Open iToim app
Хөндөх сэдэв | 3 мин уншина

ШҮҮЛТҮҮР: Тархи биш сошиалд захирагддаг болох нь

ШҮҮЛТҮҮР: Тархи биш сошиалд захирагддаг болох нь
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 14
Техник технологи, интернэтийн хязгааргүй орчин иргэдийн өдөр тутмын амьдралыг хялбарчилж, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд цахим сүлжээ, төлбөр тооцоо, санхүүгийн үйлчилгээ зэрэг асар өргөн боломж, сонголт, эерэг дэвшлүүдийг бий болгосон гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Гэвч цахим сүлжээ дэлхий нийтийг хэрсэн эрин дэх зохисгүй сошиал медиагийн хэрэглээ нь дэлхий дахины өмнө тулгамдаад буй нэгэн том асуудал болсон. Уг асуудал манай улсад ч бий.
Тухайлбал, сошиал медиа нь цахим орчин дахь хүний нийгмийн харилцааны нэг хэрэгсэл гэдэг утгаараа хууль бус наймаа, мөрийтэй тоглоом, бэлгийн мөлжлөг, дарамт, бусдын нэр хүндэд халдах, гүтгэх зэрэг сөрөг үзэгдлүүд. Эдгээр нь анхдагч асуудал.
Харин сүүлийн жилүүдэд манай улсад цахим сүлжээ гэгч иргэдийн төдийгүй улсын эрх ашиг, аж амьдралд ч нөлөөлөх болжээ.  Манай улсын нийтлэг хэрэглэх платформ нь фэйсбүүк. Тэгвэл Монгол Улсад сошиал медиа идэвхтэй хэрэглэгч 2,156,000 байна.  Нийслэлийн иргэдийн 84 хувь, орон нутгийн иргэдийн 77 хувь нь “фэйсбүүкчин”. Түүнчлэн, иргэдийн түгээмэл ашиглах тус платформоор дамжих мэдээлэлд шүүлтүүр бий юу гэж асуух нь зүй ёсных.
Мэдээж үгүй. Нийгмийн сэтгэлзүй улам бүр хямарч, өдрөөс өдөрт ядуурч буй. Үүнд сошиал медиа буюу нийгмийн сүлжээг өрөөсгөлөөр ашиглагч нарын сөрөг нөлөө асар их. Юмс бүхнийг хараар буддаг, гутаан доромжилдог сэтгэцийн олдмол “өвчин”, гаж дон сошиалыг дагаад үүссэн нь гашуун бөгөөд үнэн. Монголчууд өнөөдөр ухаан сөхөөгүй фэйсбүүкдэж, сэтгэгдэл бичиж, учир утгагүй хараал зүхэл урсгаж дэлгэцийн цаанаас дэвсэлдэг болсон нь сүүлийн хэдэн жил тод харагдана.
Жишээ татвал, шүүх яллаагүй ч нийгэм ялалдаг болов. Буруугүй нэгэн буруутан болж, буруутай нэгэн “бултаж” өнөө уснаас хуурай гардаг үзэгдэл ихсэв. Үүний илрэл нь 12 настай охины замын хашлагатай “нялагдсан” явдал. Энэ мэтийг мэдээллийн их урсгал дунд дарах нь хэвийн болов. Зөвийг буруу болтол, бурууг зөв болтол мэдээллээр дарж байна гэсэн үг. Товчхондоо, бүх мэдээлэлд эргэлзэх нь зүй ёсных. Энэ үед сэтгүүлч бол нийгмийн оюун санааны түүчээ. Энэ утгаараа ард түмний ухамсрыг зөв тийш нь залах, нийгмийн сэтгэлзүйг эмчлэх нь сэтгүүлчийн хамгийн гол үүрэг. Уг зарчим алдагдах ёсгүй. Үгүй бол тархи бус сошиал медиа бүхнийг захирах нь. Наад зах нь хувь хүнийг захирч, асуудал болохуйц олон үндэслэл бий. Тайлагнавал,
Өөрт цаг гаргахгүй байх
Цаг завтай байх хором бүрийг сошиал медиагаар дүүргэж, өөрийгөө хэн бэ, юу хийх вэ, юу бодож байгаа вэ гэх мэт хувь хүн дээрээ ажиллах, өсөх тал цаг гаргахгүй байх.
Бусдад таалагдах гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болгоомжгүй болон зохисгүй үйлдэл гаргах
Болгоомжгүй эсхүл өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулж хувийн мэдээлэл болон зургаа олон нийтэд дэлгэж, өөрийн талаар мэдээллийг өгөх.
Нойрны асуудалтай болох
Унтахынхаа өмнө болон, өглөө нүдээ л нээгээд  л сошиалаа шалгадаг, эсхүл шөнө дунд орж босож ирээд утсаа шалгах. Утасны гэрэл таны нойрыг саатуулж, улмаар таны сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлдгийг мэдсээр байж утсаа оролдох зуршилтай болох.
Хийх ёстой мэт дарамт 
Сошиал орчинд зугаацах бус түүнээсээ илүүтэйгээр ямар нэгэн зураг оруулах, юм бичих ёстой мэт дарамт мэдрэх. Бүр эсхүл бусдыг харах нь танд уцаар, таны бухимдлыг төрүүлэх. 2018 оны Пенсильванийн их сургуулийн судалгаагаар сошиал хэрэглээг өдөрт 30 минут болгон бууруулснаар сэтгэлийн түгшүүр, хямрал, стресс  ганцаардал, нойрны асуудал зэргээс  мэдэгдэхүйц хэмжээгээр ангижирч болохыг тогтоосон. Энэ мэт зүйлс нь нийгэм төдийгүй хувь хүнд ч асуудал тарих боломжтойг илтгэнэ. Тархиндаа захирагдах уу, сошиалдаа захирагдах уу...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн