?
-Ер нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа маш олон зүйл байгаа. Жишээлбэл, замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүртээмж, ачаалалтай ажиллах, авч байгаа цалин нь амьдралд хүрэлцэж байгаа эсэхээс зэрэг олон хүчин зүйл бий. Тэдгээрийн нэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Бид амьдрахад илүү тайван, айдасгүй, түгжрэлгүй, бухимдалгүй байх тусмаа сэтгэлзүйн хувьд тайван байх боломж бүрдэж байгаа юм. Тэгэхээр зөвхөн сөрөг мэдээлэл авч байгаа учраас л сэтгэлзүйн асуудалд орж байгаа гэдэг нь өрөөсгөл. Гэхдээ асар их мэдээлэл байгаа учраас аль болох авч байгаа мэдээллээ багасгаж байж тайван амьдрах эрхтэй болчхоод байна. Хуучин зөвхөн сониноос эсвэл телевизийн нэг л сувгаас мэдээллээ аваад амьдардаг байсан бол мэдээллийн хэт их дарамт буюу мэдээллийн хэт их урсгалд амьдарч байна. Тиймээс авч байгаа мэдээлэлдээ ухамсартайгаар хандаж тухайн хүн энэ чиглэлийн, ийм спортын мэдээлэл авна гэдэг ч юм уу. Нэг тийм бүтээлч зүйл хэрэгтэй байгаад байна. Харж байхад бидэнд мэдээлэл олдохгүйн зовлон байхгүй. Харин одоо мэдээллийг шүүж дараагийн үе рүү орох хэрэгтэй болсон.
-Авч байгаа мэдээлэл хэр хэмжээний эерэг болон сөрөг байхаас харгалзан тухайн хүний цахим орчинд нийтлэх, түгээх, сэтгэгдэл ухамсаргүйгээр сайн эсвэл муу байж болох уу?
-Сөрөг сэтгэгдэл хөвөрч байгаа асуудал хаана ч байдаг зүйл. Гэхдээ нэг анхаарах ёстой зүйл нь хэн нэгэн гадуурхагдах, ямарваа нэг сенсаац нийгэмд тархаж тухайн хүнийг нийгмээрээ үзэн ядаж, ад үзэх нь даван туулж чадахааргүй хэмжээний аюултай. Ийм байдалд орсон хүн цаашид нэр бүтэн, сэтгэл санаа тайван амьдрах боломж бага. Ялангуяа энэ нь өсвөр насны хүүхдэд хүчтэй цохилт болоод ирэхээр дараагийн эрсдэл рүү түлхэж байгаа хэрэг. Тиймээс иргэд яг ийм зүйл болсон эсэхийг мэдэхгүйгээр хүнийг харлуулах эрсдэлтэй цаг үед амьдарч байна. Тэгэхээр иргэд бусдын мэдээллийг түгээхдээ, сэтгэгдэл бичихдээ энэ хүний оронд байсан бол би яах байсан бэ гэдгийг бодож л байх хэрэгтэй. Таны муу болон хараалын үгээр тэр хүн дутаагүй шүү дээ. Магадгүй тэр хүний хэлээгүй, хийгээгүй зүйл байвал аймшигтай шударга бус зүйл. Нэг хүн болохгүй зүйл хэлж, хийсэн бол тухайн сумаараа, хороогоороо мэддэг байсан бол одоо дэлхий даяар суурьшиж байгаа бүх хүмүүст хүрдэг нь мэдээллийн технологийн нэг том эрсдэл.
-Сөрөг мэдээллийн хор уршиг нь хүүхдэд илүү хүндээр тусаж байгаа нь ажиглагддаг уу?
-Хүүхэд гэдэг компьютероор бол тэр хүний программ нь шинээр бичигдэж байгаа гэх юм уу даа. Тэгэхээр бага насандаа хүүхдийн харсан, үзсэн бүх зүйл үлдсэн амьдралд нь том нөлөө үзүүлдэг гэж үздэг. Бидний уламжлал амьтан муулах, хэрүүл зодоон, архи дарс хэрэглэхийг хүүхдэд харуулахгүй байх ёстой гэж үзэл шүү дээ. Гэтэл одоо хүссэнээрээ тиймэрхүү байлддаг, алдаг, хяддаг тоглоомоор тоглож, үзэж байгаа нь энэ бүхэн байдаг л зүйл юм байна гэх мессежийг хүүхдэд өгөх эрсдэлтэй. Сүүлийн үед цахим орчинд тархаж байгаа нэг айхтар мэдээлэл бол бөөнөөрөө нийлж нэгнийгээ зоддог, цохидог байдал. Тэрийг нь хараад зарим нь бараг дэмжээд зогсож байна гэдэг нь хүний амь насыг хохироох эрсдэлийг мэдэхгүй байна гэсэн үг. Тэр зодож байгааг нь байдаг л үзэгдэл юм шиг хүлээж авч байна. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд хүн амины хэрэгт ороход маш ойрхон болчхож. Ерөнхийдөө хүүхдүүд цочирддог, айдаг, гэмшдэг мэдрэмжүүд нь багасаад байгаа. Тэр зодуулж байгаа хүүхдийг зүрх сэтгэлээрээ мэдрээд ямар их өвдөж байгаа бол, гэмтэж бэртсэний дараа энэ хүүхэд яах бол, тахир дутуу болох вий гэсэн өрөвч нинжин сэтгэл багасах юм бол амьтнаас ялгаагүй болох гээд байна шүү дээ. Тиймээс хүүхдүүдийнхээ үзэж харж байгаа зүйл онцгой анхаарч, нийгмийн сэтгэл зүйн байдал анхаарах хэрэгтэй байна.