Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Ж.Хүслэн: Өөрийгөө, зорилгоо маш сайн тодорхойлбол тэтгэлэгт тэнцэхэд давуу тал болно

Ж.Хүслэн: Өөрийгөө, зорилгоо маш сайн тодорхойлбол тэтгэлэгт тэнцэхэд давуу тал болно
Нийтэлсэн 2021 оны 9 сарын 29
Япон улсад хэрхэн тэтгэлгээр суралцах болон соёл, ёс заншлын талаар Нагояагийн их сургуулийн төгсөгч Ж.Хүслэнтэй ярилцлаа.
-Таны хувьд япон хэлийг хэрхэн, ямар арга барилаар сурсан бэ?
-Миний хувьд Японы эрх зүйн төвд япон хэлийг сурсан. Манай төв маш шахуу хөтөлбөрөөр хичээлээ заадаг. Япон хэл дүрмийн хувьд монгол хэлтэй нэлээд төстэй амархан боловч нэг хэцүү зүйл нь ханз байдаг. Ханзыг өдөр бүр бичиж гартаа оруулах, байнга хэрэглэж цээжлэхээс өөр сайн арга байхгүй. Ханз олон хуудас бичих нь хүнд санагдаж болох ч яг өөрт тохирсон аргаа олоод цээжилбэл амархан. Манай ангийнхан ханзыг бүрдүүлж байгаа дүрсүүдийг хооронд нь нийлүүлж өгүүлбэр болгох маягаар хоорондоо хэрэглэж, цээжилдэг байсан.
Түүнээс гадна бүх чадвараа эхнээс нь зэрэг хөгжүүлж явах нь их чухал. Одоохондоо үгийн баялаг муу юм чинь зохион бичлэг бичих болоогүй гээд хойш тавьж болохгүй. Өөрийн хэлний түвшинд тохирсон хэмжээнд бичих, ярих, сонсох, унших чадваруудаа зэрэг хөгжүүлж яваандаа сэдвээ хүндрүүлснээр сайн сурах боломжтой. 
-Зарим залуус гэр бүл болсны дараа гадаадад суралцах хүсэл зориггүй болсон байдаг. Харин таны хувьд эсрэгээрээ гэр бүлээрээ Японд ирж суралцаж мөн ажиллахаар болсон байна. Тэгэхээр та өөрийн туршлагаас мөн гэр бүлтэй гадаадад суралцах хүсэлтэй залууст зөвлөгөө өгнө үү?
-Би дөрвөн сартай жирэмсэн байхдаа Японд ирээд, хаврын амралтын хугацаанд төрж, дараа нь үргэлжлүүлэн хичээлээсээ чөлөө авалгүй сураад төгссөн. Нөхөр бид хоёр хамтдаа Япон явна, сурна гэж эртнээс шийдсэн болохоор огт эргэлзээгүй. Гэр бүл зохиосон гээд гадаадад суралцах хүслээ хэзээ ч битгий орхиорой. Харин ч заавал хамтдаа яваасай гэж бодож байна.
Ихэнх хөгжил сайтай улсад хөнгөлөлт, боломжууд их байдаг. Япон улсын хувьд хүүхдийн цэцэрлэг хоёр сартайгаас эхэлж авдаг. Түүнчлэн, магистр, докторын түвшинд шаардлагатай кредитээ цуглуулчихвал, удирдагч багштайгаа тогтмол уулзан, судалгааны ажлаа бичиж дуусгах нь л илүү чухал байдаг. Иймд гэр бүлээрээ ирж суралцахад илүү тохиромжтой болов уу.
Хамтдаа гадаад улсад ирээд бүх зүйлийг шинээр эхэлж, маш олон жижиг том сорилтуудтай тулгардаг ч түүнийг хамтдаа даван туулж гарах нь гэр бүлийн харилцааны үнэ цэнийг илүү мэдрүүлдэг юм шиг санагдаж байна.
Мэдээж хүндрэл бэрхшээл, хэцүү үе их тохиолдоно, хичээлээ хийх, хүүхдээ өсгөх аль алиныг нь дутуу хийж байгаа шиг санагдах үе их байдаг. Манай удирдагч багш намайг маш их ойлгож дэмжиж, надад итгэл үзүүлдэг байсан. Түүнээс гадна гадаадад гэр бүлээрээ сурахад хамгийн чухал зүйл бол гэр бүлийнхний дэмжлэг байдаг. Гэр бүлийнхний дэмжлэг туслалцааны ачаар л сургуулиа төгсөж чадсан гэж боддог. Нэг нэгнийхээ хүсэл мөрөөдлийг сонсож, биелүүлэх боломжийг хамтдаа бүтээдэг байгаарай залуус аа.
undefined
-Япон улсад хэрхэн суралцах боломжтой вэ. Өөрийн хамрагдаж байсан болон бусад тэтгэлгүүдийн талаар бидэнтэй хуваалцахгүй юу?
-Миний хувьд Элчин сайдын яамдаас зарладаг гурван төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн. Анх МУИС-т гуравдугаар курсээ төгсөх үед Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох Япон хэл, Япон соёл судлаач оюутан хөтөлбөрт тэнцэж, Осакагийн их сургуульд нэг жил суралцсан. Энэ хөтөлбөрийг өвөл зарладаг бөгөөд эхлээд япон хэлний бичгийн шалгалт өгч, тэнцсэн хүмүүс нь ярилцлагад ордог. Ярилцлагадаа тэнцвэл гурван их сургууль сонгож мөн бусад материалуудаа бүрдүүлээд Элчин сайдын яамнаас Япон Улсын БСШУСЯ руу материал илгээж эцсийн хариу 7-8 сард гардаг. Миний тэнцсэн Осакагийн сургууль нь зөвхөн Япон хэл соёлын хичээлээс гадна өөр бусад салбарын хичээлүүдийг өөрөө сонгоод үзэх боломжтой байсан нь их таалагдсан. Энэ үед дэлхийн олон орноос ирсэн 150 гаруй оюутнуудтай хамт суралцаж байсан. Хамгийн анх гэрээсээ гараад гадаадад ганцаараа биеэ дааж амьдарч үзсэн учраас академик мэдлэг сурахаас гадна амьдралын олон чадваруудад суралцсан гэж боддог. Энэ хөтөлбөрт япон хэлний ангийн их сургуулийн оюутнууд хамрагдаж, улмаар тус улсын шилдэг сургуулийг сонгож сурч үзэх боломжтой хөтөлбөр.
Би их сургуулиа төгссөний дараа мастерт сурах явцдаа мөн Японы Засгийн газрын тэтгэлгээр сурсан юм. Энэ тэтгэлэг нь МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Японы эрх зүйн боловсрол судалгааны төв болон Нагояагийн их сургуулийн хамтарсан хос хөтөлбөрт сурч төгссөн төгсөгч нар шалгалт өгч тэтгэлэг авдаг журмаар явах юм. Тэтгэлгийн хувьд хүмүүсийн хэлж заншсан Монбүшо-ийн хөтөлбөртэй нөхцөл болон тэтгэлгийн хэмжээ яг ижил боловч шалгалтыг нь Нагояагийн их сургууль хэрэгжүүлдэг.
Ирээдүйд хуульч болох зорилготой, түүнчлэн гадаадад тэр дундаа Япон улсыг сонирхдог залуус байвал энэ хөтөлбөрөөс өөр мэргэн сонголт байхгүй болов уу. Учир нь МУИС ХЗС-д суралцах хугацаанд давхар япон улсын хэл, нийгэм соёлтой танилцах боломжтой болно. Энэ төвд сурснаар би магистрын зэргээ Нагояагийн их сургуульд хамгаалах боломж олдсон. Жил бүр манай улсын төгсөгчдөөс дунджаар гурван хүүхэд засгийн газрын тэтгэлгээр сурахаар тэнцдэг.
Дээрх тэтгэлгээс гадна АНУ-ын засгийн газрын 100 хувь тэтгэлэгтэй SUSI for Women’s Global Leadership Program буюу эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2017 онд оролцох боломж олдсон. Энэ нь их сургуулийн төгсөх курсийн биш эмэгтэй оюутнууд хамрагдах боломжтой, эмэгтэй оюутны манлайллын ур чадварыг сайжруулах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр.
Миний хувьд энэ хөтөлбөрт хамрагдснаар өөрийнхөө маш чухал үнэт зүйлсүүдийг тодорхойлж чадсан гэж боддог. Дэлхийн бусад улс оронд бидний мэдэхгүй тэс өөр соёлд маш олон хүнд асуудал байдгийг мэдсэн. Олон орноос шалгарч ирсэн, ирээдүйн зорилгоо тодорхойлсон мундаг охидуудтай өөрсдийн улсад болдог асуудлуудын тухай ярилцаж санал бодлоо солилцох нь энэ хөтөлбөрөөс олж авсан хамгийн үнэ цэнтэй туршлага болсон гэж боддог.
