Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Э.Золцэцэг: Хамрын хөндийн үрэвслийг гүйцэд эмчлэхгүй бол сонсголд нөлөөлнө

Э.Золцэцэг: Хамрын хөндийн үрэвслийг гүйцэд эмчлэхгүй бол сонсголд нөлөөлнө
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 8
Хамар битүүрэх болон хамрын дайвар хөндийн үрэвслийн талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн их эмч Э.Золцэцэгтэй ярилцлаа.
-Сүүлийн үед чих, хамар, хоолойн өвчлөлөөс ямар өвчин нь илүү нэмэгдэх хандлагатай байна вэ?
-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн чих, хамар, хоолойн кабинетээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн дийлэнх нь хамар битүүрсэн, ногоон нус гарсан, толгой өвддөг гэсэн зовууртай ирэх нь нэмэгдэж байгаа. Ялангуяа хамрын дайвар хөндийн үрэвслийг хүндрүүлээд ирж байна.
-Ханиад томуу халдварт өвчний үед хамар битүүрдэг. Үүнээс өөр ямар шалтгаанаар хамар битүүрч болох юм бэ?
-Хамрын хөндийд амьсгалын замд саад үүссэнээс хамар битүүрч болно. Үүнд Нэгд, хамрын таславч муруйснаас амьсгалын замд саад үүсч болдог. Хоёрт  хамрын хөндийд хавдар, ургацаг ургасан байж болно. Гуравт, хамрын самалдаг харшлын шалтгаанаас хөөж томорч саад  үүснэ. Дөрөвт, хамрын хөндийн болон хамрын дайвар хөндийн үрэвслээс хамрын салст хавагнаж хамар битүүрч болно.
-Зарим үед хамар битүүрсэн ч нэг их ач холбогдол өгөлгүй явах нь байдаг. Ер нь удаан хугацаанд хамар битүү явах нь ямар эрсдэлтэй байдаг юм бэ?
-Удаан хугацаанд хамар битүү явбал, хамрыг тойрсон дайвар хөндийнүүдийн агааржилт багасч, үрэвсэл үүсэх нөхцөл болж байгаа гэсэн үг. Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь дунд чихний үрэвсэл үүсэх цаашлаад хэнгэрэг цоорох, сонсгол буурах шалтгаан болдог. Ер нь гурваас илүү хоногоор хамар битүүрвэл нарийн мэргэжлийн эмчид хандаж шалтгаанаа тодорхойлж зөв эмчлэх хэрэгтэй.
-Тэгэхээр удаан хугацаагаар хамар битүү явах нь хамрын дайвар хөндийн үрэвсэл үүсэхэд хүргэдэг гэж ойлгож болох уу. Хамрын дайвар хөндийн үрэвсэл гэж ямар өвчин талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-Хамар тойрсон хос хөндий байдаг ба тэдгээрийн үрэвслийг хэлнэ. Манай монголчууд ихэвчлэн Гайморит гэж нэрлэдэг.
-Хамар битүүрэх үед нафазолинээс эхлээд хамрын дусаалга дусаадаг. Гэтэл зарим үед дусаалга дусаасан ч хамрын битүү арилахгүй байх нь бий. Энэ нь дусаалгад дасал болсон гэсэн үг үү?
-Хамрын дусаалгыг 7-гоос илүү хоног замбараагүй хэрэглэвэл эмийн дасал үүсдэг. Хамрын дайвар хөндийн үрэвсэл болоод курс эмчилгээ хийгээд хамрын дусаалгаа зогсоохгүй бол дусаалгадаа дасал болж, эмийн ринит үүсдэг. Ингэснээр хамрын самалдаг тайрах мэс засалд орох шаардлагатай болно.
-Ер нь хамар битүүрсэн үед дусаалга дусаахаас өөрөөр хамрын битүүг арилгах ямар арга байдаг вэ?
-Өрөөнийхөө агаарыг аль болох чийглэн сэрүүн байлгана. Хамар битүүрэх шалтгаанаа тодорхойлж хамрын таславч муруй бол хагалгаанд орох, харшлын шалтгаантай бол харшлын эм уух, гормоны найрлагатай цацлага цацах, хамрын хөндийг уусмал цацаж угаана.
-Хамрын дайвар хөндийн үрэвслийг дутуу эмчлүүлбэл, ямар эрсдэлтэй вэ?
-Хамрын дайвар хөндийн үрэвслийн эмчилгээний үед зовуур нь намдаж байсан ч гүйцэд эмчлэхгүй бол дахихаас гадна илүү хүндэрдэг.
-Яавал хамрын хөндийн үрэвслээс сэргийлж чадах вэ?
-Хэрэв мэс заслын заалттай бол заавал хагалгаанд орж хамрын амьсгалыг сэргээнэ. Харшлаас болж, хамар битүүрвэл харшил хөдөлгөдөг зүйлээсээ аль болох хол байж, харшлын эмээ уух гормоны найрлагатай цацлагаа хэрэглэх хэрэгтэй. Мөн амьдралын зөв хэвшилтэй байх, дархлаагаа сайн байлгах ,спортоор хичээллэх хэрэгтэй.
-Хамар битүүрсэн үед хүнсний содоор утаж, угаах нь байдаг. Энэ хэр үр дүнтэй арга вэ?
-Хамар битүүрэх үед зориулалтын уусмалаар хамраа угааж болно.
-Хамрын гэмтэл аваагүй байхад хамраас цус гарах нь ямар нэг өвчний шинж тэмдэг байж болох уу? 
-Хамраас цус гарах олон шалтгаан байдаг ба дийлэнх тохиолдолд  даралт ихэссэнээс болон цусны бүлэгнэлт, элэгний үйл ажиллагаа алдагдсанаас, хамрын хөндийд шархлаа үүссэнээс байж болдог. Олон давтамжтай хамраас цус гарвал нарийн мэргэжлийн эмчид хандаж шалтгаанаа олох хэрэгтэй.
 -Ярилцсанд баярлалаа.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн