Израилийн Ерөнхий сайд Бэньямин Нетаньяху 2021 оны гуравдугаар сарын сүүл гэхэд насанд ирсэн бүх иргэнээ вакцинжуулж, дөрөвдүгээр сард дэлхийн бүх оронтой хилээ нээхээр төлөвлөж байгаа талаар лхагва гаригт мэдэгдлээ.
Израиль улсын “COVID-19”-ийн эсрэг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөр амжилттай үргэлжилж, тодорхой үр дүнд хүрч байгаагаас шалтгаалан өнгөрөгч ням гаригаас хөл хориогоо сулруулж, эдийн засгаа нээх алхмуудыг хийж эхэлсэн. Үүний хүрээнд бүх шатны боловсрол, сургуулийн танхимын хичээл, дэлгүүрүүдийн үйл ажиллагааг нээсэн бөгөөд зөвхөн вакцин тариулсан иргэдэд зориулж аялал, амралт зугаалга, кино театр, үзвэр үйлчилгээ, соёлын төвүүдийн үүд хаалгыг нээхээр шийдвэрлэсэн юм.
Нийт 8.6 сая хүн амтай тус улс лхагва гаригийн байдлаар хүн амынхаа гуравны нэгийг коронавирусийн эсрэг вакцины хоёр тунгаар бүрэн дархлаажуулаад байгаа бол тал хувийг нь нэг тунгаар вакцинжуулаад байна. Хэдий Израилийн вакцинжуулалтын хөтөлбөр эерэг үр дүн харуулж байгаа ч Засгийн газраас халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор энэ сарын 25-26 өдрүүдэд тохиох Еврей үндэсний Пурим баярыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Өнгөрсөн онд Пуримын баярын дараа Израильд “COVID-19”-ийн тархалт огцом нэмэгдэж байв.
Израилийн Ерөнхий сайд Бэньямин Нетаньяхугийн мэдээлснээр тус улс хөл хориог бүрэн цуцалж, эдийн засгаа нээх таван үе шаттай төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр боловсруулсан аж. Үүнийг дэлгэрүүлбэл нэгд, Пуримын баярыг нийтээр тэмдэглэхгүй, халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн сахина. Хоёрт, 2021 оны гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногоос сургуулиуд болон боловсролын байгууллагын танхимын хичээлийг ээлж дараатай эхлүүлнэ. Гуравт, мөн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногоос “Green Pass” буюу зөвхөн вакцин хийлгэсэн иргэдийг аялал, амралт зугаалга хийх, үзвэр үйлчилгээ, соёлын төвүүдээр үйлчлүүлэх боломжоор хангах. Дөрөвт, 2021 оны гуравдугаар сарын сүүлч гэхэд 16-аас дээш насны буюу насанд хүрсэн бүх иргэдийг дархлаажуулж дуусах. Тавд, ирэх гуравдугаар сарын 23-нд болох Израилийн парламентын сонгуулийн дараагаас буюу дөрөвдүгээр сараас эхлэн дэлхийн улс орнуудад хилээ нээж, эдийн засгаа бүрэн сэргээхээр төлөвлөсөн байна. Гэхдээ Бэньямин Нетаньяху эдийн засгийг нээх төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй танилцуулаагүй юм. Мөн тэрээр лхагва гаригт вакцинд хамрагдаж амжаагүй байгаа нэг сая гаруй израильчуудыг вакцин тариулахыг уриалсан байна.
Эх сурвалж: The Times of Israel