Эдгээр хөтөлбөр тус бүр нь өөр өөр үнэ цэнтэй туршлага, чадвар, мэдлэгүүдийг бий болгосон. Их сургуульд байх дөрвөн жилийн хугацааг маш үр дүнтэй ашиглаасай гэж боддог. Миний хувьд эдгээр боломжууд нь багш, сургууль, эргэн тойрны хүмүүсийн өгсөн мэдээллийг үндэслэн оролцож, тэнцэж байсан. Өөр хаана, ямар тэтгэлэг, хөтөлбөр байна гэдгийг оюутан болсон цагаас зүтгэл гаргаж, идэвхтэй эрэл хайгуул хийж, хайж олох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Манайх шиг хөгжиж буй улсуудын хувьд нэг онцлог нь тэтгэлэгт хөтөлбөр маш их байдаг. Тийм болохоор интернетээс бүх л Засгийн газрын тэтгэлэг, өөр ямар байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөр байна бүгдийг нь хайж жагсаалт гаргаж явахыг хүссэн хөтөлбөрөө тодорхойлоорой гэж хүсье.
-Дээрх тэтгэлгүүдэд хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ. Засгийн газрын тэтгэлэгт бэлдэж буй хүүхдүүдэд зөвлөгөө өгнө үү. Сонгон шалгаруулалтын явцад юунд хамгийн их анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг вэ?
-Аливаа тэтгэлгийн хамгийн чухал хэсэг нь өөрийнхөө зорилгыг маш тодорхой болгох. Дээрх гурван тэтгэлгийн ярилцлагын шатанд дараах хэдэн асуултыг л хамгийн чухалчилж асууж байсан. Миний ирээдүйн зорилго юу болох, үүнийг хэрэгжүүлэхийн тулд энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгаа эсэх, хөтөлбөрийн дараа сурсан зүйлсээ эх орондоо яаж хэрэгжүүлж чадах вэ гэдгийг онцолж асууж байсан. Тийм болохоор өөрийнхөө зорилгыг ерөнхий биш бүр  нарийвчлан тодорхойлж, тухайн улсад очоод яг юу сурмаар байгаа, үүнийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх хүсэлтэй зэргийг шалгалтын комиссын хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Мэдээж ярилцлагын шатанд тэнцэхийн тулд, бичиг баримтын шалгаруулалтад болон бичгийн шалгалтад тэнцсэн байх шаардлагатай болно.
Япон улсын талаар бидэнд танилцуулна уу. Тус улсын соёл, амьдралын хэв маяг болон  ёс заншлын ямар онцлогтой вэ?
-Бусдад түвэг учруулахгүй, хариуцлагатай, төлөвлөгөөтэй байх зан чанарт суралцана. Япон хүмүүс өөрийн хийх ёстой ажлыг маш хариуцлагатай, их нямбай хийдэг. Тийм ч учраас ямарваа нэгэн үйлчилгээ авахад санаа зовох зүйлгүй байдаг. Миний хувьд охиноо гурван сартайгаас нь цэцэрлэгт явуулж эхэлсэн. Мэдээж эхлээд их санаа зовж байсан ч япон багш нарын ажилдаа ханддаг байдлыг хараад бүрэн дүүрэн итгэж болох юм байна гэдгийг ойлгосон.
-Тус улсад суралцах нь ямар давуу талтай вэ. Тус улсад суралцах давуу талуудаас дурдана уу. Мөн гадаад оюутнуудад тус улсын зүгээс хэр хөнгөлөлт үзүүлдэг вэ?
-Япон суралцангаа цагийн ажил хийж амьдрах бүрэн боломжтой улс. Хувийн зардлаар сургуульдаа ирээд ажиллангаа суралцдаг, ирсний дараа тэтгэлэг олоод суралцдаг олон хүмүүс байдаг. Тэтгэлэг олгох сонирхолтой хувийн байгууллагууд ч их байдгаараа онцлогтой. Мөн оюутнууд долоо хоногт 28 цаг ажил хийх эрхтэй байдаг бөгөөд оюутан ажиллуулах сонирхолтой газрууд ч олон.
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн