Reuters агентлаг “WiderImage” буланд Сэлэнгэ аймгийн Барүүнбүүрэн суманд байрлах Амарбаясгалант хийдийн өнөөгийн байдал, сууж буй лам, ламхай нарын энгийн амьдралтай танилцсан нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна.
Азийн орнуудад Буддын шашин түгэн дэлгэрсэн жишгээр Монгол Улсад ч буддын номлолын сүсэгтнүүд шашин шүтэгчдийн олонхийг эзэлдэг. Зөвлөлт тогтолцооны үеэр социализмыг цогцлоох нэрийдлээр улс орон даяар шашныг хорьж, сүм хийдүүдийг нурааж, лам хуврагуудыг улс төрийн хэлмэгдүүлэлтэд оруулан хоморголон устгасан учир орчин цагийн Монгол дахь буддын сүм хийдийн өв тийм ч арвин биш.
Сэлэнгэ аймгийн Барүүнбүрэн суманд байрлах Амарбаясгалант хийдэд 29 настай Лувсан Даяан нь 10 настай Батхан, 11 настай Тэмүүлэн нарт бурхан эрдэм ном заадаг залуу лам юм. Тэр Буддийн шашны номлолын ердөө дөрвөн жил үзэж байгаа учир өөрийгөө шашны эрдмийг бүрэн дүүрэн сураагүй учир дахин хорин жилийг бурхны номд шамдан өнгөрөөхөөр шийджээ.
Лувсан Даяан “Зарим үед би шавь нараа намайг багшаа гэж дуудах үед надад ингэж дуудуулах эрх байгаа билүү, би өөрөө бурхны номыг гүйцэд мэдэх билүү? гэсэн бодол төрдөг” гэв.
Монголд 1930-аад онд өрнөсөн хэлмэгдүүлэлтээр 17 мянган лам нарыг хоморголон устгаж, шашин шүтэхийг хориглосон бол 1990 он гарч ардчилал ялснаар буддын шашин эргэн сэргэж эхэлсэн. Гэсэн ч лам нарын болон сүсэгтэн олны тоо жил ирэх тусам буурч байгаа бөгөөд Лувсангийн суудаг Амарбаясгалант хийд нь хэлмэгдүүлэлтийн үед бүрэн сүйтгэгдэлгүй үлдсэн цөөхөн хэдэн хийдийн нэг бөгөөд хамгийн ойрхон төв замаасаа 35 километрийн зайтай, их тал дээр оршдог юм. Хэлмэгдүүлэлтээс өмнө энэ хийдэд 800 гаруй лам ном хурдаг байсан бол одоо энэ хийдэд ердөө дөч орчим лам суудаг. Тэндхийн хамгийн өндөр наст хуварга нь 35 настай юм.
Лувсан Даяаны хоёр сурагч Батхаан, Тэмүүлэн нар өглөө бүр долоон цагт сэрж, бурхны судраа уншиж, цээжилнэ. Харин үдээс уран зохиол, математикийн хичээл үздэг байна. Хүүхдээ лам болгох хүсэлтэй эцэг эхчүүдийн тоо эрс багассан учир ламхай нарт ерөнхий эрдмийн хичээл заах ч хүндрэлтэй болсон аж.
Хүүгээ лам болгохоор шийдсэн тухайгаа ламхай Тэмүүлэний ээж Д.Бадамханд “Тэмүүлэн эхлээд хийдийн ханан дээр зураг, бурхны баримлуудаас айдаг, лам болохоос дургүйцдэг байсан” гэсэн бол Тэмүүлэн хүү одоо Амарбаясгалант хийнхээ ирээдүйн хамба болохоор мөрөөдөн номоо шамдан суралцаж байгаа юм.
Лувсан Даяан "Лам болох залуусыг хийдэд авчрах амархан, гэхдээ тэднийг жинхэнэ лам болгож, бурхны ном сонсгох нь жинхэнэ асуудал. Өнөө үед тангарагтаа үнэнч үлдэх лам ховор болсон” гэв
Амарбаясгалант хийдэд ном хурж, бясалгал хийдэг лам нар долоо хоногт хоёроос гурван удаа гадагш гарж болдог. Хийдийн орчимд 3G интертет сүлжээ байдаг боловч 25-аас доош насны лам нарт гар утасны хэрэглээг хориглодог байна.
Арван наймдугаар зуунд баригдсан Амарбаясгалант хийд ЮНЕСКО-гийн соёлын өв бөгөөд сүйдлэлгүй авч үлдэхийн тулд залуу лам нар хичээн ажиллаж байгаа ч он удаан жилийн өмнөх барилгын хана мөөгөнцөртөж, дээвэр нь сүсэгтэн олны хооллодог тагтаануудын ялгадсанд даруулан улам бүр өнгө доройтож байна
Хийдийг хуучны сүр жавхлант байдлаа эргэн олох тухайд хийдийн хоёрдугаар зэргийн хамба Лувсан Равдан “Ойн модыг таслах амархан ч гэсэн дахин шинээр ургуулах хэцүү, урт хугацаа шаарддаг” хэмээн тайлбарласан бөгөөд цагийн эрхэнд сүйдсэн уг хийдийг ирээдүйд илүү сайн лам нар удирдан чиглүүлж, цэцэглүүлнэ гэж найдаж байгаагаа хэлэв. Ламхай Тэмүүлэн ч тэдний адил хийдийнхээ ирээдүйг гэрэлтэйгээр харж “Би том болоод нэр хүндтэй лам болбол, хийдэд сууж, ном хүртэхээр олон хүүхэд ирэх болно” хэмээн өгүүлэв.